Аливаа шинэ мэдлэг чадварт үргэлж суралцах нь амьдралын нэг баяр баясал. Амьдралд маш олон салаа зам тулгардаг ч хамгийн их зүйл суралцах замыг үргэлж сонгосоор ирсэн минь миний амьдралыг яаж өөрчилсөн тухай өөрийнхөө түүхийг би та бүхэнд хуваалцъя.
Тонн нүүрсний үнэ 25 ам.доллар болтлоо унаад байх үед би Канадын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг “Саусгоби Ресурс” компанийн охин компани болох “Саусгоби Сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар ажиллахаар очиж байлаа. Хагас коксжих нүүрсний үнэ улам унасаар 2015 оны эцэс гэхэд 10 ам.долларт хүрсэн тэр жилүүдийг тэсч “амьд үлдэх” л бидний нэн тэргүүний зорилго байв. Нэг ёсондоо бид “Ангалын ирмэг” дээр алхаж байсан бөгөөд зардлаа танаж чадахгүй бүтэлгүйтвэл шууд дампуурах байсан юм. Анх намайг ажлаа авахад нэг тонн нүүрс гаргах зардал 21 ам.доллар байв. Харин сүүлд ажлаа хүлээлгэж өгөхдөө энэ зардлыг 11 ам.доллар болтол бууруулж байлаа. Ингэснээр зөвхөн “амьд” үлдээд зогсохгүй компанийнхаа цаашид илүү ашигтай, тогтвортой ажиллах үндсийг бүрдүүлээд 2015 онд ажлаасаа гарсан юм. “Саусгоби Сэндс” компанид амжилттай ажиллаж, өндөр үр дүн үзүүлж чадсанаар толгой компани болох “Саусгоби Ресурс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар дэвшин ажиллаж байлаа. Ингэснээр “Саусгоби Сэндс” компанид америк захирлаас, “Саусгоби Ресурс” компанид австрали захирлаас тус тус ажлаа хүлээн авч, аль аль дээр нь анхны монгол захирал болсон. Мөн Торонтогийн бирж дээр гарсан анхны монгол захирал болж билээ.
Цагаа олсон зөв шийдвэрүүд
Бизнест шийдвэрүүд тасралтгүй гарч байж ажил урагшилдаг. Гэвч бизнесийн шийдвэрүүд дотроос хүмүүстэй холбоотой шийдвэр гаргах нь захирал хүнд хамгийн хэцүү байдаг. Тийм ч учраас ажилтнаа үнэлэхдээ би үргэлж зарчимч, шударга байхыг хичээж ирсэн. Мөн тэдэнд өөрийнхөө хүлээлтийг сайтар ойлгуулдаг байлаа. 2006 онд М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлыг аваад удаагүй байв. Миний удирдлагад борлуулалт, маркетинг, борлуулалтын төлбөр тооцоо, түгээлт гэх дөрвөн албын 130 гаруй хүн ажилладаг байв. Гэтэл нэг өдөр түгээлтийн албаныхан цалин бага байна гэх шалтгаанаар ажил хаяхаар болсон тухай сонсогдох нь тэр. Би ч тэр дор нь энэ үйл ажиллагааг зохион байгуулж буй хоёр ажилтантай уулзаж, ний нуугүй ярилцав. Эцэст нь тэд бусадтайгаа дахин ярилцаад эцсийн дүндээ ажил хаяхаар шийдэцгээсэн тул би бүгдийг нь хурлын танхимд дуудаж байгаад шулуухан хэлсэн юм. “Урамшууллыг чинь өөрөө тооцож олгодог хүний хувьд та нарын цалин бага гэдгийг ойлгож байна. Гэвч борлуулалт зогсож болохгүй учир, дараа жил хүртэл хүлээхгүй гэж байгаа хүмүүсийг явуулахаас өөр арга алга. Яг одоо үргэлжлүүлж ажиллахгүй гэж байгаа хүмүүс нь гарын үсгээ зур. Харин ажиллах хүмүүсийг ажилд нь үлдээнэ” гэдгээ хэлсэн юм. Энэ бүхний эцэст ажил хаялтыг зохион байгуулсан хоёр хүн л ажлаасаа гарсан бөгөөд тэд бүх л зүйлд сэтгэл дундуур явдаг, ажлыг хойш татдаг төрлийн хүмүүс байж таарсан юм. Ингээд тэр жил би компанийнхаа борлуулалтыг 149 хувийн гүйцэтгэлтэйгээр давуулан биелүүлж, удаах жил нь хэлсэн амандаа ч хүрсэн.
Бизнест үргэлж шийдвэр гаргах шаардлагатай ч шийдвэр болгон амаргүй
М-Си-Эс Группийн охин компаниудад захирлаар ажилласан найман жилээс гадна би дундуур нь Гоёо ХХК-д захирлаар очиж ажиллаж байв. Энэ үед “Саусгоби Сэндс”-д хүнд үед нь очсонтой адил Гоёо компанийн хувьд ч алдагдалтай он жилүүдэд нь гүйцэтгэх захирлын ажлыг хүлээж авч байлаа.
