АНУ, Европ даяар ковид-19 хүчтэй тархаж байгаа тул аж ахуйн нэгжүүд ч гэсэн бизнесээ аварч үлдэхийн тулд шамдаж байна. Аж ахуйн нэгжүүд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ гэсэн асуултад хариулахад амаргүй. Учир нь дэлхий даяар тодорхой бус байдал үүсэж олон улсын, дотоодын удирдлагууд ч зааварчилга өгч чадахгүй байна.
Мэдээж улс орон бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй ч компаниуд бусад улсын туршлагаас суралцах болох юм. Хятад улс эдийн засгаа сэргээх эхний шатандаа явж байна. Хэрэв Хятадын аль нэг муж хотод дахин өвчин дэгдвэл Хятадын компаниудад асар их хүндрэл учирна. Эдийн засгаа сэргээх зорилгоор аж ахуйн нэгжийг дэмжиж буй Хятад улсаас дараах 12 зүйлийг сурч болох юм. Хятад нь өөрийн гэсэн өвөрмөц улс төр, захиргааны тогтолцоо, заншилтай боловч доорх сургамжийг өргөн ашиглах боломжтой.
- Ирээдүйг урьдчилан харж өнөөгийн бодлогод тусгах
Аливаа хямралын үед бүхий л зүйлс тогтворгүй байдаг тул сэтгэлгээ, бодлогыг өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх шаардлага гардаг. Юуны түрүүнд үүсээд буй нөхцөл байдлыг тунгааж, хямралын үеийн болон дараах бодлого, төлөвлөгөөг боловсруулж, эцэст нь эргэн дүгнэлт хийх хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал нь шуурхай хөдлөх нь зүйтэй. Компанийн нарийн төвөгтэй дотоод процесс нь шуурхай арга хэмжээ авахад хүндрэл учруулах тохиолдол бий.
Хөл дээрээ эргэн боссон Хятадын компаниудын гол нууц бол учирч болзошгүй өөрчлөлтүүдийг урьдаас таамагласан явдал. Тухайлбал, коронавирусын тархалтын эхэн үед, Master Kong гэх бэлэн гоймон, ус ундаа үйлдвэрлэгч компани өдөр болгон нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг нягтлан үйл ажиллагаандаа тусгадаг байжээ. Жишээ нь, уг компани борлуулалтын шугамаа өөрчилж O2O (online & offline) руу шилжиж орлогоо нэмэгдүүлж чадсан аж. Хэдхэн долоо хоногийн дотор борлуулалт 50 гаруй хувиар сэргэсэн ба уг хугацаанд дахин хаалгаа нээсэн дэлгүүрүүдийн 60 хувьд нь бараагаа нийлүүлж чаджээ. Энэ нь өрсөлдөгч нартай харьцуулахад дор хаяж гурав дахин өндөр үзүүлэлт юм.
- Дээрээс доош чиглэсэн шийдвэр гаргах явцтай зэрэгцүүлж доод түвшнээс дээд удирдлагад чиглэсэн хандлагыг давхар ашиглах
Шуурхай, харилцан уялдаатай арга хэмжээ авахад дээрээс доош чиглэсэн манлайлал шаардлагатай байдаг. Гэвч ялгаатай орчин дахь хоорондоо эрс өөр динамик бүхий тааварлашгүй өөрчлөлтөд дасан зохицохын тулд удирдлагаас хамаарахгүй санаачилга мөн шаардлагатай. Хятадын зарим компани амжилттайгаар дээрх аргыг нэвтрүүлсэн байна.
Жишээ нь 400 хотод 6,000 зочид буудал ажиллуулдаг Хятадын Huazhu компани нь өвчний нөхцөл байдлыг өдөр бүр хянаж дээрээс доош чиглэсэн шийдвэр гаргадаг ажлын хэсэг байгуулсан юм. Мөн Huatong гэх дотоод мэдээллийн аппликейшнээ ашиглан ажилчид болон салбарууддаа аливаа мэдээллийг шуурхай дамжуулна. Түүнчлэн дээд түвшнээс ирсэн мэдээлэл, зааварчилгааг тухайн орон нутгийн нөхцөл байдалд тохируулан салбарууд хэрэгжүүлдэг байна.
- Тодорхой мэдээллээр хангаж аюулгүй орчинг бүрдүүлэх
Хямралын үед бүхий л зүйлс зогсолтгүй өөрчлөгдөж тодорхойгүй байдалд ордог. Дийлэнх тохиолдолд төрийн байгууллагын зөвлөгөө хуучирсан, зөрүүтэй, хэрэгжүүлэхэд хэт ерөнхий байх хандлагатай. Цаашлаад хэвлэл мэдээлэл хоорондоо зөрүүтэй мэдээлэл, зөвлөгөөг цацаж олныг төөрөгдүүлнэ. Гэрээсээ ажиллах гэх мэт шинэ ажлын хэв маягт дасан зохицохын тулд бидэнд үнэн зөв, тодорхой зааварчилгаа шаардлагатай.
