Олон улсын “Тогтвортой ноос ноолуур эвсэл” буюу Sustainable Fibre Alliance (SFA)-ийн ТУЗ-ийн дарга Чарлес Хабардыг Монголд түр ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-SFA Монголд үйл ажиллагаа явуулж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Та бүхний ажилд ахиц дэвшил хэр гарч байна вэ?
-Бидний 2015 онд эхэлсэн үйл ажиллагаа 2016 он гэхэд нэлээд жигдэрсэн. Эхэндээ үйл ажиллагаа зөв явж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байлаа. Тиймээс удаашралтай байсан. Гэхдээ өнгөрсөн гурван жилд газар зүйн хувьд 11 аймагт хүрч, малчдын 40 орчим хоршоо, нөхөрлөлтэй тулж ажиллаж байна.
2017, 2019 онд хоёр удаа олон улсын хурал зохион байгуулсан. Энэ жилийн олон улсын хурлаас хойш хөдөө орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөл, хоршоодоос нэлээд хүсэлт хүлээж авсан. Есдүгээр сард ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын даргатай уулзахдаа Засгийн газраас хөнгөн үйлдвэрийн салбарт баримталдаг бодлого хөтөлбөрүүдтэй манай үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр уялдаж байгааг олж мэдсэн. Тэгэхээр бидний үйл ажиллагаа хөнгөн үйлдвэр, нэхмэл эдлэл, ноос ноолуурын салбарт баримталж буй танай улсын бодлоготой зарим талаар нийцэж байгаа гэж ойлгож болно.
-Та бүхэн анхдагч түүхий эд бэлтгэдэг малчидтай тулж ажилладаг. Тэд ноолуурын салбарт хэрэгжүүлж буй танай үйл ажиллагаатай нийцэх чадавх ямар түвшинд байна вэ?
-Бид малчдын хотонд, тэдний өдөр тутам хийж, хэрэгжүүлдэг үйл ажиллагаатай тулж ажилладаг гэсэн үг. Бидний ажигласнаар малчид мал маллах арга ухаан, чадвараа дээшлүүлэх маш их эрмэлзлэлтэй. Амжилттай болж байгаа арга ажиллагааны технологийг улам хөгжүүлж, өнөөгийн нөхцөл байдал, зах зээлтэй уялдуулаад зохих хэмжээний дэвшилттэй арга, технологи ашиглахыг хүсэж байгааг олж харсан.
-Монголын хөдөө аж ахуйн салбарын техник технологи нэлээд хоцрогдсон. Жишээ нь, ямаа самналт гар аргаар явж байна. Энэ мэт зүйлсэд шинэ аргачлал нэвтрүүлэх боломжтой юу?
-Малчдын үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүллээ гэхэд тэр шийдэл нь туйлын оновчтой байх эсэх нь эргэлзээтэй. Ямаа самнах бол уламжлалт арга, ажиллагаа. Үүний цаана асар их түүх, олон зуун жил дамжсан арга барил байдаг учраас үнэ цэнтэй юм. Олон зуун жилийн тэртэйгээс өвлөгдөж ирсэн энэхүү арга барил нь шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд Монголын уламжлалт ахуй соёлд гүн шингэсэн зүйл. Харин самнасан ноолуурыг боловсруулах түвшинд технологийг нь сайжруулах талаар ярьж болох юм. Уламжлалт технологи үнэ цэнтэй, ноолуурын ширхэг бүрийг гараараа самнадаг учраас тэр хэрээр зах зээлд үнэлэмж нь нэмэгдэх боломжтой. Ямааны ноолуурыг хяргах, хайчлах зэргээр авах нь бий. Гэвч хэр зөв гэдгийг хэлж мэдэхгүй.
-Монголд явуулж буй та бүхний үйл ажиллагааны үр дүнд SFA-ийн бүрэлдэхүүнд байдаг брэндүүд, тэдний худалдан авагчдын хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа бол?
