“Бид нэн ховор туйлын туяа мэт тод, ялгарахуйц мэдрэмжийг мэдрүүлж давтагдашгүй дурсамжийг үлдээнэ” уриатай “Аврора” зочид буудлын гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнтэй ярилцлаа. Ярилцлага маань зочид буудлын бизнесийн онцлог, тав тухын тухай ойлголт болон залуу захирлын карьерын түүхийн хүрээнд өрнөсөн юм.
Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?
Би Г.В.Плехановын нэрэмжит орос сургуулийг төгссөн. Тухайн үед ОХУ-д сурах боломж гараагүй учир англи хэл сурах, Өрнөдийн соёлтой танилцах хүслээ дагаж ИБУИНВУ-ын Глазго хотын Глазгогийн их сургуульд элсэж, бизнес ба менежментээр суралцсан. Эргээд бодоход Шотланд явсан нь хувь заяаны тохиол, маш зөв алхам болсон санагддаг. Барууны соёл, боловсрол, хэв маяг, стандартуудаас их олон зүйл сурсан. Найзууд маань хүртэл намайг Шотланд явснаасаа хойш хувь хүн талаасаа их өөрчлөгдсөн гэдэг. Багадаа онц сурдаг, даруухан, дотогшоо хүүхэд байсан бол оюутан болоод юунд дуртай вэ гэдгээ ойлгож, шинэ ур чадвар зэмшиж, өөрийгөө нээсэн он жилүүдийг Шотландад өнгөрүүлсэн.
Мөн боловсролын системийн онцлогоос шалтгаалж аливааг олон талаас харж дүгнэх, том зургаар харах чадварт суралцсан. Би үүнийг Шотланд улсаас олж авсан нэг үнэт зүйлээ гэж үздэг. Шотландаас ирээд “Таван Богд Интернейшнл” ХХК-д Johnson & Johnson брэндэд ажиллаж байхад “Аврора” зочид буудлынхан гүйцэтгэх захирлаар ажиллах санал тавьсан. Түүнээс хойш зургаан жил уг албан тушаалыг хашиж байна.
Тухайн үед та 20 гаруйхан настай байсан шүү дээ. Яагаад таныг сонгож ажлын санал тавьсан бэ?
Миний бодлоор эзэмшсэн мэргэжил, мөн гадаадад суралцаж төгссөн нь давуу тал болсон болов уу. Яагаад гэвэл зочид буудлын талаарх таагүй гэмээр ойлголт манай нийгэмд давамгай байсан үе. Магадгүй энэ ойлголтыг өөрчилж, олон улсын туршлага нэвтрүүлнэ гэж бодсоны үндсэн дээр намайг сонгосон байх. Анх хүний нөөцийн менежерээс мэдээлэл аваад дараа нь “Аврора”-ийн барилга дээр ирж танилцаж байсан. Компани байгуулагдаад удаагүй, зочид буудлын барилгын дотоод засал хийгдэх гэж байсан үе. Тухайн үед хэдэн хүнтэй ажиллах, ажлын цар хүрээ зэргийн талаар тодорхой мэдээлэл надад огт байгаагүй. Их ч эмээж байсан. Гэхдээ маш том боломж олдсон учраас хүчээ сориод үзье гээд зориглосон.
Нөгөө талаар, бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбарын аль нэгийг сонгох шаардлага тулгарсан. Багагүй хугацаанд бодсоны эцэст үйлчилгээний салбар цаг ирэх тусам үнэ цэнтэй болж, хиймэл оюунд байраа алдах, автоматжуулалтад өртөх эрсдэл байхгүй, мөн илүү сонирхолтой санагдсан учраас “Аврора”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахыг зөвшөөрсөн.
Сүүлийн жилүүдэд зочид буудлын үйл ажиллагааг тогтмол сайжруулах, олон улсын стандартыг судалж нутагшуулах, үр дүнг нь гаргахын төлөө хичээн ажиллаж байна.
“Аврора” зочид буудлын онцлог, давуу талын талаар сонирхуулна уу?
Манайх бол дөрвөн одны стандарт хангасан үндэсний зочид буудал юм. Өндөр зэрэглэлийн стандартаар тохижуулсан дөрвөн төрлийн 62 өрөө, ази, европ, монгол хоолтой “Хулан” зоогийн газар, “Аврора” лоунж, “Кофе МЕККА”, “Улаанбаатар” болон “Өргөө”хурлын танхим, катеринг, фитнесс, саун зэрэг үйлчилгээг зочдодоо санал болгодог.
