MMCG компанийн захирал Д.Бум-Эрдэнэ 10 дугаар сарын “Бизнес Цэнэг” өглөөний уулзалтын Morninspire хэсэгт “Маркетинг 6.0” нэртэй үндсэн илтгэлийг тавилаа. Түүний илтгэлээс зарим онцлох санааг тоймлон хүргэж байна.
Ирээдүйн маркетингийн чиг хандлага нь Immersive Marketing гэх ойлголттой гүн холбогдож байна. Энэ бол хэрэглэгчийг дижитал ертөнцөд зүгээр нэг “байршуулах” бус, түүний мэдрэхүй, оролцоо, итгэлийг бүх сувгаар нэгтгэн тухайн брэндийн ертөнцөд шингээсэн туршлага бүтээх тухай юм.
Тодруулбал, “өнөөдөр хэрэглэгч зүгээр нэг мэдээлэл авах бус, мэдрэхийг хүсэж байна. Тэр зөвхөн худалдан авагч биш, туршлагын нэг хэсэг” болж байгаа аж.
Д.Бум-Эрдэнэ илтгэлдээ маркетингийн түүхэн хувьслын зургаан үе шатыг тайлбарлаж, дараагийн чиглэл болох Metamarketing ба Immersive орчин руу хэрхэн шилжиж байгаа тухай сонирхолтой агуулга дээр төвлөрлөө.
I. Multichannel-ээс Metamarketing руу
1950-аад оны Product 1.0 нь бүтээгдэхүүнд төвлөрсөн байв. Үүнээс хойш 70 жилийн дараа 2020 он гэхэд AI-driven 5.0 үе ирж, хэрэглэгчийн өгөгдөл, зан төлөвийг гүнзгий шинжилдэг болсон.
Тэгвэл 2025 оны 6.0 шатанд бид metamarketing буюу бүх суваг, бүх мэдрэхүйг нэг туршлагад нэгтгэх эрин рүү орж байна. Өнөөдөр хэрэглэгч аппликейшнд зочлохоос эхлээд бодит дэлгүүрт орж ирэх хүртэл нэг брэндийн нэгэн ижил утга, мэдрэмж, яриаг мэдэрдэг байх нь гол шалгуур болжээ.
Phygital үеийн хэрэглэгч
Generation Z болон Alpha үеийнхэн нь “phygital natives” буюу физик ба дижитал орчныг сайн ялгадаггүй анхны үе болж байна. Тэд дэлгүүр хэсэг туршлагыг TikTok-ийн live-тэй, виртуал орцыг бодит мэдрэмжтэй холбож сэтгэдэг. Ийм хэрэглэгчийн хувьд “offline” ба “online” гэсэн ялгаа бүдгэрсэн.
Брэндүүдийн хувьд энэ нь маркетингийн суурь логик болох хаана хүрэх биш, яаж мэдрүүлэх вэ гэсэн асуултад хариу өгөхийг шаардах юм.
Immersive маркетингийн таван микро чиг хандлага
Д.Бум-Эрдэнийн танилцуулсан 5 микро чиг хандлага нь шинэ маркетингийн цагаан толгой болж байна.
- Personalization – хэрэглэгчийн өгөгдөл дээр суурилсан хувийн туршлага.
- Gamification – оролцоог нэмэгдүүлэх тоглоомын хэрэгслүүд
- AI Integration – контент, санал, хэрэглэгчийн худалдан авах замналыг автоматаар оновчлох.
- Influencer Marketing – итгэлцэлд тулгуурласан хүний нөлөө.
- Interactive Experience – хэрэглэгчийг оролцуулдаг, хариу үйлдэл хийлгэдэг орчин.
Эдгээр чиглэл нь нийлээд “immersive” буюу мэдрэхүй шингээсэн брэндийн экосистем-ийг бүтээж байна.
IV. Physical ба Digital-ын нэгдэл
Immersive маркетинг бол “хоёр ертөнцийг нэг болгох” ухаан. Брэндийн кампанит ажил бодит орчинд болж байгаа ч хэрэглэгч виртуал сувгаар оролцоно. Бодит бүтээгдэхүүн нь AR аппликейшнд амилж, виртуал туршлага нь худалдан авалтад хүргэнэ. Ингэснээр хэрэглэгч хаана ч байсан тухайн брэндийн ертөнцөд амьдрах юм.
Tech Enablers: шинэ туршлагын хөдөлгүүр
AI, Big Data, Blockchain, IoT зэрэг технологи нь маркетингийн бүтцийг өөрчилж байна. Хиймэл оюун хэрэглэгчийн сонголтыг урьдчилан таамаглаж, өгөгдөл брэндийг интуитив буюу зөн совингийн түвшинд аваачиж, IoT хэрэглэгчийн бодит амьдрал руу холбож өгч байна.
Тиймээс “Технологи бол зорилго биш, туршлага бүтээх хэрэгсэл,” гэж Бум-Эрдэнэ онцоллоо.
Extended Reality ба Metaverse
AR, VR, MR технологи хэрэглэгчийг мэдээлэл хүлээн авагч бус, туршлагын хамран бүтээгч болгож байна. Брэндүүдийн дараагийн өрсөлдөөн физик бүтээгдэхүүнд бус, харин тэдний бүтээж буй ертөнцийн чанарт тулгуурлах болно. Энэ утгаараа метаверс дэх оролцоо бол маркетингийн кампанит ажил бус, брэндийн оршихуй юм.
Дүгнэлт: Хэрэглэгчийн мэдрэхүйн эдийн засаг
Marketing 6.0 бол “юу зарах вэ” гэхээс илүү “юу мэдрүүлэх вэ” гэсэн асуултад төвлөрсөн шинэ эрин юм. Хэрэглэгч мэдээлэлд дарагдсан байгаа учраас туршлагаар ялгарах цаг үе ирсэн гэсэн үг юм. Тиймээс брэндийн ирээдүй нь хэрэглэгчийн сэтгэлд шингэж, итгэлцэл дээр тулгуурласан урт хугацааны харилцаагаар тодорхойлогдоно.




