Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг байгаль орчны бохирдлын цорын ганц эх үүсвэр гэж үзэх нь өрөөсгөл хандлага хэмээн мэргэжилтэн онцлов. Тус салбарынхан хаягдал усаа урьдчилан цэвэрлэх технологид хөрөнгө оруулсны дүнд нөхцөл байдал мэдэгдэхүйц сайжирч, усны шинжилгээний үзүүлэлтүүд өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс дээшлээд байна.
Цаашлаад тэдний туршлага нь бусад салбарынханд хуваалцах, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах түвшинд хүрчээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Ш. Цэнд-Аюуштай ярилцлаа.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт болон усны менежментийн асуудалд илүүтэй анхаарах болжээ. Улаанбаатар хотод 470 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Аж ахуйн нэгжүүдтэй тулж ажилладаг хүний хувьд үйлдвэрийн хаягдал усны талаар та юуг онцлох вэ?
Манай хөнгөн үйлдвэрийн салбарт Монголын Мянганы сорилтын сан болон Шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалттай холбоотойгоор хийгдэж буй хөрөнгө оруулалт, дэд бүтцийн шинэчлэл нь чухал үр дүн авчирч байна. Ялангуяа арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрүүд байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хүлээсэн үүргээ бодитоор биелүүлж байна.
Урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах ажил ямар үе шаттай өрнөж байна вэ? Хичнээн үйлдвэр суурилуулаад байна? Хамгийн гол нь үйлдвэрлэгчид үүний хэрэгцээ шаардлагыг хэрхэн ойлгож байна вэ?
“Арьс, шир боловсруулах үйлдвэрүүд үйлдвэрийн дэргэдэх урьдчилан цэвэрлэх байгууламжаар хаягдал усныхаа бохирдлыг бууруулж, “Харгиа” цэвэрлэх байгууламжаар дамжуулан Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байна. Зарим үйлдвэр хоорондоо хоршин, дундын урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулаад байна.
Өнөөдрийн байдлаар арьс ширний салбарын дийлэнх үйлдвэрүүд туршлагаа бусад салбарын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хуваалцах түвшинд хүрсэн. Хүнсний үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрүүд ч мөн адил энэ чиглэлд хөрөнгө оруулалтаа эхлүүлж байна.
Тухайлбал, “АПУ” ХК-ийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Нөгөөтэйгүүр урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулснаар үйлдвэрийн байгаль орчны хариуцлага нэмэгдэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн өртөг тодорхой хэмжээгээр өсөж байгаа.
Тиймээс байгальд ээлтэй шийдэлд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт, дэмжлэг, чөлөөлөлт үзүүлэх бодлогын зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.
Үйлдвэрүүд маань одоогийн байдлаар яг ямар хөнгөлөлт дэмжлэгийг авч чадаж байна вэ?
“Урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах чиглэлээр төрөөс тодорхой бодлогын дэмжлэгүүд хэрэгжиж байгаа. Тухайлбал, тоног төхөөрөмж оруулж ирэхэд гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт үйлчилж байна. Энэ нь анхны хөрөнгө оруулалтын дарамтыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байгаа.
Гэвч урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулсны дараа, өөрөөр хэлбэл ашиглалт, үйл ажиллагааны шатанд төрөөс олгож буй урамшууллын хэрэгжилт харьцангуй сул байна. Арьс, ширний үйлдвэрүүдийн хувьд цэвэрлэх байгууламжийн ашиглалтад химийн бодис, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, мэргэжлийн ажиллах хүч зэрэг тогтмол зардлууд гардаг.
Үүн дээр нэмэгдээд Харгиа урьдчилан цэвэрлэх байгууламжид төлөх төлбөр давхар ногдож байгаа. Тиймээс өнөөгийн нөхцөлд урамшуулал хүртэж байна гэхээсээ илүү, үйлдвэрүүдэд байгальд ээлтэй шийдэл нэвтрүүлсний улмаас төлбөрийн дарамт нэмэгдэж буй байдал ажиглагдаж байна. Энэ нь цаашид бодлогын түвшинд анхаарах, урамшууллын тогтолцоог илүү үр дүнтэй болгох шаардлагатайг харуулж байна.
Урьдчилан цэвэрлэх байгууламжийг суурилуулах явцад үйлдвэрүүдэд ямар бодитой бэрхшээлүүд гарсан бэ?
Манай улсын хэмжээнд урьдчилан цэвэрлэх байгууламжийн чиглэлээр мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, төслийн зураг төсөл, угсралт, тохируулгын ажлыг гүйцэтгэх туршлагатай байгууллага хангалтгүй байна. Өмнөх жилүүдэд үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэхтэй холбоотой ажлыг Чех зэрэг орны инженер, мэргэжилтнүүд голлон хийж ирсэн нь үүнтэй холбоотой.
