Саяхан MMCG судалгааны байгууллагаас Монголын шилдэг 50 гүйцэтгэх захирлаас компанид нь хамгийн их тулгамдаж буй асуудал юу вэ гэж асуухад “Хүний нөөц” гэж хариулжээ. Энэ бол тун муу мэдээ.
Уламжлал ёсоор бизнест хамгийн чухал нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар гэж үздэг. Монголын бизнес эрхлэгчид үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, борлуулалт гэх мэт гарт баригдаж, нүдэнд харагдах нөөцөд илүү ач холбогдол өгч бизнесээ өргөжүүлж, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ брэнд бүтээхийг зорьж ирсэн. Гэвч энэ хандлага орчин үед хоцрогдож, энэ тэнд тансаг оффистой, том газартай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй групп гэгдэх зарим компанид ажилтнууд тогтдоггүй, ажилтнууд нь сэтгэл ханамжгүй байх жишээ цөөнгүй.
Монголд ажилтныг нөөц гэхээсээ илүү зардал гэж хардаг хандлага хүчтэй. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хөдөлмөрийн харилцаатай холбогдон хүний нөөцийн мэргэжилтэн нь анкет бөглүүлж, ажилтан сонгон шалгаруулж авдаг захиргааны ажилтан болсон. Харин 2013 оноос хүний нөөцийн менежментийн чухлыг ойлгож томоохон компаниуд дээр хүний нөөц хариуцсан баг, алба бий болжээ. Цаашлаад санхүү, түүхий эд, цаг хугацаа зэрэг төрөл бүрийн нөөц дундаас хүний нөөцийн бизнесийн хөгжилд гүйцэтгэх үүрэг улам их болж, хүн гэдэг бол бизнесийн хамгийн гол түлхүүр гэдэг үзэл санаа бэхжив.
Хүний нөөц нь өөрөө бусад нөөцийг ашиглан илүү их баялаг болгон хувиргадаг шавхагдашгүй нөөц
Сүүлийн жилүүдэд компаниудын амжилтыг харсан ч хүн хэмээх нөөцийг хэрхэн зөв удирдахаас тухайн байгууллагын хөгжлийн хурд, тогтвортой байдал шалтгаалдаг гэдэг нь нотлогдсоор байна. Хүн нь зөв удирдвал үнэтэй баялаг, буруу удирдвал том зардал болдог нь ч практикаас мэдрэгддэг. Түүнээс гадна, хүний нөөц нь өөрөө бусад нөөцийг ашиглан илүү их баялаг болгон хувиргадаг шавхагдашгүй нөөц гэдгийг компаниуд ойлгож байна. Тиймээс бүтээгдэхүүн, үйлчилгээ чанартай байхын тулд түүнийг бүтээж буй менежмент нь өөрөө чанартай байх ёстой гэсэн хандлага хүчээ авав.
ISO 30400 ба Моносын ноу хау
Монос групп нь Монголын ардчилалтай нас чацуу, энэ онд 30 жилийнхээ ойг тэмдэглэж буй анхны хувийн компаниудын нэг. Тиймээс ч манай улсын бизнесийн салбарын түүхэн хөгжлийн нэгэн тод тусгал болдог.
30 жилийн өмнө Оросын цэргийн ангийн орхиод явсан, халаалтгүй, цахилгаангүй, нэг давхар модон байшинд нээгдсэн, тэтгэврийн хөгшин, дунд сургууль төгссөн охин хоёроос өөр ажилтангүй, ердөө 4000 төгрөгийн төсөвтэй эмийн жижигхэн үйлдвэрээс Монос группийн түүх эхэлсэн. Энэ нь 30 жилийн өмнө Монголын эмийн салбарт төдийгүй манай улсын хүний нөөцийн тогтолцоонд соёолсон үр байв.
Өнөөдөр 14 охин компанитай, 1600 орчим ажилтантай, Монголын Топ-10 компанийн нэг болсон Монос групп нь улсдаа хүний нөөцийн системээрээ ялгарч чаддаг, менежментдээ инновацилаг арга барил нэвтрүүлдэгээрээ манлайлдаг гэхэд хилсдэхгүй. Тус группийн ажилтнуудаа хөгжүүлэхэд чиглэсэн маш олон тооны хөтөлбөр, сургалт, арга хэмжээ болон групп доторхи албан бус бүтцүүдээс бүрдсэн хүний нөөцийн тогтолцоо нь бүтээл бичих түвшний сэдэв болтлоо хөгжсөн гэхэд болно.
