Цахилгаан шатаар зорчиж яваад та нөлөө бүхий томоохон удирдах албан тушаалтантай таарлаа гэж бодъё. Танд өөрийгөө танилцуулах цөөн хором байна. Энэ үед та өөрийнхөө талаар, магадгүй ойрын хугацаанд төлөвлөсөн зорилгынхоо тухай танилцуулахад бэлэн үү? Хэрэв бэлэн биш гэж хариулахаар зэхэж байгаа бол яг одооноос ийм тохиолдолд өөрийгөө товч, тодорхой танилцуулах чадварт суралцаарай гэж зөвлөе. Товчхондоо, хэзээ ч, хаана ч өөрийгөө яв цав танилцуулж чаддаг байх хэрэгтэй. “Өөрийн эрхэм зорилгыг цамцан дээр хэвлэсэн лого мэт тодорхой болгох хэрэгтэй” хэмээн орчин үеийн менежментийн эцэг гэгддэг, XX зууны нөлөө бүхий сэтгэгч Питер Дракер ч мөн үүнтэй төстэй санааг илэрхийлж байв.
“Би хувь хүний богино танилцуулгаа (pitch) энэ зөвлөмжийн дагуу бэлдэж хэд хэдэн удаа туршиж үзэхэд үр дүн нь гайхалтай байсан” хэмээн бизнес хөгжлийн зөвлөх бөгөөд өдгөө Английн Сасексийн их сургуульд хөгжлийн бодлого судлалаар магистрын зэрэг хамгаалахаар суралцаж буй Б.Ариунсанаа өөрийн түүхээс хуваалцсан юм. Тус сургууль хөгжлийн бодлого судлалын хөтөлбөрөөрөө дэлхийд тэргүүлдэг учир доктор, профессорууд нь ч мөн салбартаа шилдэгт тооцогдох дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд байдаг. Тиймдээ ч судалгааны ажлаа туршлагатай профессороор удирдуулах нь эндхийн цорын ганц монгол оюутан түүний хувьд тун чухал байлаа. Энэ ч утгаараа тэрбээр 1990-ээд оны үед Монголд ирж, гурван жилийн турш анхны хандив тусламжийн төслүүдэд ажиллаж байсан ба өдгөө Сасексийн их сургуульд багшлахын хажуугаар олон улсын байгууллагад зөвлөхөөр ажиллаж, хэд хэдэн онолын боловсруулалтад төвлөрөн, томоохон хэмжээний судалгааг ахалдаг маш завгүй эрхмийг удирдагч багшаа болгохоор онилсон байв. Нэгэн өдөр Б.Ариунсанаа сургуулийнхаа кафед хоол авахаар дугаарлахдаа мөнөөх профессорын яг ард зогсож таарав. Тэр “Зоримог эмэгтэй” номыг уншсан байсан учир уг номонд зөвлөсний дагуу өөрийнхөө талаар товч танилцуулгыг хэдийнэ бэлтгэсэн байв. Тиймээс ч олдсон боломжийг ашиглан профессорт өөрийгөө тун тодорхой танилцуулж амжжээ. Судалгааны ажил нь яагаад ач холбогдолтой болох, мөн профессорын хувь нэмэр ямар чухал байж болохыг товчхон танилцуулснаас хойш хоёр өдрийн дараа тэр захиа хүлээн авлаа. Мэдээж хэрэг мөнөөх профессороос. Тэрбээр судалгааны ажлыг нь удирдах боломжтой гэдгээ захиандаа тодорхой хариулжээ.
Урагш тэмүүлэх, өсөн дэвшихэд зоримог үйлдлүүд ямагт шаардагдана.
