Дийлэнх хүмүүсийн хувьд ажил мэргэжилдээ шилдэг нь байж, дээд зэргийн гүйцэтгэлтэй ажиллахад саад болдог нэг гол зүйл бусдын санаа бодлоос эмээх явдал юм. Олон хүмүүсийн өмнө үг хэлэх, чухал хурал дээр саналаа хэлэхээр гараа өргөх эсвэл огт танихгүй хүмүүстэй өрөөнд орох гэх мэтчилэн тун их сандарч байсан үеэ санагтун. Өчүүхэн жижиг болсон мэт бодол төрүүлж, айдаст автуулан, санааг чинь зовоосон тэр “гэмтэн” бол бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй эсвэл таалагдахгүй байх вий гэсэн бодол юм.
Бусад хүмүүс миний талаар юу гэж боддог бол гэсэн айдас нь өнөөгийн ертөнцөд утга учиргүй, бүтээмжийг үгүй хийдэг сэтгэлийн зовлон болж хувирсан агаад зөвхөн ажлын гүйцэтгэлд ч бус, өөр олон зүйлд сөргөөр нөлөөлөх болов. Хүмүүс өөрийг нь бий болгож, бүтээсэн авьяас, итгэл үнэмшил, үнэ цэндээ бага анхаарч харин бусад хүмүүс намайг юу гэж боддог, эсвэл боддоггүй бол гэсэн бодолд автаж эхэлсэн цагаас өөрийн нөөц боломжийг үгүй хийж, аюулд учруулдаг. Шүүмжлүүлвэл яах бол гэдгээс эмээж эхэлснээр та хэт болгоомжтой нэгэн болж хувирна. Үгүйсгэгдэж, гадуурхагдахаас эмээнэ. Мэтгэлцээн, маргаанд та өөрийн үзэл бодлоо хамгаалалгүй хялбар бууж өгнө. Үр дүнг нь хянаж чадахгүй учраас гараа өргөхөөс ч эмээж эхэлнэ. Өөрийгөө ур чадваргүй, туршлагагүй гэж үзэх болсноор албан тушаал дэвших, цалингаа нэмүүлэх талаар бодох ч сөхөөгүй болно.
Бусад хүмүүс миний талаар юу гэж боддог бол гэсэн айдас нь өнөөгийн ертөнцөд утга учиргүй, бүтээмжийг үгүй хийдэг сэтгэлийн зовлон болж хувирсан агаад зөвхөн ажлын гүйцэтгэлд ч бус, өөр олон зүйлд сөргөөр нөлөөлөх болов
Харамсалтай нь хүмүүс бид эртний тархиар орчин цагт ажиллаж, амьдарч байгаа учраас бусдын бодлоос эмээх явдал нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Олонхийн талархал, зөвшөөрлийг хүртэх хүсэл нь бидний өвөг дээдсийг асар болгоомжтой амьтан болгож хувиргажээ. Хэрэв олон мянган жилийн өмнө ан бүтэлгүйтсэний буруу танд ногдвол сүрэгтээ эзлэх таны байр суурь аюулд орох болно. Бүлгийн бүрэн эрхэт гишүүн байх, бусдын дургүйцлийн бай болохоос эмээх нь биднийг хүссэн амьдралаа бий болгох чадварыг бууруулдаг юм.
Энэ бүхнийг дурдсаны учир нь бид тархиа дасгалжуулж, өөрчлөх ёстойг сануулахыг хүссэнийх юм. Хэрэв бусад хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэсэн сөрөг бодол танд төрвөл өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх эерэг бодлоор өөрийгөө хурцлагтун (би сайн илтгэгч, би маш их хичээсэн учир ур чадвартаа итгэлтэй байна, надад хэлэх санал маш их байгаа, би албан тушаал ахихад бэлэн гэх мэт). Эдгээр нь таныг бусдын санал, бодолд бус өөрийн ур чадварт анхаарлаа хандуулахад тус болно. Мөн гүнзгий амьсгаа ав. Энэ нь тархинд таныг гэнэтийн аюулд ороогүй байгааг анхааруулах дохио болох юм.
Хэрэв бусад хүмүүс намайг юу гэж боддог бол гэсэн сөрөг бодлыг бүрмөсөн “ялахыг” хүсэж байгаа бол өөрийгөө улам сайн таньж мэдэх хэрэгтэй. Дийлэнх хүмүүс өөрсдийгөө бүрэн гүйцэд ойлголгүй амьдралыг туулдаг агаад ихэнх тохиолдолд энэ нь бидэнд асуудал дагуулдаггүй. Гэвч та хүмүүсийн бодлоос үл эмээж, шилдгийн шилдэг байхыг хүсэж байгаа бол би хэн бэ гэдгээ ойлгох мэдрэмжээ маш сайн хөгжүүлэх ёстой болно.
Үүний тулд өөрийн үзэл бодол, үнэ цэн, философийг тодорхойлохоос эхлэх хэрэгтэй. NFL-ийн “Сиэтл сийхоукс” багийн ерөнхий дасгалжуулагч Пит Кэрроллын хувьд гол философи нь “үргэлж тэмц”. Түүний хувьд энэ хоёр үг нь улам сайжирч, өөрийн нөөц боломжоо бүрэн таньж мэдэхийн тулд өдөр бүр шаргуу хөдөлмөрлөх гэсэн утгатай. Энэ нь түүний хувьд улиг болсон үг, жирийн уриа биш, харин ч үйл хөдлөл, бодол санаа, шийдвэрийг нь удирдан чиглүүлдэг луужин болж хувирчээ. Дасгалжуулагч, эцэг, найз гээд амьдралынх нь бүхий л хүрээнд энэ хоёр үг түүнийг луужин мэт чиглүүлж байдаг юм. Хэрэв та түүний адилаар өөрийн философийг бий болгохыг хүсэж байгаа бол дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай:
– Хамгийн сайн ажиллаж, бүтээж байх үедээ миний бодол, үйлдлийн үндэс суурь нь юу болж байдаг вэ?