-Өөрчлөлт, шинэчлэлт мэдээж цаг хугацаа шаарддаг. Хүмүүс ч гэсэн өөрчлөлтөд нээлттэй ханддаггүйг бид мэднэ. Гэхдээ олон улсын түвшинд худалдан авагчид, брэнд үйлдвэрлэгчид манай үйл ажиллагааг бага багаар ойлгож эхэлж байна. Тогтвортой арга ажиллагаагаар ямаа маллах, ноолуур самнах, боловсруулах, бүтээгдэхүүн хийх нь ихээхэн хугацаа авдаг. Нөгөөтэйгүүр, энэ бол том салбар. Олон улсын түвшинд харвал үйлдвэрлэгчид энэ бүгдийг ухаажсан гэж ойлгож болно. Үйлдвэрлэгчид тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой түүхий эдийн нийлүүлэлтэд анхаарлаа хандуулж, бэлчээрийн даацыг малын тоо толгойтой уялдуулах хэрэгтэйг ойлгож, малын эрүүл, таваарлаг байдал, малч ухаанаа сайжруулах хэрэгтэй гэдэгт олон улсын брэндүүд ойлголттой болж, хандлага нь жигдэрч байгаа нь ажиглагдаж байна. Гэхдээ бид, маш олон хүнтэй харилцаж байгаа учраас одоохондоо хэлэхэд эрт байна.
Олон улсын тансаг зэрэглэлийн брэндүүд бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа түүхий эд, материалын гарал үүслийг тодорхойлох талаар анхаарч эхэлж буй ч эцсийн бүтээгдэхүүний анхны үүсэл гарлыг нэг бүрчлэн тогтоох амаргүй. Энэ нь ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ асар урт зам туулж үйлдвэрлэгчдэд хүрдэгтэй холбоотой. Тийм учраас Монголдоо малчид ноолуураа самнаж, цуглуулаад, үйлдвэрт боловсруулах явцад гарал үүсэл, тогтвортой ажиллагааг хангалаа гэхэд хилийн чанадад мөшгөх, гарал үүсэлтэй нь шошголох явдал маш хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, эцсийн бүтээгдэхүүний гарал үүсэл нь хаана, яаж явагдаж байгааг анхаарч, бизнес төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгож буй үйлдвэрлэгчид бий. Тиймээс ч үүгээр дамжуулан дэлхийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхаарлыг Монголд татаж чадаж байна. Ингэснээр Монгол Улсын ноолуурын зах зээлд эзлэх байр суурь улам нэмэгдэж байгаа юм.
Тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг Монголд татаж чадаж байна
-Газар зүйн хувьд 11 аймагт шат дамжлага бүрт мөшгөх тогтолцоог бүрэн нэвтрүүлж дууссан уу?
-Монголдоо түүхий эд бүртгэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн бүх шат дамжлага явагддаг бол мөшгөх тогтолцоог төвөг багатай хэрэгжүүлэх боломжтой. Харин нийлүүлэлтийн сүлжээний шат дамжлагууд өөр өөр улсад хуваарилагдсан тохиолдол мөшгөх тогтолцоо алдагддаг. Монголын ноолуурыг хилийн цаана өөр төрлийн ноолууртай холиод утас ээрч, улмаар бүтээгдэхүүн болгодог. SFA нь цэвэр ноолуур боловсруулах стандарт буюу зохистой дадал гэдэг стандарт нэвтрүүлэх гэж байгаа. Стандартын төслийн хэлэлцүүлгийг одоо явуулж байна. Ноолуураа цуглуулж, угааж, самнаж, ангилах үйл явц буюу анхан шатны боловсруулалтын зохистой дадал, зөв туршлагуудыг нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байна. Манай байгууллагын гишүүд буюу ноолуураар брэнд үйлдвэрлэгчид Монголд ноолуурын анхан шатны боловсруулалтын түвшинд зөв дадал, технологи нэвтрүүлсэн байхыг биднээс хүсдэг. Тиймээс нэвтрүүлсэн дадлаа баталгаажуулах шаардлагатай болж байгаа юм. Угаах үйлдвэрийн зөв дадалд стандарт нэвтрүүлэх ажил яг одоо явагдаж байна, ирэх жилийн эхний улиралд багтаад нэвтрүүлж, үйлдвэрүүдээ үнэлээд эхлэх болов уу гэж найдаж байна.