Хүний нөөцийн менежментийг зөвхөн хүний нөөцийн мэргэжилтэн биш байгууллагын бүх түвшинд удирдлагын оролцоотойгоор хэрэгжүүлэх тогтолцоо юм.
“Монгол оюун сэтгэлгээг дэлхийд таниулна” алсын хараатай Монос түүхэн хөгжлийнхөө явцад инноваци шингэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй зах зээлд нийлүүлсээр ирсэн. Тавьсан зорилтууддаа хүрэхийн тулд капитал хөрөнгө оруулалтаас гадна оюуны хөдөлмөрийг дэмжсэн бодлогын хөрөнгө оруулалтыг хийсээр иржээ.
ISO 9001 менежментийн стандарт 2000-аад оны дунд үеэс Монголд нэвтэрч эхэлсэн бөгөөд уг стандартыг нэвтрүүлсэн компанийн өрсөлдөх чадвар дээшилнэ гэж үздэг байв. Энэхүү стандарт нь бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хэрхэн хүргэх процессыг илүү тод томруун харуулсан байдаг. Гэхдээ тэрхүү бүтээгдэхүүн, үйлчилгээг компанийн нэрийн өмнөөс хүргэж буй ажилтныг дэмжих, хөгжүүлэх тал дээр сул байв. Тиймээс Америкийн Стандартчиллын Үндэсний байгууллага болон SHRM /The Society for Human Resources Management/ байгууллагууд хамтран ISO30400 хэмээх хүний нөөцийн менежментийн зургаан багц стандарт боловсруулжээ. Дэлхийн бизнесийн байгууллагуудын хамгийн сайн туршлагуудыг шингээсэн энэ стандартуудыг 2016, 2017 онд Олон Улсын Стандартын Байгууллага албан ёсоор баталгаажуулсан байдаг.
Монос групп дээрх стандартыг баталгаажсан даруйд нь Монголд нэвтрүүлэх ажлыг санаачилжээ. Энэ том ажлыг хариуцаж, төслийн багийг Монос группийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, ТУЗ-ийн гишүүн Б.Уянга удирдан ажиллажээ. Сүүлийн есөн жил энэ ажлыг хийж буй тэрээр группийн менежментийн системийг төгөлдөршүүлэхэд оруулсан хувь нэмэр багагүй.
Б.Уянга төслийн талаар “Энэ стандартыг хэрэгжүүлэх нь нэгдүгээрт Монголын бизнесийн болон төрийн байгууллагуудын хүний нөөц жигд хөгжихөд хувь нэмрээ оруулна гэсэн Монос группийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, хоёрдугаарт дэлхийн таван улсад нэвтрээд байсан ISO 30400 стандартыг Монгол улсад нутагшуулах, гуравдугаарт уг стандартыг компани дээрээ амжилттай хэрэгжүүлэх гэсэн гурван том зорилттой” гэж танилцуулж байв.
Улмаар Монос групп дээрх стандартыг Олон Улсын Стандартын байгууллагаас авч Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яам, Стандарт Хэмжил Зүйн Газар, МУИС, СЭЗДС, Удирдлагын академи, Монсерфт, Хүний нөөцийн салбарын мэргэжлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн багш судлаачид, Монос группийн хүний нөөцийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажилдаа оржээ. Орчуулга, хэлэлцүүлгийн ажил л гэхэд таван сар үргэлжлэв. Зургаан бүлэг стандартын эхний бүлэгт хүний нөөцийн 106 нэр томъёог нэг мөр болгосноор нэр томъёог цаашдаа буруу хэрэглэж процессын алдаа гарах эрсдэлгүй болгов. Дараа нь салбар салбарын төлөөлөл 35 байгууллагаас санал авч, Парист төвтэй Афнор стандартчиллын байгууллагын төлөөлөл ирж тусгай сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Ингээд Монгол Улсын Стандарт Хэмжил Зүйн газарт тус стандартыг танилцуулж, хамгаалснаар үндэсний MNS стандарт болсон байна.
