-Азийн Хөгжлийн Банк Монгол Улсын бүтцийн шинэчлэлийг дэмжинэ-
Дэлхийн 68 улсын гишүүнчлэлтэй Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улсад суух шинэ суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Улаанбаатарт томилогдон ирсэн. Тэрбээр хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжил, байгаль орчин, эрчим хүч, байгалийн нөөцийн болон усны нөөцийн удирдлага зэрэг салбарт төсөл хэрэгжүүлэх, бодлогын болон мэдлэгийн дэмжлэг үзүүлэх, Ази, номхон далайн орнуудад бодлогын шинэчлэл хийх, санхүүжилт босгох, чадавхи бэхжүүлэх чиглэлээр арвин туршлага хуримтлуулжээ.
АХБ–ны шинэ суурин төлөөлөгч Павит Рамачандран уг албанд томилогдсоноос хойш дөрвөн сарын дараа эдийн засгийн сэтгүүлчидтэй тусгайлан уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, АХБ-наас Covid-19-ийн эрсдэл, болзошгүй тархалтаас сэргийлэх чиглэлд Монгол Улсад үзүүлж буй дэмжлэг туслалцаа болон бусад төсөл хөтөлбөрийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. АХБ ирэх жилүүдэд манай орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлж, Засгийн газартай үр дүнтэй хамтран ажиллахын зэрэгцээ жендэр, уур амьсгалын өөрчлөлт, хувийн хэвшлийн салбар дахь үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
-Covid-19-ийнхалдвараас сэргийлэх зорилгоор АХБ–наас Засгийн газарт дөрвөн тэрбум гаруй төгрөгийн тусламж үзүүлсэн тухай тодруулгаас яриагаа эхэлье?
-Засгийн газраас бидэнд хүсэлт гаргасны дагуу Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд АХБ яаралтай дэмжлэг үзүүлсэн. Бид нэмэлт зээлийг хоёр шугамаар олгосон. Эхнийх нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх тав дахь төслийн хүрээнд 1.4 сая ам.долларыг нэн даруй баталсан. Уг санхүүжилтээр халдварт өвчнийг эрт илрүүлэн оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хяналт тавих зориулалттай төрөл бүрийн, нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг худалдан авч нийлүүлсэн бөгөөд тэдгээрийг Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд ашиглаж байна. Мөн Эрүүл мэндийн яамтай хамтран эмнэлгүүдэд эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр бэлэн байдлыг нь хангаж, оношилгоог сайжруулах зорилгоор нийт есөн нэр төрлийн зөөврийн тоног төхөөрөмж худалдан авч хүлээлгэн өглөө. Удаах санхүүжилт нь Монгол Улсын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чадавхыг дэмжихэд чиглэсэн 225 мянган ам.долларын техник туслалцаа юм. Эдгээр тусламж дэмжлэгийг олгох хүрээнд эрүүл мэндийн салбарынхан,тэр дундаа ЭМЯ, ОБЕГ болон ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж байна. Цаашид Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, түүний сөрөг нөлөөг бууруулах чиглэлд хамтын ажиллагаа нээлттэй байгаа.
-Гэнэтийн энэ нөхцөл байдлаас болоод АХБ-ны төлөвлөсөн төсөл хөтөлбөр, санхүүжилтэд ямар нэг өөрчлөлт орох уу?
-Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй 2017-2020 оны түншлэлийн стратеги бол улсын болон хувийн секторт олгох нийт санхүүжилтийн хэмжээгээрээ урьд өмнө байгаагүй том дүнтэй буюу 1.3 тэрбум ам.доллар байсныг юуны өмнө онцолж хэлье. Стратегийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаа, арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Бид Covid-19-ийн болзошгүй тархалт, халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор Засгийн газарт нэн яаралтай тусламж дэмжлэг олгосон. Үүний зэрэгцээ Монгол Улстай 2021-2024 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг боловсруулах ажил эхэлж байна. Энэ хүрээнд бид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил болон эдийн засгийн бүтцийн төрөлжилтийг үргэлжүүлэн дэмжих чиглэлээр Засгийн газар, хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ хүрээнд эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, хот байгуулалт, тээврийн салбар болон хувийн секторыг дэмжих, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг чиглэлд хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бий.