Хятадын зарим компаниуд ажилчдаа заавар, зөвлөгөөг тогтмол өгч байна. Тухайлбал, Хятадын хамгийн том гал тогооны хэрэгсэл үйлдвэрлэгч Supor нь ажлын гуанзанд аль болох ам хамраа гаргахгүй байх зэрэг асар нарийн журам боловсруулжээ. Үүнээс гадна өвчний тархалтын эхэн үед ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг эмнэлгийн үзлэгт хамруулан халдвараас сэргийлэх зориулалт бүхий төхөөрөмж худалдан авчээ.
- Ажилчдыг цомхтголгүй өөр ажилд шилжүүлэх
Ресторан гэх мэт эдийн засгийн хувьд хор хохирол ихээхэн амссан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдсан. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгжүүд ажилчдаа цомхтгохын оронд бусад компани руу түр хугацаагаар шилжүүлж эсвэл цаашдын бизнес төлөвлөгөөг боловсруулах ажлыг даалгасан байна.
Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ өөрчлөгдөх нь инновацийг өдөөгч болж өгдөг.
Онлайн худалдаа огцом өсөхөд Alibaba компанийн эзэмшдэг Hema гэх супермаркетад яаралтай ажиллах хүчин хэрэгцээтэй болоход борлуулалт нь эрс унасан 40 гаруй ресторан, буудал, кино театрууд ажилчдаа түр хугацаагаар шилжүүлжээ. Үүнээс үлгэр жишээ авсан Ele, Meituan, and JD’s 7Fresh гэх зэрэг онлайн худалдаа эрхлэгч компаниуд ресторануудаас ажилчдыг нь түр хугацаагаар хөлслөв.
- Борлуулалтын сувгаа төрөлжүүлэх
Хүнээс хүнд халдах аюултай цар тахлын улмаас хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүд борлуулалтын шинэ сувгуудыг туршиж үзэж байна. Жишээлбэл, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Lin Qingxuan дэлгүүрүүдийнхээ 40 хувийг хаахаас өөр аргагүйд хүрчээ. Тиймээс 100 гаруй гоо сайхны зөвлөгч нараа WeChat гэх мэт нийгмийн сүлжээгээр хэрэглэгчдэд гоо сайхны зөвлөгөө өгч онлайн худалдааг өргөжүүлэхийг уриалсан байна. Үр дүнд нь Ухань хот дахь борлуулалт өмнөх онтой харьцуулахад 200% өссөн гэж мэдээлэв.
- Нийгмийн сүлжээг ашиглан ажилчид хоорондын уялдаа холбоог хангах
Хятадын олон компани ажилчид, түншүүд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулахын тулд WeChat гэх зэрэг нийгмийн сүлжээг идэвхтэй ашиглах болов.
Хятадын томоохон дотуур хувцасны компани болох Cosmo Lady ажилчдаа бүтээгдэхүүнээ WeChat-аар бусдад сурталчлахыг үүрэг болгожээ. Энэ хугацаанд ажилчид төдийгүй ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирлыг борлуулалтын орлогод нь үндэслэн жагсаадаг байв. Энэ нь нийт ажилчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэхэд тус болсон хэмээжээ.
- Бизнесээ дахин хөл дээр нь босгоход бэлэн бай
Цар тахал дэгдээд зургаан долоо хоног өнгөрч байхад Хятад улс эдийн засгаа сэргээх бодлогоо хэрэгжүүлээд эхэлчихсэн байв. Хятадын нүүрсний хэрэглээ 2019 оны үзүүлэлтийн 43 хувь болтлоо буурсан байсан нь эргээд 75 хувьд хүрлээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл 2019 оны үзүүлэлтийн нэг хувь болтлоо унасан боловч эргээд 47 хувьд хүрч чадлаа. Эдгээр нь эдийн засаг, үйлдвэрлэл эргэн сэргэж байгааг харуулж байна.
Цар тахал эдийн засагт хэр хүчтэй нөлөө үзүүлэх вэ гэдгийг таамаглахад бэрхшээлтэй. Бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд урт хугацаа шаардагдах тул Хятадын адилаар бусад орнууд өвчинтэй тэмцэхийн хажуугаар эдийн засгаа сэргээх бодлогоо боловсруулах нь зүйтэй.
Жишээ нь Хятадын тансаг зэрэглэлийн аяллын компани ажилчдаа цомхтголгүй тэднийг дотоод системээ шинэчилж, өөрсдийн ур чадвараа сайжруулж, шинэ бүтээгдэхүүн санаачлах зэрэг зүйлсэд цагаа зарцуулахыг уриалжээ.