Төрөл бүрийн нөөц дундаас хүний нөөцийн бизнесийн хөгжилд гүйцэтгэх үүрэг улам их болж, хүн гэдэг бол бизнесийн хамгийн гол түлхүүр гэдэг үзэл санаа бэхжив.
Монгол улс Хүний нөөцийн стандарттай болсныг албан ёсоор танилцуулах зорилгоор МҮХАҮТ дээр төр, бизнесийн 300 байгууллагын удирдах ажилтнуудад чиглэсэн форумыг амжилттай зохион байгуулжээ. 2018 оноос Монос групп компани нь дээрх зургаан стандарт /30400 багц стандарт/-ыг компанидаа хэрэгжүүлж эхэлсэн байна. 2019 оны сүүлээр Францын Афнор группийн аудитын төлөөлөл Монос групп дээр хэрэгжилтийг шалгаад, шинэ оны дараахан Монос групп нь “ISO 30400 стандартыг Монгол Улсад анх нэвтрүүлсэн компани” гэсэн гэрчилгээг хүлээн аваад байна.
Афнор группийн Англи дахь салбарын Дэд захирал Марк Салт “ISO 30400 багц стандарт бол ISO 9001-ийн дараагийн ахисан шат” гэж хэлэв. Тэрээр гуравдугаар сарын 23-нд энэхүү стандартыг Монгол улсад нэвтрүүлээд зогсохгүй компани дээрээ хэрэгжүүлж, албан ёсны баталгаажуулалт авч байгаа анхны компани болох Монос групп компанид тус гэрчилгээг гардуулах байсан ч Covid 19 цар тахалын улмаас боломжгүй болсон аж. Харин Афнорын ОХУ-ын Ерөнхий захирал Леонид Дворкин “Бидний хүсэн хүлээж буй гол үр дүн бол бүтээмжийг дээшлүүлэх, байгууллагын соёл, ёс суртахуун, ур чадварыг тасралтгүй сайжруулахад хүргэдэг байгууллагын бүтэц дэх бүх түвшний удирдах ажилтнууд, менежерүүд хүний нөөцийн менежментийг явуулахад оролцоотой, манлайлалтай, тууштай байх явдал” гэж хэлэв.
“Монос” хэмээх школ
Моносын хувьд энэ стандартад тусгасан зүйлээс олонхийг нь олон жилийн өмнөөс компани дээрээ хэрэгжүүлээд ирсэн. Тухайлбал, Моносын брэнд нь эм, эмийн сангууд нь гэж ойлгодог бол сүүлийн үед Моносын брэнд нь дэлхийд өрсөлдөх чадвартай оюунлаг, чадварлаг ажилтнууд гэсэн соёлыг төлөвшүүлж байна. Монос группийн хувьд ажилтан нь стратегийн хамгийн чухал нөөц болж, энэ нөөцийг тойроод компанийн алсын хараа, зорилго, үнэт зүйлс бий болжээ. Монос бол бүх түвшинд ажилтнууд бие дааж ажиллах боломжтой, мөн хамт олноороо хичээнгүйлэн зүтгэдэг, тэмүүлэлтэй, бүтээлч байдлыг дэмждэг суралцагч байгууллага юм.
Шинэ хүн ажилд орсны дараа “Моносын школ” гэж нэрлэхүйц компанийн соёлын өвөрмөц орчинд ордог. Эхний өдрөөс эхлээд дасан зохицуулах, дадлагажуулах, чиглүүлэх, сургах, компанийн соёлд шингээх зорилготой төрөл бүрийн сургалт, арга хэмжээнд хамруулна.
Моносын школоор төлөвшсөн нэгэн хүн бол эдүгээ Монос фарм ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй М.Одгэрэл. 2005 онд Моносын эмийн үйлдвэрт тооцооны нягтлан бодогчоор ажилд орсон тэрээр менежерүүдэд, гүйцэтгэх захирлуудад зориулсан олон янзын хөтөлбөр, сургалтаас хамгийн их зүйл сурсан хүмүүсийн нэг. “Миний амьдралынхаа үнэ цэнэ, утга учрыг олж авсан газар бол Монос” гэж тэр ярив. Түүний хувьд группийн санхүүгийн менежерээр ажилласан хоёр жил хамгийн үр бүтээлтэй үе байсан бөгөөд хожим Гүйцэтгэх захирлаар ажиллахад хэрэг болсон мэдлэг, туршлагыг эндээс олж авчээ. Группийн санхүүгийн менежер байсан учраас бүх компанийн ТУЗ-ийн хуралд сууж, группийн үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатар багт, ТУЗ-д хэрхэн заавар, зөвлөмж өгч чиглүүлж байгааг сонсон олон зүйл сурч авчээ.