-АХБ-наас Монгол Улсад хэрэгжүүлж буй 2017-2020 оны түншлэлийн стратеги бол улсын болон хувийн секторт олгох нийт санхүүжилтийн хэмжээгээрээ урьд өмнө байгаагүй том дүнтэй буюу 1.3 тэрбум ам.доллар байсан.
-Covid-19-ийн улмаас төсвийн орлого тасалдаж байгаа тул зарим эдийн засагч төсөвт тодотгол хийх хэрэгтэй гэж ярьж байна. АХБ-ны хувьд уг вирусийн эдийн засагт хамгийн түрүүнд учирч болох эрсдэлүүдийг юу гэж харж байгаа вэ?
-Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал болон эдийн засгийн бусад харилцаагаар Монгол Улс нь БНХАУ-ын эдийн засгаас хамаарал өндөртэй учраас Хятадын эдийн засгийн өсөлт саарах сөрөг хандлага Монголын эдийн засагт гарцаагүй нөлөөлж байна. АХБ Covid-19 халдварын улмаас Монголын эдийн засагт учирч болзошгүй нөлөөллийг түүхий эдийн үнэ, экспортын эрэлт, гадаад худалдаа, дотоодын аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, уул уурхайн бус салбарууд, үнийн өсөлт, банк санхүүгийн салбар зэрэг өргөн хүрээгээр, олон сувгаар нарийвчлан судалж байна. Судалгааны эхний шатны үр дүнгүүдийг АХБ-ны цахим хуудаст байршуулсан. Уг судалгаанаас үзэхэд Монгол Улсын ДНБ-ий өсөлтөд дунджаар -0.74 хувийн, нөхцөл байдал цаашид сайжрахгүй үргэлжилбэл -1.51 хувийн, хамгийн муу гэсэн хувилбараар -2.10 хувийн сөрөг нөлөө үүсч болзошгүй гэсэн тооцоолол гарсан. Монголын эдийн засгийн өсөлт 2019 онд 5.1 хувь болж өмнөх оноос 2.1 нэгж хувиар удааширсан хандлага дээр нэмээд БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил 2020 онд мэдэгдэхүйц саарах, covid-19 халдварын нөлөөгөөр бүс нутгийн эдийн засаг эрэлт, нийлүүлэлтийн цохилтод өртөх, түүхий эдийн үнэ үргэлжлэн буурч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал, нөгөө талаар вирусийн тархалтыг зогсоож, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа алгуур сэргэх эерэг нөхцөл бий болох боломж зэргийг 2020 оны эдийн засгийн төсөөлөлд бид тооцсон бөгөөд үр дүнг дөрөвдүгээр сарын эхээр Азийн Хөгжлийн Төлөв Хандлагын шинэчилсэн тайлангаар танилцуулах юм. Одоогоор гуравдугаар сарын тоон үзүүлэлтүүд гарах хугацаа болоогүй тул covid-19 халдвар нь зөвхөн бодит сектор төдийгүй улсын сектор, санхүүгийн салбарт хэрхэн нөлөөлөхийг бид үргэлжлүүлэн судалж, эдгээрийг цаашид эдийн засгийн төсөөллөө шинэчлэхдээ харгалзан үзэх болно.
-Одоогоос гурван жилийн өмнө манай улс ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан. Энэ хүрээнд АХБ-наас оны өмнө 100 сая ам.доллар Монгол Улсад орж ирсэн. Одоо дахиад хэдий хэмжээний санхүүжилт орж ирэх вэ? Мөн тавдугаар сард дуусах уг хөтөлбөрийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ? Хөтөлбөрийг үргэлжлүүлэх сонирхолтой нэг хэсэг бас бий.
-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр 2012-2016 оны төлбөрийн тэнцэл, эдийн засгийн олон жил дараалсан хүндрэлүүдийн эцэст 2017 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжсэн. 2016 оны эцэс гэхэд валютын орлого үлэмж буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом агшсан, улсын төсөв их хэмжээний алдагдалтай, ДНБ өсөлт 1.2 хувь болж буурсан буюу эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан. Ийм орчинд төсвийн бодлогын өөрчлөлт тохиргоог зайлшгүй хийх, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийг сайжруулах, валютын нөөцийг өсгөх, банкны салбарыг бэхжүүлэх, эдийн засгийг сэргээж бүтцийн шинэчлэлийг дэмжих шаардлага зайлшгүй бий болсон байсан. Уг хөтөлбөрийн эерэг нөлөө нь улсын төсөвт хийгдэх ёстой байсан зайлшгүй тохиргоонуудыг хийх замаар макро эдийн засгийг тогтворжуулж, улмаар 2017-2019 онд эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг дэмжсэн юм. Улсын төсвийн нийт тэнцэл сүүлийн жилүүдэд алдагдалгүй гарч байгаа нь макро эдийн засагт маш чухал үзүүлэлт.
Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр ихэнх тоон зорилтдоо хүрсэн боловч банкны салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ бүрэн гүйцэд хэрэгжиж чадаагүй гэж дүгнэгдсэн.
Мэдээж энэ хөтөлбөр гадаад эдийн засгийн орчин сайжирч экспортын эрэлт нэмэгдсэн, томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт сэргэсэнтэй нэгэн зэрэг хавсарсан эерэг нөлөөллийг эдийн засагт сүүлийн жилүүдэд бий болгосон. Энэ хүрээнд гадаад валютын албан нөөц нэмэгдэж, экспорт түүхэн оргил түвшинд хүрч, эдийн засаг гурван жил дараалан 5.1-7.2 хувиар өсч, Засгийн газрын гадаад өрийг амжилттай дахин санхүүжүүлж, улсын өрийн тогтвортой байдалд эерэг өөрчлөлтүүд гарсан байна. Одоо хамгийн гол нь макро эдийн засагт бий болсон эерэг хандлагыг цаашид хадгалах, эдийн засагт шинээр бий болж буй эрсдэлийг бууруулах, ДНБ-ий өсөлтийг огцом унагаахгүй хадгалахын зэрэгцээ өсөлтийн чанар, эдийн засгийн бүтцэд илүү анхаарах нь чухал хэвээр байна. Хөтөлбөр ихэнх тоон зорилтдоо хүрсэн боловч банкны салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ бүрэн гүйцэд хэрэгжиж чадаагүй гэж дүгнэгдсэн. Монгол Улсын банкны салбар өөрийн хөрөнгийн дутагдалгүй болж, санхүүгийн зуучлалыг цаашид гүнзгийрүүлэн эдийн засгийн ирээдүйн өсөлтийг дэмжих суурь чадавхийг сайтар бүрдүүлсэн байх нь чухал л даа. ОУВС-гийн хөтөлбөрт АХБ хамтран оролцож, бодлогын болон санхүүжилтийн томоохон дэмжлэг үзүүлж ирсний хувьд хөтөлбөрийн хүрсэн гол үр дүн болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг цаашид хадгалж, бүтцийн шинэчлэлийг улам эрчимжүүлэхийн ач холбогдлыг дахин онцолж хэлмээр байна. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ч эерэг дохио болно.
-Хөтөлбөрийн үр дүнд макро тоонууд сайжирсан. Гэхдээ та бүхэн тэрхүү өсөлтийг хэр зэрэг хүртээмжтэй байсан гэж харж байгаа вэ?
-Түүхэн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт өндөр савлагаатай, маш тогтворгүй, чанартай өсөлт буюу хүртээмж талаасаа учир дутагдалтай явж ирсэн. Эдийн засгийн өсөлт 2008 онд 8.9 хувь байснаа 2009 онд -1.3 хувиар агшиж, хоёр жилийн дараа 17.3 хувиар өсөөд, таван жилийн дараа 1.2 хувь болж буурсан энэхүү огцом савлагаанууд яагаад бий болсон бэ? Нэг талаас, эдийн засаг уул уурхайн салбар, түүнийг дагасан хөрөнгийн урсгал, гадаад зах зээлээс хэт хамааралтай, эмзэг бүтэцтэй байна. Нөгөө талаас, макро эдийн засгийн бодлогууд өөр хоорондоо харилцан уялдаа муутай, тогтвортой хэрэгжиж чаддаггүй, төдийлэн оновчтой бус байж ирсний үр дагавар.
Хамгийн чухал нь эдийн засгийн өсөлтийг тогтвортойгоор аль болох удаан хугацаанд хадгалахын сацуу өсөлтийг хүн ам, нийгмийн хөгжил, чинээлэг дундаж давхарга, дотоодын үйлдвэрлэл, хуримтлал, тогтвортой бөгөөд чанартай ажлын байруудад шингээх нь эдийн засаг бүтцийн хувьд эрүүлжихэд эергээр нөлөөлнө.
