Зарла, тууштай бай, амжилтад хүр. Эдгээр гурван үйлдэл намайг тодорхойлдог гэж хэлж болно. Зөвхөн ажлын талбарт ч биш, багаас минь хойш эдгээр үйл зүрхний гүнд минь үргэлж байсаар ирсэн билээ. Зарла, тууштай бай, амжилтад хүр. Энэ гурав хоорондоо хэлхэгдсэн гэлтэй. Шалтгаан нь тун энгийн.
Зарла, зорилгоо бусадтай хуваалцаарай. Ингэж юунд тэмүүлж байгаагаа зарламагцаа би зорилгынхоо төлөө тууштай зүтгэж эхэлдэг. Улмаар энэ хичээл зүтгэл маань намайг амжилтад хөтөлдөг. Туулсан амьдралаа эргээд харахад, надад тохиолдсон томоохон үйл явдал бүхэн үргэлж энэ л дарааллын дагуу явсан байдаг. Ингээд өөрийн амьдралд тохиолдсон явдлуудаа би хэсэг хэсгээр нь уншигч та бүхэнд хуваалцъя.
Зарласан зорилгыг чинь сонсоод, ингэж тууштай зүтгэж байгааг чинь хараад чамд сэтгэлээсээ туслах хүмүүс гарч ирнэ. Энэ хүмүүсийн туслалцааг авахаасаа бүү татгалзаарай. Хэн ч байсан ганцаараа бүхнийг хийгээд амжилтад хүрдэггүй юм шүү.
Хэдий чинээ тууштай, зүтгэлтэй байна төдий чинээ хүнээс ирэх тус нэмэгдэж байдаг.
Мөн та зөвхөн тус аваад зогсохгүй, энэ хичээл зүтгэлээрээ бусдад урам зориг, эрч хүч, эр зоригийг хайрлаж байдаг бөгөөд бие биенээ урамшуулан дэмжих хамтын амжилтын хөдөлгүүр ажиллаж эхэлдэг юм шүү.
Их сургуулиа төгссөнөөс хойш Мобикомын Гүйцэтгэх захирлын ажлыг авах хүртлээ би 24 жил харилцаа холбооны салбарт тасралтгүй ажиллажээ. Гэвч бодит үнэн гэвэл би олон улсын бизнес, маркетинг, эдийн засаг, мэдээллийн технологийн алинаар нь ч сурч байсангүй. Мэдээж дээрх мэргэжлүүдийн суурь хичээлийг ерөнхийд нь үзэж байсан л даа. Харин би эдгээр мэргэжлийн бүх мэдлэг, туршлагыг мэдээлэл, харилцаа холбооны компанид ажиллахаар орсон хойноо сурч эзэмшсэн билээ.
Тэгвэл миний үндсэн мэргэжил юу юм бэ гэж үү? Түүх, тэр дотроо Европын түүх. Үүнийг сонсоод зарим нь итгэхгүй ч байж болох юм.
Гэвч энэ нь хөдөлшгүй үнэн бөгөөд би ч нуухыг хүссэнгүй. Түүх гэхээр хамгийн түрүүнд дайн тулаан, эзлэн түрэмгийлэл эсвэл баатарлаг түүхүүд л хүмүүсийн санаанд буудаг нь нууц биш. Гэтэл үнэн хэрэгтээ түүх нь хуучны улсуудын эдийн засаг, хууль, улс төр болон соёлын тухай маш өргөн хүрээтэй шинжлэх ухаан билээ.
Токиогийн шилдэг их сургуулийг түүхчээр, тэр дотроо Европын түүхээр төгсөх болсон минь ахлах сургуулийн түүхийн багштай минь салшгүй холбоотой. Түүний мэдлэг намайг үргэлж гайхшруулдаг байлаа. Бусад улсын түүх, соёл, шашин, урлаг, эдийн засгийг гарын таван хуруу шигээ мэдээд зогсохгүй багш маань олон ч улсад аялж амьдарсан нэгэн байв. Тийм ч учраас түүний хичээлд суух болгондоо би багш шигээ л хүн болно доо гэж мөрөөддөг байлаа. Ингээд ахлах сургуулиа төгсөөд багшийнхаа төгссөн их сургуулийн яг нэг түүхийн танхимд орохоор шалгалт өгсөн боловч тэнцсэнгүй. Улмаар жил завсардангаа дахиж шалгалт өгөхөөр бэлдэж байхдаа “Зарла, тууштай бай, амжилтад хүр” гэдгийг анх өөр дээрээ мэдэрч билээ. Их сургуулийн шалгалт нь тэнцэхэд маш хүнд шалгалт хэдий ч, би ойр дотны найз нөхөд, гэр бүл, багш нартаа тэр сургуульд Европын түүхээр сурмаар байгаагаа үргэлж хэлдэг байв. Эцэст нь би шалгалтдаа тэнцэж, бусад сургуульд орох боломж байсан ч багшийнхаа төгссөн тэр л сургуулийг огт эргэлзэлгүй сонгосон юм.
