Хятадын төр олон арван жил “нэг айл – нэг хүүхэд” гэсэн хатуу бодлого хэрэгжүүлсэн. Харин өнөөдөр төрийн уриа үүний эсрэг чиглэж “Олон хүүхэд – сайны ерөөл” гэх мэтээр сурталчилж байна. Учир нь улс орны хүн ам зүйн ирээдүйн бүтцэд ноцтой дарамт үүсэж, төрөлт түүхэн доод түвшинд унаад байна.
Төв Хятадын Хубэй мужийн Тяньмэнь хот энэ бодлогын туршилтын талбар болжээ. Хотын төрийн байгууллагууд хоёр дахь хүүхдээ төрүүлсэн хосуудад 287000 юанийн (40300 ам.доллар) тэтгэмж, гурав дахь хүүхдээ өлгийдсөн айлд 355 000 юанийг орон сууцны татаас хэлбэрээр олгож байгаа нь нэг хүний нэг жилийн дундаж орлого нь 4000 юаниас давдаггүй тус хотын хувьд асар өндөр дүн. Түүнчлэн гэр бүл болж бүртгүүлсэн хосуудад хүртэл мөнгөн урамшуулал олгож, төрсний дараах тэтгэмж, хүүхэд асрамжийн сар бүрийн дэмжлэгийг нэмэгдүүлсэн.
Энэ арга хэмжээ нь Хятадад төдийлөн түгээмэл бус, төрийн халамж нь залхуурлыг өөгшүүлдэг хэмээн үздэг улс оронд нэн онцгой алхам юм. Гэсэн ч ийм өгөөмөр бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь төрийн айдсыг илтгэнэ. 2016 онд нэг хүүхдийн бодлогыг цуцлахдаа төр төрөлт өсөхийг хүлээсэн бол өнөөдөр Хятадад төрөлтийн түвшин нэг эмэгтэйд нэг хүүхэд болж урууджээ. НҮБ-ын тооцоогоор, хэрэв энэ чиг хандлага үргэлжилбэл Хятадын хүн ам 2100 он гэхэд 50 хувиар буурах аж. Мэдээж энэ нь “агуу гүрэн” болох амбицад нь хүнд цохилт болно.
Тяньмэний туршилт эхний жилдээ тодорхой үр дүнд хүрсэн. 2024 онд хотын нярайн тоо 17% өссөн нь сүүлийн найман жилд анх удаа нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нийт Хятадын 6 хувийн өсөлттэй харьцуулахад чамлахааргүй.
Гэхдээ зарим судлаач тэтгэмжийн бодлого урт хугацаанд үр дүнгээ өгөхгүй гэж үзэж байна. Учир нь 2027 оны тавдугаар сараас өмнө төрөх хүүхдүүдэд хамаатай энэхүү тэтгэмжийг авахын тулд Тяньмэн рүү шилжиж буй айлууд цөөнгүй. Түүнээс гадна, өөр нэгэн чухал үзүүлэлт болох гэрлэлтийн тоо Тяньмэнд өсөөгүй, харин ч буурсан хэвээр.
Гол асуудал өөр зүйлд бий. Хятадад нэг хүүхдийг боловсролтой болгох зардал хэт өндөр, ДНБ-тэй харьцуулбал боловсролын зардал Америкийнхаас 50% өндөр байдаг аж. Дээр нь хүүхдээ аймшигтай гэж болохуйц өрсөлдөөнтэй шалгалтын тогтолцоонд бэлдэх ачаалал гэр бүлийн бүх гишүүний цаг, хүчийг сордог. Иймээс тэтгэмж өглөө гээд айлууд олон хүүхэдтэй болох сэдлийг төрүүлэхэд хангалтгүй.
Түүнээс гадна эмэгтэйчүүдийн ажил мэргэжлийн эрсдэл бодитой. Амралт авахад карьер тасалдах, ажлаас халах эрсдэл өндөр хэвээр байгаа нь эмэгтэйчүүдийн төрөх шийдвэрийг боодог хүчин зүйл юм.
Төрөлтийн асуудалд төр илүү идэвхтэй оролцохын хэрээр зарим арга нь ёс зүйн маргаан дагуулж эхэлжээ. Жишээ нь, зарим хотод шинээр гэрлэсэн эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн хяналт шууд хийх, хүүхэд төрүүлэх төлөвлөгөөг утсаар асууж лавлаж байна. Зарим нь илүү олон эмэгтэй рүү залгахын тулд хиймэл оюун бүхий робот дуудлага ашиглаж эхэлсэн нь хэтэрхий эвгүй, бүр эсрэг үр дагавартай гэж шүүмжлүүлж байна.
Эцэст нь, Хятадын өнөөгийн сорилт нэг зүйлийг тод харуулж байна. Төр хязгаарлах, хориглох бодлогоор хүчтэй байж чаддаг ч, харин хүмүүсийг ямар нэг зүйлд нь зоригжуулж, олон хүүхэдтэй болгоход хүчин мөхөстөж байна. Төрөөс өгсөн мөнгө “хүүхэд хийх дур хүслийг” худалдан авч чадахгүй бололтой.
Эх сурвалж: The Economist