Бид өөрсдөө энэ чиглэлийн бүтээн байгуулалт хийж байсан туршлага бага байна. Үйлдвэр бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологийн онцлогоос шалтгаалан хаягдал усны найрлага, бохирдлын түвшин харилцан адилгүй байдаг. Тиймээс аль үйлдвэрт ямар технологи нэвтрүүлэх, ямар систем тохиромжтойг тодорхойлох, туршилт тохируулга хийх шатанд дотоодын зөвлөх, инженер техникийн ажилтнуудын оролцоо зайлшгүй шаардлагатай.
Харамсалтай нь энэ чиглэлийн мэргэшсэн боловсон хүчин, зөвлөх үйлчилгээний байгууллага дутмаг байгаа тул үйлдвэрүүд гадаадын технологи, инженерийн тусламжид түшиглэхээс аргагүй нөхцөл байдал үүсч байна. Энэ нь зардал нэмэгдэх, хугацаа уртсах зэрэг хүндрэл дагуулдаг.
Үйлдвэрийн хаягдал ус урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулсан үйлдвэрүүдийн сайн туршлагуудаас хуваалцахгүй юу?
“Арьс, шир боловсруулах салбарт урьдчилан цэвэрлэх байгууламжийг амжилттай суурилуулсан хэд хэдэн сайн жишээ бий. Тухайлбал, “Мон-Ирээдүй” ХХК, “Их эргэлт” ХХК, “Булигаар” ХК зэрэг үйлдвэрүүд УЦБ-аа ашиглалтад оруулсны дараа бусад үйлдвэртэй алдаа, оноогоо хуваалцаж, хамтын зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хамгийн сүүлийн жишээг дурдахад, “Монгол Шевро” ХК Чехийн “Хаанзаа” компанийн зөвлөх үйлчилгээ авч, орчин үеийн технологиор цэвэрлэх байгууламжаа суурилуулсан. Энэ нь гадаадын туршлага, дотоодын нөхцөл байдлыг хослуулсан сайн жишээ болж байна.
Өнөөдөр аж ахуйн нэгжүүд зөвлөлдөх уулзалтуудыг тогтмол зохион байгуулж, ямар хүндрэл, алдаа тулгарсан, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн, цаашид суурилуулах гэж буй үйлдвэрүүд юун дээр анхаарах ёстой вэ гэсэн мэдээллээ нээлттэй хуваалцаж байгаа нь хамгийн үнэ цэнтэй туршлага юм. Хамгийн гол нь үйлдвэрийн хүчин чадал, технологийн онцлогтоо тохирсон урьдчилан цэвэрлэх байгууламжийг сонгох нь чухал юм. Үүнийг зөв тодорхойлохгүй бол илүү зардал гарах, хугацаа алдах зэрэг эрсдэл гардаг. Иймээс үйлдвэрлэгчид харилцан туршлага солилцож, дотооддоо мэдлэг, чадвараа түгээж буй нь энэ салбарын тогтвортой хөгжлийн чухал алхам болж байна.
Өнөөдрийн байдлаар арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал усны чанар сайжирч чадсан уу? Үүнийг үнэлж дүгнэх боломжтой юу?
“Урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулсан үйлдвэрүүдийн хувьд хаягдал усны чанар мэдэгдэхүйц сайжирсан гэж хэлж болно. Эдгээр үйлдвэр тогтмол усны шинжилгээнд хамрагдаж, хяналт-шинжилгээний дүнг УСУГ-аас байнга авч, хяналт тавьж байна.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрүүд аль болох ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх усныхаа найрлагыг стандартын шаардлагад нийцүүлэхээр зорьж, үйл ажиллагааныхаа технологийг сайжруулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх ажлыг шат дараатай хийж байна.
Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй MNS 6561:2024“ Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх үйлдвэрийн хаягдал ус. Ерөнхий шаардлага” стандартыг хангахын төлөө үйлдвэр бүр арга хэмжээг авч байгаа нь чухал ахиц юм.
Цаашид энэ ажлыг үр дүнтэй болгоход юуг анхаарах хэрэгтэй вэ?
“Арьс, шир боловсруулах салбар нь үйлдвэрлэлийн технологи, байгаль орчны нөлөөллийн хувьд бусад салбараас тодорхой онцлогтой. Тиймээс бүх үйлдвэр тус тусдаа урьдчилан цэвэрлэх байгууламж байгуулах гэхээсээ илүү дундын буюу кластер хэлбэрийн цэвэрлэх байгууламжтай байх нь илүү оновчтой шийдэл юм.
