Хиймэл оюун, автоматжуулалтын эрин бүхэл бүтэн салбар, мэргэжлийг өөрчилж байгаа учраас энэхүү түйвээлтийг тэсэж үлдэх ажил мэргэжлийг сонгох нь улам бүр чухал болж байна. Сүүлийн үеийн нэгэн судалгаанаас үзвэл хүн хоорондын харилцаа ихээр шаарддаг ажил, ур чадвар автоматжуулалтад хамгийн бага өртөх аж.
Тиймээс эдгээр мэргэжлийн үүрэг ролийг ойлгох нь зүйтэй юм. Ингээд хиймэл оюуны дайралтад өртөх эрсдэл багатай, мөн өндөр цалин хангамжтай таван мэргэжлийг танилцуулъя.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд
Эмч, сувилагч, сэтгэл засалч, зөвлөгч багш зэрэг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд нь автоматжуулалтад өртөх хамгийн бага эрсдэлтэй мэргэжлийн бараг хамгийн эхэнд бичигддэг. Учир нь тэд хүний сэтгэл хөдлөлийн хэрэгцээ, таамаглах боломжгүй сэтгэл хөдлөл, ёс зүйтэй шийдвэр гаргалт зэрэг алгоритмаар орлуулах боломжгүй ур чадварыг эзэмшсэн байдаг юм.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан мэргэжилтнүүд нь зөвхөн өвчний шинж тэмдэг бус өвчтөний сэтгэл хөдлөл, айдас, өвчний эдгэрэлтэд чухал үүрэгтэй нийгмийн шинжтэй шинж тэмдгүүдэд анхаарч ажилладаг билээ. Сувилагчийн халуун дулаан үг, нуугдмал траумаг ойлгох сэтгэл засалчийн зөн совин, амьдрал, эсвэл үхлийг шийдвэрлэх эмчийн ёс зүйтэй шийдвэрийг машинууд гаргах боломжгүй. Хэдий эрүүл мэндийн салбар нь улам бүр дижиталчлагдаж байгаа ч хүний үүрэг роль нь эмчилгээ, үйлчилгээг үр дүнтэй төдийгүй илүү хүмүүнлэг болгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх болно. Харин технологи нь оношилгоо, өгөгдлийн менежмент, оновчтой эмчилгээ зэрэгт давуу тал болж чадна.
Гар ажиллагаа шаардсан мэргэжлүүд
Цахилгаанчин, сантехникч, барилгын даамал, халаалт, агаар сэлгэлтийн техникч зэрэг мэргэшсэн ур чадвар шаардсан ажлууд нь бие махбодын хүчээс гадна асуудал шийдэх ур чадвар шаарддаг. Гэтэл машинууд нь янз бүрийн орчинд уян хатан гарын ажиллагаа шаардсан үйлдлийг тэр бүр гүйцэтгэж чаддаггүй. АНУ-ын Карьер судлалын хүрээлэнгийн мэдээллээс үзвэл ур чадвартай, мэргэшсэн ажилтнууд нь автоматжуулалтад өртөхгүй төдийгүй цаашид улам бүр үнэ цэнд орох ажээ.
Тухайн цаг мөчид шийдвэр гаргах, бүтээлч байдал, дасан зохицох зэрэг ур чадварыг голлодог учраас ийм мэргэжлийг программуудад суулгаж өгөх бараг боломжгүй билээ. Зөвхөн техник ур чадвараас гадна харилцаа, багийн ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь эдгээр мэргэжлийн хүмүүст тун чухал байдаг юм. Тэд дахин давтагдсан ажил хийдэггүй, мөн мэргэжлийн ур чадварыг орчин цагийн технологитой хослуулан онцгой “бүтээл” туурвиж чаддаг нь гол давуу тал нь юм. Тиймээс тэд ирээдүйн эдийн засгийн ажиллах хүчний тулгын чулуу байх нь гарцаагүй гэж олон улсад үзэж байна.
Манлайлал, менежментийн албан тушаал
Алсын харааг тодорхойлж, олон төрлийн харилцаа холбоо үүсгэж, байгууллагынхаа ажилтнуудад нөлөөлдөг учраас манлайлал болон стратегийн чухал албан тушаалд ажиллаж буй хүмүүсийг орлуулах боломж тун бага. Мөн сэтгэл хөдлөлийн чадамж, шийдвэр гаргалт, харилцаа зэрэг технологи дуурайх боломжгүй ур чадваруудад энэ чиглэлийн хүмүүс тулгуурлаж ажилладаг.
