Хүн бүрийн дуу хоолойг сонсож, хамтын үнэ цэнээ эрхэмлэх энэ л соёл Herbalife-ын өнөөдрийн өнгийг тодорхойлж байна. Тэд бүтээгдэхүүн борлуулахын төлөө бус, хүний амьдралыг илүү эрүүл, идэвхтэй, аз жаргалтай болгох зорилго тээн ажилладаг. Уг үнэт зарчим, манлайлал, эрүүл амьдралын боловсрол, ирэх таван жилийн зорилгынх нь талаар Herbalife компанийн Монгол дахь салбарыг удирдаж буй Б.Энхжаргалтай ярилцлаа.
Юуны түрүүнд, Herbalife-тай анх хэрхэн карьераа холбосноос тань ярилцлагаа эхлүүлье?
Америкт магистрын зэргээ, хамгаалаад Монголдоо ирсний дараа хэсэгтээ медиа агентлагт ажилласан. Гэхдээ удалгүй ажлаасаа гарч, чөлөөт орчуулагчаар ажиллаж эхэлсэн. Уул уурхай, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төслүүд дээр орчуулга хийдэг байлаа. Хөрөнгө оруулагчидтай хамт олон улсын уулзалт, хурал зөвлөгөөнөөр явах нь цөөнгүй. Нэг өдөр найзын маань дүү “Танд яг тохирох ажил байна” гээд Herbalife компанийн ажлын ярилцлагад орох санал тавьсан. Нэрийг нь өмнө нь сонсоогүй учраас эхэндээ банк, эсвэл санхүүгийн байгууллага байх гэж төсөөлсөн ч бодсоноос тэс өөр орчин угтсан (инээв).
Компанийн уур амьсгал, хүмүүсийн хандлага, тэр дундаа захирлынх нь харилцааны соёл надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Шалгаруулалтын явцад Москвагаас холбогдож, ярилцлага авна. Дараа нь даалгавар өгч, бүтээлч байдлаар сорьдог. Өмнө нь Монголд ийм нарийн, олон шатны шалгаруулалттай компанитай таарч байгаагүй. Даалгавар нь хүртэл сонирхолтой. Тоглоомын дараагийн түвшин рүү ахиж байгаа мэт мэдрэмж төрж байсан. Ингээд олон сар үргэлжилсэн шалгаруулалтын дараа ажилд тэнцсэн хариу авч байлаа.
Та энэ компанийн 10 гаруй жилийн түүхийг бичилцэж, хамт байсан шүү дээ. Харин захирлын албан тушаалд очсоныхоо дараа компанид ямар өөрчлөлт шинэчлэлүүдийг хийсэн бэ?
Herbalife-д 10 жил ажилласныхаа дараа би захирлын албан тушаалд томилогдсон. Одоо яг нэг жил болж байна. Тиймээс айхтар том өөрчлөлт хийсэн гэж хэлэх хэцүү. Харин олон зүйлийг системтэйгээр цэгцэлсэн. Өмнөх удирдлагын арга барил минийхээс ялгаатай нь мэдээж. Миний хувьд өмнө нь орхигдож байсан хэсгүүд рүү илүү анхаарч ажиллаж байна. Нэг үгээр, цаг, нөөцийн хүрэлцээгүйгээс удааширч байсан зарим ажлыг эрэмбэлж, бизнесийн чухлыг дахин тодорхойлсон. Манай улсын хүн амын тал нь хотод, үлдсэн хэсэг нь 21 аймагт тархсан. Тэгэхээр орон нутагт манай компанийн бизнесийн хөгжил харилцан адилгүй түвшинд байна. Зарим аймагт систем бүрэн төлөвшиж, инерцээрээ урагшилж байгаа. Харин заримд нь суурь тавигдаж, дөнгөж хөгжиж эхэлж байна. Иймээс шинэ суурь тавигдаж буй бүсүүдийг дэмжиж ажиллахад төвлөрч буй. Энэ бодлого богино хугацаанд тодорхой үр дүн өгч эхэлсэн гэж харж байгаа. Харин байгууллагын дотоод бүтцийг өөрчлөхөд харьцангуй амар байсан. Учир нь багийнхаа дунд би удаан хугацаанд хамт ажиллаж ирсэн.
