Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгч дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндээр нэрлэгдсэн Visa компани үүсгэн байгуулагдсан 1958 оноос хойш тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар өдийг хүрсэн нь гайхалтай түүх. Visa бол банк биш. Тэд зээл олгодоггүй, карт борлуулж ашиг олдоггүй, орон сууцны найман хувийн хүүтэй зээл бол бүр ч олгохгүй. Бизнесийн гол загвар нь худалдан авагч болон борлуулагчийн дунд төлбөр тооцоо дамжуулах. Ингэхдээ, тэд VisaNet хэмээх супер сүлжээгээ ашиглан газар зүйн байршил болон цаг хугацаанаас үл хамааран төлбөр тооцоог нүд ирмэх зуурт дамжуулдаг. Өнгөрсөн онд гэхэд л Visa 200 тэрбум гаруй гүйлгээг амжилттай гүйцэтгэжээ.
Зөвхөн Калифорни мужийн дундаж орлоготой хэрэглэгчдэд зориулж гаргасан төлбөрийн картыг The Economist сэтгүүл хамгийн үнэ цэнэтэй брэнд хэмээн онцлох болсон учир шалтгаан юу байв? Хэрэв Visa-гаас энэ талаар асуувал, оновчтой менежмент, маркетингийн үр дүн гэх мэт төлөв даруу хариулт л өгөх болов уу. Visa компани өөрсдийгөө алдаршуулаад байдаггүй. Тэдний нууц нь юундаа вэ гэвэл төлбөр тооцоог амар хялбар, хурдан шуурхай бөгөөд аюулгүй хийх нөхцөлийг бүрдүүлсэн үйлчилгээг маш өргөн цар хүрээнд үзүүлж чаддаг.
291 тэрбум ам.доллароор хэмжигдэх зах зээлд Visa компани өрсөлдөгчгүй манлайлж байна.
Түүхийн хуудсыг сөхвөл, Америкийн хамгийн том банк болох Bank of America-гаас цаасан Visa картыг анх дундаж орлоготой худалдан авагчид болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан 300 ам.долларын хязгаартай гаргаж, ноён Ди Хокоор удирдуулж байв. Тухайн үедээ Visa биш BankAmericard нэртэй байсан бөгөөд бэлэн мөнгөнөөс татгалзах эхлэл болж өгсөн. Менежментийн баг BankAmericard-ыг анх Калифорни мужид л үйл ажиллагаа явуулна гэж төлөвлөж байсан ч 1965 оноос арилжааны банкуудтай ээлж дараалан гэрээ байгуулан сүлжээ үүсгэж эхэлжээ. Нэг л мэдэхэд аль ч банкны хэрэглэгч бай Америкийн хаанаас ч АТМ-д Visa картаа уншуулаад бэлэн мөнгө авах боломжтой болтлоо өргөжин тэлсэн байлаа. Мөн 1974 онд олон улсын зах зээлд дөрвөн төрлийн валютаар нэвтэрч улмаар 160 гаруй болтлоо өргөжин тэлсэн нь Visa-гийн дэвшилтэт үзэл баримтлал, басхүү зоригтой менежментийг харуулсан жишээ юм. Энэ мэтчилэн дэвшилтэт олон санал санаачилгыг тэмдэглэж болно.
Хэдий Visa олон улсын зах зээлд хүчирхэг байр суурь эзлэх нь тодорхой байсан ч стратегийн хувьд түүхэн ахиц болсон үйл явдал бол 1984 онд Ди Хокийн залгамж халааг авсан Чарльз Т. Рассел мэдээлэл дамжуулагч VisaNet сүлжээг шинэчлэн өргөтгөх ажлыг зоригтой эхлүүлсэн явдал юм. Тэрбээр 16 сая ам.долларын төсөв баталж зөвхөн зээлийн картын шилжүүлгээр хязгаарлагддаг байсан системийг санхүүгийн бүх төрлийн гүйлгээ дамжуулах чадалтай цахим төлбөр тооцооны супер сүлжээ болгон өргөжүүлжээ. Компанийн түүхэн дэх стратегийн томоохон хөрөнгө оруулалт нь ийнхүү оновчтой болсноор, дэлхийн нийт ДНБ-ий 10 хувьтай тэнцэхүйц мөнгийг дамжуулах чадалтай төлбөрийн №1 систем “төрсөн” билээ.