Энэ бол тун саяхан орчуулагдаж, уншигчдын гарт хүрээд буй “Зоримог эмэгтэй” (How women rise) номонд багтсан хэрэгжүүлж болохуйц, бодит амьдралаас урган гарсан олон гайхалтай зөвлөмжийг дагаж үр дүнд хүрсэн тоо томшгүй жишээний зөвхөн нэг нь. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн көүч Салли Хелгесен, Маршалл Голдсмит нарын хамтын бүтээл болох уг ном нь 2018 онд хэвлэгдэн гарсан даруйдаа олон улсад борлуулалтаараа тэргүүлж эхэлжээ. Өнгөрсөн хэдэн арван жилийн турш тэд олон мянган хүнийг зорьсондоо хүрч, карьерын өсөлт үзүүлэхэд нөлөөлж чадсан бөгөөд энэхүү туршлагадаа үндэслэн “Зоримог эмэгтэй”-г бичсэн байна. Гэхдээ бага зэрэг онцлогтой. Уг номыг та байдаг л нэг хувь хүний хөгжлийн номуудтай андууруузай.
Салли Хелгесен 30 жилийн турш дэлхийн олон орны эмэгтэйчүүдэд манлайлах ур чадвараа хөгжүүлэхэд нь тусалж, мөн компанийн удирдлагуудад чадварлаг эмэгтэй ажилтнуудаа хэрхэн тогтоох талаар зөвлөгөө өгч иржээ. Энэ хооронд түүнд хамгийн алдартай эмэгтэй удирдагчидтай хамтран ажиллах боломж нэг бус удаа гарч байв. Тэрбээр карьерын эхэн үед нь зайлшгүй хэрэг болж байсан зуршлууд тодорхой өндөрлөгт хүрсний дараа эргээд садаа болдгийг ухаарсан нэгэн.
Маршалл Голдсмит 2007 онд бичсэн “Хуучин чадварууд тань шинэ амжилт руу хөтлөхгүй” номондоо амжилтад хүрсэн хүмүүсийг цааш өсөн дэвшихэд саад болдог 20 зуршлыг анх удаа тодорхойлжээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр дэлхий даяар аялж, сургалт орж явахдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амжилтаас чангаадаг зуршлууд өөр хоорондоо харилцан адилгүй болохыг анзаарсан байна. Энэ нь түүнийг Салли Хелгесентэй хамтран “Зоримог эмэгтэй”-г бичихэд хүргэжээ.
Хүн бүр ажилд анх орсон цагаасаа эхлээд л карьерынхаа турш тодорхой дадал зуршлыг бий болгосон байдаг. Энэхүү дадал зуршил хийгээд онцлог ур чадвар, зан чанар маань нийлж бидний амжилтын түүхийг бүтээдэг. Мэдээж үүнээс өөр олон хүчин зүйл бий. Ихэнх хүн өөрийг нь тодорхой амжилтад хүргэсэн тэр л дадал зуршил, онцлогоо яг хэвээр нь хадгалж, урагш зүтгэх ёстой гэж боддог. Магадгүй та ч бас тэгж боддог байж мэднэ. Харин “Зоримог эмэгтэй” номонд энэ бодлоосоо нэн даруй ангижирч, өөрийн нөхцөл байдалдаа оюун дүгнэлт хийж, өөрөө өөрийгөө яг байгаагаар нь тольдохыг хүсчээ. Нэг газраа гацчихаад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болсон мэт мэдрэмж танд төрдөг үү? Тэгвэл энэ ном танд зориулагдсан.