Тантай хийх ярилцлагыг төлөвлөж байхад таны карьерын түүх их баялаг санагдсан. Ялангуяа Herbalife-ын сөрөг ойлголтыг та 75 хувиар бууруулсан юм билээ. Монголын хэрэглэгчидтэй харилцахад хамгийн үр дүнтэй байсан стратеги юу байв?
Мэдээж олон нийтийн ойлголт 10 жилийн өмнө өнөөдрийнхөөс тэс өөр байсан. Сөрөг хандлага, ташаа ойлголт их байлаа. Гэхдээ энэ бүхнийг өөрчлөхөд зөвхөн миний оролцоо байгаагүй. Маркетингийн бүсийн том бүтэц, Евроазийн 12 оронд ажилладаг бүсийн баг бидэнд тусалж зөвлөж байсан. Тэд стратегийн чиглэл, туршлагаа хуваалцаж, үргэлж дэмжсээр байна. Нөгөө талаар, дотоодын олон нийттэй харилцах агентлагууд, зөвлөхүүд, экспертүүд, бие даасан гишүүд тогтвортой ажилласны үр дүнд 75 хувийн эерэг өөрчлөлтөд хүргэсэн юм. Ер нь манай компанийн хамгийн том давуу тал бол бие даасан гишүүдийн (дистрибьютерүүдийн) идэвх. Тэд бол манай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх гол суваг. Гэрээт борлуулагчийн түвшинд компаниа зөв ойлгох, бүтээгдэхүүнээ зөв тайлбарлах, хэрэглэгчдэд мессежээ бодитоор хүргэх чадвартай болсон нь хамгийн том дэвшил. Энэ өөрчлөлт гэнэт бий болоогүй. Бид олон жилийн турш системтэй сургалт, чиглэл өгч, нэг бүрчлэн хөгжүүлж ирсэн. Монголчууд их прагматик хүмүүс. Юмыг өнгөн талаас нь биш, цаад үнэ цэн, бодит агуулгаар нь хардаг. Тиймээс бид хэт сайхан зүйл амлаагүй, хэт гоё суртал ухуулга хийсэнгүй. Харин бүтээгдэхүүнээ, бизнесийн загвараа, “шууд худалдаа” гэж яг юу болохыг бодитоор тайлбарлаж ирсэн.
Herbalife бол зөвхөн бүтээгдэхүүн борлуулдаг компани биш. Хүний амьдралыг илүү эрүүл, илүү идэвхтэй, илүү аз жаргалтай болгох зорилготой шим тэжээлийн компани.
Ер нь яагаад нэг газраа ийм удаан ажилласан юм бэ. Юу нь таныг татав?
Анх ажилд ороход индакшн буюу танилцах сургалтаа Москвад хийж байсан. Тэнд 15, бүр 17 жил ажилласан хүмүүс байсан. Монголд би хамгийн уртдаа таван жил нэг газар ажилласан хүмүүсийг л мэддэг байсан болохоор “Яагаад энд ингэж удаан ажилладаг юм бол?” гэж гайхаж байлаа. Харин одоо би өөрөө тэдний нэг болчихсон байна /инээв/. Ер нь би анх Herbalife-д орохдоо ихдээ л гурван жил ажиллана гэж төлөвлөж байсан. Энэ бодлоо ч ярилцлагын үеэр нуулгүй хэлж байсан (инээв). Өмнө нь ажилласан бүх газартаа хамгийн удаандаа хоёр жил хагас л ажиллаж байсан болохоор надад хэвийн зүйл шиг санагдсан хэрэг. Гэтэл тэр цагаас хойш нэг л мэдэхэд 10 жил өнгөрчхөж. Яагаад үлдсэн бэ гэхээр энэ байгууллагын үнэт зүйл, итгэл үнэмшил нь миний өөрийн бодолтой их таарч байсан. Herbalife бол зөвхөн бүтээгдэхүүн борлуулдаг компани биш. Хүний амьдралыг илүү эрүүл, илүү идэвхтэй, илүү аз жаргалтай болгох зорилготой шим тэжээлийн компани. Энэ санаа үнэ цэнтэй хоршиж байсан болохоор. Тиймээс л би энд өөрийгөө зөв газраа байж, зөв зүйл хийж байна гэж мэдэрдэг.