Үндэсний гэдгийг тодотгох хэд хэдэн онцлог бий. Тухайлбал, барилгын интерьер дизайн, дотоод засалд үндэсний хэв маягийг шингээсэн. Монгол үндэсний хээ, загвар дизайн, урлагийн бүтээлийг та манай зочид буудалд орж ирмэгцээ мэдрэхээс гадна өрөөнөөсөө ч харах, мэдрэх боломжтой. Энэ нь гадаадын жуулчид, зочдод буудлаасаа гаралгүй Монголын талаар тодорхой хэмжээний мэдээлэл авах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
Мөн “Хулан” зоогийн газар маань монгол үндэсний хоолоо сурталчлах зорилгоор орчин үеийн хэрэглэгчдэд тохирсон шинэлэг менюгээр үйлчилдэг. Ази, европ хоол, цагаан хоол захиалах боломжтой байдаг нь жуулчдын сэтгэлд маш их хүрдэг. Өрөөний хувьд стандарт нь ижил боловч дотоод орчин, уур амьсгалыг ялгаатай шийдэж өгсөн. Тухайлбал, зарим өрөө цоглог, тод өнгийн дотоод засалтай бол зарим нь нам гүм орчныг бүрдүүлсэн гэх мэт. Орон зайн хувь ч өрөөнүүд маань илүү том талбайтай. Өөр нэг давуу тал бол манай бүх өрөөнд байдаг биде юм. Энэ нь ази хэрэглэгчдийн таашаалд тун их нийцдэг.
Тоноглолын хувьд дөрвөн одтой зочид буудлын стандартыг хангасан матрас, цагаан хэрэглэл, нэг удаагийн хэрэглэл ашиглаж байна. Хүний эрүүл мэндэд ээлтэй байх, үндэсний брэндээ дэмжих зорилгоор бид нэг удаагийн хэрэглэлээ “Ургана” брэндээс авдаг. Манай зочид буудалд орж ирсэн цагаасаа эхлээд л зочин бүрдээ тав тух мэдрүүлэхийн төлөө бид маш их хичээж ажилладаг.
Зочид буудлын нэр их онцлог санагдлаа. Аврора буюу туйлын туяа гэсэн нэрийг яагаад сонгож өгсөн бэ?
Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс туйлын туяаг үзэх гэж зорьж очдог шүү дээ. Үүнтэй адилаар биднийг ч гэсэн олон орны жуулчин, зочид олон жилийн турш зорьж ирэхийг бэлгэдэж энэ нэрийг өгсөн юм. Мөн туйлын туяа нь байгалийн цор ганц ховор үзэгдэл учраас онцгойрох, содон байх гэсэн санааг давхар агуулдаг. Товчоор хэлбэл, сайхан мэдрэмжийг бусдад түгээе, тэр хэрээр зочид маань биднийг туйлын туяа мэт санаж зорин ирэх болно гэсэн утга санааг агуулж байгаа юм.
Энэ зорилгодоо бага ч атугай хүрч байгааг Япон, Өмнөд Солонгосын иргэд манай зочид буудлыг бие биедээ санал болгодгоос харж байна. Жишээлбэл, өнгөрсөн оны бодибилдингийн Азийн АШТ-д оролцсон Өмнөд Солонгосын баг тамирчид зохион байгуулагчид зочид буудал санал болгохоос өмнө тусгайлан манайхыг сонгохоо илэрхийлж байлаа.
Өмнөх асуултын хариулт болгон нэмж хэлэхэд “Аврора” зочид буудлын хамгийн том давуу тал бол бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрдээ сэтгэлээ шингээж, анхаарал хандуулан, зочид буудлаа амьд организм шиг удирдаж, ажиллуулдаг нь юм. Зочдын санал хүсэлтэд тулгуурлан бид үйлчилгээ, хоолны цэсээ байнга шинэчилдэг.
Аялал жуулчлалын улирал өндөрлөх дөхөж байна. Танай хамт олон энэ улиралд хэр олон зочин хүлээж авав. Жуулчдын хандлага, шаардлагад ямар өөрчлөлт орж байгаа нь анзаарагдаж байна вэ?
Манай зочид буудалд голдуу БНХАУ, ОХУ, БНСУ, Европын орнуудын жуулчид ирдэг. Гадаадын жуулчдын тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад их багассан. Үүний шалтгаан нь Монголд аялах гэдэг ойлголтыг Өвөр Монгол хүчтэй хөгжүүлж, манайхтай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргаж ирсэнтэй холбоотой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, Өвөр Монголоор аялах нь Монголд ирэхээс бараг 50 хувиар хямдын зэрэгцээ өгч буй үйлчилгээ, орчин, сонголтууд нь бараг ижилхэн болсон. Мэдээж энэ тал дээр тус улсын Засгийн газар тодорхой хэмжээний дэмжлэг, тусламжийг бодлогоор үзүүлж байгаа болов уу.