Нөгөөтээгүүр, манлайлал нь тодорхойгүй байдлын үед удирдлагаар хангах, ялгаатай зорилгуудыг эрэмбэлэн ангилах, урт хугацаанд чиглэсэн шийдвэр гаргах зэргээр ажилтан, байгууллагад ихээхэн нөлөөлж байдаг. Менежерүүд нь зах зээлийн өөрчлөлтийг ойлгох, хамтрал бий болгох, ялгаатай оролцогч талуудын хооронд хамтын ажиллагаа үүсгэх ёстой болдог. Энэ бүхэн нь итгэлцэл, бусдыг ойлгох чадвар, ёс суртахуун гэх мэт алгоритм, өгөгдлийн моделийн хязгаараас давсан ур чадварыг шаарддаг билээ. Хиймэл оюун, автоматжуулалт өндөр түвшинд хүрсэн ч манлайллын утга учир нь хүн хоорондын харилцаа, урам зориг, бусдыг өөрийнхөө оронд тавих чадварт оршиж байдаг юм
Бүтээлч салбарын мэргэжлүүд
Машин, алгоритмын хүчин чадлаас давсан чиглэлүүд бол бүтээлч байдал, өгүүлэхүйн ухаан, дизайны инновац, брэндийн стратеги юм. Энэ бүхэнд хиймэл оюун тусалж болох ч оригинал санаа нь зөвхөн хүний л чадах зүйл хэвээр байх болно.
Зохиолч, дизайнер, зураач, маркетерууд нь уран төсөөлөл, онгодоо хослуулан бүтээл туурвидгийг алгоритм бүрэн хуулбарлаж, эсвэл хийж огт чадахгүй юм. Учир нь бүтээлч чанар бол хувь уран бүтээлчийн туршлага, зөн совин, хүний мөн чанарын тухай ойлголтоос эхтэй билээ. Гэхдээ технологи улам бүр хөгжиж байгаа учраас хиймэл оюуныг багаж болгон ашигладаг уран бүтээлчид илүү сонирхолтой уран бүтээл туурвих боломжтой юм.
Хиймэл оюуныг бүтээх, удирдах технологийн ажилтнууд
Зарим ажлын байрыг хиймэл оюун устгах нь гарцаагүй боловч цоо шинэ ажлын байр, тухайлбал хиймэл оюуныг өөрийг нь бүтээх, удирдах, чиглүүлэх мэргэжилтнийг бий болгох нь тодорхой юм. Хиймэл оюун, машин сургалт, өгөгдлийн удирдлага, хүн-хиймэл оюуны интеграцын чиглэлд ажилладаг мэргэжилтнүүд нь ирээдүйд өндөр эрэлттэй байхаас гадна автоматжуулалтад бага өртөх юм. Хиймэл оюун, хүний ур чадварыг хослуулсан ажлууд ихээхэн өснө гэдгийг 2024 оны нэгэн судалгаа ч харуулсан байдаг.
Эдгээр мэргэжил нь хиймэл оюуныг хариуцлагатай, ил тод ажиллуулахад чиглэсэн техник ур чадвараас гадна өндөр ёс суртахуун шаарддаг юм. Өгөгдлийн шинжээч, хиймэл оюуны ёс зүйн мэргэжилтэн, промпт инженерүүд нь хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс, нийгмийн зорилгод нийцэж ажиллах алгоритмыг бүтээдэг. Зөвхөн кодтой ажиллахаас гадна тэд өгөгдлийн хэв шинжийг ойлгож, гажуудлыг арилгаж, машин сургалтын загваруудыг сайжруулах үүрэгтэй юм. Хиймэл оюун нь эрүүл мэнд, санхүү, боловсрол, хууль сахиулах гээд бүхий л салбарт нэвтэрч байгаа учир инновац, хариуцлага хоёрыг тэнцвэржүүлэх, сахиулах мэргэжилтнүүд нэн чухал гэдэг нь ойлгомжтой билээ.
Эх сурвалж: Forbes