Тийм учраас АХБ эдийн засгийг олон тулгууртай болгох буюу бүтцийн төрөлжилтийг эрчимтэй дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн салбарт идэвхтэй ажилладаг. Хөдөө аж ахуйн болон газар тариалангийн бизнесийг санхүүжүүлж, ялангуяа ноолуурын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулахад ихээхэн анхаарч байна. Мөн хүнсний төрөл бүрийн ногооны тариалалтыг дэмжихээр усжуулалтын системийг шийдэх төсөл эхлүүлсэн. Эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр нэмэгдүүлэхэд хувийн болон улсын секторын дэмжлэг аль аль нь чухал бөгөөд санхүүжилтийг зэрэгцүүлэн хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Ялангуяа, ажлын байр олноор бий болгодог жижиг, дунд бизнес, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь орон нутгийн эдийн засгийн хөгжилд ч тустай.
Үүнээс гадна АХБ уул уурхайн бус салбарыг дэмжих замаар эдийн засгийн бүтцийн төрөлжилтийг сайжруулах хүрээнд ажлын байр, орлого ихээр бий болгох боломжтой аялал жуулчлалын салбарт онцгойлон анхаарч эхлээд байна. Бас сэргээгдэх эрчим хүчний салбарт нэлээд ач холбогдол өгч, эрчим хүчний хүртээмж, найдвартай байдал, эрчим хүчний хангамж, нийлүүлэлтийг нүүрснээс өөр, байгаль орчинд ээлтэй олон өөр төрлийн эх үүсвэртэй болгоход төслийн гол үйл ажиллагааг чиглүүлж байна. Өнгөрсөн жил бид Монголын баруун бүс нутагт хувийн хэвшлийн оролцоотой сэргээгдэх эрчим хүчний төсөл эхлүүлсэн. Харин энэ жил салхи, нарны эрчим хүчийг ашиглах, цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, үр ашигтай удирдлагын систем бүхий төслийг хэрэгжүүлнэ.
-Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн эко орон сууц байгуулах ажилд АХБ оролцож байгаа. Энэ ажлын явцад та ямар үнэлгээ өгөх вэ?
-Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслийг манай банкны захирлуудын зөвлөлөөс тэргүүлэх ач холбогдолтой болгохоор зорьж буй бөгөөд 10 жилийн хугацаанд хэрэгжих уг төслийн хөрөнгө оруулалтыг олон төрлийн эх үүсвэрээр шийдэхээр төлөвлөсөн. Санхүүжилт нь дэд бүтэц, гэр хорооллыг дахин төлөвлөх, нийгмийн үндсэн үйлчилгээг сайжруулахад чухал дэмжлэг болох болов уу. Бид хотын захиргаа, оршин суугчидтай ойр хамтарч ажилладаг. Уг төслийн хүрээнд санхүүжилтийг гурван хэсэгт хувааж хуваарилна. Эхнийхийг Баянхошуу, Сэлбэ голын гэр хорооллын бүс дэх дахин төлөвлөлт, эрчим хүч, дулааны дэд төвд зарцуулна. Одоогийн байдлаар эхний ээлжийн санхүүжилт бүрэн хийгдсэн бөгөөд дэд төвүүд энэ онд ашиглалтад орно. Хоёр дахь ээлжийн санхүүжилт нь Дамбадаржаа, Дэнжийн мянгын гэр хорооллын бүсэд дэд төв, хог хаягдал цуглуулах цэг, спорт цогцолбор, цэцэрлэг, бизнес инкубатор зэрэг бүтээн байгуулалтад зарцуулна. Харин гурав дахь санхүүжилтийн хувьд төслийн ТЭЗҮ-ийг батлах шатанд байна. Үүнийг Шархад, Толгойтод байгуулах дэд төвд зарцуулна. Ингэснээр хотын баруун, зүүн, хойд хэсгийн нягтаршил ихтэй гэр хороололд дахин төлөвлөлт хийгдэнэ. Үүний зэрэгцээ хотын эко дүүргийг хөгжүүлэх төслийн хүрээнд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих ажил эхэлсэн. Эко хорооллыг дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй байхаар төлөвлөсөн.
