Монголын ард түмний язгуур эрх ашиг, туйлын зорилгыг Үндсэн хуулийн оршил хэсэгт: “Монголын ард түмэн бид:
-Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж
-Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.” гэсэн байдаг.
Тиймээс ч Монгол Улсын Үндсэн хууль бол “Ард түмний өмч, нийгмийн зөвшилцлийн дээд гэрээ” мөн. Энэхүү гэрээний хэрэгжих хугацаа нь нийгмийн хөгжлийн хурднаас хамаарч өөрчлөгддөг. Тиймээс нийгмийн хэвшлийн үе шат солигдоход төр ба ард түмэн шинэ гэрээ байгуулах учиртай аж. Ингэснээр шинэчилсэн Үндсэн хууль нь нийгмийг хөгжлийн дараагийн шатанд гаргахад гол хувь нэмэр оруулдаг.
Ард түмэн нэгдэж нэгэн зорилгын төлөө өөрчлөлт хийж, Монгол улс ардчилсан нийгэмд шилжээд өдгөө 30 жилийг ардаа үдлээ. Ардчилсан тогтолцооны эрх мэдлийн тулгуур нь ард иргэд байдаг. Гагцхүү зөвшилцөх замаар ард түмэн Үндсэн хуулийг бүтээлцэхэд оролцдог билээ. Үндсэн хууль гэдэг гэнэт бий болчихдоггүй. Монголчууд төрт ёсны сэтгэлгээний хоёр мянга гаруй жилийн түүхэндээ “Гол мөрөн ширүүн боловч эргээ дагаж урсдаг, улс амьтан олон боловч хуулиа дагаж амьдардаг” гэх ардын үгийг ухааран ойлгож “үеийн үедээ, цуснаас цусанд” өвлүүлсээр ирснийг Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн илтгэлдээ дурдсан билээ.
Ямар ч өө сэвгүй хууль гэж байхгүй. Учир нь нийгэм үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг тул цаг нь болоход хуулиа шинэчлэх хэрэгтэй болдог. Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг залах ёслолд зориулан Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан хэлсэн үгэндээ “Та бид оносон аваас үр ач нар маань баярлан талархаж, алдсан аваас залруулах эрх тэдэнд маань үлдэх билээ” гэж захиж байв. Ийм ч учраас Үндсэн хуулийг 1921 онд баталснаас хойш одоог хүртэл цаг үеийн хөгжилтэй уялдуулж дөрвөн удаа өөрчилж шинэчилсэн юм.
Ийнхүү 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Ингэхдээ бүгдээрээ хэлэлцвэл буруугүй зарчмын дагуу иргэдийн санаа бодлыг сонсох уламжлалт болон орчин үеийн аргыг хослуулан хэрэглэсэн билээ. Жишээлбэл, 2017 оны дөрөвдүгээр сард зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан. Мөн санамсаргүй түүврийн аргаар сонгосон 700 гаруй иргэнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах сэдвүүдийн хүрээнд эерэг, сөрөг талын үндэслэлүүдийг танилцуулсны үндсэн дээр тэднээс санал авсан.
Эдгээр санал асуулгын үр дүнд үндэслэж, эрдэмтэд судлаачид зөвшилцсөнөөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулж 2017 онд иргэдийн саналыг дахин авав. Энэ үеэр 330 орчим мянган иргэний саналыг цаасаар, цахимаар болон яриулж авсан баримт бий. Мөн УИХ-ын гишүүд тойргууддаа очиж төслийн үзэл баримтлалыг иргэдэд танилцуулсан бөгөөд энэ үеэр 30 шахам мянган санал цугларсныг харгалзан үзсэн байдаг.
Энэ бүхний үр дүнд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд олон сайн тал бий. Тухайлбал, давхар дээлийг хязгаарлан (39.4), Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байх, Засгийн газрыг эмхлэн байгуулах журмыг тодорхой болгох зэрэг олон зүйл, заалт бий. Харин энэ бүхнээс иргэдтэй холбогдох хуулийн заалтуудыг онцолъё.
