“Могул Сервис” компани Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001 болон Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO27001 стандартуудын шаардлагыг бүрэн хангаж, Монгол болон олон улсын баталгаажуулалтын хос гэрчилгээгээ гардан авлаа. ISO9001 ба ISO27001 нь дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг, байгууллагын итгэлцэл, чанар, мэдээллийн аюулгүй байдлын үндэс болдог хоёр гол стандарт билээ.
Ингэснээр “Могул Сервис” компани хоёр гол стандартыг нэгдсэн байдлаар амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээгээ авсан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын цөөн компаниудын нэг болж байна. Үүний үр дүнд “Могул Сервис” компанийн харилцагчид Олон улсын стандартад нийцсэн чанартай, найдвартай, аюулгүй бүтээгдэхүүн үйлчилгээг авдаг болох юм.
2013 онд байгуулагдсан цагаасаа эхлэн үүлэн технологид суурилсан мэргэжлийн урьтач үйлчилгээг тасралтгүй хүргэж ирсэн “Могул Сервис” компанийн үндсэн хэсгийг бүрдүүлдэг инженер, техникийн ажилтнууд нь Microsoft, Google, Dell, HPE, Canon зэрэг дэлхийн тэргүүлэх байгууллагуудын сертификаттай, мэргэшсэн боловсон хүчин бөгөөд дэлхийн жишигт нийцсэн мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээг үзүүлдэг байна.
ISO буюу Олон Улсын Стандарчлалын байгууллага нь 1947 онд Швейцарь улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн 170 гаруй орны гишүүнчлэлээс бүрдсэн, стандарт боловсруулагч, түгээгч дэлхийн хамгийн том байгууллага юм. ISO стандартчиллын байгууллагаас гаргасан нийт 20.000 гаруй стандартаас хэрэгжилтээрээ тэргүүлдэг ТОП 10 стандартын 1-т ISO 9001 стандарт зүй ёсоор ордог нь энэ стандартын ач холбогдлыг илтгэдэг байна.
ISO9001 нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн удирдах, тасралтгүй сайжруулахад чиглэсэн чанарын удирдлагын тогтолцоо бол ISO27001 нь байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалах цогц системийг бий болгодог стандарт юм.
Энэхүү хоёр гол стандартыг нэгэн зэрэг нэвтрүүлснээр Могул Сервис компани бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг тогтвортой хадгалах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдал дотоод гадаад халдлагаас урьдчилан сэргийлэх, мөн байгууллагын нэр хүнд, итгэлцэл, санхүүгийн тогтвортой байдал, бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах бүрэн боломжтой болж байна. Энэ нь компанийн өрсөлдөх чадвар, хууль дүрэмд нийцсэн ажиллагаа, харилцагчид найдвартай үйлчилгээ үзүүлэх үндэс суурь болох юм.
Ийнхүү “Могул Сервис” ХХК нь чанарын удирдлага болон мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг нэгэн зэрэг нэвтрүүлснээр, үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэж, мэдээллийн технологийн салбарт дэлхийн компани болох алсын хараандаа нэг алхам ойртож чаджээ.




