/II хэсэг/
Сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт та санхүүгийн тайлангийн гол бүрэлдэхүүнүүдийн нэг – Баланс буюу Санхүү байдлын тайланг хэрхэн “унших” талаар нийтлэлийг хүлээн авсан. Харин энэ удаад үлдсэн хоёр гол тайлангийн нэг болох Орлого үр дүнгийн тайланг шинжлэх энгийн аргуудтай танилцана.
Санхүүгийн тайлангууд бүгд танай компанийн санхүүгийн гүйцэтгэлийг хэмжих үндсэн өгөгдлүүд болдог. Бид цуврал нийтлэлүүддээ олон нийтэд нээлттэй тайлагнасан хувьцаат компанийн жишээг ашиглан илүү бодитой, ойлгомжтой аргачлалуудыг энгийн байдлаар тайлбарлахыг зорьсон. Энэ удаад дараах өгөгдлийг ашиглав /дүн сая төгрөгөөр/:
Санхүүгийн тайлангуудыг цаг хугацааны ижил интервалаар, дараалсан оноор нь зэрэгцүүлсэн байна. Ийнхүү зэрэгцүүлсэн нь тайлант хугацаанд бий болсон санхүүгийн үр дүнгүүдийг хооронд харьцуулах боломжийг “уншигчид” олгож байгаа юм.
Өмнөх онтой харьцуулсан шинжилгээ:
(882.5 – 576.6) / 576.6 = 0.53
(816.5 – 516.6) / 516.6 = 0.58
Борлуулалтын орлого өмнөх оноос 53% өссөн ба энэ үед Борлуулсан бүтээгдэхүүний өртөг (ББӨ) 58% нэмэгдсэн байна. Үйлдвэрийн технологийн карт өөрчлөгдөөгүй, эсвэл худалдааны бизнест бараа татан авах, түгээх процесс өөрчлөгдөөгүй үед өртгийн өсөлт нь ийнхүү борлуулалтын орлогоос илүү нэмэгдэх нь нийт ашиг буюу ахиуц орлогыг бууруулна.
Gross margin буюу нийт ашиг 2017 онд 60 сая төгрөг байсан ба 2018 онд 66.1 сая төгрөгт хүрч нэмэгдсэн байх ч нийт борлуулалтад эзлэх нийт ашгийн хэмжээ 10.4 хувиас 7.4 хувьд хүрч буурсан байна.
Энэ нь нийт орлого болон өртгийн хувьд гарсан өөрчлөлт бөгөөд та өөрийн бизнестээ шинжилгээ хийхдээ бүтээгдэхүүн үйлчилгээ бүрээр борлуулалтын орлого болон ББӨ – ийн гүйцэтгэлийг тодорхой гаргаж дээрх байдлаар харьцуулан яг аль бүтээгдэхүүн, үйлчилгээн дээр орлого, өртөг хэрхэн өөрчлөгдсөн, гол өсөлт ба бууралт нь хаана байсныг задлан харах хэрэгтэй. Энэ нь борлуулалтын орлогын өссөн амжилтын үндэс болон буурсан алдааны учир шалтгааныг тодруулан тогтооход таньд тусална. ББӨ нь зөвхөн түүхий эд материал бус, тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход шаардагдсан буюу ашигласан шууд материал, шууд хөдөлмөр болон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлуудыг/ҮНЗ/ шингээн тооцсон дүн болохыг анхаарна уу.
Үйл ажиллагааны зардлын хувьд борлуулалт, маркетингийн зардал 42 хувиар, ерөнхий ба удирдлагын зардал есөн хувиар тус тус нэмэгдсэн. Борлуулалт, маркетингийн зардал нь хэдий өндөр хувиар нэмэгдсэн ч абсолют дүнгээрээ харьцангуй их биш, 12.6 сая төгрөгөөс 17.9 сая төгрөгт хүрч 5.3 сая төгрөгөөр нэмэгдсэн. Борлуулалт, маркетингийн зардал нийт борлуулалтын орлогын 3-5 хувь ба түүнээс бага байх нь тохиромжтой гэж үздэг. Бидний жишээний хувьд хоёр хувьтай тэнцүү байгаа юм.
Борлуулалт, маркетингийн зардал болон ерөнхий ба удирдлагын зардал өмнөх оноос хэрхэн өөрчлөгдсөн байхаас илүүтэй тухайн оны санхүүгийн төлөвлөгөө, төсөвтэй харьцуулахад ямар гүйцэтгэлтэй байх нь чухал юм.
Жишээ компанийн хувьд ерөнхий болон удирдлагын зардал өмнөх оноос есөн хувь нэмэгдсэн байна.
2018 оны татвар төлөхийн өмнөх ашиг нь өмнөх онтой харьцуулахад 2.84 дахин нэмэгдсэн гүйцэтгэлтэй байгаа. Ашиг нэмэгдсэн нь сайн үзүүлэлт гэж дүгнэж болох ч орлогын тайланд туссан 163.0 сая төгрөгийн бусад орлого (үндсэн үйл ажиллагааны бус орлого), 142.3 сая төгрөгийн бусад зардал (үндсэн үйл ажиллагааны бус зардал) – ыг тайлангаас хасч тооцвол татвар төлөхийн өмнөх ашиг хасах 500,000 төгрөг буюу алдагдалтай байна. Бизнесийн үндсэн үйл ажиллагааны бус аливаа хэлбэрээр орлого олох, түүнийг олохын тулд гарсан бусад зардал нь орлогын тайлангийн дүнг өөрчилсөн тохиолдолд дээрх байдлаар цэвэршүүлэн үндсэн бизнесээ ямар гүйцэтгэл үзүүлсэн болохыг тод харах хэрэгтэй. Татвар төлөхийн өмнөх ашиг тооцоход мөн зээлийн хүү төлөгдөөгүй байх бөгөөд энэ дүнг EBIT /Earnings before interest and taxes/ гэж нэрлэнэ.
Цэвэр ашгийн түвшин нь орлого, үр дүнгийн тайлангаас харах нэг чухал үзүүлэлт юм. Цэвэр ашгийн түвшин 20 хувиас дээш байвал маш сайн гэж дүгнэх ба зохистой хэмжээ нь бизнесийн салбараас хамаарна. Томъёо:
(Цэвэр ашиг / Цэвэр борлуулалт) * 100%
Жишээ компанийн хувьд 2017 онд 0.8% байсан ба 2018 онд 2.1% болж нэмэгдсэн байна.
Бизнес бүрт тулгардаг нэг хүндрэл бол борлуулалтын авлагаа хугацаанд нь барагдуулах. Бизнес авлагаа хэр үр дүнтэй барагдуулж байгааг хэмжих үзүүлэлт нь Авлагын эргэц бөгөөд Санхүү байдлын тайлан болон Орлого үр дүнгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг ашиглана.
Авлагын эргэц тооцох томъёо:
Борлуулалтын орлого / Дансны авлага
Авлагын эргэц, хоногоор:
365 / Авлагын эргэц
Жишээ компанийн хувьд Авлагын эргэц 2017 онд 9.8 байсан нь 2018 онд 16.8 болж нэмэгдсэн буюу авлага барагдуулалт сайжирсан. Авлагын эргэцийн хоногоор тооцсоноор авлага барагдуулах хугацаа 2017 онд 37 хоног байсан нь 2018 онд 21 хоног болж буурсан байна.
Аливаа бизнесийн үйл ажиллагаа хэвийн, борлуулалт сайн явагдаж байгаа ч бэлэн мөнгөний дутагдалд байнга ордог бол борлуулалтын авлагын эргэцээ бууруулж, авлага барагдуулахад бага хугацаа зарцуулдаг болох шаардлагатай юм.
Санхүү байдлын тайлан болон борлуулалтын орлогын тайлангаас та хөрөнгийн эргэц, бараа материалын эргэцийг дээрх байдлаар тооцож үзэх боломжтой.
Ийнүү санхүүгийн тайланг хэрхэн унших тухай нийтлэлийн хоёр дахь хэсэг болох Орлого, үр дүнгийн тайланг унших нийтлэл танд хүрлээ. Бизнесийн гүйцэтгэлээ тод харах үйлсэд нь амжилт хүсье. Дараагийн дугаарт Мөнгөн гүйлгээний тайлан болон өмчийн өөрчлөлтийн тайланг хэрхэн унших тухай нийтэлнэ.