(Английн The Economist сэтгүүлээс онцгой эрхтэйгээр нийтэлж байна)
Covid-19 дэлхийн эдийн засгийг вирустүүлж буй энэ үед түүнийг хэрхэн сэргээх боломжтой вэ.
Хоёрдугаар сарын сүүлчийн долоо хоногт дэлхийн санхүүгийн зах зээл Covid-19 вирусийн аюулын харанганд өртсөн бол гуравдугаар сарын эхний долоо хоногт бодлого тодорхойлогчид ажилдаа ханцуй шамлан орлоо. Дэлхийн ДНБ буурах нь тодорхой болж, санхүүгийн үймээн, зээлийн боломж буурах эрсдэл үүссэнээр төв банкууд 2007-2009 оны санхүүгийн хямралын үеийнхтэй адилаар бодлогын хүүгээ бууруулахад хүрэв.
АНУ-ын Холбооны нөөцийн банк гуравдугаар сарын 3-нд буюу мөнгөний бодлого хэлэлцэх товлосон уулзалтаасаа хоёр долоо хоногийн өмнө бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар буурууллаа. Австрали, Канад, Индонезийн төв банк мөн хүүгээ буруулсан бөгөөд Европын төв банк болон Английн банкууд мөн ижил арга хэмжээ авах хандлагатай байна. Холбооны нөөцийн банк хүүг цаашид ч бууруулах төлөвтэй байна. Морган Стэнли банкны боловсруулсан дэлхийн нэгдсэн мөнгөний бодлогын хүү 2019 оны сүүлчээр 2%, оны эхэнд 1% байсан бол зургадугаар сард 0.73% болж буурах төлөвтэй байна.
Гэвч хүүг бууруулах энэхүү гэнэтийн арга хэмжээ нь хямралын шийдэл биш байх гэсэн түгшүүр бий. Нэг талаараа хүүгийн хэмжээ угаас маш бага хэмжээнд очсон. Хямралыг итгэлтэй даван туулахын тулд илүү олон “зэвсэг”-тэй байх гэсэн алтан дүрэм байдаг. 2008-2010 онд дэлхийн нэгдсэн бодлогын хүү гурван хувиар буурч байсан. Өнөөдөр Америкаас бусад баян орнуудад хүү бараг 0 хувьтай, түүнээс ч бага байна. Холбооны нөөцийн банкны хувьд хүүг бууруулах хязгаарлагдмал бололцоотой байгаа нь тэдний авсан сүүлийн арга хэмжээнээс хойш хувьцааны үнэ сэргэхгүй байгаагаас харагдлаа.
Мөн эрэлт, нийлүүлэлт, итгэлцлийн нөлөөнөөс шалтгаалсан эдийн засгийн цочролын өвөрмөц шинж чанараас үүдэн түгшүүртэй байдал бий болоод байна. Цочрол хэр удаан хугацаанд үргэлжлэх нь вирусийн тархалт, эл тархалтыг хязгаарлахаар эрүүл мэндийн салбарын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс ихээхэн хамаарна. Бодлого тодорхойлогчдын хувьд хүүг бууруулах нь нэг арга зам мөн ч түр хугацааны боловч нэн хүнд бэлэн мөнгөний хомсдолтой нүүр тулаад буй бизнес эрхлэгч, хувь хүмүүст туслах зорилгоор төсөв, санхүүгийн арга хэмжээ авах шаардлагатай.
Вирусийн халдварын улмаас ажиллах хүч, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт тасалдсанаар эдийн засагт хохирол учирч байна. Хүмүүс өвдөж, сургууль хаагдаж, эцэг эхчүүд гэртээ байхаас өөр аргагүй байдалд оров. Хөл хорионоос шалтгаалан албан газрууд бүрмөсөн хаагдах эрсдэл бий. Эдгээр нь эрэлтийн нэлээн том нөлөөллийг дагуулах болно. Өвчтэй хүмүүс гэрээсээ гарах нь багасч, худалдан авалт буурах зэрэг нөлөөллөөс зайлсхийх аргагүй. Ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнүүд ч эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлана. Бусад хямралаас ялгаатай нь хэрэглэгчдийн гар дээрх бэлэн мөнгийг нэмэгдүүлснээр хямралыг давахад төдий л тус болохгүй. Вирусийн тархалт намжсаны дараа л эдийн засгийн идэвх, үйл ажиллагаа хэвийн байдалдаа орно.
Түүнээс гадна маш олон дам нөлөөлөл бий болж байна. Компани болон айл өрхүүд бэлэн мөнгөний хомсдолд орох болно. Америкийн 2000 компанийн жишээг авч үзье. Гурван сарын хугацаанд орлого буурлаа гэж үзэхэд компаниуд тогтмол зардлаа төлөх ёстой. Улирлын турш зардлаа нөхөх нэмэлт мөнгөний нөөц байхгүй бол мөнгө зээлэх эсвэл цомхотгол хийх сонголттой үлдэнэ. Зарим нь дампуурна. Төв банкуудын клуб буюу Олон улсын тооцооны банкны (Bank for International Settlements-BIS) судлаачид баян ертөнцийн компаниудын 12-оос дээш хувь нь хүүгийн төлбөрөө төлж чадахааргүй хэмжээний бага орлоготой байна гэсэн тооцоог хийжээ.