-Малчдын түвшинд нэвтрүүлсэн баталгаажилт шат ахиж угаах үйлдвэрүүдэд нэвтрүүлэх юм байна гэж ойлголоо. Зөв үү?
-Нэг талаар тийм. Бид одоохондоо малчдад батламж өгч байгаа. Гэхдээ чухам юуг батламжлаад байгааг ялгаж ойлгох хэрэгтэй. Яг энэ асуудлын хувьд бид олон талаар шүүмжлэлд өртөж байгаа учраас зөрүү ойлголтыг залруулъя. Энэ бол тогтвортой ноолуурыг үйлдвэрлэсэн гэсэн хаяг, шошго өгч байгаа хэрэг биш. Та нар тогтвортой ноолуур гэсэн батламжлал гаргаад байгаа юм уу? гэж асуувал бид үгүй гэж хариулна. Тухайн малчны ноолуурыг тогтвортой гэдгийг бүх талааср бүрэн дүүрэн батлах боломжгүй. Харин бид энэ ноолуур бол манай SFA-д бүртгэлтэй малчдаас хурааж авсан ноолуур мөн гэдгийг баталдаг. Өөрөөр хэлбэл, малчид зөв зохистой дадлыг мал маллах арга ажиллагаа болон бэлчээр ашиглалтдаа нэвтрүүлэхийг хичээж, эрмэлзэж байгааг нь баталж буй хэрэг. Энэ батламжийг олгохын тулд бид 100 гаруй үзүүлэлтээр хяналт, шалгалт хийдэг. Малчид тууштай байвал тогтвортой арга, ажиллагаагаар ноолуур бэлтгэлд ойртох том алхам болно. Тогтвортой ноолуур гэдэг шошго өгөхийн тулд ноолуур боловсруулах үйлдвэрийн арга ажиллагаанд зохистой дадал нэвтрүүлсэн эсэхэд хяналт тавих боломтой болно.
-Тогтвортой ноолуур гэж юуг хэлэх вэ?
-Тогтвортой ноолуур бэлтгэхэд их олон зүйл нөлөөлдөг. Малчид малаа сайн малласан ч зуд зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдоход л олон жилийн хөдөлмөр нь талаар өнгөрөх эрсдэл өндөр байдаг. Уур амьсгалын өөрчлөлт бол тогтвортой ноолуур бэлтгэлд нөлөөлж байгаа маш том эрсдэл. Тэгэхээр малчид орон нутагтаа бэлчээрийн ургамлын хангалттай нөөцтэй байгаа бол ноолуурын гарцыг тогтвортой гэж хэлэх боломжтой. Харин мал маллах зохистой арга барилыг тогтвортой арга, ажиллагаа гэж нэрлэж байгаа. Яваандаа тогтвортой үйлдвэрлэл эрхэлдэг бүс нутаг болж өргөжих болов уу. Тухайн бүс нутагт бэлчээрийн доройтлыг зогсоож, нөхөн сэргэлт явагдаж байгааг баталж харуулсан тохиолдолд л ийм нэртэй болно. Тогтвортой гэдэг ойлголтын ард маш олон салбарын асуудал хөндөгддөг.
Үйлдвэрлэгчид бэлчээрийн даацыг малын тоо толгойтой уялдуулах хэрэгтэйг ойлгож эхэлсэн
-Бэлчээрийн даацыг ямар арга замаар хянаж байна вэ?
-SFA-д элсэхэд малчид өөрсдөө бэлчээртээ ажиглалт хийсэн байх шаардлага тавьдаг. Энэ нь тухайн сум, орон нутгийн цаг уурын болон мэргэжлийн бусад байгууллагаас авсан мэдээлэл, арга зүйг өдөр тутмын болон сар, улирлын үйл ажиллагаандаа ашиглах чадварыг хэлж байгаа юм. Тухайн малчин бэлчээрийн даацаа мэддэг эсэх, мэддэг бол тэрхүү мэдээллээ хэнээс авсан эсвэл олон жилийн хувийн ажиглалтдаа тулгуурлаж байгаа юу гэх зэргээр малчид өөрсдөө бэлчээрээ үнэлдэг байх шаардлагатай.