Өдгөө VisaNet худалдан авагчийн картаас гарсан төлбөрийн мэдээллийг карт олгогч банкаар нь дамжуулан зөвшөөрөл авч, өөрийн хиймэл оюун ухаанд суурилсан аюулгүйн системээр шалган болзошгүй эрсдэлийг тооцоолдог. Үүний дараа худалдаа, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын данс байршсан банкаар мэдээллийг дамжуулсны эцэст төлбөрийг эцсийн хүлээн авагчид хүргэдэг. Хамгийн гол нь энэ бүх үйлдлийг VisaNet ердөө нэг секундэд гүйцэтгэж чаддаг. Сонирхуулахад, хиймэл оюун ухаанд суурилсан Visa Advanced Authorization (VAA) хамгаалалтын системийн тусламжтайгаар зөвхөн 2019 онд 25 тэрбум ам.долларын залилангаас сэргийлжээ.
Төлбөрийн картны буланд байх цэнхэр, цагаан, шар өнгийн минимал логог хүн бүр мэднэ. Энэ бол мэдээж дэлхийн хамгийн нэр хүнд бүхий Visa брэнд юм.
Санаанд багтамгүй энэ их ачаалал, олон улсыг хамарсан өдөр тутмын үйл ажиллагааны хажуугаар Visa компанийн финтекийн салбарын хөгжилд оруулж буй хувь нэмэр чамгүй их. “Fintech Fast Track”, “Visa Everywhere” болон “Visa Everywhere” хөтөлбөр, Visa инновацын төв болон цахим түншлэлийн бусад санаачилгаар дамжуулан дараагийн үеийн төлбөр тооцооны системийг бэлтгэх ажилд тэд ханцуй шамлан орсон. Арилжааны банкууд хүртэл тоосгоноос тоон систем рүү шилжихээр гарааны бизнесүүдтэй хамтарч байгаа энэ цаг үед Visa нэгэн татгалзахын аргагүй саналыг шинэхэн тоглогчдод тавьж байна. Тэд аппликэйшн програмчлалын интерфейс буюу API-аар дамжуулан технологийн нөөц чадамжаа хуваалцах, дэлхийн сүлжээнд нэвтрэх боломжоор финтекийн старт-апуудыг хангадаг. Энэ бол тэдний хувьд Стивен Спилбергийн “Ready Player One” кинонд гардаг алтан өндгийг олохтой адилтгаж болохуйц боломж гэсэн үг. Visa 2018 оноос финтекийн компаниудыг 100 сая ам.доллараар санхүүжүүлэх хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж буй.
Visa гарч ирснээр олон улсын худалдаа салбарын хөгжил хэд дахин хурдассан. Бид дэлхийн хаана ч байсан Visa карттай байхад валют солиулах гэж цаг алдалгүй дэлгүүр хэсэж, хүссэн үйлчилгээгээ авах эрх чөлөөтэй болсон. Цахим орчинд ч мөн адил. Төлбөр тооцооны зах зээл 291 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаагаас харахад эрэлт хэрэгцээ нь ч тодорхой. Visa бидний өдөр тутмын амьдралыг ч ихээхэн хялбарчилж өгсөн. Аль нэг аймгийн алслагдмал багийн малчин Visa карттай л байхад ойролцоох АТМ ашиглан харь улсад сурч, амьдрахаар явсан хүүхдийнхээ данс руу валютаар нь мөнгө шилжүүлэх боломжтой. Магадгүй та гадагшаа явсан хүүхэд нь гээд төсөөлөхөд хэдэн ч улсаар дамжин ниссэн бай, нэг л карт халаасанд тань байхад төлбөр тооцоонд санаа зовох шаардлагагүй гэсэн үг.
Visa цаашид төлбөр тооцооны салбарыг хэрхэн зураглаж, хөгжлийг аль тийш залахыг өнөөдөр тааж хэлэх боломжгүй. Гагцхүү өрсөлдөгчгүй манлайлал нь үргэлжилсэн хэвээр байхыг тоо баримт нотолж байна.