Маш олон ажилтнууд мөн адил аюулгүй байдлаа хангах нөөц байхгүй. Тэдний хувьд моргэйжийн төлбөрөө төлөх, хэрэгцээт бараа бүтээгдэхүүн худалдан авах шаардлагатай ч орлого, ажлын байраа алдах эрсдэлтэй нүүр тулгарч байна. Холбооны нөөцийн банкны судалгаагаар Америкийн насанд хүрсэн 10 хүний нэг нь 400 ам.доллар буюу ажлын хоёр өдрийн цалинтай тэнцэх хэмжээний тооцоолоогүй нэмэлт зардлыг нөхөж чадахгүй бөгөөд санхүүгийн боломждоо санаа зовсон ард иргэд мөнгөө зарцуулах бус хадгалж эхэлснээр компаниудын нөхцөл байдлыг улам бүр дордуулна.
Эдийн засгийн идэвхид үзүүлэх цохилтыг загварчлах нь амар ажил биш. Халдварын тархалт нь бусад орнуудаас нэг сараар түрүүлж яваа Хятад улсын хувьд худалдан авагч менежерийн индексийн судалгаанаас харахад хоёрдугаар сарын үйлдвэрлэлийн гарц анх 2004 онд судалгаа авч эхэлснээс хойших хамгийн муу үзүүлэлттэй гарсан байна. Нэгдүгээр улирлын ДНБ-ий хувьд 1976 онд Мао Зэдун нас барснаас хойш хамгийн их буурсан тохиолдол болох төлөвтэй байна.
Судлаачдын үзэж буйгаар гарцын огцом уналт олон улсад ажиглагдаж байна (хүснэгт 1). Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн эхний улиралд 2.5%-иар буурна гэж Голдман сакс банк тооцоолсон байна. Азаар вирусийн тархалт зогсвол энэхүү уналт зогсох боломжтой. Гэвч эдийн засгийн сэргэлтийн хурд, хэмжээ нь дам нөлөөлийн эсрэг авсан арга хэмжээнүүдээс ихээхэн хамаарна.
Тийм ч учраас төв банкууд болон сангийн сайдууд илүү зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлж байна (хүснэгт 2). Тэдгээр нь ерөнхийдөө дараах гурван төрлийн арга хэмжээ байна. Үүнд: зээлийн урсгалыг банк, мөнгөний захуудаар дамжуулан саадгүй явуулах бодлого; компаниудын түрээс, татвар зэрэг тогтмол зардалд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ; цалингийн зардалд татаас өгөх маягаар ажилчдыг хамгаалах зэрэг юм.
Зээлийн урсгалын хувьд Төв банкууд болон санхүүгийн зохицуулагчид зах зээлийг зогсонги байдалд оруулахгүйн тулд шаардлагатай хүмүүсийг хөрөнгийн эх үүсвэрээр хангах үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Японы төв банк гуравдугаар сарын 2-нд 500 тэрбум иенийг (4.6 тэрбум ам.доллар) зээлжих боломжоо нэмэгдүүлэхээр мөнгөний зах зээлдээ нийлүүлсэн байна. Хятадын Ардын банк 800 тэрбум юанийг (115 тэрбум ам.доллар, ДНБ-ий 0.8%) вирусийн тархалтад өртсөн компаниудад зээл олго хэмээн банкуудад зээлсэн бөгөөд зээл авах гэж буй компаниудад тавих шаардлагыг бууруулахыг тэдгээр банкаас хүссэн юм.
Дараагийн авч буй арга хэмжээ нь компаниудын тогтмол зардалд засгийн газраас тусламж үзүүлж байгаа явдал юм. Сингапурын хувьд аж ахуй нэгжийн орлогын албан татварыг чөлөөлөх, худалдааны төвүүдийн түрээсийг хөнгөлөх, татвараас чөлөөлөхөөр төлөвлөж байна. БНСУ цалингаа тавьж чадахгүй байгаа компаниудад бэлэн мөнгө олгоно. Итали улсын хувьд эргэлтийн хөрөнгө нь 25%-иар буурсан компаниудад татварын зээл санал болгоно. Хятад улсад төрийн эзэмшлийн газар эзэмшигчдийг түрээсийн төлбөрөө тэглэх, харин хувийн хэвшлийн газар эзэмшигчдэд түрээсээ бууруулахад нь татаас өгнө гэдгээ мэдэгдсэн.
Сүүлийн арга хэмжээ нь ажлаас халагдахаас сэргийлэх, тогтвортой орлогоо хадгалахад ажилтнуудад туслахад чиглэнэ. Хятадын засгийн газраас нийгмийн даатгалын хураамжаа түр хугацаагаар зогсоосон. Япон улс хүүхдээ харах, гэр бүлийн өвчтэй гишүүнээ асрах зорилгоор чөлөө авсан ажилтнуудад цалин олгоно. Сингапур улс халдвар авсан ажилтнуудын ажил олгогчид буцалтгүй тусламж олгоно гэдгээ зарласан байна.
Өнөөдрийн байдлаар энэ мэт бодлогыг хэрэгжүүлэхээр зарлаад байгаа ч хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй. Вирус тархахын хэрээр бодлогын хүү улам буурах ч эдийн засгийг сэргээх илүү цогц арга хэмжээг системтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай.