“Хүүхдийн зуу” буюу Сөүлийн гудамж дахь шилэн цамхгуудын нэгэнд байрлах 10 давхрын албан өрөөндөө хөрөнгө оруулагчидтай хамтарсан видео хурлаа тун саяхан дуусгалаа гэсээр угтсан Р.Мягмар гуай төрийн байгууллагаас хувийн хэвшилд шилжин ажиллаад хэдэн оныг үдэж буй нэгэн. Тиймдээ ч төр, хувийн хэвшил хоорондын зааг ялгаа, ажиллах арга барилын онцлогийг сайн мэднэ. Тэр ухаалаг утасныхаа дэлгэцийг хэд товшоод л эндээс 600 км-ийн алсад орших Цэций салхин цахилгаан станцын бүхий л үзүүлэлтийг бодит цаг, минутаар харж хянах боломжтой программ гаргаж ирэв. Залгуулаад “25 турбин маань бүгд асуудалгүй ажиллаж байна. Салхины хурд 6.1 метр секунд. Одоо бага зэрэг хөдлөөд 6.4 болчихлоо. Станц 16 мегаваттын чадал авч, реактив ачаалал нь ч хөдөлж байна” гэх зэргээр мэргэжлийн ойлголтуудыг тайлбарлаж өглөө. Яг энэ үед цагийн зүү 12:15 минутыг зааж байв.
Өмнөговь аймгийн Цэций суман дахь 50 мегаваттын салхин цахилгаан станцад өрнөж буй бүхэн минут, секундийн зөрүүгүй гүйцэтгэх захирлын дэлгэцэнд ирснээр мэдээлэл дамжих хурд энд дээд утгаараа биелж байгаа нь харагдана. Үнэхээр ч сэргээгдэх эрчим хүчний салбар технологийн хувьд цоо шинэ. Тийм ч учраас Цэций салхин цахилгаан станц энэ чиглэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч Швейцарийн ABB болон Данийн Vestas компанийн бүтээгдэхүүнээр бүрэн тоноглогджээ. Мөн удирдлага, тохируулга, техник үзүүлэлтийн нэгдсэн системдээ ч хамгийн сүүлийн үеийн программ хангамжуудыг ашигладаг.
Хэдий нүүрс болон салхин цахилгаан станцын ажиллах ерөнхий зарчим ойролцоо ч уурын болон салхин турбины технологи харьцангуй өөр, дээр нь хэчнээн салбарын хүн ч гэлээ технологийн дэвшлийн нөлөөгөөр байнга суралцах шаардлагатай болдгоо Clean Energy Asia компанийн гүйцэтгэх захирал Р.Мягмар учирлаж байна. Эрчим хүчний салбарт насаараа ажилласан түүний карьерын ихэнх он жил нүүрсний цахилгаан станцтай холбогддог. Харин гурван жилийн өмнөөс тэр өөрийн туршлагаа шинэ тутам салбарт зориулахаар сэтгэл шулууджээ. “Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэл гэдэг утгаараа сэргээгдэх эрчим хүчний салбарыг сонирхож эхэлсэн. Эрчим хүчний зохицуулах хороонд зохицуулагчаар ажиллаж байхдаа Монголын сэргээгдэх эрчим хүчний анхны эх үүсвэрийг байгуулахад гар бие оролцож, дэмжин ажиллаж байв. Харин дараа нь Цэций суманд шинэ станц баригдах болоход тэнд ерөнхий инженер буюу үйлдвэр хариуцсан дэд захирлаар ажиллах сонголтыг хийсэн. Ингээд л Э.Орчлонтой хөтлөлцөх нь холгүй ойр дотно хамтран ажиллаж, хоорондоо илэн далангүй зөвлөлдөж, бие биеэсээ харилцан суралцсаар уг төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан даа” хэмээн тэр сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллахаар шийдсэн тухайгаа тайлбарлав.