Herbalife брэндийн бүтээгдэхүүн бүр нарийн хяналт, стандарт, шинжлэх ухааны судалгаанд тулгуурладаг. Түүхий эдийн сонголт, үйлдвэрлэлийн шат, савлагаа, тээвэрлэлтийн процесс гээд бүгд нарийн хянагддаг. Чанарын ард олон мэргэжилтэн, судлаач, хүнсний инженер ажиллаж байдаг. Тийм болохоор энэ компани нийтийн үнэт зүйлийн төлөө гэдэгт би итгэдэг . Мөн Herbalife хүн бүрийн давуу талыг олж харж, хөгжүүлэхийг зорьдог. Энд хэн ч дарга, доод тушаал гэж ялгагддаггүй. Хөндлөн бүтэцтэй, харилцан суралцдаг уур амьсгалтай. Ийм системийн дунд хүн өөрөө өсдөг юм байна.
Хайрцаглагдаагүй гэж үү?
Ер нь энд хайрцаглагдана гэдэг ойлголт бараг байхгүй. Компанийн соёл ч бүхэлдээ нээлттэй. Евроазийн 12 улсын зах зээлд харьяалагддаг болохоор өдөр тутамдаа бусад орны багуудтай хамтран ажилладаг. Заримдаа тэдний оффис дээр бид очиж туршлагаа судална, эргээд тэд Монголд ирж манай ажлын арга барилтай танилцана. Ингэж харилцан суралцах, нөү-хау солилцох соёл хэдийнээ тогтсон. Манай толгой оффис Лос–Анжелест байрладаг. Жил бүр тэнд зохион байгуулагддаг томоохон арга хэмжээний хүрээнд би сургалтад суухын зэрэгцээ арын албанд ажилладаг. Дэлхийн олон орны хүмүүстэй танилцаж, туршлага солилцох ийм боломж байнга нээлттэй байдаг нь энэ ажлын бас нэг онцлог. Хүмүүс “гадаад яваад сайхан байдаг байх” гэж боддог ч байж мэднэ. Гэвч үнэндээ Монголд 9-18 цаг хүртэл ажилладаг шигээ тэнд очоод ч бас л ийм цагийн хуваариар ажиллана. Гол нь шинэ орчин, шинэ багийн дунд асуудлыг өөр өнцгөөс харж, суралцдагт оршдог. Ингэж тасралтгүй суралцах, нээлттэй орчинтой учраас уйдах, нэг хэвд баригдана гэж барагтай байдаггүй.
Тэгвэл ажил, амьдралын тэнцвэрийг хэрхэн хадгалж байна вэ?
Миний хувьд өдөр бүрийн хэмнэлээ аль болох тогтвортой байлгахыг хичээдэг. Өглөө бүр Herbalife-ын алоэ, уургийн коктейль болон цайгаа ууж өдрийг эхлүүлнэ. Харин өдрийн хоолны дараа өөрийн компанийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдээс тухайн үед илүү хэрэгтэйгээ уудаг. Яг одоо бол Phyto complete ууж байна. Харин цагийн зөрүүтэй газруудуу, эсвэл аймгуудруу ажлаар явахдаа дархлаа дэмжигч, Lift Off зэрэг бүтээгдэхүүн байнга авч явдаг. Энэ хоёр бүтээгдэхүүн маань ачаалалт ихтэй, уртасгасан цагаар ажиллаж байх үед ажиллах эрчээ алдахгүй, бүтээмж сайтай байхад түлхэц болдог. Мөн энгийн зуршлуудаар дамжуулан тогтмол хөдөлгөөнтэй байхын тулд ажил гэрийн хооронд алхах, амралтын өдрөөр агаар салхинд гарах гэх мэт байнга идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг. Энэ бүх дадал зуршил эрүүл, тэнцвэртэй амьдралын үндэс болж байгаа гэж боддог.