Үүний дараа “DDI” компанид (Мобикомын хувьцаа эзэмшигч компани “KDDI” анх ийм нэртэй байлаа) ороод удалгүй, би хоёр дахь удаагаа өнөөх зүй тогтлоор зорьсондоо хүрэв. Энэ үед би их сургуулиа төгсөөд байлаа. Их сургууль маань нэр хүндтэй учир манай сургуулийн төгсөгчид хүссэн ажилдаа ороход саадгүй байдаг байв. Гэвч түүхч мэргэжилтэй хүн харилцаа холбооны компанид ажилд орох амаргүй хэрэг байлаа. Ялангуяа Европын түүхээр сурчихсан хүний хувьд. Гэвч би “DDI”-д орох чин үнэн хүсэлтэй байсан. Яагаад вэ гэвэл тухайн үед цаг үе хувьсаж өөрчлөгдөж аналог системээс дижиталд шилжиж, харилцаа холбооны салбар үсрэнгүй хөгжиж, ирээдүйг бүтээлцэж байсан цаг. Мөн аав, өвөө хоёр маань ч харилцаа холбооны салбарт ажиллаж байсан нь надад нөлөөлсөн биз ээ.
Ингээд би зорилгоо бусдад ярьж, түүнийхээ хойноос тууштай зүтгэж , эцэст нь амжилт гаргах өнөөх дарааллынхаа дагуу ажиллав. Илтгэл тавьж сурахаас авахуулаад эдийн засаг, нийгэм, харилцаа холбооны салбарыг сайтар судалсны эцэст ээлж дараалсан шалгалт, ярилцлагыг давснаар зорьсондоо хүрч чадсан.
Компанидаа орсоны дараагаар хэдий Токио дахь төв оффистоо Глобал Бизнесийн Газарт харьяалагдаж ажиллах хүсэлтэй байсан боловч (энэ үед KDDI болсон байв) орон нутгийн борлуулалт (Хоккайдод) хариуцаж ажиллахаар томилогдчихож билээ. Гэхдээ л би Токио дахь төв салбарт ажиллах хүсэлтэйгээ хамтран ажиллагсад болон дарга нартаа ярьсаар л байлаа. Эцэст нь нэг өдөр Хүний нөөцийн албаны захирлуудтай биечлэн уулзах завшаан гарч, өөрийнхөө юу хүсч мөрөөдөж байгаагаа илэн далангүй ярихад тэдний сэтгэл хөдлөх шиг болж билээ. Ингээд миний хүсэлтийг тэд ёсоор болгож би дөрвөн жилийн хүчин чармайлтынхаа үр дүнд төв оффистоо ажиллахаар болсон доо.
Европын түүхээр сурсны хувьд ийнхүү төв салбартаа ажиллах тусам нэгэн хүсэл хүчтэй төрж эхэлсэн нь Европын аль нэг улсад ажиллах явдал байлаа. Ингээд л зорьсондоо хүрэх өнөөх “дараалал”-ынхаа дагуу шаргуу хөдөлмөрлөж, өдөр бүр өөрийнхөө бүх л эрч хүчээ зөвхөн ажилдаа зориулдаг байв.
Японд компанидаа ямар нэгэн хүсэлт тавих бол өөрийн хичээл зүтгэлээ нэн тэргүүнд харуулах учиртай байдаг. Иймээс ч би нойр хоолоо умартан өдөр шөнөгүй ажилласаар байлаа. Энэ үед би 7-9 цагийн зөрүүтэй оршдог Европын олон компанитай ажиллаж байв. Ингээд Японд өглөө болоход би ажиллаж эхэлдэг, Японд ажил тарж Европт ажил эхлэхэд би ажлаа л хийчихсэн сууж байдаг сан. Тэр бүү хэл Европын хамтрагчид маань хүртэл ажлын цагаа дуусгаад оффисоосоо гарахад би ажлаа хийсээр л үлддэг байв.
Энэ бүх хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр, шийдэмгий зан чанар маань удирдлагуудын сэтгэлд хүрч 2004 онд Лондонд ажиллах санал надад тавьж билээ. Ингээд 2011 он хүртэл би Дусселдорф, Франкфурт, Брусселд ажилласны дараа 2011 онд Токиодоо эргэн ирж олон улсын бизнесийн хэлтсийн менежментийг хариуцаж ажилласаар 2016 онд надад Мобикомын Гүйцэтгэх захирал, ТУЗ-ын даргаар ажиллах санал ирсэн билээ.
Зорилгоо зарла, тууштай бай, амжилтад хүр. Эдгээр үг надад юугаар ч орлуулшгүй үнэ цэнтэй. Хоорондоо учир шалтгаанаар холбогдсон энэ үгс миний амьдралын тарни мэт болж, үргэлж намайг зорилго өөд тэмүүлэхэд тусалсаар ирсэн, тусалсаар ч байх билээ.
хүсэж зорьж байгаа зүйлээ мэддэг байх түүнийгээ үнэн шударгаар хэлж илэрхийлнэ гэдэг чухал юм байна гэдгийг ойлголоо
Баярлалаа.
Хүүхэд залуусд түгээх эрч хүч, амжилт дүүрэн сайхан нийтлэл уншлаа. Амжилт хүсьe.