Үүнээс гадна шинжлэх ухааны үндэслэлтэй бэлчээрийн мониторингийг мэргэжлийн байгууллагууд хийж байгаа. Тиймээс бид тэдний боловсруулсан мэдээ мэдээлэл, зөвлөмжид суурилах нь зөв гэж үздэг. Бэлчээрт мониторинг хийх нь манай үндсэн чиг үүрэг биш. Бэлчээрийн судалгааны ажил олон жилийн ажиглалтын үр дүнд бий болдог. Уур амьсгалын төлөв байдал нь бэлчээрийн ургамалжилтын чанарт нөлөөлж байгаа тул бидэнд практик арга барил баримтлах нь чухал. Малчидтай илүү ойр ажиллаж, бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг тогтмол ашиглах дадал суулгах замаар бэлчээрийн даацаа тохируулдаг болгоход анхаарч байна. Тэгэхгүй бол малчид бэлчээрийн даац хэтэрч, доройтоод байгааг хардаг ч хэрхэн доройтож байгааг тодорхойлж, нотолж чадахгүй байна. Хэрэв тодорхойлж чадвал өөрсдийнхөө хэмжээнд арга хэмжээ авдаг.
-Танай эвсэл байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэгчдийн ISEAL Global группт нэгдэх гэж байна. Энэ бүхэн Монгол малчдын амьжиргааг тэтгэх хүчин зүйл болж чадах уу?
-Монгол Улсад өнөөдөр тогтвортой үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын үйлдвэрлэгчид, зах зээлийг төлөөлсөн цорын ганц байгууллага нь SFA гэж ойлгодог. Үйлдвэрлэгчдийн зүгээс давамгайлж буй сонирхол нь түргэн хугацаанд эдийн засгийн үр ашиг өгөхдөө бус малчдын үйлдвэрлэл тогтвортой арга барил, ажиллагаагаар явагддаг гэдгийг л дэлхий нийтэд гаргахад чиглэж байна. Одоохондоо нэг кг ноолуурт нэмэлт урамшуулал олгох талаар ярихад арай эрт байна. Харин урт хугацаандаа энэ бүхэн зайлшгүй болно. Гэхдээ олон улсын өндөр зэрэглэлийн брэндүүдийн анхаарлыг Монголд илүү татахын тулд байгаль орчин, нийгмийн асуудал өөрчлөгдөж, сайжирч байгаа гэдгийг батлах асуудал чухал юм. Үүний тулд бид олон улсын байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэгчдийн ISEAL Global байгууллагатай хамтарч ажиллахаас аргагүй. Энэ байгууллагад элссэнээр ISO стандартын нэгэн адил ASEAL нь манай байгууллагын батламжлалын систем зохистой дадлын дагуу үнэлгээ хийж байгааг давхар баталж буй хэрэг юм.
-Жилд хэдий хэмжээний тогтвортой ноолуур, ямар үнээр экспортод гарч байна вэ?
-Одоогоор малчдын зургаан хоршооноос нийтдээ 20 орчим тонн ноолуурыг угааж, самнадаг дотоодын 4-5 үйлдвэрт хагас боловсруулаад Европын үйлдвэрлэгчдэд экспортлоод байна.
-Хоёр жилийн өмнө SFA-д гишүүн болох Johnstons of Elgin компанийн захирал Монголын зах зээл дээр ноолуурын үнэ хэрхэн тогтдогийг судлах зорилготой ирсэн. Цаашдаа Монголын ноолуурын өрсөлдөх чадварыг сайжруулахад SFA Монголын Засгийн газартай хамтарч ажиллах боломжийг зураглахгүй юу?
-Хоёр жилийн өмнө манай байгууллагын зохион байгуулсан хуралд Johnstons of Elgin компанийн захирал Саймон Коттон ирж оролцсон юм. Саймон Коттон бол манай байгууллагын ТУЗ-ийн гишүүн. Малчдаас эхлээд дундын зуучлагчид, ченжүүд, үйлдвэрлэгчид гээд нийлүүлэлтийн гинжин хэлхээний явцад ямар олон хүчин зүйл ноолуурын үнэ тогтоход нөлөөлж буйг олж мэдэхийг зорьсон байх. Монголын Засгийн газар дангаараа нийлүүлэлтийн гинжин хэлхээг бүхэлд нь харж, үнэд нөлөөлөгч хүчин зүйлсийг тогтооход амаргүй. Ялангуяа худалдан авалтын үнэд нөлөөлөхөд маш хүнд. Үүнийг манай байгууллага ч гэсэн одоогоор хэлэхэд эрт байна. Гэхдээ бид Засгийн газарт үнэд нөлөөлдөг дотоодын болон олон улсын хэмжээний хүчин зүйлсийг хэлж өгөх боломжтой. Хилийн дээс даваад ноолуур чухам ямар эргэлтэд ордог талаар Засгийн газар сайн мэдэхгүй байгаа. Бидний хувьд үүнийг тун тодорхой хэлж өгч хувь нэмрээ оруулж чадна. Ноолуур Монголоос гараад ямар шат дамжлагад ордогийг манай брэндүүд маш сайн мэддэг. Яагаад гэвэл манайхан Хятадад, Италид гээд олон улсад байгаа үйлдвэрүүдтэйгээ маш сайн тулж ажилладаг. Харин Монголд яг юу болдог талаар сайн мэддэггүй. Энэ бүгдийг олж харсны хувьд одоо хэлж чадах зүйл бол олон улсын том брэндүүд ямар нэг өртгийн сүлжээг дамжихгүйгээр Монголоос түүхий эд шууд худалдан авахыг хүсэж байна.
Монголын Засгийн газар нийлүүлэлтийн гинжин хэлхээг бүхэлд нь харж, үнэд нөлөөлөгч хүчин зүйлсийг тогтооход амаргүй
Хамгийн гол нь чанартай ноос, ноолуур чанартай боловсруулах үйлдвэрлэлээр дамжсан гэдгийг нотлохыг хүсэж байгаа юм. Нотолж чадсан цагт үйлдвэрлэгчид мөнгөний урсгалаа Монгол руу бага багаар чиглүүлэхээс өөр аргагүй болно. Энэ байгууллагыг Монголд байгуулсан нэг зорилго нь ч энэ. Дэлхийн нийт ноолуурын тал орчим хувийг Монгол нийлүүлж буйн хувьд анхдагч түүхий эд бэлтгэлээс эхлээд үйлдвэрлэл хүртэлх шат дамжлага бүрт нийлүүлэлт чамбайрах хэрэгтэй.
-Та бүхэн Монголд явуулж буй үйл ажиллагаагаа хэрхэн дүгнэх вэ?
-Монголд үйл ажиллагаа явуулснаас хойш буюу өнгөрсөн дөрвөн жилд бидний аливааг харах өнцөг, бодож боловсруулах арга барил, хандлага хөгжиж байна. Монгол бол нийгэм, эдийн засаг, уур амьсгал, түүхий эдийн үнийн савлагаа гээд олон төрлийн өөрчлөлтөд өртөж байгаа улс. Ийм цаг үед “Тогтвортой ноос, ноолуур эвсэл” ноолуурын нарийн түвэгтэй салбарт тулгарч буй асуудлын шийдлийг өөр өнцгөөс гаргаж өгөх боломжтой юм. Хэдийгээр бидний үйл ажиллагаа нарийн төвөгтэй, дардан биш ч гэсэн нэгэнт энэ шийдлийг нэвтрүүлчихвэл Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээл дээр тоглогч болох боломжтой. Олон улсад нэр хүндтэй тогтвортой үйлдвэрлэгчдийг төлөөлж буй олон улсын байгууллагын хувьд бид малчидтай тулж ажилласнаар үйл ажиллагаанд нь стандарт нэвтрүүлж өглөө. Нийлүүлэлтийн сүлжээний эхлэл цэг болох малчидтай, эцсийн цэг болох үйлдвэрлэгчидтэй шууд харилцаж байгаа нь бидний давуу тал. Ингэснээр дундын тоглогчидгүй болж, оновчтой хөрөнгө оруулалт хийх, зөв технологи нэвтрүүлэх, зах зээлийн зөв ойлголттой болох болно.
Mongolian Economy сэтгүүлийн №158 дугаараас авав.