Мөн гэртээ ирээд ажлынхаа утасны дууг хаачихдаг. Хэрвээ үнэхээр онцгой, яаралтай зүйл гарвал хүний нөөц дээр миний яаралтай холбоо барих дугаар байдаг. Тэр утас л үргэлж нээлттэй байдаг. Тиймээс ажлынхаа утсыг орой ч, амралтын өдрүүдээр ч хааж амардаг. Энэ бол зарим хүний хувьд энгийн зүйл биш байж болох ч надад бол их чухал зуршил. Хүүхэдтэй болсны дараа тэр өөрчлөлт илүү тод болсон. Хүүхэд унтаж байхад утас дуугараад сэрээчихвэл хэцүү шүү дээ. Тэгэхээр өөрийн эрхгүй тэр дууг хаах зуршилтай болчихдог юм билээ. Мэдээж миний ажил яг найман цагт багтдаггүй. Евроазийн бүсийн бусад улс оронтой зэрэгцэн ажилладаг болохоор орой болгон уулзалт, онлайн хурлууд орж ирдэг. Гэхдээ тэрийгээ зохицуулаад дууссан л бол миний ажил дууссан гэж үздэг. Үүнээс цааш бол хувийн орон зай, гэр бүл, өөрийгөө сэргээх цаг. Ер нь би удирдлагын хувьд хэт хяналт тавьдаг, юм болгонд оролцдог хүмүүсийг ойлгодоггүй. Зарим хүн бүх зүйл дээр өөрийн бодлыг тулгадаг, эсвэл бүхнийг хянах гэж оролддог. Тэр нь нэг талаараа багийн урам зоригийг мохоодог. Миний хувьд бол хэн юу хариуцаж байгаа, хэн юунд мэргэжлийн түвшинд байна, тэр хүндээ итгэх нь хамгийн зөв арга гэж боддог.
Ажил хэрэг, бизнесийн талбарт танд хамгийн их нөлөөлсөн зөвлөгөө, эсвэл амьдралын туршлага юу вэ?
Би олон компани, янз бүрийн салбарт, гадаад, дотоодод ажиллаж ирсэн. Тэр бүрд өөр өөр удирдагч, өөр өөр хүмүүс, багуудтай хамтран ажиллах боломж гарч байсан. Нэг газраас нь эмх цэгцтэй байдлыг сурсан, нөгөө газраас нь хүмүүст итгэж хариуцлага үүрүүлэхийг сурсан гэх мэтээр хүн бүрээс, байгууллага бүрээс нэг нэг зүйлийг авсаар ирсэн. Тэр дундаа, хамтран ажиллаж байсан олон хүн маань миний хувьд нэг ёсны ментор байсан гэж боддог. Зарим нь бүр өөрөө ч мэдэлгүй надтай хуваалцаж, надад сургамж үлдээдэг байсан. Ер нь хүн болгон өөрийн гэсэн онцлог чанар, давуу талтай. Түүнийг нь олж харж, өөрт хэрэгтэйг шингээж чаддаг байх хэрэгтэй. Өдөр бүр л өчигдрөөсөө арай дээр байх гэж хичээдэг.
Олон мянган бие даасан гишүүнтэй дэлхийн том сүлжээнд ёс зүйн нэгдэл хадгалах хэцүү байх. Ер нь үүнийг яаж шийддэг вэ?
Манай компанид ёс зүйн систем маш сайн хөгжсөн. Herbalife-ын хамгийн том давуу талын нэг нь Business Ethics and Compliance буюу бизнесийн ёс зүйн алба. Энэ нь дэлхийн бүх улс оронд байдаг тусгай бүтэцтэй нэгж. Учир нь компани дэлхий даяар хэдэн сая бие даасан гишүүнтэй, өөрөөр хэлбэл, дистрибьютерүүдтэй. Олон янзын соёлтой улс орнуудаас янз бүрийн хүн нэгдэж байгаа болохоор бүгдийг нэг ижил үнэт зүйл, нэг стандартад нийцсэн бизнесрүү чиглүүлнэгэдэг хэцүү. Тэр үүргийг энэ алба хариуцдаг. Ёс зүйн алба нь бизнесийг эрүүл орчинд, шударга зарчмаар авч явах үндсэн дүрэмтэй. Энэ дүрэм бүх хүнд тэгш үйлчилдэг. Herbalife-тай 10 жилийн өмнө гэрээ байгуулсан гишүүн ч бай, өчигдөр шинээр гэрээ байгуулсан гишүүн ч бай ялгаагүй нэг стандарт мөрдөнө. Хүн бүрд ижил боломж, ижил сургалт, ижил мэдээлэл өгдөг. Энэ тогтолцоо нь бизнесийг цэгцтэй байлгахаас гадна бүх хүнд шударга хандах орчныг бүрдүүлж байгаа юм. Үүнийг л манай компанийн соёлын хамгийн үнэ цэнтэй хэсэг гэж боддог.