Хэзээ ч бүү хана буюу тухтай бүсээсээ сугар
Энд бас нэг зүйл тодруулахыг хүслээ. Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн карьерын замнал, өсөн дэвших явцад тулгардаг бэрхшээл өөр хоорондоо ялгаатай байдгийг номын зохиогчид олон жилийн турш манлайлагч, удирдагчидтай хамтран ажилласан туршлагынхаа үр дүнд олж ажигласан юм. Мэдээж үүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өөртөө хэвшүүлсэн зуршил, зан хандлагын ялгаа нөлөөлж буй. Заримдаа бид өөрөө ч мэдэлгүйгээр аливаа зуршлыг өөртөө хэвшүүлсэн байдгийг мөн санахад илүүдэхгүй. Тиймээс ч энэ чиглэлээр хамтран ном бүтээхээр тэд сэтгэл шулуудаж, эмэгтэйчүүдийг урагш ахиж, ажлын талбар дээр цааш өсөн дэвшихэд саад болдог 12 нийтлэг зуршлыг танилцуулжээ. Ингэхдээ эдгээр зуршлыг бодит жишээнд тулгуурлан дэлгэрэнгүй тайлбарлаж, яагаад биднийг хойш нь чангааж байдгийг ойлгуулаад зогсохгүй өөрийн дотоод нөөц бололцоогоо задлан шинжилж, хэрхэн одоогийн нөхцөл байдал, тухтай бүсээсээ сугаран гарч амжилт, өсөлт хөгжил рүү улам бүр дөтлөхөд тань туслахыг зорьжээ. Нэмж хэлэхэд уг ном эмэгтэйчүүд төдийгүй тэдэнтэй хамтран ажилладаг, манлайлж, өсөхөд нь тусалж дэмжихийг зорьж, ажлын хамтрагчаа ойлгохыг хүсэж буй эрчүүдэд ч мөн зориулагдсанаараа онцлог юм.
Биднийг хойш чангаагч 12 зуршлыг тэд дараах байдлаар нэрлэжээ.
- Амжилтаа илчлэхээс зайлсхийх
- Хувь нэмрийг тань хэн нэгэн олж харж, сайшаахыг хүлээх
- Мэргэшилд хэт ач холбогдол өгөх
- Үр ашгийг үл тоох
- Холбоотнуудтай болохоос алгуурлах
- Ажлаа карьераасаа илүү чухалчлах
- Төгс төгөлдрийн занганд орох
- Бусдад таалагдах гэсэн өвчин
- Жижгэрэх
- Хэтэрхий их
- Хэт санаашрах
- Орчин тойрондоо сатаарах
“Зоримог эмэгтэй”-г уншиж, санаа, зөвлөмжүүдээс нь ажил, амьдралдаа хэрэгжүүлээд эхэлсэн эмэгтэйчүүд “Номыг уншиж байх явцад яг л өөрийнхөө тухай уншиж буй мэт сэтгэгдэл төрж байлаа” хэмээн бараг бүгд нэгэн дуугаар хэлж байв. Ингээд эдгээр 12 зуршлын тухай бүгдийг нэгбүрчлэн тоочиж таныг чилээлгүйгээр номын талаар баримжаа өгөхүйц сонирхолтой өнцгүүдийг хүргэе. Харин үлдсэнийг нь та мэдээж хэрэг “Зоримог эмэгтэй”-гээс өөрөөс нь асуугаад үзээрэй.
Өнөөдрийг биш маргаашийг хар
Латин Америкийн орнуудын болон АНУ-ын дээд түвшний удирдлагуудад зөвлөгөө өгдөг Карлос Мартин “Эрэгтэй удирдах албан тушаалтнууд ирээдүйн карьерт нь хэрэг болох хүмүүстэй харилцаагаа бэхжүүлэхэд анхаарч байхад, эмэгтэй удирдлагууд идэвхтэй цагийнхаа ихэнхийг багийн менежментэд зарцуулдаг” хэмээн хэлсэн нь одоо бидний хөндөх гэж буй сэдвийн гол зангилаа гэмээр өгүүлбэр. Эмэгтэйчүүд зөвхөн одоо хийж буй, өдөр тутмын ажилдаа анхаарч цаашид карьер, ажил, амьдралд эергээр нөлөөлж болох боломж, холбоогоо зузаатгах боломжуудыг алдаж байдаг ажээ. Тэгэхээр зөвхөн өнөөдрөө биш маргаашийг харж, асуудлыг илүү өргөн цараа, алсын хараатайгаар авч үзэх нь чухал. Энэ талаар номонд “Урт хугацааны төлөвлөгөөндөө анхаарахгүй бол насаараа туслах ажилтан хийж магадгүй” гэж онцолсон байв.