Сурах зүйлээ сурчихаад амьдралын нэг л зогсоол дээр тогтолгүй өөрийгөө сорьж, дараагийн зогсоол руу тэмүүлж байсан нь миний амьдралд маш том өөрчлөлт авчирсан
2008 онд Гоёо компанийг удирдаж байхдаа хамт ажилладаг багийнхандаа, мөн тэр байгууллагын ажилтнуудад өөрийн хүлээлтээ зөв ойлгуулж байх хэрэгтэйг ойлгосон. Том жижиг ямар ч байгууллагад ажиллаж байсан, өөрийнхөө ойлголтыг хамт олондоо, ялангуяа хамгийн тэргүүн эгнээнд ажилладаг ажилтнууддаа тодорхой ойлгуулахыг хичээдэг байв. Учир нь зөвхөн захирлынхаа хүрээний алба нэгжүүдийн удирдлагатай уулзаад байвал чиний үг замдаа хэд хэд “орчуулагдсаар” тэргүүн эгнээний ажилтнуудад хүрэхдээ хэд ч хувирах тохиолдол гарна. Тиймээс би Гоёо компанид байхдаа жилд хоёр удаа нийт ажилтнуудын хурал хийдэг байв. Ингэснээр жилийн эцсээр энэ жилээ дүгнэхийн зэрэгцээ ирэх жилийн зорилтоо танилцуулна. Мөн жилийн дундуур дахин нэг хуралдаж тухайн жилийнхээ үйл явцыг танилцуулж, гарсан алдаа оноогоо хамтдаа хэлэлцдэг байв.
Бизнесийн салбарт захирлууд үргэлж шийдвэр гаргаж байдаг. Заримдаа хүнд шийдвэр гаргах ч үе бий. Аль ч тохиолдолд зөв шийдвэр гаргахад хамгийн чухал зүйл бол туршлага. Туршлага байхгүй бол шийдвэр гаргахад цаг их зарцуулдаг. Миний хувьд хаана ч ажилласан хуримтлуулсан туршлага минь үргэлж хэрэг болдог. Учир нь бизнесийн салбар, үйл ажиллагаа нь л өөрчлөгддөг болохоос үндсэн зарчим нь хаана ч адил байдаг. Улмаар ямар ч бизнесийн байгууллагад очсон тухайн байгууллагыг удирдаж ажиллахдаа ажлаа хамгийн богино хугацаанд ойлгож авах өөрийн гэсэн арга барилтай болсон.
Шинэ ажилтайгаа танилцах 100 хоног
Шинэ компанид хамт ажиллах багаа хамгийн түрүүнд харна. Надад ажлаа тайлагнадаг захирлуудаас тус тусынхаа ажлыг надад танилцуулахыг хүсдэг. Шаардлагатай бол тэдний ажлын талаар болон хэрхэн ажилладагийг бүтэн өдөр ч сонсоод сууж чадна. Ингээд багийнхныгаа хэрхэн ажилладаг, тэдний ажил яаж өрнөдөгийг сарын дотор ойлгочихно. Үүний дараа санхүүгийн тоонуудыг харна. Ямар тоонууд чухал вэ, гол үзүүлэлтүүд юугаар хэмжигддэг вэ гэх зэргээр санхүүгийн тооцоо, тайлан, тоонуудтай танилцана. Манай компанийн үнэ цэнэ хэрхэн бүтэж байгаа үйл явцыг санхүү талаас нь харна гэсэн үг. Ингээд би бизнесийнхээ процесс, санхүүгийн нарийн зүйлсийг ойлгоход дараагийн нэг сарыг зарцуулдаг. Үүний дараа борлуулалт, маркетинг дээрээ төвлөрдөг дөө. Энэ бүх ажлыг ойлгоход надад олон жил өөр өөр чиглэлийн ажил хариуцаж ажиллаж байсан маань их хэрэг болдог. Мөн олон газар захирлын албан тушаалыг гүйцэтгэж байсан учир шинэ ажлаа гартаа оруулахад дөхөм байдаг. Борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан учир борлуулалтыг сайн ойлгоно, 20 гаруй технологийн процесс, тусдаа дөрвөн том үйлдвэртэй Гоёо компанийн захирлаар ажиллаж байсан учир үйлдвэрлэлийн үйл явцыг бас гадарлана.
Ажил чинь чамайг сорихгүй байгаа бол чи буруу газраа байна
Хэрэв хийж буй ажил чинь чамайг сорихоо больж, улам л тав тухтай болгож байгаа бол дараагийн ажлаа хийх дохио гэж ойлгоорой. Сурч мэдэх, илүү туршлага хуримтлуулах хүсэлтэй хүн өөрийгөө үргэлж сориход бэлэн байх хэрэгтэй. Мөн ямар ч орчин нөхцөлд, хэнээс ч суралцах боломж байдаг гэдгийг бүү мартаарай. Бизнесийн талбарт зөвхөн өөрөөсөө дээд албан тушаалтнуудаар зогсохгүй, хамт ажиллаж байгаа хүмүүс, удирдаж байгаа ч хүмүүсээсээ суралцах зүйлс чамгүй их. Гадаад харилцааны яаманд ажилладаг байхдаа хуучны дарга нараас аливаад хэрхэн буурьтай хандаж, ноён нуруутай шийдвэр гаргадгийг маш сайн ойлгож авсан. Эцэст нь амьдралын маш олон зогсоол байхад нэг л зогсоол дээрээ сурах зүйлээ сурчихаад тогтолгүй өөрийгөө улам илүү сорьж, дараа дараагийн зогсоол руу тэмүүлж байсан минь миний амьдралд маш том өөрчлөлтийг авчирсан. Гэвч энэ бүх сорилт миний амьдралд шинэ зүйл биш юм. Эцэст нь хэлэхэд ямар ч бэрхшээлгүй ажлаас чи юу ч сурахгүй.
Яг одоо би газрын тосны зах зээлд тэргүүлэгч “Петровис Ойл” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна. Зарим алслагдсан сумдын амьдрал бидний үйл ажиллагаанаас шууд хамаарч байдаг. Тийм ч учраас бид ашгаа биш харин хэрэглэгчдээ тэргүүнд тавьж шийдвэр гаргах тохиолдлууд цөөнгүй.
Гоёо компанийг дампууруулж сүйрүүлэх эхлэлийг тавьсан гол хүн дээ