Стандарт Тунамал (ST Design) компанийн үүсгэн байгуулагч, захирал У.Эрдэнэтулга “Бизнес цэнэг” өглөөний уулзалтын “Sharin is caring” хэсэгт “Өсөлт үү, өөрчлөлт үү” сэдвээр илтгэл тавилаа. Түүний дэвшүүлсэн гол санаа нь: Бид үнэхээр өсөж байна уу, эсвэл зүгээр л томорч байна уу?
Тэрээр бизнесийн 9 жилийн туршлагаа хуваалцан, Монголын жижиг, дунд бизнесүүдийн өсөлтийн бодит дүр зураг, алдаа, сургамжийн талаар ярьсан юм. Ингэхдээ өсөлт гэдэг нь хэчнээн хүнтэй, хэчнээн тоног төхөөрөмжтэй болох биш, харин хэр тогтвортой, системтэйгээр явж чаддагаар хэмжигддэг юм байна гэдгийг тодотгосон юм. Тэрээр “Бид бүгд өсөлт, тэлэлт рүү тэмүүлдэг. Гэхдээ яг үнэндээ тэр нь зөв өсөлт үү гэдгийг асуух хэрэгтэй” гэдэг асуултад хариу өгөхийг зорьсон юм.
Тэрээр өөрийн компанийн жишээгээр “өсөлтийн урхи” гэж юу болох тухай ярив. ”Стандарт тунамал” компани нэг хүнтэй эхэлж, 27 ажилтантай болж, оргил үедээ 45 ажилтантай болж томорсон. Гэвч тэр өсөлт нь бодит үр ашиг авчирсангүй. Борлуулалт өсөхийн хэрээр зардал дагаж өссөн, харин борлуулалт буурахад зардал буусангүй. Энэ нь ЖДҮ-үүдийн нийтлэг ажиглагддаг цикл байв.
Тиймээс өсөлт бол зөвхөн хэмжээний тухай биш, харин системийн төлөвшлийн түвшин юм. Компани өргөжихийн өмнө процесс бүрээ төгөлдөржүүлэх ёстой. У.Эрдэнэтулга “Бид 9 жил алдсан. Хэрвээ жил бүр ганцхан процессоо төгөлдөржүүлсэн бол өнөөдөр 9 системтэй компани болох байлаа” гэж ярив.
Монголын компаниуд ихэвчлэн “шинэ салбар, шинэ тоног төхөөрөмж, шинэ алба” гэх мэт механик өсөлтийг хөгжиж байна гэж хардаг. Гэтэл үнэндээ системгүй өсөлт бол нуралт руу чиглэсэн алхам юм гэдгийг У.Эрдэнэтулга энэ хугацаанд хангалттай ойлгож авсан байна.
Хэрвээ бизнес нэг зүйлээ төгс болгож чадвал тэрхүү систем өөрөө дараагийн юмыг урагшлуулдаг. Харин анхаарал тарамдвал олон зүйлд оролцсон ч нэгийг ч сайн хийж чаддаггүй.
ЖДҮ-үүдийн нэг том алдаа бол бүгдийг өөрөө дангаараа хийх гэж зүтгэдэг хандлага. Учир нь бизнес бол ганц компани биш, харин салбар дахь багийн тоглоом. Бидний аль нь хамтарч чадаж байна, аль нь зөв хуваалцаж байна гэдгээс бүх зүйл шалтгаалдаг” гэж У.Эрдэнэтулга онцолж байлаа.
Түүний хувьд Хятадын компаниудтай хамтран ажилласан 9 жилийн туршлагаасаа нэг зүйл олж харжээ. “Тэнд маш олон борлуулагч, олон брэнд байдаг ч үйлдвэрлэгч тийм олон биш. Гэтэл Монголд эсрэгээрээ, бүгд өөрийн үйлдвэртэй, бүгд өөрөө хийх гээд уралдаж байна. Энэ хандлага нь давхацсан хүчин чадал, дэмий зардал бий болгодог.
“Манайх бүгд үйлдвэртэй, бүгд тоног төхөөрөмжтэй, бүгд зээлтэй. Гэхдээ бүгд ашиггүй” гэж хэлсэн нь Өглөөний уулзалтад оролцсон хүмүүсийн хувьд хөндүүр цэгийг нь хөндсөн үг байлаа.
Өнөөдөр ЖДҮ-үүд харилцан бие биеийнхээ сул тал, илүүдлийг нөхөж байж илүү өрсөлдөх чадвартай болно гэж У.Эрдэнэтулга уриаллаа.
Түүний хөндсөн өсөлтийн тухай өөр нэг сорил нь хүний хүчин зүйл. “Компанийн өсөлт нь захирлын өсөлт, ажилчдын өсөлтийн нийлбэр байдаг. Захирал өөрөө өсөөгүй байхад компанийн өсөлт бодит биш” гэж тэр хэлэв. Тодруулбал, бизнесийн эзэд өөрсдөө хөгжихгүй бол байгууллага нь тодорхой түвшнээс дээш гарч чадахгүй, зөвхөн эзэн эсвэл удирдлагынхаа сэтгэлгээний цар хүрээ, ур чадвар, мэдлэгээр хязгаарлагдаж, өсөлт нь зогсдог.
Тиймээс У.Эрдэнэтулга компаниа системжүүлэхийн хажуугаар ажилчдынхаа өсөлтөд анхаардаг. Тэр жил бүр олон улсын үзэсгэлэн, сургалтад ажилтнуудаасаа илгээж, “нүдийг нь нээх”-ийг хичээдэг. “Би өөрөө ч бас суралцдаг. Бид хамтдаа сурч байж л өснө. Харин сурч чадахгүй бол ямар ч өсөлт утгагүй. Өсөлт хийхийн тулд компани өсөхөөс гадна, компанийн захирал өөрөө ч өсөх ёстой” гэлээ.
Эс бөгөөс захирал хүн өсөлтийн дарамт, өрийн дарамт, урсгал зардлын дарамт гэх мэт циклд нухлагдаж, нэг л мэдэхэд өөрөө морин тэрэгний морь болчихсон явж байдаг. Харин системээ хөгжүүлж чадвал тэр нь таны бизнесийн хөдөлгүүр болно.