Өөрийгөө сурталчил
Энэ хэсэгт олныг үл нуршин “Зоримог эмэгтэй” номын эшлэлүүдээс шууд хүргэе.
Өөрийгөө үр дүнтэй байдлаар сурталчлах нь огтхон ч ичмээр зүйл биш төдийгүй шат ахих түлхүүр юм.
- Хэзээ нэг өдөр хэн нэгэн таны хийж бүтээснийг олж харан, үнэлэхийг хүлээлгүйгээр гаргасан амжилтаа бусдад хэлж, анхаарлыг нь татахын төлөө хичээн ажилла.
- “Залуу бүсгүйчүүдийн хамгийн том сул тал юу вэ?” гэсэн асуултад бүгд “Хэзээ ч түрүүлж дуугардаггүй. Бас бусдад ололт амжилтаа таниулахдаа тааруу. Ижил түвшинд ажилладаг залуустай харьцуулахад тэд шаргуу хөдөлмөрлөдөг ч гүйцэтгэлээ үнэлүүлэхдээ маруухан” гэж хариуллаа.
- …өдгөө хэдийн өндөр насыг зооглосон эмэгтэйчүүд анхнаасаа бусдынхаар байсан бол өнөөдөр удирдах албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийн тоо тэгтэй тэнцэх байв. Урагш тэмүүлэх, өсөн дэвшихэд зоримог үйлдлүүд ямагт шаардагдана. Тиймээс онгироо зан гавьдаггүйтэй адил өөрийгөө агшаан байж бусдын хүлээлтэд нийцэх нь ч танд болон бусад эмэгтэйчүүдэд ямар ч нэмэргүйг сана.
Угтаа өөрт үнэ цэнтэй, урам зориг өгдөг ажлаа хийх зуураа авьяас, чадвараа нэмэгдүүлэхийг хичээх эрмэлзлийг амбиц гэж хөрвүүлбэл зохино.
Өөрийн үйл хэрэг, амжилтыг бусдад таниулах талаар ярьж байгаа тохиолдолд амбицын тухай ч мөн ярьж таарна. Монголчуудын дунд амбиц хэмээх энэ үгийг сөрөг байдлаар хүлээн авч, ойлгох тохиолдол бишгүй. Харин “Зоримог эмэгтэй” номын орчуулагч, редакторуудын нэг төдийгүй “Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн”-гийн хөтөлбөрийн ахлах менежер Б.Бөрт-Үжин “Би амбицыг саад бэрхшээлийг даван туулж, хүнд хэцүүг тэвчих сэтгэлийн хат өгч, тууштай байдал, эрч хүчийг бэлгэддэг эерэг үг гэж боддог хүмүүсийн нэг” хэмээн хариулсан юм. Тэгвэл энэ талаар тус номонд юу гэж өгүүлснийг сонирхъё.
- Эмэгтэйчүүд яагаад амбиц гэдэг ойлголтыг өөрсдийнхөөрөө буулгаж тайлбарладаггүй нь хачирхалтай. Ажлаа сэтгэл ханамжтайгаар хийж, эргэн тойрондоо болоод нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрахыг хүсдэгээ яагаад “амбиц”-тай холбож болохгүй гэж? Амбицтай байна гэхээр л биеэ тоосон, хувиа хичээсэн, итгэл даахааргүй хүн гэсэн үг биш шүү дээ. Угтаа өөрт үнэ цэнтэй, урам зориг өгдөг ажлаа хийх зуураа авьяас, чадвараа нэмэгдүүлэхийг хичээх эрмэлзлийг амбиц гэж хөрвүүлбэл зохино.
- Амбицтай байх нь буруу, бусдын итгэлийг алддаггүй, урмыг нь хугалдаггүй хүнийг л сайн хүн гэнэ, эмэгтэйчүүд үргэлж нэг нэгэндээ үлгэр дуурайл үзүүлэх ёстой… Энэ бүхэн нь өнөөх л эмэгтэй хүн бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүрт тавих ёстой гэсэн хэвшмэл ойлголтоос үүдэлтэй. Харин та амжилтыг тань хойш чангаах иймэрхүү хуучинсаг ойлголтууд, итгэл үнэмшил, хүлээлтэд баригдсаар байгаа юм биш биз?
