“Шарк танк” нэвтрүүлгийн шүүгч гэдгээрээ олон нийтэд анх танигдсан MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин их сургуулиа төгссөн цагаасаа хойш нэг л компанидаа тууштай ажиллаж байгаа нэгэн. Тэр MCS групптэй анх холбогдсоноос хойш 23 жил өнгөрөөд байна. Тухайн үед буюу 1997 онд MCS компани 60 орчим ажилтантай байсан бол жил ирэх тусам өргөжсөөр өнөөдөр 9000-уулаа болжээ. Үе хоорондын ялгааны талаар их яригдах болсон энэ цагт “Y”, “Z” үеийнхэн ойр ойрхон ажлын байраа сольж, нэг газраа тогтвортой ажиллах сонирхолгүй болсон. Яг ийм үед Д.Энхтүвшин хүний нөөцийн туршлагаасаа хуваалцсан юм. Гэхдээ тэр өөрийн туршлагаа хуваалцахын өмнө богино тайлбар хэлэв.
“Хүмүүс намайг үнэхээр мундаг учраас “Шарк танк”-д шүүгчээр уригдсан гэж хүлээн авч, тэр цагаас хойш шарк Д.Энхтүвшин хэмээн дуудах болсон. Яг үнэндээ нэвтрүүлгийн бичлэг эхлэхээс хоёр хоногийн өмнө Батка, Номио хоёр надад хүсэлт тавьсан. Цаг нь тулсан байсан учраас тусалъя гэж бодоод л орчихсон хэрэг. Ийм л юм болсон” хэмээн даруухан өгүүллээ.
Ингээд түүний зөвлөгөөг хүргэе.
Өнгөрсөн хугацаанд би дээрээ удирдлагатай, доороо ажилтнуудтай ажиллаж ирсэн. Хоёр захиралтай байлаа. Нэг нь Ж.Оджаргал, нөгөө нь Г.Батцэнгэл (өдгөө “Energy Resource” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй). Харин яагаад би энэ хоёр хүнтэй урт удаан хугацаанд тогтвор суурьшилтай хамтран ажилласан талаараа хуваалцъя. Нэгдүгээрт, хийж буй ажлын маань утга учир юу вэ, юуны төлөө чиглэж, юунд зорьж буй вэ гэдэг нь тов тодорхой байсан учраас ажил маань надад үнэ цэнтэй санагддаг байсныг хэлэх хэрэгтэй. Заримдаа чиглэл, зорилго нь тодорхойгүй үед хүмүүсийн итгэл үнэмшил, ажлын бүтээмж нь буурч байгаа анзаарагддаг.
Ажилтнуудаа байнгын идэвхтэй, тогтвортой ажиллуулах чухал хүчин зүйлүүд гэж мэдээж бий. Тухайлбал, байнгын сорилтууд, тасралтгүй, завгүй, ачаалалтай ажиллуулдаг энэ нөхцөл байдал надад нөлөөлсөн гэж боддог. MCS группийн хувьд жил бүр шинэ бизнес нэмж, зарим жил бизнесээ менежментийн хувьчлалаар шилжүүлж байсан. Тэгэхээр чадвартай боловсон хүчнийг байнгын завгүй байлгах их чухал юм байна гэж надад бодогдсон. Өмнө нь би олон ч газар энэ тухай ярьж байсан. Зөв хүмүүсийг сонгон итгэл хүлээлгэж, боломж олговол тэд итгэл алдахгүйн тулд улам илүү бүтээмжтэй ажилладаг. Манай компанийн гол хувьцаа эзэмшигч болон үйл ажиллагааг удирдан авч явж буй захирлууд бүгд л MCS-д бага албан тушаалаас эхлэн тууштай ажилласан хүмүүс байдаг.
Хувь хүний хувьд анзаарсан өөр нэг зүйл бол хүн дандаа сайн явахгүй. Аливааг үргэлж зөв, алдаагүй хийнэ гэж байхгүй. Тиймээс хэрэв ажилтан тань алдаа гаргавал тэрхүү алдаагаа өөрөө олж харж, ухаарах боломжийг олгох хэрэгтэй санагддаг.
Ж.Оджаргал захиралтай хамтран ажилласан туршлагаасаа харахад тэр анхаарах ёстой асуудлууд, бодох ёстой цэгүүдийг өөрөө мэдэж байгаа хэдий ч хатгаж асууж чаддаг. Дараа нь бодоод байхад яг л анхаарал хандуулах ёстой асуудлуудыг олж, хатгаж асуусан байдаг. Түүний энэ чанар намайг өсөж хөгжихөд их хэрэг болсон.
Мөн хүн ганцаараа мундаг учраас гэж биш харин хамт олноороо, бүгдээрээ хамтарч байж энэ амжилтад хүрсэн шүү гэх мэдрэмж ажилтнуудад төрж байвал тухайн компанидаа илүү тогтвортой, үнэнч, сэтгэлтэй ажилладаг юм болов уу. Мэдээж хэрэг эхний жилүүдэд сурч, хөгжих нь чухал. Харин тодорхой хугацааны дараа тухайн ажилтанд эдийн засгийн хөшүүрэг чухал ач холбогдолтой болж ирдэг. Миний хувьд MCS группт ажиллаж эхэлснээсээ хойш таван жилийн дараа компанийнхаа хувьцаа эзэмшигч болж байлаа. Компанийнхаа тодорхой хувийг эзэмшиж эхэлнэ гэдэг ажилтны бүтээмжид сайнаар нөлөөлдөг. Би өөрийнхөө туршлагад үндэслэн энэ бүхнийг ярьж байгаа гэдгийг ойлгож байгаа байх. Энэ бүхэн анх ажилд орж байхдаа хонхны баяраараа өмсөх хослол худалдан авах боломжгүй байсан намайг өнөөдөр “Шарк танк” нэвтрүүлэгт шүүгчийн хувиар оролцож, тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийх боломж бололцоог олгосон.
Зөв хүмүүсийг сонгон итгэл хүлээлгэж, боломж олговол тэд итгэл алдахгүйн тулд улам илүү бүтээмжтэй ажилладаг.
Ямар ч байгууллагад мэдээллийн солилцоо гэдэг маш чухал. Ажлын харилцаанд бид дарга, цэрэг гэсэн дүрд орж, өдөр тутмын ажлаа үргэлжлүүлж байдаг. Гэхдээ үүнээс гадна албан бус орчинд мэдээлэл солилцох нь бас чухал санагддаг. Ингэж чадаж байвал ажилтнууд компанидаа ажиллах дуртай, итгэл үнэмшилтэй байх нэг томоохон хөшүүрэг болдог юм шиг. Албан бус орчинд мэдээлэл арай илүү солилцох тохиолдол бий. Байнга албан орчинд байснаар хүмүүс өөр хоорондоо хөндий, тухайн асуудлыг төдийгүй бие биеэ сайн таньж мэдэж чаддаггүй. Энэ нь байгууллагын уур амьсгалд нөлөөлдөг. Мөн хүний нөөцийн удирдлагууд ажилтнуудтай харилцахдаа өмнөх сайн, муу гэж бодсоноос үүдэлтэй үнэлэмж, шүүлтүүрүүдээ арилгах хэрэгтэй.