M Bank-ны Маркетингийн хэлтсийн захирал Г.Билгүүний “Бизнес цэнэг” өглөөний уулзалтын үеэр тавьсан илтгэлээс
Жижиг, дунд бизнесийн амжилт зөвхөн сайн бүтээгдэхүүн, зөв стратегиас хамаардаггүй. Харин бизнес эрхлэгч ба маркетер хоёрын хооронд үүсэх итгэлцэл, ойлголцлоос хамгийн их хамаардаг. “Маркетингийн үнэ цэн бол ойлголцол, итгэлцлийн чанар” гэж Г.Билгүүн хэллээ.
***
Бизнесийн эзэд маркетингийг ихэвчлэн “борлуулалт өсгөх арга” гэж хардаг бол маркетерууд үүнийг “брэндийг бүтээх урт хугацааны процесс” гэж үздэг. Энд л зөрчил үүсдэг. Нэг тал нь үр дүнг нэн даруй хармаар байдаг бол нөгөө тал үр дүнг цаг хугацаанд хуримтлагдах итгэлцлээр хэмждэг.
Г.Билгүүний хэлснээр энэхүү хүлээлтийн зөрүү бол бизнесийн дотоод харилцааны хамгийн том саад. “Маркетинг бол бизнесийн философи, үнэ цэнийг илэрхийлдэг харилцаа. Тиймээс ойлголцол байхгүй бол ямар ч сайн стратеги ажиллахгүй” гэж тэр хэлэв.
Маркетер ба бизнес эрхлэгч хоёрын хоорондын харилцаа нь уран бүтээлч ба захиалагчийн харилцаатай төстэй. Хэрвээ захиалагч “надад нэг зүйл хийгээд өгөөч” гэж хэлэхдээ ямар зорилгоор, ямар хүмүүст хүргэхийг тодорхой хэлэхгүй бол уран бүтээлчийн гараас гарах зүйл замбараагүй болно. Маркетинг ч ялгаагүй, зөвхөн техникийн асуудал бус, сэтгэл хөдөлгөсөн харилцаа байх ёстой.
“Маркетинг хийхээсээ өмнө бид юу сурталчлах гэж буйгаа, яагаад түүнийг сурталчлах ёстойгоо ойлгох хэрэгтэй.”
Г.Билгүүний ажигласнаар жижиг, дунд бизнесүүдийн дийлэнх нь маркетингийн ажил эхлэхийн өмнөх хамгийн чухал шат болох “асуулт тавих үе шатыг” орхидог.
Бүтээгдэхүүний зорилго, хэрэглэгчийн асуудал, брэндийн ялгарал, бизнесийн алсын хараа зэрэг нь тодорхойгүй байхад маркетингийн ажил “зорилгогүй туршилт” болдог. “Ойлголцохгүйгээр хийх нь газрын зураггүй аялахтай адил” гэж хэллээ.
Харин бизнес эрхлэгчийн зүгээс өөрийн бизнесийн философи, зорилго, үнэт зүйлийг илэрхийлэх чадвартай байх ёстой. “Бид юуг, яагаад хийж байна вэ?” гэдгээ тодорхой хэлж чадахгүй бизнесийн эзэнтэй маркетер амжилттай ажиллахад хэцүү байдаг.
Ойлголцлын гол тулгуур бол итгэлцэл ба ил тод байдал. Маркетер бизнесийн эзний үзэл санааг зөв ойлгохын тулд асуулт асууж, судалгаа хийнэ. Харин бизнес эрхлэгч түүнд итгэж, мэдээллээ хуваалцана.
Маркетингийн стратеги, брэндийн философи нь хөндлөнгийн агентлагаас бус, дотоодын ойлголцлоос төрөх ёстой. “Брэндийг хамгаалж, чиглэлд нь хяналт тавьдаг хүн бизнес дотор байх ёстой. Энэ бол байгууллагын дотоод дархлаа юм” гэж тэр хэлэв.
Ийм ойлголцлын орчин бүрдвэл маркетингийн ажил илүү үр дүнтэй, илүү тогтвортой болдог. Жишээлбэл, маркетингийн баг стратегиа боловсруулахдаа брэндийн үнэ цэн, бүтээгдэхүүний зорилго, хэрэглэгчийн сэтгэлзүйн хэрэгцээг нэгтгэж чадвал кампанит ажил богино хугацааны борлуулалтаас илүү урт хугацааны итгэлцэл бий болгодог.
Жишээ нь бизнесийн эзэн нь лого, нэрэндээ сэтгэл ханаад зогсох тохиолдол нийтлэг. Энэ бол хууль гаргаад хэрэгжүүлэлгүй орхисонтой адил. Гэтэл брэндийн утга, үнэ цэнийг илэрхийлэх дараагийн үе шатууд байх ёстой.
Г.Билгүүний ярьснаар маркетинг гэдэг бол зөвхөн хэрэглэгчийн анхаарлыг татах ажил биш, харин хүмүүс хоорондын ойлголцлыг бүтээх процесс юм. Ер нь бизнесийн ч, хувь хүний ч бай, амьдралын бүх л чиглэлд ойлголцол, итгэлцэл л бүхнийг урагшлуулдаг.
Товчхондоо, бизнес бол харилцаа, харилцаа бол ойлголцол. Харин ойлголцол бол амжилтын хамгийн ховор, хамгийн үнэт нөөц нь юм.