–Та хөдөө аж ахуйн салбарт арвин туршлагатай юм байна. Монголын хөдөө аж ахуйн боломж нөөцийг хэрхэн хардаг вэ. Мөн 2020 онд хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр юу байгаа вэ?
-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх нь Монголд маш чухал. Хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрлэлд чанар стандарт, эрүүл ахуй, дэвшилтэт технологи, ноу хау, дэд бүтцийг нэгэн зэрэг хөгжүүлэх замаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжих нь ирээдүйтэй бөгөөд энэ нь Монголын эдийн засгийн дунд, урт хугацааны өрсөлдөх чадварт эергээр нөлөөлнө гэж боддог.
Бид өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, бичил болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, ханган нийлүүлэгчидтэй хамтарч ажилласан. Бизнесийн туршлага, маркетинг, олон улсын зах зээлд гарах, шинэ технологи нэвтрүүлэх тал дээр эдгээр ААН-үүд чадавх сул, хүчин чадал дутагдалтай байсан. Тиймээс АХБ–ны гол стратегид хөдөө аж ахуйн салбарын суурь боловсруулах чадавхийг дэмжих бодлого багтдаг. Энэ хүрээнд 30 орчим аж ахуйн нэгжид банкаар дамжуулан төгрөгийн зээл, санхүүжилт олгосон. Энэ нь төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдийг валютын ханшийн эрсдэлд оруулахгүй байх, ханшийн эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой. Мөн хүнсний ногооны тариалалтыг дэмжих зорилгоор Сэлэнгэ, Дорнод, Булган, Төв, Увс аймагт тариаланчдын 10 гаруй бүлэг бий болгож, тарьж ургуулсан хүнсний ногоог хот суурин, төвлөрсөн зах зээлд борлуулах сүлжээг бий болгоход дэмжлэг үзүүллээ.
Үүнээс гадна, хөдөө аж ахуйн төслүүдийг усалгааны системээр хангах төсөл хэрэгжүүлж эхэллээ. ЖАЙКА зэрэг байгууллагын судалгаагаар ердөө 20 жилийн дотор Монгол орны нийт газар нутгийн 70 орчим хувь нь цөлжих эрсдэл өндөртэй гэсэн дүгнэлт гарсан байна. Иймд энэ жилээс баруун аймгууд, Сэлэнгэ, Төв аймаг, зүүн бүсийн зарим аймагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг усалгааны системээр хангах зорилготой төсөл санхүүжүүлэхээр ажиллаж байна. Баруун бүсэд Монгол орны усны нийт нөөцийн гуравны хоёр байдаг бөгөөд усалгаатай тариалан, эрчимжсэн мал аж ахуйг илүү хөгжүүлье гэвэл усны хангамжийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай. Мөн Японы ядуурлыг бууруулах сангаас нэг сая ам.долларын санхүүжилтээр хүнсний аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг тогтоох тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна. Үүнийг Швейцарын хөгжлийн агентлагаас баруун аймгуудад хэрэгжүүлж байгаа төсөл зэрэг энэ чиглэлийн бусад төсөл хөтөлбөртэй уялдуулахаар ажиллаж байна.
АХБ өнгөрсөн онд хувийн хэвшилд нийт 37.3 сая ам.долларын зээлийн төслийг баталсан бөгөөд үүний 7.3 сая ам.долларыг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд олгосон.
Энэ нь сүүний нэмүү үнэ цэнийн сүлжээг дэмжих, ингэхдээ жендэрийн хүртээмжтэй байдлыг хангахыг давхар зорьсон төсөл юм. Өөрөөр хэлбэл, сүүний үйлдвэрлэл эрхэлдэг компаниудтай хамтран ажиллаж буй бэлтгэн нийлүүлэгчид, малчид, фермерүүдийн 60-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байгаа учраас тэднийг бүтээгдэхүүний нэмүү үнэ цэнийн сүлжээгээр дамжуулан дэмжих зорилготой. Бидний баруун бүсэд хэрэгжүүлж байгаа хөдөө аж ахуйн ногоон бизнесийг дэмжих төсөл нь хот суурин газрын хөгжил, бэлчээрийн зохистой ашиглалтыг хослуулж буйгаараа онцлогтой. Цаашид бид хувийн хэвшилд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг улам өргөжүүлэх бодлоготой ажиллаж байна.