Вэбсайтаа борлуулалтын идэвхтэй суваг болгох
Ихэнх байгууллагууд вэб сайтандаа компани, бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгын мэдээлэл оруулаад орхичихдог. Хааяа нэг мэдээ оруулдаг нь хэрэглэгчдийн сонирхлыг тэгтлээ татахгүй. Энэ сэдвээр би Компаний вэб хуудас яагаад сонирхолгүй байдаг вэ? нийтлэлдээ өмнө нь бичиж байсан. Гол шалтгаан нь бид вэбээ хэт бүтээгдэхүүн төвтэй болгочихдогт оршдог. Та стратегийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэх фирм McKinsey компаний сайтаар зочлоод нэг үзээрэй. Хиймэл оюун, авьяасын удирдлага, манлайлал, өгөгдлийн шинжилгээ гэх мэт сэдвүүдээр зорилтот бүлгийн хэрэглэгчдэд хэрэгтэй үнэ цэнтэй мэдээллүүдийг юун түрүүн олж харна.
Вэб сайтаа үнэ цэнтэй контентоор баяжуулан зочилж буй боломжит хэрэглэгчийг худалдан авалтын замаар нь хөтлөх нь вэбээ бодитой борлуулалт тогтвортой хийдэг суваг болгон хөгжүүлэхэд тусална. Вэбсайтаа хэрхэн МАРКЕТИНГИЙН МАНГАС болгох вэ? нийтлэлээс энэ тухай уншаарай.
Сошиалаар борлуулах
Линкедин, твиттер, фэйсбүүк зэрэг сошиал медиа сувгуудаар зөвхөн маркетинг ч бус борлуулалт бас хийх боломжтой. Сошиалаас боломжит худалдан авагчдыг олж хүрэн, үнэ цэнтэй харилцаа үүсгэснээр итгэлийг нь хүлээх, улмаар борлуулалт хийхийг сошиал борлуулалт гэдэг.
Сошиал борлуулалт амжилттай хийхийн тулд дараах алхмуудыг зөвлөдөг.
- Сошиал орчинд экспертийн брэнд, нөлөөллөө хөгжүүлэх нь хэрэгтэй. Өөрийн салбараа мэддэг сэтгэлгээний манлайлагч болох нь харилцаа үүсэх үүд хаалгыг нээнэ.
- Зорилтот хэрэглэгчдийг олж тогтоох, хамааралтай яриаг чагнах, сонсох. Жишээ нь Линкедин дээр зорилтот сегментийн байгууллагын хэрэглэгчдийг даган идэвхтэй харилцаа үүсэхэд туслах Sales Navigator хэмээх төлбөртэй програм ч байдаг. Твиттер дээр лист үүсгэх эсвэл HubSpot, HootSuite гэх мэт програмуудыг ашиглан өөрт хамааралтай яриаг цаг алдалгүй сонсох боломж бий. Би Твиттерт байнга ороод байдаггүй тул маркетинг, борлуулалт, менежментийн сэдвээр яриа болох үед сануулга авахаар тохируулчихдаг.
- Зорилтот хэрэглэгчиддээ хэрэгтэй өөрийн болон бусдын контентуудыг сошиал сувгуудаар хуваалцах, харилцан яриа үүсгэх нь борлуулалтад хөтөлдөг.
Боломжит худалдан авагчтай илүү хурдан холбогдох
Танайх руу утсаар холбогдох эсвэл оффис, үйлчилгээний салбар, дэлгүүр, шоурүүм дээр ирэх үед борлуулалт хийх үйл явц харьцангуй жигдэрчихсэн байгаа болов уу. Харин боломжит худалдан авагч сонирхлоо илэрхийлэх үед та эсвэл танай борлуулалтынхан хэр хурдтай реакц үзүүлдэг вэ? Бүтээгдэхүүний танилцуулга татаж авбал, зөвлөгөө танилцуулга авах, уулзалт товлох эсвэл үнийн санал авах хүсэлт гаргавал цаг алдалгүй холбогддог уу? Фэйсбүүк мессенжерээр хандаад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, мэдээлэл асуувал хэр хурдан хариу өгч чаддаг вэ? Холбоо барих хуудсан дээр бөглөсөн хүсэлтийн дагуу холбоо барьж чаддаг уу?
