Саяхан би Монголын стартап компаниудын нэгэн уулзалтад оролцсон юм. Бизнесээ эхлүүлээд явж буй олон сайхан залуус цуглаж компаниа хэрхэн ажиллуулах, санхүүжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн борлуулах гэх мэтчилэн төрөл бүрийн сэдвээр ярилцлага хийж, туршлагатай бизнесүүдтэй уулзалт хийж байв.
Сонирхолтой нь, тэр арга хэмжээнд технологийн компаниудаас гадна хоол хүнс, тавилга, гэрэл зураг, медиа болон маркетинг, эрүүл мэндийн зэрэг янз бүрийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг компанийн үүсгэн байгуулагчид цугласан байсан. Тэд бараг бүгдээрээ өөрсдийн компанийг стартап гэж нэрлэж байв. Яагаад гэвэл тэд шинэ залуу, эрчтэй эхэлж буй бизнесийг стартап гэж нэрлэдэг гэсэн ойлголттой байх шиг надад санагдсан юм.
Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэл, ном зохиолоос болон бизнес эрхлэгчдийн төрөл бүрийн хурал, уулзалтын орчинд СтартАп компаниуд буюу стартапуудын тухай байнга олж үзэж, сонсож болно. Харин стартап гэж чухам ямар бизнесийг нэрлэх вэ, тэдгээр нь бусад жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний бизнесээс (ЖДҮ) чухам юугаараа ялгаатай вэ гэдгийг нарийвчлан хэлэлцсэн, бизнес эрхлэгчдэд бизнесийнх нь онцлогт таарсан удирдлага болон үйл ажиллагааны загвараа олоход тусалсан хэлэлцүүлэг, сургалт манайд ховор байна. Тиймд би энд өөрийн зарим нэмрээ оруулж, стартап компанийн бусад бизнесээс ялгагдах гол онцлог, ялгааны талаар олж мэдэж ирснээ хуваалцаж бичлээ.
Стартапыг өнөө цагийн даяарчлал, орчин үеийн мэдээллийн технологийн (МТ) хөгжлийн нөлөөнд бүрэлдэн бий болж буй дижитал соёл, дижитал эдийн засаг, дижитал зах зээлийн үе дэхь бизнесийн шинэ хандлага, загвар гэж хэлж болно.
Стартапууд гэх бизнесийг тодорхойлдог үндсэн шинж чанар бол тэдгээрийн өсөлтийн экспоненциал буюу тэсрэлтийн хурд юм. Амжилттай яваа стартап компаниуд хэдхэн жилийн дотор 100 дахин, олон тохиолдолд 1000 ба түүнээс ч олон дахин өсч чаддаг. Тиймд, стартапын бусад ЖДҮ бизнесээс ялгарах үндсэн шинж нь түүний өсөлтийн өндөр хурд, түүнд тохирсон бизнесийн удирдлага болон үйл ажиллагааны шинэ загвар, онцлогуудад байдаг гэж хэлж болно.
Тэгвэл чухам ямар бизнес маш богино хугацаанд тэсрэлтийн өндөр хурдаар өсөх боломжтой вэ?
Нэгдүгээрт, ямарваа нэг шинэ бизнес зөвхөн маш том, шинэ зах зээлд нэн богино хугацаанд бусдаас түрүүлэн гарч ирж чадвал тэсрэлтийн хурдаар томорч чадна. Тийм учраас стартапууд гол төлөв Интернэт, дижитал технологийн орчинд үүсдэг нь үүнтэй холбоотой. Шинэ бизнес зөвхөн дижитал орчин, Интернэтэд олон зуун сая, тэрбум хүнтэй том зах зээлд хурдан тэлэх боломжтой. Харин бусад ЖДҮ нь үндсэндээ тодорхой нэгэн зах зээл, хот, орон нутагтаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр байгуулагддаг учир богино хугацаанд нэн хурдан тэлэх боломж бага.