Байгалийн баялгийн тухай иргэдийн мэдэх эрхийн талаар
Үндсэн хуулийн 6 дугаар зүйлээр “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж нэмж оруулсан. Ингэснээр иргэд байгалийн баялгийн олборлолт байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг урьдынхаасаа илүү мэдэх боломжтой юм. IRIM судалгааны хүрээлэн, Олон улсын санхүүгийн корпорацийн хамтарч 2016 онд хийсэн усны тухай судалгаагаар Өмнөговь аймгийн иргэдийн 92 хувь нь усны тухай мэдээлэл авахыг хүсдэг ч 78 хувь нь мэдээлэлгүй байдаг аж. Хэрэв байгаль орчиндоо юу болж байгааг мэдэхгүй бол байгалиа хамгаалах, хайрлах боломжгүй юм.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Тодруулбал, Үндсэн хуулийн 5.2, 5.4, 16.4 зэрэгт нийтийн болон хувийн өмч, өмчлөгчийн эрх, аж ахуйн бүх хэвшил, хувийн аж ахуй эрхлэх эрх зэрэг зарчмыг хүлээн зөвшөөрч хамгаалсан. Тиймээс, эдгээр зарчимд нийцүүлэн “үр өгөөжийн дийлэнх” болон “ард түмэн” гэж юу вэ гэдгийг УИХ хуулиар тогтоох ёстой. Байгалийн баялгийн өмчлөл, байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого мөн түүнтэй холбоотойгоор иргэний үндсэн эрхийг хангаж, хамгаалахад чиглэсэн “мэдэх эрх”,баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээх зарчмыг Үндсэн хуульд суулгасан. Эцэст нь мэдэх эрхийг нь хэрэгжүүлэхийн тулд иргэдэд ил тод, нээлттэй мэдээллийг байнга хүргэж байх, иргэд ч мөн адил тэрхүү мэдээллүүдийг шаардаж байх хэрэгтэй юм.
Шүүхийн талаар
Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болохоор шинээр заасан. Жишээлбэл, хэд хэдэн дүүргийг хамруулсан шүүхийг байгуулж болно. Ингэснээр шүүхийн ачааллыг багасгах, улмаар иргэний шударгаар шүүлгэх эрхийг илүү сайн хангахад дөхөм болох юм. 2018 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн судалгаагаар нэг шүүгч жилд 230 өдөр ажиллана гэж үзвэл 93 өдөр илүү ажиллаж байсан тоо бий.
Тиймээс шударга шүүхийн тогтолцоо нь нийгмийн хөгжлийн чухал нэгэн тулгуур юм. Загасчдын буурай тосгоноос Азийн бар болсон Сингапурын Засгийн газрын туршлага бий. Тэд гаднын хөрөнгө оруулалтыг татаж, хөгжлийнхөө замыг нээхдээ эхлээд нөлөөнд автдаггүй, шударга шүүхийн системийг бүтээж гадаадын хөрөнгө оруулалт, түүний эздийн эрх ашиг сонирхлыг шударгаар хамгаалж чадсан нь өнөөгийн үр дүнг авчирсан гэдэг.
Сонгуулийн талаар
Өнгөрсөн 27 жилд УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуулийг шинэчлэн баталж сонгуульд ялах явцуу сонирхлоор хандаж ирсэн нь сөрөг хүчин, бусад нам, шинээр улс төрд орж байгаа хүмүүст шударга бус, тэгш бус байдлыг үүсгэдэг. Тэр бүү хэл 2016 онд УИХ-ын сонгууль болохоос хоёр сарын өмнө сонгуулийн хуулийг орвонгоор нь өөрчилсөн тохиолдол ч гарч байв.