Herbalife-тай 10 жилийн өмнө гэрээ байгуулсан гишүүн ч бай, өчигдөр шинээр элссэн гишүүн ч бай нэг стандарт мөрдөнө. Энэ тогтолцоо нь бизнесийг цэгцтэй байлгахаас гадна бүх хүнд шударга хандах орчныг бүрдүүлж буй юм.
Ер нь хүмүүс Herbalife-ын бүх бүтээгдэхүүн нэг жороор үйлдвэрлэдэг гэж ойлгодог юм билээ. Гэтэл үнэндээ тухайн орны стандарт, хүн амын биеийн онцлог, уур амьсгалд тааруулж үйлдвэрлэдэг гэсэн. Энэ талаар тодруулбал?
Herbalife-ын бүтээгдэхүүнүүд нэг л жороор дэлхий даяар үйлдвэрлэгддэг гэж хүмүүс ойлгодог. Гэхдээ үнэндээ тийм биш. Бүтээгдэхүүн бүр тухайн улс, бүс нутгийн хүн амын эрүүл мэндийн шаардлагад тааруулж үйлдвэрлэдэг. Улс бүрийн эрүүл мэндийн байгууллага, хүнсний стандартын газрууд бүтээгдэхүүнд агуулагдах амин дэм, эрдэс бодисын хэмжээг тодорхой зааж өгдөг. Жишээлбэл, “Энэ витаминаас ийм хэмжээтэй орсон байх ёстой”, “Энэ эрдэс бодисын доод хэмжээ тэдэн хувь, дээд хэмжээ нь төдөн грамм” гэх мэт нарийн заавар, хязгаар бий. Тус шаардлагуудыг мөрдөж байж тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Нэг үгээр, Бразилд зарагдаж байгаа Формула 1 уургийн коктейлийн найрлага Монголд борлуулагдаж буйгаас бага зэрэг өөр байдаг. Энэ ялгаа нь чанартай холбоотой биш, харин тухайн орны хүн амын биеийн онцлог, цаг уур, хоол тэжээлийн хэрэглээнд тохируулах зорилготой. Жишээлбэл нарны туяа багатай орны хүмүүс Д витамин хангалттай авах боломжгүй байдаг. Тийм болохоор тэнд борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнд Д витамины агууламж илүү өндөр байдаг. Харин нарлаг орнуудад тийм шаардлага байхгүй гэх мэт. Herbalife үүний ижлээр бүс нутаг бүрийн стандарт, эрүүл мэндийн нөхцөлд нийцүүлж үйлдвэрлэлээ явуулдаг нь компанийн чанарын гол баталгаа. Тиймдээ ч дэлхийн хаана ч хэрэглэгчдэдээ яг тохирсон, аюулгүй бүтээгдэхүүн хүргэж чаддаг.
Herbalife спортын томоохон клуб, тамирчдыг дэлхий даяар ивээн тэтгэдэг. Монголд спортын чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлж байгаа юу?
Дэлхий дахинд Кристиано Роналдог Herbalife-ын шим тэжээлийн хамтрагч гэдгээр нь бүх хүн мэддэг. Харин бид монголынхоо хөлбөмбөгийн багтай дөрвөн жилийн турш хамтран ажиллаж байсан. Яг одоо бол Дархан Юнайтед сагсан бөмбөгийн багийн ерөнхий ивээн тэтгэгчээр хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байна. Манай зорилго бол аль хэдийнээ нэр хүндтэй болсон, топ багууд гэхээс илүүтэй дөнгөж өсч буй, ирээдүйтэй, хөгжих боломжтой багуудыг дэмжиж, хамтдаа амжилтад хүрэхийг зорьж буй.