Хэрэв шинээр эхэлж буй бизнесийг түүний өсөлтийн арга замаар нь ялган харвал дээр өгүүлсэн уулзалтад оролцож байсан ихэнх компаниудыг стартап бизнес гэж тодорхойлохгүй. Харин тэд бол шинэ цаг үеийн, магадгүй Интернэт, дижитал технологийг үйл ажиллагаандаа эрчтэй ашигладаг компаниуд байж болно. Гэсэн ч тэд анхнаасаа тодорхой нэгэн нутаг дэвсгэр буюу хот, улсын хүрээнд ажиллах зорилттой бол тэдгээр нь, бидний ярьж бичдэгээр, ЖДҮ болон энтрепренер бизнесийн ангилалд хамаардаг.
Том зах зээлд, богино хугацаанд гарч, нэн хурдтай тэлэх зорилт нь стартап бизнесийн хоёр дахь гол онцлог шинж чанарыг дагуулна.
Энэ нь, стартап компанийн ард талд түүний хурдан өсөлтийг санхүүжүүлж, бизнесийн үндсэн эрсдлийг нь үүрдэг хөрөнгө оруулагчид заавал байдагт оршино.
Бусад бизнес буюу ЖДҮ нь гол төлөв өөрийн хөрөнгө болон банкны зээлээр санхүүждэг. Мөн нийгмийн чиглэлтэй энтрепренер компаниуд донорын мөнгөөр санхүүжих нь элбэг. Харин өөрийн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгөөрөө, эсвэл буцаан төлөгдөх банкны зээлээр том эрсдэл үүрч, шинэ зах зээлд гарч хурдтай тэлэх замаар явах боломж тэдэнд туйлын бага.
Стартапын хөрөнгө оруулагчид нь бусад хөрөнгө оруулагчдын нэгэн адил өндөр ашиг сонирхоно. Тэд стартапууд бол өндөр эрсдэлтэй ч тасралтгүй томорч буй шинэ зах зээлд түрүүлэн гарч өндөр ашиг олох боломжийг тооцдог хүмүүс. Жишээлбэл, Google, Facebook, Amazon, Uber, AirBnB зэрэг өнөө цагийн аварга компаниуд ердөө 5-20 жилийн өмнө бүгд стартап байдлаар эхэлж жил бүр 100 дахин, 10 жилд 1000-10000 дахин тэлэн томорч, анхны хөрөнгө оруулагчиддаа асар их ашиг өгсөн байдаг.
Стартапийн санхүүжүүлэгчид нь гол төлөв венчур капиталистууд, хөрөнгө оруулалтын төрөлжсөн сангууд байдаг.
Тэд нэг бус, зарим томоохон сангууд хэдэн арван стартапуудад хөрөнгө оруулалт хийж тэднээс зөвхөн цөөн хэсэг нь том амжилт олоход л өндөр ашиг олохоор төлөвлөж ажилладаг.
Санхүүжилтийнх нь энэ онцлогоос хамаараад стартап бизнесийн гурав дахь гол онцлог ялгаа гарч ирнэ. Нэгэнт хөрөнгө оруулагчид хамгийн өндөр эрсдэл хүлээж байдаг учир тэд компанийг өөрсдийн хяналтад байлгана. Тиймд стартап компанийг үүсгэн байгуулагчид нь хөрөнгө оруулагчийнхаа шаардлага, зорилгод үйл ажиллагаагаа нийцүүлэн, нягт хамтран ажиллана.
Хөрөнгө оруулагчид стартап компанийг санхүүжүүлэхдээ түүний удирдлага, менежмэнтэд өөрийн нөхцөл, дүрмийг тусгаж, компанийн удирдлагын багт өөрийн хүнийг оруулах нь түгээмэл. Жишээлбэл, тэд компанийн санхүү эрхэлсэн захирлаар өөрийн хүнийг ажиллуулж болно.
Мөн тэд стартапын удирдах багийн бүрэлдэхүүнд туршлагатай зөвлөх, менторуудыг урьж ажиллуулах нь элбэг. Тэгснээр, шинэ залуу стартап компанийн удирдлага, менежмэнт богино хугацаанд чадваржиж, баг нь илүү хурдан зүгширч, өндөр үр бүтээлтэй ажиллах бизнесийн соёл тогтдог.