Үндсэн хуульд оруулсан сүүлийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит сонгууль явуулахаас нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон. Ингэснээр урьдчилж тогтсон дүрмийн дагуу шударга сонгууль явуулах нөхцөл бүрдэнэ. Тиймээс сонгуулийн хууль эрх барьж буй намынхны ашиг сонирхолд нийцэж өөрчлөгдөх боломж нь хязгаарлагдсан тул сонгуулийг илүү шударгаар явуулах боломж бүрдэнэ. Энэ нь иргэд бид сонгуульдаа идэвхтэй оролцож өөрсдийнхөө ирээдүйг хариуцлагатайгаар бүтээх сэдлийг бий болгох юм.
Мөн Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татахаар нэмэлт заалт оруулсан. Ингэснээр УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмж, элдэв зөрчил гаргахаас сэргийлэх нь иргэдэд ач тустай юм.
Эцэст нь ардчилсан нийгэмд иргэдийн сонгуульд оролцох оролцоо нэн чухал билээ. Гэтэл Монгол Улсад залуусын сонгуульдаа оролцох идэвх маш бага байдаг. 2016 оны сонгуульд Монгол Улсад 18-25 насны 410 мянган хүн байснаас 203 мянга нь л сонгуульд саналаа өгсөн аж. Харин 25-30 насны 291 мянган хүний 100 мянга нь саналаа өгсөн бол 60-аас дээш насны 163 мянган хүний 160 мянга нь сонгуульдаа идэвхтэй оролцож байв.
Залуусын сонгуульд оролцох идэвх муу байгааг Виллиам Райкер болон Петер Ордешоокын онолын дагуу тайлбарлах гэж оролдъё. Санал асуулгын дүнд нэг хүний нөлөөлөх магадлал болон үр дүнд нь хүртэх өгөөжийн үржвэр дээр тухайн иргэний санал өгөх үүрэг хариуцлагыг нэмнэ. Энэ нийлбэр үнэ цэнэ нь санал өгөхөд гарах зардлаас давсан тохиолдолд санал өгөх нөхцөл бүрдэх аж. Шийдвэрт нөлөөлөх нэг хүний саналын магадлал (М) маш бага тул М x Ө (өгөөж) ихэвчлэн маш бага утгатай гарна. Тэгэхээр Ү (үүрэг хариуцлага) буюу санал өгөх үйлдлээ хэрхэн үнэлэх иргэн бүрийн мэдрэмж нь санал өгөхөд гарах зардалтай шууд тулдаг.
“Би саналаа өгсөн” гэх мэдрэмж иргэдийн хувьд өндөр байх тусам тухайн иргэн нийгмийнхээ хөгжлийн нэг хэсэг нь байна. Харин зардлын хувьд санал өгөх байраа олохоос авхуулаад очиж саналаа өгөх цаг, санхүүгийн хүчин зүйлс бүгд багтана. Харин цахимаар санал авах нь энэхүү зардлыг бууруулж өгснөөр санал өгөх үйл явцыг илүү хялбаршуулах юм.
Нийт 129 сая хүн амтай Америкийн сонгуульд нэг хүний нөлөөлөх магадлал тэг хувьтай ойролцоо. Харин Монгол улсад, нэн ялангуяа хорооны санал асуулгад нэг хүний оролцоо, нөлөөлөх магадлал харьцангуй өндөр юм. Тиймээс дээрх онолын дагуу санал өгөх зардлын хүчин зүйлсийг бууруулж, үүрэг хариуцлагыг нь иргэдэд ойлгуулж, мөн хорооныхоо хөгжилд нэг хүний санал ч маш хүчтэй нөлөөтэй гэдгийг ухамсарлуулах нь санал хураах үйл явцыг идэвхжүүлж, сайжруулах учиртай. Эцэст нь үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт цаашид хэрхэн хэрэгжих нь мөн иргэд бидний идэвх, оролцооноос ихээхэн хамаарна. Ард түмний сонголт эргэлт буцалтгүй учир бид шийдвэр гаргах бүртээ хамтдаа хэлэлцэж, амьдарч буй нийгмээ өөрсдөө бүтээхэд гар бие оролцох нь чухал.