Дархан Юнайтед бол лигт дөнгөж орж ирж байгаа баг. Тиймээс бид тус баг хамт олонтой хамт хөгжихийг илүүд үзсэн. Эмч, дасгалжуулагч нартай нь хамтран ажиллаж, тамирчдад хэрэгтэй амин дэм, эрдэс бодисоор хангаж байна. Манай бүтээгдэхүүн тамирчдын биеийн үзүүлэлтийг сайжруулж, тэсвэр хатуужил, сэргэх хугацаанд нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь сайшаалтай. Багийн үзүүлэлт сайжраад, амжилт нь өсөж, лигийн дараагийн шатанд гарч ирэхийг харах нь бидний хувьд хамгийн чухал урам зориг болдог. Дархан Юнайтед баг маань өнгөрсөн улиралд лигтээ амжилттай тоглосон, одоо шинэ улиралд илүү амжилттай оролцохоор бэлтгэж байна. Тэдэнтэй аль болох урт хугацаанд хамтран ажиллаж, лигийн аварга болохыг нь харахыг хүсэж байна.
Тэгвэл Herbalife-ын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал ямар стандартын дагуу баталгааждаг вэ?
Бүтээгдэхүүний чанарын тухайд бид бардам байдаг. Шошго дээр юу гэж бичсэн байна, доторх найрлага яг тэр хэмжээгээрээ байдаг. Та лабораторид шинжлүүлсэн ч ялгаагүй ижил үр дүн гарна. Энэ бол бидний үндсэн зарчим. Харин нийгмийн түвшинд харвал эрүүл хооллолт, жингийн асуудал улам хурцдаж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар Монголын насанд хүрэгчдийн 46 хувь, хүүхдүүдийн 40 гаруй хувь нь илүүдэл жинтэй байна. Тиймээс бид яг энэ чиглэлд хамгийн их анхаарч ажилладаг. Монгол даяар манай 800 гаруй “Эрүүл амьдралын хэв маягийн клуб” ажиллаж байна. Эдгээрийг манай бие даасан гишүүд удирддаг. Тэд зөв хооллолтын хувийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд манай компанийн хамгийн гол хүч юм. Нөгөө талаар, энэ нь нийгэмд үзүүлж байгаа бидний хамгийн том хөрөнгө оруулалт. Бие даасан гишүүдэд ордог сургалтаар зөвхөн бүтээгдэхүүний тухай биш шим тэжээлийн үндсэн ойлголтуудыг шат дараатайгаар заадаг. Судалгаа болон сургалтуудыг манай эрдэмтдийн баг, олон улсын зөвлөхүүд, хүний их эмч нар удирддаг. Хамгийн гол нь бид энэ сургалтуудаар дамжуулж хүмүүсийн мэдлэг, шим тэжээлийн боловсролд суурь өөрчлөлт хийхийг зорьж байна шүү дээ. Энэ бол урт хугацаандаа нийгмийн эрүүл мэндэд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж би боддог. Сүүлийн жилүүдэд залуусын дунд эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнд анхаарах хандлага нэмэгдэж байгаа нь маш сайхан өөрчлөлт. Энэ нь бидний ажлын чиглэлтэй уялдаж, илүү олон хүнд хүрэх итгэл өгдөг. Орон нутагт хийхээр төлөвлөсөн ажлууд маань одоо эхэлж байгаа. Мэдээж энэ бүхэн ганц өдөр, ганц сарын дотор үр дүнгээ өгөх ажил биш. Цаг хугацаа, тууштай байдал шаарддаг урт хугацааны үйл явц.
Ирэх таван жилд та Herbalife-ыг Монголд хаана хүргэнэ гэж төсөөлж байна?