Санаачлагыг гартаа ав
“Миний хувьд эдгээр 12 зуршлаас хамгийн ѳѳрт ойрхон, ѳмнѳ нь анзаарч байгаагүй зуршил бол ‘Холбоотнуудтай болохоос алгуурлах’. Энэ нь нэг ёсондоо бусдад тѳвѳг удахгүй, ѳѳрѳѳ бүгдийг судалж сурахаар хичээж буйг хэлж байгаа хэрэг. Ялангуяа шинээр ажил хариуцаж авсан үедээ энэ ажлыг хэн хамгийн сайн мэдэх вэ? Би хэнтэй танилцаж ямар асуултыг асууж болох вэ? гэж бодохын оронд тухайн ажилтай холбоотой бүхнийг өѳрѳѳ бие даан сурч мэдэхийг хичээж байснаа ойлгосон. Нэг үгээр хэлбэл, ажилдаа тохирохгүй, сайн судлаагүй гэх сэтгэгдэл бусдад тѳрүүлэхгүй гэсэндээ ѳѳрийгѳѳ зовоодог байсан гэсэн үг” хэмээн олон улсын зэрэгтэй көүч, “Номиотой ярилцъя” подкастын автор Ж.Номин хэлж байна.
Өөрийгөө үр дүнтэй байдлаар сурталчлах нь огтхон ч ичмээр зүйл биш төдийгүй шат ахих түлхүүр юм.
Харин PwC Mongolia-ийн ахлах хуульч Р.Мөнхжаргал “Зоримог эмэгтэй” номыг уншиж байхдаа ажилдаа шууд авч хэрэглэж болохуйц олон санааг тэмдэглэн авчээ. Гэхдээ тэдгээрээс “Хэрвээ та амжилтаа бусадтай хуваалцаж, зарлахаас санаа зовдог бол “би” бус “бид” гэдэг зуршилтай нэгэн болж таарна. Таны амжилтын ихэнх хувь нь эсвэл бүхэлдээ танаас шалтгаалсан байсан ч эелдэг боловсон хүний хувьд та “бид” гэдэг үгийг л ашигладаг байх. Зарим тохиолдолд ингэх нь илүү тохиромжтой байж болох ч, ихэнхдээ оруулсан хувь нэмрийг тань бүдгэрүүлж, таныг “жижгэрүүлдэг” гэдгийг санаарай” гэсэн хэсгийг тэр илүүтэй онцлоод энэхүү эшлэлээс үүдэн нэгэн зөв алхам хийснээ бидэнтэй хуваалцсан юм. Тун саяхан нэгэн төслийн багт орж ажилласны дараа багийн гишүүдийн нэг нь ажлын үр дүнгээ дүгнэхийг сонсоод Р.Мөнхжаргал өөрийнх нь дуугүй, боловсон, юу хийж, бүтээснээ ярьдаггүй байдал эцэстээ ямар үр дүнд хүргэдгийг, мөн энэ зан чанараа өөрчлөх ёстойг зөвлөсөн “Зоримог эмэгтэй” номын хэсгээс уншсанаа санаж, зөвлөгөөг тэр дор нь хэрэгжүүлж, төслийн хүрээнд хэрхэн ажилласнаа дүгнэн хэлжээ. Үүний дараа тэр ердийнхөөсөө илүү сэтгэл хангалуун байсан төдийгүй чухал ажлын ард гарсан мэт сэтгэгдэл төрсөн гэдгээ тодотгож байв. Та ч бас эдгээр бүсгүйчүүдтэй адил өөрт буй боломж, нөөц бололцоогоо чинээнд нь тултал ашиглах чадвартай нэгэн гэдгээ бүү мартаарай.
Зургийг А.Намсрай
Баярлалаа маш сайхан нийтлэл болсон байна.