Үүнээс шалтгаалаад, ялангуяа Өмнөд Солонгосын жуулчдын тоо мэдэгдэхүйц багаслаа. Тиймээс энэ өрсөлдөөнд Монгол Улс хэрхэн тэсэж үлдэх вэ, аялал жуулчлалын чиглэлийн бараа бүтээгдэхүүний үнэ, сонголтынхоо тунг нь хэрхэн тааруулах вэ гэдгээ нухацтай бодох ёстой болж байна.
Жуулчдын хувьд илүү соёлтой болж байгаа нь анзаарагддаг. Өмнө нь зарим улсын зочдыг хүлээж авахад хүндрэл учирдаг байсан нь эрс буурсан. Илүү соёлтой, бие биедээ хүндэтгэлтэй харилцаж байгаа нь ажиглагдаж байна. Түүнчлэн дотоодын үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байна. Залуу хосууд, ганцаараа төвлөрч ажлаа хийх хүсэлтэй хүмүүс, хоёулаа цагийг өнгөрүүлэх хүсэлтэй эхнэр, нөхөр, эсвэл гэр бүлээрээ гэх зэргээр үйлчлүүлэгчдийн төрөл, сонирхол өөрчлөгдөж хөгжсөөр байна.
Зочид буудлын бизнес эрхлэхэд ямар сорилт, бэрхшээл байна вэ. Тэдгээрийг танай хамт олон хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Зочид буудлын бизнес улирлын чанартай байдаг нь хамгийн гол хязгаарлагч хүчин зүйл болж байна. Манай улсад жуулчид ихэвчлэн зуны улиралд ирж, бусад улиралд эрс багасдаг нь манай бизнест ихээхэн сорилт болдог. Тиймээс ачаалал бага, дунд улиралд идэвхжүүлэлт хийх зэрэг арга хэмжээ авдаг. Сүүлийн жилүүдэд бид спортын аялал жуулчлалд анхаарал хандуулж, спортын холбоодтой хамтарч ажиллахыг зорьж байна. Энэ жил гэхэд бид сагсан бөмбөгийн Зүүн Азийн Супер лигийн тэмцээнд оролцох баг тамирчдыг хүлээж авахаар болсон.
Хоёрдугаарт, хүний нөөц дутмаг байна. Зочид буудал бол долоо хоногийн 24 цаг байнга үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Бизнесээ тасралтгүй авч явахын тулд бидэнд чадварлаг боловсон хүчин шаардлагатай байдаг. Бидний хувьд энэ хоёр л хамгийн том сорилт болж байна.
Үүнтэй холбоотой асуухад та компаниа ямар арга барилаар удирддаг вэ?
Бусдад үйлчилдэг (servant leadership) буюу ардчилсан, ажилтнуудынхаа санал бодлыг сонсдог, хамтдаа хөгжих арга барил бүхий манлайлагчид байдаг. Миний хувьд ганцаараа бүхнийг мэдэх бус менежерүүдээсээ мэдээлэл авах, улмаар түүнийг боловсруулж шийдвэр гаргадаг арга барилтай. Энэ аргын гол давуу тал нь бүхий л талын оролцоо нэмэгддэг явдал юм. Менежер, ерөнхий тогоочоос миний лавласан зүйлийг тэд мөн багаасаа асууж, хамтдаа шийдлийг хайдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн дарга, менежер бус багаараа ярилцаж, зөвшилцдөг учраас илүү оновчтой шийдвэр гардаг.
Өмнөх асуултаа илүү дэлгэрүүлж асуухад таны бодлоор эмэгтэй захирлын онцлог, давуу тал нь юу байдаг вэ?
Аливаа зүйлийг олон талаас нь харж, түүнийг бодлого, шийдвэртээ шингээдэг зан чанар эмэгтэйчүүдэд илүү байдаг болов уу. Асуудлыг гүнзгий ойлгож, улмаар түүнтэй уялдсан бодлого шийдвэр гаргадаг, нийтэч зэрэг давуу тал бий. Манай компанийн гол үнэт зүйл бол хүн. Хүндээ чиглэсэн үйл ажиллагаа явуулахад эмэгтэй захирал харьцангуй давуу талтай байдаг. Тэд ажилтан, ажил олгогчийн хэн хэнийх нь эрх ашгийг тэнцүү авч үзэж чаддаг. Ингэснээр ажиллах орчин илүү ээлтэй, таатай болж, ажилтнууд ажлаа сэтгэл хангалуун хийх боломж бүрддэг нь ажиглагддаг юм.
