Дэлхийн эдийн засаг цочролд орох үед цаашид юу болохыг мэдэхийн тулд Уолл Стрийт түүх сөхөж хардаг. БНХАУ дахь коронавирусийн дэгдэлт нь биднийг үүнтэй төстэй цочрол буюу SARS-тай харьцуулалт хийхээс өөр аргагүй болгож байна. 2003 онд Хятадын эдийн засаг гэнэт саарсан боловч дараа нь огцом өссөн. Коронавирусийн халдвар SARS-аас олон хүний амийг авч одоод байгаа хэдий ч эдийн засгийн нөлөө нь ижил байх болов уу хэмээн хөрөнгө оруулагчид найдаж буй.
Халдварын голомт болох Хубэй мужид хоёрдугаар сарын 13-нд 14,840 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь вирусийн шинжилгээнээс гадна компьютер томограф шинжилгээ хийж эхэлсэнтэй холбоотой юм. Статистикийн мэдээлэлд будилаан багагүй байгаа ч Хубэйгээс бусад мужид илрэх тохиолдол буурч, нийт сэжигтэй тохиолдлын тоо цөөрөх хандлагатай байгаа нь шинээр халдвар авагчдын тоо буурч байгааг харуулж буй.
Тиймээс ихэнх эдийн засагч дэлхийн эдийн засаг жилийн турш өсөлттэй байна гэсэн таамгийг дэвшүүлэв. Эдийн засгийн хэтийн төлвийг илтгэдэг Хятадын үнэт цаас, түүхий эдийн үнэ анх буурснаасаа эргэн сэргэж буй. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд өвчний дэгдэлт ихэссэн нэгдүгээр сарынхаас өндөр байна. Эдийн засагчдын өөдрөг таамаг үндэслэлтэй гэж найдъя. Гэсэн хэдий ч коронавирус болон SARS-ийг харьцуулсны үндсэн дээр дараах дүгнэлтийг хийж болно: вирусийн тархалтыг дарж чадвал эдийн засгийн төлөв дээрдэнэ мөн SARS хэдий заналхийлж байсан ч дэлхий эргэдэгээрээ эргэж, амьдрал өрнөсөөр байсан.
Хятадын эдийн засгийн өсөлтийн төлөв болон өвчний тархалтыг дарж буй байдлын эргэн тойронд зөрчилдөөнт нөхцөл үүсээд буй. SARS-тай харьцуулвал коронавирус үхэлд хүргэх нь бага ч илүү хурдан халдварладаг. Хятад улс хөл хорио тогтоож, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосноор тархалтыг сааруулаад байна. Хэрэв тус улсын засгийн газар эдгээр хязгаарлалтаа цагаас нь өмнө сулруулбал одоогийн ахиц саарч эсвэл бүр дордож ч мэднэ. Тус улсын эрх баригчид сэргийлэх арга хэмжээ авахдаа багагүй алдаа гаргаад буй. Цагаан сарын баяр өндөрлөсөн нэгдүгээр сарын 31-нээс хойш Хятадын экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг мужийн удирдлагууд зарим үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох эсвэл бага хүчин чадлаар ажиллуулах шийдвэр гаргасан.
Эдийн засагт үзүүлэх нөлөөг нь бодитоор дүгнэхээс өөр аргагүй. Нүүрсний хэрэглээ жилийн энэ үеийн дунджаас гуравны нэгээр бага байна. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт 90 гаруй хувиар буурчээ. Баярын дараа 200 сая орчим хүн нутгаасаа буцдаг бол энэ жил галт тэргийн цуваа хоосон шахуу байв. Хотуудын захиргаа бусад хот, суурингаас ирж буй хүмүүсийг 14 хоногийн тусгаарлаж болзошгүйг анхааруулсан. Шанхай дахь Америкийн худалдааны танхимын судалгаагаар 10 компани тутмын есийнх нь ажилчид гэрээсээ ажиллаж буй нь тогтоогджээ. Зоогийн газруудыг хоол хүргэлтийн үйлчилгээ нь ч аварсангүй, түгээгч нар дэмий л мотоциклоо ширтэн гиюүрнэ. Учир нь халдвартай хүн хоолыг нь хийсэн байхвий гэдгээс хүмүүс эмээх болжээ. Кофе худалдаж авах нь ч эрсдэл дагуулах болсон тул Старбакс Хятад дахь 4000 гаруй салбарынхаа талыг хаагаад байна.
Уг халдварыг SARS-тай зүйрлэх нь оновчтой эсэх нь эргэлзээ төрүүлж буй. SARS дэгдсэн 2003 оноос хойш дэлхийн эдийн засаг өөрчлөгдсөн. Өдгөө Хятад Улс дэлхийн ДНБ-ий 16 хувийг эзэлдэг болж, 17 жилийн өмнөхөөс дөрвөн хувиар өссөн. Тус улс дэлхийн хоёр дахь том импортлогч тул түр зуурын ч болтугай сулрал нь маш өргөн хүрээг хамрах эрсдэлтэй. Зарим компани зэс, шингэрүүлсэн байгалийн хий импортлох гэрээгээ цуцлахыг хичээж эхэлсэн. Харин жилд 250 тэрбум ам.долларыг гадаад аялалд зарцуулдаг жуулчид нь гэртээ өнжиж байна.
Хятадын өсөлтийг тайлбарлах амархан. Гэвч тус улсын эдийн засаг 2000 оноос хойш өсөөд зогсоогүй үйлдвэрлэгчид нь толгой эргэм төвөгтэй нийлүүлэлтийн сүлжээг бий болгожээ. Тухайлбал, Үхань дахь үйлдвэр Хятадын өөр муж дахь компанид сэлбэг нийлүүлж, өнөөх нь Германы Штутгарт дахь үйлдвэрт нийлүүлээд эцсийн бүтээгдэхүүн нь АНУ-ын Мичиганд гарах жишээтэй. Яг цагт нь нийлүүлэх ёстой үйлдвэрлэлийн системд хоцрогдол бол байж боломгүй зүйл. Ихэнх компани ханган нийлүүлэгч бүрээ хянах боломжгүй тул Хятадын түр зогсолт дэлхийн эдийн засаг төдийгүй өөрсдийнх нь үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөхийг таамаглахад хэцүү байдаг. Нийлүүлэлтийн сүлжээ нь дэлхийн эдийн засагт бий болоод удаагүй байгаа учир хэрэв тасалдвал ямар сөрөг нөлөө үүсэх талаар бодит, түүхэн жишээ хүн төрөлхтөнд бараг алга.
Асуудал эхнээсээ ундарч эхэлсэн. Сэлбэг хомсдсоны улмаас Hyundai компани Өмнөд Солонгос дахь зарим загварын машины үйлдвэрлэлээ зогсоогоод буй. Японы Nissan ч мөн адил. Facebook шинэ VR төхөөрөмжийн захиалгаа зогсоосон бол Nintendo шинэ тоглоомынхоо хүргэлтийг хойшлуулжээ. Apple болон Huawei-ийн ухаалаг утсыг үйлдвэрлэдэг Foxconn компани үйлдвэрүүдээ дахин нээсэн ч тун цөөн ажилтнуудтай ажиллаж байна. Эд бол олон хүний мэддэг алдартай брэндүүд. Хятад дэлхийн эмийн хэрэглээний гуравны нэг, LCD дэлгэцний тал хувийг, полиестерийн гуравны хоёрыг үйлдвэрлэдэг. Тиймээс өөрсдийгөө Хятадаас хол, зааглагдсан гэж боддог компаниудыг сюрприз хүлээж байж болзошгүй.
Вирус бусад улсад хурдтай тархаж буйг үгүйсгэх аргагүй. Хөгжиж буй орнуудад халдвар илрүүлээгүй байх магадлалтай. Вьетнам 10 мянган хүнийг тусгаарласан ч ихэнх улсын засгийн газар Хятадынх шиг өргөн хүрээтэй арга хэмжээ авч чадахгүй байх магадлалтай учраас коронавирус тахлын хэмжээнд хүрч болзошгүй. Өөрөөр хэлбэл, Уолл стрийтийн өөдрөг таамаг “түүхий” байна. Эдийн засагчид хэт нэг талыг барьж байна гэж үзэх юм бол хэмжиж болохуйц зүйлст анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Харамсалтай нь коронавирусийн халдвар хэмжиж, тооцож болохгүй дэндүү олон эрсдлийг дагуулж байна.
The Economist сэтгүүлээс олгосон лицензийн дагуу Mongolian Economy орчуулав.