Б.Гантулга 11 жил явган аялж, таван жил өндрийн авиралт хийхдээ Австрали, Шинэ Зеланд, Канад, Германд үйлдвэрлэсэн оймсууд өмсчээ. Уулчин хүнд оймс маш чухал байдаг. Б.Гантулга энэ хугацаанд олон ч удаа хөлөө холгож, хумсаа унагаж, мөөгөнцөртөж байв. Сарлагийн хөөврөөр хийсэн, түүгээр барахгүй нохойн ноолууран оймс өмсөж үзсэн ч нэг л болохгүй байв. Тиймээс уулчид хөлсийг биеийн арьсанд наалдуулдаггүй, өндөр ачаалалттай өдөржин явахад дулаанаа жигд барьдаг, эзэлхүүн нь бага өөрчлөгддөг тул хөл холхиулдаггүй, холгодоггүй учраас хонины ноосон оймс өмсдөг.
Б.Гантулга хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор Э.Амартай 2011онд танилцсан бөгөөд саяхан “Миний хийсэн оймсыг өмсөөд туршаад үзээрэй” гэж хэлэхэд нь гайхаж байв. Япончуудын Монголд хийж буй төрөл бүрийн судалгаанд оролцож явдаг тэр гэнэтхэн хонь, ноос үс ярьж, ноосон оймс үйлдвэрлэдэг нэгэн болсон байв.
Машин унадаггүй, өдөрт 8-10 км тогтмол алхдаг Б.Гантулга түүний оймсыг тасралтгүй таван өдөр өмсөж, халуун, хүйтэн өдрүүдэд хатуу гуталтай, уулын гуталтай явж, өдөржин оффист хуралдах зэргээр туршихад шивэртсэнгүй, дааруулсангүй, цоорсонгүй.
36-ийн нэг
Хувьсгалт засаг тогтоод удаагүй байсан Монгол Улс орчин үеийн сэхээтнүүдийг бэлтгэх зорилгоор 1926 онд ирээдүйн их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй 36 сурагчийг Европ руу анх илгээсэн юм. Мориор, машинаар, галт тэргээр, усан онгоцоор олон хоног явж Герман, Францын хотуудад очсон тэдний нэг нь Парисийн Мишелеин лицеи сургуульд сурахаар явсан Т.Аюурзана байв. Тэрбээр нэгэн өдөр багштайгаа гадуур явж байгаад хонь бэлчиж байхыг хараад ихэд сонирхон юун учиртай хонь болохыг багшаасаа асуухад “Эдгээр хонины ноосоор чиний өмсөж байгаа пальтог хийдэг юм” гэжээ.
Үүнээс хойш тэр ноос хэмээх түүхий эдийг сонирхох болж, эх орондоо зөөлөн ноостой хонины үүлдэр гаргаж авахыг мөрөөддөг байжээ. Тэрбээр 1942 онд “Ноос бол алт” хэмээх ном бичиж, таван хошуу малын ноос, ноолуур, үс, хөөврийг хэрхэн зөв бэлтгэх тухай арга техникийг дэлгэрэнгүй тайлбарлажээ. Үүнээс хойш “ноос бол алт” хэмээх үг ардын аж ахуйд хэвшмэл болж, ноосны эдийн засагт гүйцэтгэх чухал үүрэг, түүний үнэ цэнийг тодотгосон хэллэг болжээ. Т.Аюурзана 1945 онд Монгол, Зөвлөлтийн хамтарсан мал аж ахуйн хайгуулын албаны даргаар ажиллах болсноор мөрөөдлөө биелүүлэх ажилдаа шуурхай оржээ.
Ийнхүү 20 орчим жил олон тооны үржил, селекци, ажиглалт, туршилт, судалгаа явуулсны үр дүнд 1961 онд нарийвтар ноост Орхон үүлдрийн хонийг бий болгожээ. Үүгээрээ тэр Монголын анхны мал зүйч, гавьяат зоо техникч болжээ. Ингэснээр “ноос бол алт” гэдэг үгийн агуулга улам баяжиж, зөвхөн ноос бус мэдлэг, хөдөлмөр шингэж бий болсон аль ч бүтээгдэхүүнийг илэрхийлэх болжээ. Тиймдээ ч социализмын үед хонины хашааны орчим тарсан хонины унгасыг хүүхдүүдээр юу ч үлдээлгүй түүлгэдэг байж.
Орхон үүлдрийн хонь нь цагаан зүсмийн, дунджаар 4.5 кг хагас нарийвтар, 20-26 микроны ноостой. Энэ үүлдэрийн хонь бий болсон цагаасаа тоо толгой нь тогтмол өсч 1990 онд 243 мянган толгой хүрчээ. Ноосоор нь дарга нарын өмсдөг байсан драпан пальтоноос эхлээд төрөл бүрийн хувцас үйлдвэрлэж, нийтдээ 1960-1990 он хүртэл 100 тэрбум орчим төгрөгийн ашгийг эдийн засагт өгсөн гэсэн тооцоо байдаг.
Малын бэлчээр дэх инноваци
Т.Аюурзаныг насан өөд болоход агрономич охин А.Эрдэнэчимэг нь аавынхаа үйл хэргийг өвлөн авчээ. Тэрбээр 1976 оноос эхлэн Орхон үүлдрийн хониндоо зориулж тэжээлийн ургамлын шинэ сорт гаргах судалгааг эхлүүлжээ. Тэр гадаад, дотоодын тэжээлийн нэг болон наст үет буурцагт ургамлын сорт, дээжүүдийн морфологи, биологи, аж ахуйн онцлог шинж чанарыг судалж байжээ. 1991 оноос “Эмзэг түрүүт өлөн”-гийн нутгийн зэрлэг дээжийг тарималжуулах судалгааны ажлыг хийж, 22 жил уйгагүй туршилтын ажил явуулж зүтгэсний үр дүнд “Мандал” хэмээх тэжээлийн ургамлын сортыг 2011 онд гарган авчээ.
Туршилт хийхдээ ган, хүйтэн, өвчин, хортонд сайн тэсвэртэй, хэнзлэх чадвар сайтай, тогтвортой ногоон, үрийн ургац өгдөг байх, амьдралын нас урт байх, шим тэжээлээр их, намар орой болтол ногоон байдлаа хадгалж хагдрах зэрэг шинжүүдийг агуулсан үрийг дараа дараагийн туршилтад үржүүлж ашиглаж байв. Ингэснээр Мандал сорт нь хавар хамгийн эрт буюу гуравдугаар сард яргуйнаас ч түрүүлж цасан доороос хэнзлэх чадвартай бэлчээрийн цорын ганц ургамал болов.
Зориулалтын хувьд энэ сортыг таримал ногоон бэлчээр болон хавар эртийн бэлчээр бий болгох, зун, намар, өвлийн бэлчээр, отрын бэлчээр, цөлжиж байгаа нутгуудад тариалах, хот тохижуулалтын зүлгэнд тариалах, уул уурхайн нөхөн сэргээлт хийх, ой хээрийн түймрээс хамгаалах зурвас байгуулах, хурдан морь тэжээх зэрэг олон чиглэлд ашиглаж болно. Тухайлбал, уул уурхайн нөхөн сэргээлтийн үед нэг тариалахад хангалтай бөгөөд онцын арчилгаа шаардахгүй 30 жил ургах олон настай ургамал юм. Түүгээр барахгүй сүүлийн 24 жил огт услаагүй ч ургасаар байгаа талбай хүртэл байдаг аж.
Нэг үгээр хэлбэл, Мандал сорт бол эрдэмтэн хүний олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон, Монголын мал аж ахуйн маш үнэ цэнэтэй инновацийн бүтээгдэхүүн юм. Харамсалтай нь, 1990-иэд оны бужигнаан дунд төрийн дэмжлэг бага байсан бөгөөд саяхнаас буюу 2013 оноос Шинжлэх ухаан технологийн сан 62 төгрөгийн санхүүжилт гарган үржүүлгийн тариалалт хийснээс 2018 онд 2000 кг үр хурааж авчээ. Энэ мэтээр 25-30 жил тасралгүй үр хураавал улс даяар түгээх том ногоон нөөц бий болох юм.
Гутлын үнэтэй оймс уу, эсвэл үнэлэгдээгүй мэдлэг үү?
1990-иэд оноос нэхмэлийн үйлдвэрүүд уналтад орсноос хойш Орхон үүлдрийн хонины тоо толгой эрс буурч 1997 онд хувьчлагдахдаа 150 мянга байснаа бүр сүүлд 3000 болтлоо цөөрчээ. Хэрэг буруу тийшээ эргэж буйг анзаарсан А.Эрдэнэчимэг цөм сүргийг хадгалж үлдэхийн тулд 2000 онд цөөн тооны хонь худалдан авсан байна.
Японы нэгэн бизнесмэн (нэрээ хэлэхийг хүсээгүй) 1990-иэд оны сүүлээр Монголд ирээд Орхон үүлдрийн хонины ноосоор хүрэм хийх санаатай байсан ч энэ үүлдэр устсан гэсэн гунигтай мэдээ сонсоод буцжээ. Нэгэн үе хөдөө аж ахуйн үнэтэй түүхий эдүүдийн нэг болж байсан үүлдэр ийм түвшинд очтолоо мартагдсан байж.
2017 оноос А.Эрдэнэчимэг Орхон хонины ноосоор эцсийн бүтээгдэхүүн хийхээр сэтгэл шулууджээ. Харамсалтай нь, эрүүл мэндийн байдал муудсаар 2018 оны Наадмаар нас барав. Ийнхүү ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэх үүрэг Японд боловсрол эзэмшсэн, эрдэмтэн, гэхдээ ноос үстэй зууралдаж байгаагүй Э.Амарт ногджээ.
Тэрбээр зуны халуун өдөр хөдөөнөөс ирсний дараа нэгэн газарт шар айраг ууж суугаад нэгэн япон бизнесмэнтэй танилцсан нь Орхон үүлдрийг устсан тухай дуулаад буцсан нөгөө япон хүн байв. Э.Амарыг Орхон хонины ноосоор бүтээгдэхүүн хийх гэж байгаа тухай дуулаад учиргүй баярлаж, цаашид яаж бизнесээ явуулах тухай зөвлөгөөг харамгүй өгч, Э.Амар ч урам зориг оров.
Ингээд тэр зун нь өөрөө хонио хяргаж, ноосыг нь угааж, Санширо хэмээх компаниар ноосон утас ээрүүлж, нэг хос нь 150 мянган төгрөгний үнэтэй 390 ширхэг оймс үйлдвэрлэв. Брэндээ “Tesoro Floreale” гэж италиар нэрлэсэн нь Эрдэнэчимэг гэсэн ээжийнхээ нэрийг итали руу буулгасан хувилбар юм. Энэ бол цөөн тоогоор үйлдвэрлэгдэх, худалдан авах чадвар сайтай зорилтот зах зээлд зориулсан, гадаадад экспортлох бүтээгдэхүүн. Нэхмэл бүтээгдэхүүнээр дэлхийд алдартай италичуудын чихэнд маш уянгалаг сонсогдох нэр сонгосон нь ч экспортлох зорилготой нь холбоотой. Оймс болгон гэрчилгээ, дахин давтагдашгүй серийн дугаартай. Үүнээс гадна тус бүр нь 800 мянган төгрөгийн үнэтэй Tesoro Floreale-гийн нөмрөг бий.
Э.Амар олон нийтийн сүлжээнд бүтээгдэхүүндээ зориулсан хуудас нээгээд хангалттай хугацаа өнгөрөөгүй ч “ямар тэнгэрт хадсан үнэтэй юм бэ, солиороогүй биз” гэсэн үгстэй сөрөг сэтгэгдлүүд хангалттай авчээ. Мэдээж Хятадын өргөн хэрэглээний хямдхан бүтээгдэхүүн хэрэглэж дассан бидний хувьд гуталнаас үнэтэй оймс өмсөнө гэхэд хачирхалтай санагдана. Гэвч түүнд өөрийн зорилгоос ухрахгүй байх шалтгаан бас бий. Өвөөгийнх нь олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон “Орхон үүлдрийн хонины ноос” хэмээх алтнаас ч дутуугүй үнэ цэнэтэй ийм түүхий эдээр хийж байгаа бүтээгдэхүүн үнэтэй байхаас аргагүй.
Орхон үүлдрийн хонь, Мандал сортын тэжээлийн ургамал бол 82 жил монгол нутагт бойжсон хосгүй баялаг.
Нэг үгээр хэлбэл, Орхон үүлдрийн хонь бол 82 жил монгол нутагт бойжсон хосгүй баялаг аж. Орчин үед зах зээлийн хуулиар хэдийнэ чинээ мэдлэг, инноваци шингэнэ бүтээгдэхүүн төдий чинээ үнэ цэнтэй байх ёстой гэсэн зарчим үйлчилдэг. Тиймээс Э.Амарын гадаадад амьдардаг танилууд нь ирээд 150 мянгыг тохирсон үнэ гэж хэлдэг. Түүнээс гадна түүний оймс, нөмрөг нь хаанаас гаралтай, ямар түүхий эдээр яаж хийгддэг нь нэгэнт тодорхой учир худалдан авагчдад илүү төрүүлж чаддаг байна. Өөрөөр хэлбэл, “энэ цамцыг монгол ямааны ноолуураар хийдэг” гэж хэлэх нь хангалтгүй бөгөөд харин “ийм үүлдрийн ямааны ноолуулаар хийдэг” гэвэл илүү үнэтэй байх боломжтой аж. Тиймээс зөвхөн нэг төрлийн усан үзмийн сортыг тариалдаг хэрнээ түүгээрээ дэлхийн зах зээлд танигдсан баян чинээлэг тосгод Европт байдаг.
Э.Амарт хөрөнгө оруулалт, маркетинг, борлуулалттай холбоотой олон том асуудал байгаа ч, нөгөө талаас түүний өвлөж авсан үйл хэрэг, тавьсан зорилгод цагаан атаархал төрмөөр. Бүтээгдэхүүний үнэтэй холбоотой олон шүүмжлэл сонсдог ч инновацийг зүй ёсоор нь үнэлж чаддаггүй хэвшмэл сэтгэлгээг халах нь түүний бас нэгэн том зорилт юм.
Одоогоос сар гаруйн өмнө “Tesoro Floreale”-гийн фэйсбүүк дэх хуудсан дээр нэгэн хэрэглэгч “Ер нь гадаад нэр, хаяг, шошго, тэмдэг энэ тэрийг тас хоригловол таарна” гэж уурсан бичжээ. Харин үүнээс сарын дараа “Tesoro Floreale”-гийн нөмрөгийг хэрэглэж үзсэн Германы Бовари мужийн эмэгтэй “Тезоро нөмрөг нимгэн хирнээ дулаахан, байгалийн өнгөтэй, нэг тийм сайхан халуун дулаан мэдрэмж төрүүлдэг. Өөлөх юм байхгүй” гэсэн сэтгэгдэл бичиж үлдээсэн байв.
Үргэлж л хямд төсөрийг харж хоол хүнс, эд материал сонгодог хүн нэг л мэдэхэд өөрөө ч хямдралтай бараа шиг үнэ цэнэгүй болсон байдаг шүү…