Herbalife компанийн үүсгэн байгуулагч Марк Хьюз (Mark R. Hughes) анх 1980 онд “айл бүрийн ширээн дээр нэг шим тэжээлийн бүтээгдэхүүн байлгах” гэсэн алсын хараатайгаар энэ бизнесийг эхлүүлсэн. Тухайд үед үйлдвэржилт эрчээ авч, боловсруулсан хүнс зах зээлийг дүүргэж эхэлсэн он жилүүд. Түргэн хоол, TV dinner буюу зурагтынхаа өмнө идэж болохуйц хоол хүнсэнд татагдаж эхэлсэн үе. Тэрхүү өөрчлөлтийг Марк Хьюз цаг тухайд нь анзаарсан юм билээ. Тэгээд л анхны Формула 1 уургийн коктейлийн анхны хувилбарыг гаргасан. Тэр цагаас хойш 45 жилийн хугацаанд бүтээгдэхүүн улам боловсронгуй болж, илүү чанартай, илүү үр дүнтэй болсоор ирснийг хүн бүр мэдэх байх. Бидний хувьд ирэх таван жилийн дотор айл бүрийн ширээн дээр Herbalife-ын нэг бүтээгдэхүүн байх болно гэдэгт итгэлтэй байна. Энэ зорилго руугаа ч алхам алхмаар дөхөж байна. Өнөөдрийн байдлаар 3.5 сая хүн амтай улсад 800 гаруй эрүүл амьдралын клуб ажиллаж байгаа нь өөрөө том амжилт. Хүмүүс чинь мэдлэг, мэдээлэлд үнэхээр “цангасан” байдаг шүү дээ. Тиймээс бид энэ клубуудыг олон болгож, зөв хооллолт, зөв амьдралын хэмнэлийг аль болох олон хүнд хүргэхийг зорьж байна.
Манлайлал гэдэг нь “Би удирдаж байна” гэхээс илүү “Бид хамтдаа урагшилж байна” гэсэн хандлага юм.
Энэ хугацаанд Herbalife-д ямар менежментийн зарчим хамгийн үр дүнтэй ажиллана гэж та хардаг вэ?
Одоо Herbalife-д хэрэгжүүлж буй миний хамгийн гол зарчим бол нээлттэй, “хөндлөн” удирдлага. Миний мэдэж буйг бусад хүн мэдэж байх, тэдний мэдэж буйг би суралцах зэрэг процессоос хамгийн оновчтой шийдвэр гардаг гэж боддог. Нэг хүний толгойноос илүү олон хүний санал илүү сийрэг, илүү бүтээлч байдаг. Тийм болохоор манай багийн дотор мэдээллээ нээлттэй хуваалцах, санал зөрөхөөс зүрхшээхгүй байх соёл хэдийнээ тогтсон. Санал зөрж байна гэдэг чинь хэн нэгний алдаа биш, харин тэр хүн өөр өнцөг, өөр мэдээлэл харж байна гэсэн үг. Тэр л харилцан суралцах боломж. Миний хувьд энэ албан тушаал дээрээ удаан суухгүй. Энэ бол хөгжлийн шат дамжлага. Манайд нэг сонирхолтой зарчим бий. Хэрвээ чи Ерөнхий захирал бол гүйцэтгэлийн үнэлгээний цикл дээр өөрийгөө орлох хүнийг бэлтгэж эхэлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, халаагаа заавал бэлддэг. Энэ нь багийнхаа дотроос ирээдүйн удирдагчдыг бэлтгэх, хүмүүсээ хөгжүүлэх эрүүл системийн илрэл.
Манай байгууллагад ингэж дараагийн шат руугаа шилжсэн хүмүүс олон. Москвад ажиллаж байгаад Лос Анжелес дахь төв оффист ажилладаг болсон хүн ч бий. Лондон руу, эсвэл Мексикээс Польш руу шилжсэн хүмүүс ч байдаг. Эндээс Herbalife бол хүнээ дэмжиж, хөгжүүлдэг байгууллага гэдгийг харж болно. Тиймээс “Би энэ суудалдаа мөнх сууна” гэсэн бодол энд огт тохирохгүй. Харин “Дараагийн хүн энэ ажлыг надаас илүү сайн хийгээсэй” гэж бодох ёстой.