Монос группт “Маргаашийн манлайлагчид” нэртэй ТББ байдаг бөгөөд дотроосоо топ менежер, гүйцэтгэх захирлуудаа бэлдэх зорилготой. Группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатарын хэлснээр Моносын удирдах багийн 70 орчим хувь нь дотроосоо төрч гарсан байдаг аж.
Группийн хэмжээнд “Workplace” цахим сүлжээг ашигладаг. Энэ сүлжээнд нийт ажилтнууд шинэ санаагаа хэрэгжүүлэх, нэг нэгнээсээ суралцах, мэдээллээ солилцох хамгийн том орон зай болдог. Моносын ажилтан хувийн хөгжлийн төлөвлөгөөтэй. Оны эцсээр хувийн хөгжлийн төлөвлөгөөндөө ямар сургалт, хөтөлбөрт хамрагдах, хувь хүний хөгжлийн чиглэлээр ямар номнууд уншиж судлах, ямар сэдвээр дотооддоо сургалт хийх гэх мэт. Үүн дээр үндэслэн компани бүр сургалтын төлөвлөгөө гаргадаг. Компанийн топ менежерүүд болон чухал ажилтан, удирдлагын түвшний ажилчдын судалгааг гаргаж тэндээсээ карьерын хөгжүүлэлтийг хийдэг. Монос группийн соёлд “Ажилтны сайн сайхан байдал”, үүнд биеийн болон оюуны, сэтгэл санааны сайн сайхан байдал гэх ойлголтыг чухалчилдаг. Эрүүл мэндийн компани гэдэг утгаараа Монос группт ажилчдынхаа эрүүл мэндийг дэмжих арга хэрэгсэл маш олон. Энэ нь эмийн сангийн хөнгөлөлтийн картнаас эхлээд эрүүл мэндийн үзлэг, дархлаажуулалтын хөтөлбөр, төрөл бүрийн спортын тэмцээн гээд жил тойрсон арга хэмжээ ихтэй.
Харин ажилчдын сэтгэл санааны сайхан байдлыг хангахад Монос группт орчин үеийн шинэлэг хандлагыг нэвтрүүлж эхэлжээ. Ажилдаа дуртай, ар гэртээ санаа зовохгүй, амьдралдаа сэтгэл хангалуун ажилтан компанидаа үнэ цэнэ бүтээж чадна. Шагнах, албан тушаал дээшлүүлэх, цалинг нь нэмэх зэргээр ажилтны сэтгэлийн сайн сайхныг ойлгодог байсан хандлагыг баяжуулж, ажилчдаа сэтгэлийн хувьд эрүүл байлгах бодлогыг Монос групп хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд “Monos Care” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 1600 ажилтныхаа сэтгэл зүйн оношилгоо хийж, сургалт, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ажлыг эхлүүлжээ. Бас “Go green” буюу Эрүүл орчин, эрүүл харилцаа, эрүүл хандлага, эрүүл технологи гэх мэтийг багтаасан төслийг хэрэгжүүлж байна. “Ингэснээр хүний нөөцийн салбарт бас нэгэн чухал асуудлыг шинэ түвшинд гаргаж танилцуулна” гэж Б.Уянга ярилаа.
Ийнхүү Монос групп хүний нөөцийн чиглэлд орчин үеийн цоо шинэ хандлагыг түүчээлж эхлэв. ISO 30400 багц стандартад тусгалаа олсон энэхүү хандлагын дагуу “Хүний нөөцийн менежментийг зөвхөн хүний нөөцийн мэргэжилтэн биш байгууллагын бүх түвшинд удирдлагын оролцоотойгоор хэрэгжүүлэх тогтолцоо юм гэдгийг Төслийн удирдагч Б.Уянга онцоллоо.