Судалгаагаар боломжит худалдан авагч сонирхлоо илэрхийлснээс хойш таван минутын дотор утсаар ярих нэг цагийн дараа утсаар ярих хоёрын ялгаа 10 дахин зөрүүтэй байдаг. Нэг хоногийн дараа бол амжилттай холбогдоод борлуулалтын хэлцэл үүсгэх магадлал бүр 60 дахин багасдаг байна. Таван минутын дотор холбогдох гэдэг нь үргэлжийн 100 хувийн боломжтой зүйл биш л доо. Жишээ нь борлуулалтын ажилтан өөр боломжит худалдан авагчтай утсаар ярьж эсвэл уулзалт хийж байж болох л юм. Гэхдээ л шууд биш гэхэд хурдан холбогдох нь чухал. Удвал утсаа авах, сонирхох магадлал буурах төдийгүй өрсөлдөгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох ч магадлалтай.
Сонирхож буйг нь яаж тэр даруйд мэдэх вэ, бас холбоо барихын тулд утасны дугаар нь хэрэгтэй шүү дээ. Энд технологийн дэвшлийн хэрэг гарна. Жишээ нь, ухаалаг гар утсаараа цаг алдалгүй нэн даруй мэдэгдлүүдийг и-мэйлээр, мессенжер аппуудаар авах боломжтой. Бүтээгдэхүүний танилцуулга татах хуудсан дээр нэр, утас, и-мэйл зэрэг мэдээлэл формоор оруулаад татахаар болгоно. Татсаны дараа танилцуулга татах линк бүхий хуудас руу шилжих төдийгүй уг мэдээллийг и-мэйлээр автоматаар илгээж болно. Борлуулалтын ажилтанд харин уг сэжмийн холбоо барих мэдээллийг и-мэйлээр илгээнэ. Гар утсандаа и-мэйл авах бол асуудал биш болоод 10 гаруй жил болж байгаа.
Мессенжерийн хувьд том байгууллагууд утсаар дуудлага болон мессеж хүлээн авах, хариу өгөх баг, програм хангамж, дэд бүтцийн шийдлүүдтэй байдаг. Жижиг, дунд бизнесүүдэд ийм тогтолцоо бий болгох боломжууд сүүлийн жилүүдэд үүлэн тооцоолол, ухаалаг утас, сошиал медиа, хиймэл оюун зэрэг технологийн дэвшлүүдийн ачаар улам л нээлттэй болж байна. Нэг бодит хэрэглээний жишээ нь чатбот бөгөөд дараагийн хэсэгт илүү дэлгэрэнгүй тайлбарлая.
Хиймэл оюуныг борлуулалтад ашиглах
Сүүлийн үед Artificial Intelligence буюу хиймэл оюун дэлхий даяар төдийгүй манай Монголд ч хамгийн халуухан сэдвүүдийн нэг болж байгаа. Хиймэл оюуныг борлуулалтад бас аль хэдийн тун үр дүнтэй ашиглаж байгаа. Гэхдээ энэ нь борлуулалтын ажилтанг 100% бүрэн орлоно гэсэн үг биш, харин түүнд тусалж дэмжинэ, бүтээмжийг нь өсгөнө, ажлыг нь илүү оновчтой болгоно гэж ойлгож болно. Ухаант хүн сайн чаддаг хэдий ч машин, роботоор хийхэд хэцүү зүйлс (гүн ухаан, сэтгэл судлал, дуу хөгжим, уран зураг, гэх мэт) тун олон. Нөгөө талаас хүн хийхэд хэцүү атал машин маш сайн хийчихдэг зүйлс улам л олширсоор байгаа нь хиймэл оюун, машин суралцах, их өгөгдөл, өгөгдлийн олборлолт, шинжилгээний технологийн дэвшлүүдтэй холбоотой. Иймд хиймэл оюун болон ухаант хүн нийлж баг болж ажиллах нь зөв шийдэл юм.
Борлуулалтад хиймэл оюуны хамгийн энгийн практик хэрэглээ чатбот байж болно. Өнөөдөр хүмүүс утсаар ярих, и-мэйл бичихээс илүүтэй мессенжерээр харилцахыг илүүд үзэх хандлага улам нь газар авч байна. Мессенжерээр олон хүнтэй тэр даруйд нь хурдан харилцаа үүсгэх физик боломж хүний хувьд хязгаарлагдмал бол бот маш олон хүнтэй тэр дор хурдан харилцаж чадна. Жишээ нь, танай фэйсбүүк мессенжерээр хандсан хүн маркетингийн мэдээлэл авах гэж байна уу, худалдан авалт хийхээр сонирхож байна уу эсвэл аль хэдийн худалдан авалт хийчихсэн харилцагч санал гомдолтой байна уу зэргийг хэд гурван асуултаар олж мэдээд цааш нь борлуулалтын ажилтанд шилжүүлэх үү эсвэл харилцагчийн үйлчилгээнд шилжүүлэх үү гэдгийг ялгачих ажлыг бот хийчихнэ. Танай бүтээгдэхүүн, үнэ, хямдрал зэргийг танилцуулаад, хаяг байршил, цагийн хуваарийг мэдээлэх ажлыг бол чатбот өлхөн сайн чадна.
Хиймэл оюун борлуулалтыг дэмжих өөр олон боломжууд ч бий. Жишээ нь боломжит худалдан авагчдад борлуулалт хийх боломжуудыг таамаглан тооцоолох, чанартай сэжмүүдийг борлуулалт руу цаг алдалгүй өгөх, борлуулалтын материал илгээх оновчтой цагийг таамаглан хэлж өгөх гэх мэт. Өмнөөс тань боломжит худалдан авагчтай уулзалт товлоод таны болон түүний календарт ч оруулах байдлаар тусалдаг байж болно.
Өнөөдөр бид борлуулалтад хиймэл оюуныг харьцангуй бага хэрэглэж байж болно. Хамгийн гол нь хиймэл оюун хэрэглээгээ байнга, тогтвортой хөгжүүлж байх нь чухал. Чатботдоо байнга л шинэ зүйлсийг зааж сургаж, шинэ мэдээлэл, өгөгдлүүдэд хандаж улам ухаалаг болоход нь тусалж байх хэрэгтэй.
CRM системтэй болох, борлуулалтаа автоматжуулах
Байгууллагуудад CRM буюу хэрэглэгчтэй харилцах менежментийн системгүй байх нь түгээмэл. Харин хэрэглэгчдийн мэдээлэл, утсаар ярьсан болон уулзсан тэмдэглэл, илгээсэн болон хүлээн авсан и-мэйл, темплэйт, бичиг баримт, хуанли, хийх ажлууд, хийж буй хэлцлийн явц зэрэг бүхий л өгөгдөл, мэдээллийг CRM системд бүртгэн ашиглах нь борлуулалтын ажилтнуудын бүтээмжийг өсгөн улмаар борлуулалтыг өсгөдөг.
Борлуулалтын бүтээмжээ өсгөх технологийн шинэ шинэ аргууд ч бий болсоор байна. Жишээ нь:
- И-мэйлээр мөрдөх. Борлуулалтын ажилтан и-мэйл илгээхдээ HubSpot Sales програмыг давхар ашиглавал уг и-мэйлийг хүлээж авагч нээж бас доторх линкийг дарж буй эсэхийг мөрдөх боломжтой. Энэ нь борлуулалтын ажилтанд и-мэйлээ нээхгүй байгаа хэрэглэгчид утсаар сануулах, нээх үед залгаснаар амжилттай холбогдох, хэр давтамжтай хэд нээж буйг ажигласнаар сонирхлын түвшинг таамаглах зэрэг боломжууд үүсдэг.
- Маркетинг, борлуулалтын контентоор мөрдөх. Борлуулалтын ажилтан илгээж буй и-мэйлдээ бүтээгдэхүүний танилцуулга, үнийн санал зэргийг мөрдөх линктэй илгээснээр хүлээн авагчтай уг контенттой ямар байдлаар харилцаж буйгаас бодит таамаглал хийх, борлуулалтын тактикаа боловсруулахад тусална.
- Хуанлийн сул цагаас уулзалт товлох. Өөрийн хуанлийн холбоосыг өгснөөр боломжит хэрэглэгч өөрт тохиромжтой цагийн сонгон уулзалт товлож болдог. Үүнийг өөрийн CRM програмыг Google Calendar-тай холбон ашиглахад тун тохиромжтой.
- Аль байгууллагаас их хандалт ирж буйг тандаснаар хэнд борлуулалт хийхэд илүү боломжтой байгааг олж тогтоох боломжтой.