Та хэдий залуу гүйцэтгэх захирал боловч уг албан тушаалд зургаан жил орчим ажиллаад байна. Таны бодлоор гүйцэтгэх захиралд ямар зан чанарууд заавал байх ёстой вэ?
Захирал хүнд заавал байх ёстой хамгийн чухал чанар бол ёс зүй. Энэ бол захирлыг нэг талаар чимдэг, нөгөө талаар сүйрүүлдэг чанар юм. Ер нь өндөр албан тушаал хашиж буй хэн ч ёс зүйтэй л бол бусдаас илт ялгардаг. Тиймээс ёс зүйтэй удирдагч бол маш урт хугацаанд бий болгосон, цаашид ч өөрийг нь тасралтгүй авч явах маш чухал үнэ цэн, чадварыг эзэмшдэг гэж ойлгож болно. Гэхдээ мэдээж зөвхөн гүйцэтгэх захирал бус хүн бүр урдах ажлаа ёс зүйтэй хийдэг байх нь чухал гэж би боддог. Харин ёс зүйгүй захирлын карьер богинохон, эсвэл амархан урууддаг.
Хоёрдугаарт, тасралтгүй хөгждөг, сониуч зантай байх хэрэгтэй. Өрсөлдөгчөө судлах, олон улсад юу болж байгааг ажиглах, тэдгээрээс ямар санаа, шийдлийг Монголын хөрсөнд буулгах боломжтойг турших зэргээр шинэ бүхнийг сонирхон судлах нь гүйцэтгэх захиралд зайлшгүй байх чанар юм.
Бизнесийн салбарт гүйцэтгэх захирлаар ажилладаг залуу эмэгтэйчүүд бусдадаа үлгэр дуурайл болдог. Та удирдах түвшинд ажиллах, эсвэл карьераа өсгөх хүсэлтэй залууст, тэр дундаа эмэгтэйчүүдэд юу гэж зөвлөх вэ?
Юун түрүүнд ажлаа хийх жанжин шугамыг сайн тодорхойлоорой. Ёс зүйтэй ажиллаарай. Ямар ч карьерыг чиглүүлдэг луужин нь ёс зүй гэдгийг сүүлийн үеийн судалгаа харуулж байгаа. Монголд ч, гадаадад ч ёс зүйтэй ажиллаж чадвал албан тушаал ахих, өөрийнхөө хүссэн карьерыг бүтээх бүрэн боломж бий. Саяхан нэг танилтайгаа ярилцахад зочид буудлын, ерөнхий менежерээр ажиллах өндөр ёс зүйтэй хүн Лондонд олдохгүй байна. Компанийг нь хариуцаж ажиллах гүйцэтгэх захирлыг сонгохдоо эзэн, эсвэл төлөөлөн удирдах зөвлөл хамгийн түрүүнд тухайн нэр дэвшигчийн ёс зүйтэй эсэхийг нь анхаардаг. Тиймээс та ямар ч албан тушаалд ажиллаж байсан энэ чанарыг өөртөө суулгаж, мөрдөж явах хэрэгтэй.
Хоёрт, би харьцангуй залуудаа гүйцэтгэх захирал болсон учраас хувийн амьдралаа орхигдуулсан тал бий. Залуу учраас илүү ихийг хийх зорилгоор ажилдаа маш их эрч хүчийг зарцуулдаг байсан. Миний энэ алдааг давтахгүйгээр эрүүл мэнд, нийгмийн амьдралдаа давхар анхаарч байгаарай. Энэ бүхэн хоорондоо гинжин хэлхээтэй учраас аль алийг нь тэнцвэртэй авч явах ёстой. Залуу насандаа маш их ажиллаж, ачаалал авсан бол тодорхой хугацааны дараа буцааж төлөх шаардлагатай болдог юм билээ. Би завгүй, ажил ихтэй гээд найз нөхөд, хайртай хүмүүсээ, өөрийгөө мартаж огт болохгүй.
Гуравдугаарт, гүйцэтгэх захирлын албан тушаалд зарим хүн нэр хүнд, алдар нэрээс нь шалтгаалаад дуртай байдаг. Гэхдээ албан тушаал ахихын хэрээр хариуцлага дагаад нэмэгддэг. Таны шийдвэр хэдэн хүнд нөлөөлөх вэ, ямар үр дагавартай вэ гэдгийг бодох хэрэгтэй. Жишээлбэл, миний нэг шийдвэр ойролцоогоор 100 хүнд нөлөөлнө гэж үзвэл маш хүчтэй, нөлөөтэй шийдвэр болох нь гарцаагүй юм. Тиймээс гүйцэтгэх захирал маш хариуцлагатай ажиллах ёстой.