Дүгнэвэл, стартап бол үүсгэн байгуулагчид нь хөрөнгө оруулагчаа олж, түүнтэй нягт хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчийнхаа оролцоо, шаардлага, хяналтыг хүлээн зөвшөөрч ажилладаг компани гэж хэлж болно.
Компани дахь хөрөнгө оруулагчийн өндөр эрх, үүргээс үүдэн стартапын бусад бизнесээс ялгарах дөрөв дэхь гол ялгаа гарч ирнэ. Энэ нь түүний бизнес хөгжлийн төлөвлөлт, стратегийн онцлогтой холбоотой.
Стартапын үүсгэн байгуулагчид нь анхнаасаа бизнесээ эсвэл бизнесийн эхний үе шатаа хэрхэн дуусгах вэ гэдгээ төлөвлөсөн байдаг.
Жишээлбэл, тэд анхны хөрөнгө оруулагчдаа олж компаниа зохих түвшинд хүргээд зарна, эсвэл бүр том хөрөнгө оруулагчийг олж шинэ үе шатыг эхлүүлнэ гэх зэргээр компанийнхаа амьдралын мөчлөгүүдийг урьдчилан тооцож төлөвлөсөн байдаг. Ийм төлөвлөгөөг хаалтын стратеги (exit strategy) гэнэ.
Ямар ч хөрөнгө оруулагч тодорхой хугацааны дараа оруулсан хөрөнгөө ашигтайгаар буцаан авахаар төлөвлөж байж бусдын бизнесийг санхүүжүүлдэг. Хэдийгээр тэд компанид хувь эзэмшсэн хэвээр байж болох ч хурдтай өсч томорч буй бизнест тасралтгүй шинэ санхүүжилт шаардагдаж болно. Ийм тохиолдолд компани шинэ хөрөнгө оруулагчдыг үргэлжлүүлэн татна. Компани хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах (IPO) нь үүний нэг хэлбэр.
Стартапын үүсгэн байгуулагчид болон анхны хөрөнгө оруулагчид нь хөрөнгийн зах зээл дээр амжилттай өсч буй шинэ компанийнхаа хувьцааг гаргаж, эсвэл компаниа том компани, дараагийн том хөрөнгө оруулагчдад зарах замаар хаалтын стратегиа хэрэгжүүлдэг.
Ердийн ЖДҮ бизнес хаалтын стратегитай байх нь ховор. Жишээлбэл, өөрийн ресторанаа эхэлж буй хүн гурван жилийн дараа бизнесээ зарна, эсвэл өөр хүнд шилжүүлнэ гэж төлөвлөх нь ховор. Тэд өөрсдийн бизнесийг урт хугацаандаа, ер нь насан туршдаа хийнэ, өөрийн байлгана гэж бодож төлөвлөх нь зүй тогтол.
Стартап компанийн эдгээр дөрвөн үндсэн онцлог нь түүний удирдлага, менежмэнт, тэр бүү хэл зах зээлтэй харьцах байдлыг бусдаас өөр болгодог. Эдгээр онцлог ялгааг олж харснаар тухайн компани нь стартап уу, эсвэл, өндөр хурдтай өсөн тэлж буй ЖДҮ юу гэдгийг ялган харах боломжтой.
Төгсгөлд нь, хэрэв та стартапаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол дараах асуултуудыг өөрсдөөсөө эхлэн асуугаарай.
Таны бизнес –
- Маш том зах зээл дээр гарч хурдан тэлэх боломжтой юу?
- Хөрөнгө оруулагчдыг татах шинэ санаа, боломжийг агуулсан уу?
- Хөрөнгө оруулагчийн нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч ажиллахад бэлэн үү?
- Хаалтын стратегитай юу?
Эдгээр асуултад тийм гэж хариулсан бол та бизнесээ стартап хэлбэрээр зохион байгуулж ажиллахаар замдаа гарахад буруутах зүйлгүй. Тэр тохиолдолд, таньд болон таны баг, хамтрагчдад амжилт хүсье!