- Салбар бүрийн сэргэх хурд адилгүй
Тухайн салбараас хамаараад сэргэх хурд нь харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл салбар бүрийн онцлогт нь тохирсон бодлого шаардлагатай гэсэн үг юм. Хэдийгээр хөрөнгийн зах зээл дээр бүх салбарын хувьцаа доош унасан ч гэлээ хэдхэн хоногийн дараа софтвейр, эмнэлгийн төхөөрөмжийн компаниудын хувьцаа сэргэсэн. Харин Хятадын хөрөнгийн зах зээлийн 28 хувийг бүрдүүлэгч тээвэр, жижиглэн худалдаа, эрчим хүчний салбарууд нь таван хувийн уналттай хэвээр байна.
Тиймээс Хятадын хүнсний бүтээгдэхүүн, ус ундаа үйлдвэрлэгч конгломерат нь алсыг харж эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн, онлайн худалдааны сувагт анхаарлаа хандуулахаар шийджээ.
- Хэцүү цагт боломжийг олж хар
Хэдийгээр цар тахал Хятадын бүхий л салбарт сөргөөр нөлөөлсөн боловч зарим нэг салбарын эрэлт хэрэгцээ өссөн гэдгийг мартаж болохгүй. Ялангуяа онлайн худалдаа, гэрээсээ ажлаа хийх боломжийг олгож буй программ, олон нийтийн сүлжээ, эрүүл ахуйн хэрэгцээт бараа, эрүүл мэндийн даатгал зэргийг дурдаж болно. Энэхүү боломжийг Хятадын компаниуд овсгоотой ашиглаж байгаа билээ.
Видео платформ Kuaishou нь шинээр онлайн сургалт, хичээл санал болгодог болсон нь үнэлгээг нь 28 тэрбум ам.долларт хүргэв.
Олон видео платформууд Хятадын Боловсролын яамтай хамтран үндэсний онлайн хичээлийн танхим бий болгохоор зорьж байгаа аж.
Түүнчлэн томоохон ресторанууд хэрэглэгчдэд хагас боловсруулсан бүтээгдэхүүн санал болгож боломжийг ухаалгаар ашиглажээ.
- Тухайн орон нутгийн онцлогт тохируулан бодлогоо хэрэгжүүлэх
Цар тахлын нөхцөл байдал орон нутаг бүрд ялгаатай тул ялгаатай арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Үүний адилаар компаниуд ч бас уян хатан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
Хятадын тэргүүлэгч сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани орон нутаг, хотуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өөрсдийн дэд бүтэц, борлуулалтын ажилчдын тоонд үндэслэн ялгаатай бодлого баримтална. Цар тахал хүчтэй тархсан бүсэд үйлдвэрүүд шууд нийлүүлэлтээ хариуцан хийдэг. Түүнчлэн тухайн нутгийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд суурилан маркетинг, төсөв зэргийг байнга шинэчилдэг байна.
- Шинэ эрэлт хэрэгцээг даган шинийг санаачил
Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ өөрчлөгдөх нь инновацийг өдөөгч болж өгдөг. Хятадад зарим компани шинэ санаа, шинэ шийдлийг эрэлхийлж байна.
Ерөнхийдөө даатгалын компаниуд туйлын хуучинсаг арга барилтай. Харин Ant Financial нь даатгалын бүтээгдэхүүндээ нэмж коронавирусын даатгалыг үнэгүй олгожээ. Энэхүү шинэлэг санаа нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, бусад онлайн үйлчилгээгээ сурталчлах боломжийг бас олгов. Уг даатгалын компани хоёрдугаар сарын эрүүл мэндийн даатгалаас олох орлого өмнөх сартай харьцуулахад 30 хувиар өснө гэж таамаглажээ.
Хятадын чихэр үйлдвэрлэгч компани бизнесээ цахимжуулах бодлого баримталж эхлээд буй.
- Шинээр бий болж буй хэрэгцээг олж харах
Бидний амьдралд гарсан зарим өөрчлөлт цар тахлын дараа ч үргэлжлэх төлөвтэй. Хятад улсад онлайн худалдаа асар хурдацтай хөгжсөн нь SARS-тай холбоотой гэж судлаачид үздэг. Хүмүүс ямар бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан хэвээр байх уу гэдгийг таамаглахад хэцүү. Гэхдээ цаашдаа цахим боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, онлайн худалдааны эрэлт хэрэгцээ өсөж магадгүй байна.
Хятадын чихэр үйлдвэрлэгч компани бизнесээ цахимжуулах бодлого баримталж эхлээд буй. Өмнө нь бараагаа сурталчлах зорилгоор томоохон дэлгүүрт төрөл бүрийн аян явуулдгаа зогсоож хөрөнгө оруулалтаа дижитал маркетингт төвлөрүүлэв.
Цаашдаа Хятад, Өмнөд Солонгос, Итали, Америкт авч хэрэгжүүлж буй бодлогоос бусад улс орнууд суралцах боломжтой. Хэрэв аж ахуйн нэгжүүд ухаалгаар бусад орны туршлагаас суралцаж шуурхай уян хатан бодлого авч хэрэгжүүлэх аваас бизнесээ аварч үлдэхэд илүү дөхөм болно.
Эх сурвалж: hbr.org (2020 оны гуравдугаар сарын 10-ны материал)