Бизнес удирдахад хамгийн чухал гэж боддог зүйл бол хүний чадварыг зөв үнэлэх, хөгжүүлэх. Манайд ажиллаж байгаа хүн бүр өөрийн гэсэн авьяас, чадвартай. Түүнийг олж харж, зөв байр сууринд нь тавьж, дараагийн шат руу өсгөх нь удирдлагын үүрэг. Ингэж урамшсан хүн илүү бүтээмжтэй, илүү сэтгэлтэй ажилладаг. Энэ бол америк компаниудын нийтлэг соёл. Би өмнө нь Америкт ажиллаж байхдаа яг ийм арга барилыг харж, туршиж үзсэн. Ерөнхий менежер амралтаа авахаар явахад орлох хүн нь бүх зүйлийг тасралтгүй авч явдаг. Итгэлцэл, хариуцлага хоёрыг ингэж л бий болгодог. Манайх яг энэ системээр явж байна. Нэг үгээр, бүтээмжид тулгуурласан, харилцан суралцдаг, нээлттэй соёлтой компани.
Таны хувьд сайн удирдагч гэж хэнийг хэлэх вэ?
Компанийн манлайлал гэж юу вэ гэхээр “Шийдвэр гаргахдаа хатуу, эсвэл зөөлөн байна уу?” гэдэгтээ биш гэж би боддог. Харин илүү томоор харвал бид олон талт орчинд ажиллаж байгаа. Манай байгууллагын хувьд олон талын оролцогчид бий. Арын албаны үндсэн ажилтнууд, бие даасан гишүүд буюу борлуулалтын багууд, хамтран ажилладаг медиа агентлаг, туслан гүйцэтгэгч компаниуд, хувьцаа эзэмшигчид, дээр нь хэрэглэгчид гээд бүгд л энэ бизнесийн нэг хэсэг. Гол нь бид эв эеийг хадгалж, хамтын уялдаа холбоог зөв удирдах хэрэгтэй. Тэгэхээр удирдлагын хувьд миний хамгийн гол зарчим бол бүх хүнтэй тэгш харилцах явдал юм.
Хүн ямар албан тушаалтай, ямар гаралтай, хэдэн настай байх нь хамаагүй би бүгдтэй нь нэг түвшинд харилцдаг. Яагаад гэвэл хүн бүрийн дотор өөрийн гэсэн авьяас, боломж, үнэ цэн байдаг. Түүнийг олж харах нь удирдагчийн үүрэг. Тэгэхээр миний ойлголтоор манлайлал гэдэг бол “Би удирдаж байна” гэхээс илүү “Бид хамтдаа урагшилж байна” гэсэн хандлага юм.
Монголын залуусыг харахад танд хамгийн их итгэл төрүүлдэг зүйл юу вэ. Ямар зөвлөгөө өгөхийг хүсдэг вэ?
Би өөрийгөө залуучуудад зөвлөгөө өгөөд байхаар өндөрлөгт оччихсон гэж боддоггүй. Карьераар ч, насаар ч тийм түвшинд хараахан хүрээгүй байна (инээв). Харин хэн нэгэн “Та энэ талаар юу гэж бодож байна? Та яах байсан бэ?” гэж асуувал бодлоо хуваалцдаг. Асуугаагүй бол би өөрөө очоод “Чи ингэж хий, тэгж хийгээрэй” гэж хэлэх нь зохисгүй шүү дээ. Залуучуудыг ажиглаж суухад үнэхээр их урам авдаг. Манай оффисын 40 орчим хувь нь шинэ үеийнхэн. Тэд өөрийгөө таньж мэдэх гэж хичээж байна. “Би хэн юм, би юу хүсэж байна, надад юу чухал, миний үнэт зүйл юу вэ?” гэх асуултуудад цаг зарцуулж, ухамсартайгаар ажиллаж байна. Энэ бүхнийг харахад үнэхээр бахархам. Өмнөх үеийнхэн бол ихэвчлэн “Энэ хүн ингэж хэлсэн, тэгэхээр зөв юм байна” гэж дагадаг байсан. Харин одоогийн залуус тийм биш. Тэд бүх мэдээлэлд өөрийн гэсэн шүүлтүүртэй ханддаг болсон байна. Энэ чадвар бол өнөө үеийн хамгийн том давуу тал. Мэдээлэл хаа сайгүй байгаа ч, шүүлтүүртэй, ухамсартай хандаж чадна гэдэг бол боловсролын шинэ хэлбэр.