Цаашдын хөгжлийн чиг хандлага нь үйлдвэр, технологийн паркийн зохион байгуулалт руу шилжих ёстой гэж үзэж байна. Тухайлбал, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-т арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг төвлөрүүлснээр дундын цэвэрлэх байгууламжийн системийг үр ашигтай ажиллуулах, зардал хэмнэх, хяналт-шинжилгээг нэг цэгт төвлөрүүлэх боломж бүрдэнэ.
Нөгөө талаас, үйлдвэрүүд “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламжид хаягдал ус нийлүүлэхдээ тодорхой хэмжээний төлбөр төлж байгаа нь үйлдвэрлэлийн өртөгт нэмэлт дарамт учруулж байна. Хэрэв дундын байгууламжийг парк хэлбэрээр байгуулж, менежментийг нэгтгэж чадвал энэхүү зардлыг бууруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгах, хяналтын тогтолцоог илүү оновчтой болгох нөхцөл бүрдэх юм.
Өөрөөр хэлбэл, кластер хэлбэрийн хөгжил, уялдаа холбоотой менежмент, нэгдсэн дэд бүтэц, технологийн шийдэл нь урьдчилан цэвэрлэх байгууламжийн ажлыг үр дүнтэй, тогтвортой болгох гол түлхүүр гэж хэлж болно.
Зарим үйлдвэр дундаа цэвэрлэх байгууламж барих санал гаргаж, боломжийг эрэлхийлж байгаа. Яг бодитоор хэрэгжүүлэхэд нилээдгүй хугацаа орох болов уу?
“Үйлдвэрүүдийн зүгээс дундын цэвэрлэх байгууламж барих санаачилга гаргаж, хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж эхэлсэн нь маш зөв чиглэл. Гэхдээ үүнийг бодитоор хэрэгжүүлэхэд тодорхой хугацаа, үе шат шаардлагатай.
Цаашдын зорилго бол арьс, ширний үйлдвэрүүдийг технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлж, дэлхийн жишигт нийцсэн дундын цэвэрлэх байгууламж бүхий бүтцэд шилжих явдал юм. “Эмээлтийн эко аж үйлдвэрийн парк” үүний тод жишээ бөгөөд уг санаачилга яригдаж эхэлснээс хойш арав гаруй жилийн хугацаанд эрх зүйн орчныг бүрдүүлэх, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслөө боловсруулах, батлуулах зэрэг олон шатны ажил хийгдсэн.
Одоогоор тус паркийн бүтээн байгуулалт эхлэх шатандаа орж байна. Ингэснээр үйлдвэрлэлийн өртөг мэдэгдэхүйц буурч, бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болох юм.
Ярилцлагын төгсгөлд та асуудлыг илүү сайн мэдэх хүний хувьд хэлэх зүйл юу байна вэ ?
Одоо хамгийн тулгамдсан асуудал бол урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулсан үйлдвэрүүдийн усны төлбөрийн зохицуулалт байна.
Урьдчилан цэвэрлэсэн усаа “Харгиа”-д нийлүүлэхдээ дахин төлбөр төлж байгаа нь үйлдвэрүүдэд давхар дарамт болж байна.
Энэ асуудлыг эрх зүйн хүрээнд хэрхэн шийдэх талаар холбогдох байгууллагууд хамтран ярилцаж, бодит шийдэлд хүрэх шаардлагатай. Байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл эрхэлж байгаа үйлдвэрүүдэд давуу нөхцөл, урамшууллын бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй.
Нөгөө талаас, урьдчилан цэвэрлэх байгууламжийг амжилттай суурилуулж, усны бохирдлоо мэдэгдэхүйц бууруулсан үйлдвэрүүдээ олон нийтэд танилцуулж, тэдний хичээл зүтгэлийг үнэлэх нь чухал. Өмнө нь арьс ширний үйлдвэрүүдийг Туул голын бохирдол, хотын үнэртэй холбон буруутгах хандлага байсан бол өнөөдөр бид хариуцлагатай, шинэчлэл хийж буй салбар гэдгээ нотолж чадсан.
Цаашид энэхүү сайн туршлагаа олон нийтэд түгээн, салбарынхаа нэр хүндийг сэргээж, нийгэмд эерэг ойлголт бий болгохыг хүсэж байна. Арьс ширний салбар маань өнөөдөр үйлдвэрийн хаягдал усаа урьдчилан цэвэрлэж буй манлайлагч салбар болсныг бахархалтайгаар хэлмээр байна.




Зарим үйлдвэр дундаа цэвэрлэх байгууламж барих санал гаргаж, боломжийг эрэлхийлж байгаа. Яг бодитоор хэрэгжүүлэхэд нилээдгүй хугацаа орох болов уу?