– Минийхтай төстэй зан араншин, ур чадвартай хүмүүс хэн бэ?
– Тэдгээр ур чадвар нь юу вэ?
– Миний дуртай ишлэл, мөн үг юу вэ?
Эдгээр асуултад хариулсныхаа дараа өөрт онцгой санагдсан үгээ дугуйлж, хэрэггүй үгсийг нь чагтал. Дугуйлсан үгээ сайтар ажиглаад таныг хэн болох мөн ямар амьдралыг хүсэж байгааг бүрэн илэрхийлж чадах хэллэг эсвэл өгүүлбэрийг бүтээхийг хичээ. Тэрхүү өгүүлбэр эсвэл үгсийг хайртай хүмүүстээ үзүүлж тэдний саналыг тусга, улмаар өөрийн философийг бий болго. Дараа нь үүнийгээ цээжилж, өдөр бүр түүнийгээ хэрэгжүүлэхийг зорилгоо болгогтун.
Өөрийн философийг тодорхойлох нь таны нүдийг нээх хүчирхэг дасгал байх болно. Би удирдах ажилтнуудад сургалт явуулахдаа тэднийг хувийн философио бичээд бусдадаа танилцуулахыг хүсдэг. Өрөөнд байсан бүх хүнийг бишрүүлсэн нэгэн захирлын үгийг би хэзээ ч мартахгүй болов уу. Нүд нь нулимсаар дүүрсэн тэр захирал нуруугаа цэхэлж, толгойгоо өргөөд “миний философи бол хүний зэрэгтэй амьдрах” гэж хэлсэн юм. Өөрт нь илүү сайн боломж, нөхцөл бүрдүүлж өгөхийн тулд маш хүнд хэцүү амьдралыг туулсан цагаач эцэг эхийн хүүхэд гэдгээ тэрбээр сургалтад оролцож буй хүмүүст хэлсэн юм. Эцэг эх нь маш их хөдөлмөрлөж, ихийг золиослосон учраас гэр бүлийнх нь сүлд цээжин дээр тамгалагдсан мэт амьдрахыг өөрийн үүргээ гэж тэрбээр үздэг байлаа. Тэрбээр эцэг эхийнхээ сайн үйлстэй эн тэнцэх хэмжээний хүн байж, дараачийн үедээ үлгэр дуурайлал болохыг өдөр бүр хичээдэг аж.
Хүн өөрийн гэсэн философитой байх нь ямар чухал болох талаар би танд ихийг хэлж өгч чадна. NFL-ийн тоглогч, дасгалжуулагч, экстрим спортын тамирчин, Форчун 50-д багтдаг компанийн захирлуудтай ажилладаг хүний хувьд миний ажигласан зүйл гэвэл шилдэг нь байх цуцашгүй хүчин чармайлтаас гадна өөрсдийг нь чиглүүлж байдаг зарчмаа тэд яв цав тодорхойлж, ойлгосон байдаг нь юм. Философи, үнэт зүйл нь тодорхой учраас тэд өөрсдийгөө улам шахаж, улам ихийг сурч, таагүй нөхцлийг ч эергээр хүлээж авч чаддаг. Тэд бусад хүмүүс, хэвлэл мэдээлэл, хөгжөөн дэмжигчдийн үзэл бодлыг “хааж”, үүний оронд өөрийнхөө сайтар боловсруулсан, дотоод луужингаа л дагадаг.
Хэрэв та өөрийн философийг боловсруулсан бол тэрхүү итгэл үнэмшлийнхээ дагуу амьдар. Гэрээсээ эхэл. Хайртай хүмүүстээ хайртай гэж хэл. Хурим дээр бүжиглэ. Эрсдэл гарга. Бусдаас этгээд бай (энэ нь өөрөөрөө бай гэсэн үг шүү). Дараа нь үүнийг ажил дээрээ хэрэгжүүлээрэй. Илтгэл тавьж, тушаал дэвших хүслээ илэрхийлж, бусдын санал бодлыг өдөөсөн зүйл хий. Хэрэв бусад хүмүүс юу бодож байгаа бол гэж бодогдвол энэ бодлоо хүлээн зөвшөөрөөд өөрийн философитой дахин холбогдож, өмнөх илүү чухал зорилгодоо төвлөр.
Хүч боломжийнхоо хязгаарыг сорьсон ажил, хэрэг эрхэлж байгаа тохиолдолд л илүү ихийг сурч, өөрийгөө хөгжүүлэх боломж гардаг гэдгийг маш сайн санагтун. Өөрийн философийн дагуу амьдрах нь ихээхэн хүчин чармайлт, эрч хүч шаарддаг боловч үр дүн нь таныг илүү тодорхой зорилго, утга учиртай амьдарч, ажиллахад түлхэц болох билээ.
Эх сурвалж: Сэтгэл зүйч, Compete to Create-ийн хамтран үүсгэн байгуулагч Майкл Жервайс, Харвард Бизнес Ревью сэтгүүл