Нэг нь гадаад харилцаа, хөрөнгө оруулалт, төслийн менежмент, санхүү, эдийн засгийн чиглэлээр, нөгөө нь инженеринг, систем, эрчим хүчний салбарын туршлагатай хоёр мэргэжилтэн үзэж туулсан болоод насны хувьд зөрүүтэй ч бие биеийнхээ дутууг нөхөж өнгөрсөн хугацаанд амжилттай ажиллажээ. Энэ бүхэн салбарынхаа онцлогийг сайтар ойлгодог, арвин туршлагатай мэргэжилтэн хувийн хэвшилд хэрэгтэй байдгийг харуулж буй. Тийм ч учраас “Ньюком” группийн зүгээс гүйцэтгэх захирлаар ажиллах санал Р.Мягмарт тавьсныг тэрбээр хүлээн авч, станцын техник, технологийн аюулгүй, бүрэн бүтэн ажиллагааг хангах үүрэгтэй ерөнхий инженер буюу үйлдвэр эрхэлсэн дэд захирлаас стратеги, бодлогын түвшинд компанийг зангидах илүү хариуцлагатай албанд шилжсэн юм. Тэгэхээр залуу мэргэжилтнүүдийг дэмжиж, боломж олгохоос гадна тэдний ур чадварыг салбартаа урт хугацаанд ажиллаж, мэдлэг туршлага хуримтлуулсан ахмад үеийнхний нөү-хаутай хослуулбал өндөр үр дүнд хүрч болдгийг энэ түүх бидэнд өгүүлэх ажээ. Р.Мягмар гуай “Нэг талаас ТУЗ, хөрөнгө оруулагчид, нөгөө талаас төрийн байгууллагын бодлого, дүрэм журамд уялдуулан ажиллах замаар хамгийн боломжит шийдлийг гаргах нь гүйцэтгэх захирлын хувьд эн тэргүүний асуудал бөгөөд гол сорилт. Компанийн ашиг, орлого, хөрөнгө оруулалтын зээл гэх зэргээр санхүү, эдийн засагтай холбогдох хүнд даалгаврууд гүйцэтгэх захирлын толгой дээр буудаг гэдэг утгаараа энэ бол амаргүй алба” хэмээн онцолж байна.
“Ньюком” группийн ТУЗ-ийн гишүүн, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Орчлонгийн хувьд сүүлийн жилүүдэд Clean Energy Asia компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, нийт 125 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгохын зэрэгцээ Цэций салхин цахилгаан станцыг багийн хамт амжилттай ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн ба одоо тус станц ном журмын дагуу ажиллаж Монголын төвийн бүсийн 200 мянга орчим айл өрхийг эрчим хүчээр хангаж байгаа юм.
“Сэргээгдэх эрчим хүч Монгол Улсын олон улсад эзлэх орон зайг шинээр тодорхойлж чадахуйц хэмжээний ач холбогдолтой”
Нэг үгээр, өнгөрсөн хугацаанд монголчуудын дунд зөвхөн мөрөөдөл төдий, хаа нэг хурал, чуулганд яригдахаас хэтэрдэггүй байсан ойлголтыг Clean Energy Asia компани биежүүлж, бодит ажил хэрэг болгох эхлэлийг тод томруун тавьж чадсан гэж хэлж болно. Гэхдээ саад бэрхшээлийг тойрч хүрдэг амжилт гэж байдаггүйн адилаар тэдний зорьсондоо хүрэх зам ч дардан байсангүй. Манай орны цаг агаарын онцлогоос шалтгаалж тэсгим хүйтэн өвөл, говийн хэт халуун зэрэг эрс тэс нөхцөлд бүтээн байгуулалт өрнүүлэх шаардлагатай тулгарч байв. Мөн салхин цахилгаан станц ашиглалтад орсны дараа салхи үлээх нь мэдээж хэрэг асар ач холбогдолтой, чухал байдаг бол эсрэгээрээ станц ид баригдаж, 100 гаруй метрийн өндөрт турбин угсарч байх үед хүчтэй салхилах нь үйл явцыг удаашруулж, ажил зогсох хүртэл хүндрэл үүсгэдэг. Тиймээс ч Э.Орчлон “Манайхан угсралтын үед салхи бага байгаасай гэж залбирдаг бол станцаа угсарч дуусгаад ашиглалтад оруулсны дараа аль болох их салхилаасай л гэж хүсдэг болсон доо” хэмээн хошигносон болов уу. Өдийгөөс төдий хүртэл тэд үйлдвэрлэл явуулж, эдийн засагт бодит үр өгөөж бий болгохоос гадна олон тооны боловсон хүчнийг өндөр түвшинд бэлтгэж, Монгол Улс энэ салбарт өрсөлдөх чадвартай гэдгийг баталж, эргэлзээтэй гэгдэж байсан асуултуудад нэг мөр хариулт өгсөн юм. Тухайлбал, дээрх төслүүдэд ажилласан залуусыг хамтрагч гадны байгууллагууд өндрөөр үнэлж, өдгөө залуус SoftBank, General Electric, Vestas зэрэг дэлхийн томоохон компанид ажиллаж буй. Товчхондоо, сэргээгдэх эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, бие даасан байдлаа хангаад зогсохгүй экспортлох нөөц бололцоо бидэнд бий гэдгийг тус компанийн хамт олон харуулж чадсан билээ.
Энэхүү эхлэлийн цэгээс Clean Energy Asia компани болон “Ньюком” группийг дараагийн шат руу шилжих далайцтай төслүүд, түүнийг дагасан томоохон сорилтууд угтаж буй. Энэ ч үүднээс Э.Орчлон Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэх, “ирээдүйн” шийдлүүдийг нутагшуулах, цаашлаад гадаад зах зээлийг онилсон зорилго, зорилтууд руугаа багийн хамт ханцуй шамлан ороод байна. “Энэ салбарт санхүүжилт босгож чаддаг тоглогчид орж ирэх ёстой” хэмээн тэрбээр товч, тодорхой тэмдэглэсэн юм. Эхнээсээ бодит ажил хэрэг болон хэрэгжиж буй нь Мьянмар улсын Засгийн газартай хамтарсан 57 мегаваттын салхин цахилгаан станцын төсөл. Уг төсөл “Ньюком” группийн хувьд төдийгүй Монгол Улсын хувьд ч хилийн чанадад хэрэгжүүлэх дэд бүтцийн анхны төсөл гэдгээрээ онцлогтой. Өнгөрсөн оны эцэс гэхэд тэд Мьянмар улсын Засгийн газартай эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээрийг эхлүүлээд байсан ч коронавирусаас үүдсэн нөхцөл байдлаас шалтгаалан төслийн хөгжүүлэлт түр зогсжээ. Дэлхий дахинд үүссэн энэхүү хүндрэл намжих үед төслийн хэлэлцээрийг эрчимжүүлэхээр тэд төлөвлөөд байна.
Сэргээгдэх эрчим хүч бол ирээдүй
Сүүлийн үед байгаль орчин, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийт нүүрснээс татгалзаж, аль болох ногоон шийдлийг нэвтрүүлэхээр эрмэлзэж, сэргээгдэх эрчим хүчийг дуу нэгтэйгээр сонгох болсон. Мөн Монгол Улсын төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хөгжүүлж, 2030 он гэхэд нийт хэрэглээний 30 хувьд хүргэх зорилт тавиад буй. Эдгээр хүчин зүйлээс гадна сэргээгдэх эрчим хүчийг сонгох хэд хэдэн шалтгаан бий.
Энэ оны эхний байдлаар харьцуулж харахад дэлхийд сэргээгдэх эрчим хүчний шинэ станц барих зардал нүүрсний цахилгаан станц шинээр барих зардлаас хавьгүй бага болсон. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид илүү хямд тусна гэсэн үг. Баригдах хугацааны хувьд ч бараг хоёр дахин богино. Сэргээгдэх эрчим хүчний станцын өөр нэг давуу тал бол дагалдах дэд бүтэц шаардлагагүй байдагт оршино. Шинээр баригдах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн зардал буурч байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Нэгт, олон улсын зах зээлд сэргээгдэх эрчим хүчний технологийн өртөг буурч буй. Хоёрт, энэ салбарын технологи үйлдвэрлэлийн зах зээл дэх тоглогчдын тоо эрс нэмэгдсэн. Үүний яг эсрэгээр нүүрсний станцын турбин үйлдвэрлэдэг компаниудын тоо улам цөөрсөөр байгаа. Мөн өнгөрсөн намар дэлхийн томоохон даатгалын компаниуд хамтран шинээр баригдсан нүүрсний цахилгаан станцад даатгалын үйлчилгээ үзүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, бусдыгаа ч ингэж уриалсан зэргээс нүүрс хэмээх түүхий эд зах зээлээс хэрхэн шахагдаж байгааг харж болно. Үүнтэй адил, олон улсын нэр хүндтэй томоохон банк, санхүүгийн байгууллагууд нүүрсний цахилгаан станцад шинээр хөрөнгө оруулах буюу зээл өгөхгүй гэдгээ зарлах болсон. Үүний тод жишээ нь, энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын гурав дахь том банк Citigroup 2030 он гэхэд нүүрстэй холбогдох бүхий л зээл, хөрөнгө оруулалтаа зогсооно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
“Сэргээгдэх эрчим хүчний салбарт санхүүжилт босгож чаддаг тоглогчид орж ирэх ёстой”
Хэдий манай улс нүүрсний нөөцөөр баялаг ч үүнийг нар, салхины нөөцтэй харьцуулахад хаана нь ч хүрэхгүй гэдгийг Э.Орчлон тодруулсан юм. Нөгөө талаар, дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээ өндөртэй коксжих нүүрстэй харьцуулахад түүхий нүүрс олон улсын зах зээлд улам бүр хэрэгцээгүй таваар болж, анхаарлын төвөөс алсарч буй. Нүүрс шатааж эрчим хүч болгох нь хэд хэдэн сөрөг талтай. Эхнийх нь, цэнхэр алт хэмээгдэх усны нөөцөөс их хэмжээгээр шавхана гэдэг утгаараа нүүрсний цахилгаан станц өнөө цагт огт тохиромжгүй хувилбар. Үүний оронд нэг тонн ч ус хэрэглэхгүйгээр нүүрсний цахилгаан станцаас хавьгүй бага өртгөөр хязгааргүй нөөцтэй нар, салхинаас эрчим хүч үйлдвэрлэх олон улсын жишгээр батлагдсан арга хажууханд бэлээхэн байгааг мартаж боломгүй. Дээр нь энэ салбарын техник, технологи асар хурдтай хөгжиж буйн ачаар тун саяхнаас эхлэн нар, салхи болон баттерэй хураагуур хосолсон станц нь найдвартай, хэлбэлзэлгүй, тогтвортой эрчим хүч үйлдвэрлэлээрээ адил хэмжээний хүчин чадал бүхий нүүрсний цахилгаан станцаас ялгаагүй болсноос гадна илүү хямд өртгөөр түгээх боломж бүрдээд буй.
Нүүрсний цахилгаан станц нь зөвхөн усны нөөцөөр тогтохгүй бохир ус, нүүрс хадгалах хэрэгцээ, нүүрс зөөх төмөр зам зэрэг дагалдах томоохон дэд бүтцийг шаардаж байдаг. Энэ бүхэнтэй харьцуулахад сэргээгдэх эрчим хүчний станц маш цомхон, гэхдээ асар ач холбогдолтой. Э.Орчлон “Заавал эрчим хүчний салбарт ашиглана гэж үзээд байгаа түүхий нүүрсний тухайд өөр олон гарц, гаргалгаа бий. Тухайлбал, манай улс түүхий нүүрсийг одоогийн байгаагаас нь илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож чадах үйлдвэрлэлийг хөгжүүлж, дэмжих, энэ чиглэлийн бүтээн байгуулалтуудыг бий болгох, цаашлаад түүхий нүүрсийг шингэн түлш болгох гэх зэргээр сүүлийн үед нэвтрээд буй олон технологийн боломжийг ашиглаж болно. Энэ тал руугаа л бид илүү анхаарах ёстой болов уу” хэмээн хариулсан юм.
Харин Р.Мягмар “Нүүрсний цахилгаан станцын үйл ажиллагаа илүү нарийн төвөгтэй, дамжлага ихтэй. Нүүрсээ уурхайгаас татахаас эхлээд өндөр даралтын уур боловсруулах зуух, турбин гээд л зөвхөн нэг агрегатыг ашиглалтад нийлүүлэх гэж дор хаяж дөрвөн цаг зарцуулдаг. Гэтэл салхин цахилгаан станц салхи гарлаа л бол тэр даруй эрчим хүч үйлдвэрлэж эхэлдэг. Салхины хурд 2-10 метр секунд хүрэхэд л шууд эрчим хүч болно гэсэн үг. Үйлдвэрийн дамжлагаас гадна удирдан зохион байгуулах, тэдгээрийг ажиллуулах шат дамжлага ч багатай. Дорнод аймгийн 36 мегаваттын дулааны цахилгаан станцын дарга байхдаа би 600 орчим хүнийг удирдан ажиллаж байсан бол өнөөдөр 50 мегаваттын Цэций салхин цахилгаан станцыг 40-үүлээ нийлээд ажиллуулж байна” гэв.
Өнгөрсөн жилүүдэд бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох нь хэчнээн чухал болохыг улс даяараа ярьж байгаа ч энэ гээд үзүүлж харуулах бодит жишээ, томоохон үр дүнгээр маруухан байна. Гэтэл сэргээгдэх эрчим хүч экспортолно гэдэг байж болох хамгийн бэлэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргаж эхэлнэ гэсэн үг. Эдийн засаг талаасаа ч хэд хэдэн давуу талтай. Уул уурхайн хамаарлаас ангижирснаар эдийн засгаа солонгоруулж, мөн тодорхой хэмжээнд хамгаалж бэхжүүлж чадна. Үүнээс гадна эрчим хүчний гэрээнүүд харьцангуй урт хугацаанд хийгддэг онцлогтой учраас үнийн хэлбэлзэл үүсэхгүй, тарифын хувьд олон жилийн турш тогтвортой байх бололцоог бүрдүүлдэг. Нөгөө талаас өнөөгийнхтэй төстэй нөхцөл байдал үүслээ гэхэд дагаад экспорт багасахгүй, харин ч бүх зүйл хэвийн үргэлжилнэ гэх зэргээр сэргээгдэх хүчний давуу талыг дурдаад байвал удаан үргэлжилнэ. Тийм ч учраас сэргээгдэх эрчим хүч Монгол Улсын олон улсад эзлэх орон зайг шинээр тодорхойлж чадахуйц хэмжээний ач холбогдолтой хэмээн Э.Орчлон үзэж байна.
Одоогоор “Ньюком” группийн Салхит, Цэций салхин цахилгаан станцууд нийт 100 мегаватт эрчим хүчийг үйлдвэрлэж буй ч үүнийгээ өргөжүүлж 250 мегаваттд хүргэх нөөц бололцоо бий гэдгийг Clean Energy Asia компанийн гүйцэтгэх захирал Р.Мягмар онцолсон юм. Тиймээс ч ойрын жилүүдэд энэ хүчин чадалдаа хүрэхээр зорьж ажиллах, цаашлаад Азийн супер сүлжээнд нэгдэх, эрчим хүч экспортлох зэрэг эдийн засгийн ач холбогдолтой томоохон амбиц, алс хэтийн зорилго руугаа тэд хараа сунгаад байна.
/Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2020 оны 04, 05-р сарын дугаарт нийтлэгдсэн болно/
Маш хэрэгтэй нийтлэл байна. Цоомоодоо амжилт!
Сэргээгдэх эрчим хүчний давуу талуудыг дурьдсан байна. Эрчим хүч буюу цахилгаан нийлүүлэх үнэ тарифаа уян хатан болгохгүй бол иргэг би таны хөрөнгө оруулалтыг 20-30жилд буцаан өгөхийн тулд Цахилгааны дэмжих тариф нэрээр 1квт цахилгаан тутамд 24төгрөгийг нэмэгдүүлж төлж байгаа. Бодох асуудал шүү таминь.
Та бүхэндээ улам ихийг бүтээж улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийг түргэтгэх ариун үйлс нь удам бүх дэлгэрэхийг хүсье.