Узбекистан, Киргизстан, Албани зэрэг улсад бага насаа өнгөрүүлж, дараа нь Англи, Америкт суралцан боловсрол эзэмшсэн Э.Орчлон “Багадаа харанхуйгаас айдаг байснаа, Албанид цахилгаан эрт тасардаг учраас лааны гэрэлд Харри Поттерын цувралыг уншдаг байснаа, хожим энэ цуврал түүнд амьдралыг гэрэл гэгээтэй нүдээр харах итгэл өгсөн тухай, Нью-Йоркт оюутан болж очоод ойлгосон бүхнээ, өөрийгөө хэрхэн шинээр нээсэн тухайгаа бидэнд өмнө нь хуучилсан билээ.
Тэр мөн 125 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож, Цэций салхин цахилгаан станцыг цаасан дээрх төслөөс цахилгаан түгээж эхлэх хүртэлх бүхий л үйл ажиллагааг хариуцаж, Монголын сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэрийг амжилттай гардан босгосон түүхээ, энэ түүхийг бүтээх явцад ямар хүндрэл, бэрхшээлийг даван туулсан талаараа ч Business.MN сэтгүүлд илэн далангүй хүүрнэж амжсан.
Өдгөө “Ньюком” группийн ТУЗ-ийн гишүүн, хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж буй түүнийг энэ удаагийн номын булангийнхаа зочноор бид урилаа.
Номын амтанд орсон анхны дурсамжаасаа бидэнтэй хуваалцахгүй юү?
Намайг хоёрдугаар ангид байхад ээж маань НҮБ-ын Ташкент хот дахь салбарт ажиллахаар томилогдож, бид хоёр Узбекистан руу нүүсэн. Очоод орос, узбек хэл мэдэхгүй учраас Монголоос авч очсон хэдэн үлгэрийн номоо урд, хойноос нь цээжилтлээ уншиж байв. Бас ачаандаа боосон байсан монгол хэлээрх хэдэн ном, сониноо ч уншаад дуусгачихсан. Тэрнээс ч болсон уу багаасаа л сонин эргүүлж, мэдээ хардаг болсон доо.
Тэгвэл танд хамгийн их нөлөөлж байсан ном юу вэ?
Харри Поттер. Багадаа уншиж байсан. Хоёр шалтгаантай. Нэгт, энэ цувралаар дамжуулж англи хэл сурсан. Энгийн бичлэгтэй учраас англи хэл сурахад маш тохиромжтой. Ойлгоход хэцүү биш. Дээр нь уншихад маш сонирхолтой. Хоёрт, урам зориг авах, өөрийгөө хөгжүүлэх зэргээр амьдралд хэрэг болсон. Харри Поттерын цуврал амьдралыг гэгээлгээр харж, зөв итгэл найдвар тээж, аливаад итгэл үнэмшилтэй явахад маань их нөлөөлсөн гэж боддог. Ер нь аливааг хар бараанаар харах уу, аль эсвэл өнгөтөөр харах уу, ирээдүй ямар байх бол гэх зэрэг эргэцүүлэл рүү энэ цуврал л намайг хөтөлсөн болов уу.
Хамгийн сүүлд уншсан ном?
Хэдхэн сарын өмнө анхны хүүхдээ өлгийдөж авсан болохоор ойрд хүүхдийн сэдэвтэй номууд их уншиж байна. Хамгийн сүүлд гэвэл хүүхдийг багаас нь хэрхэн өсгөн хүмүүжүүлэх талаар бичсэн “Bringing Up Bébé: One American Mother Discovers the Wisdom of French Parenting” гэж ном уншсан. Францад амьдардаг, америк гаралтай эмэгтэйн бичсэн ном. Энэ номд франц хүүхдүүд биеэ даасан, маш боловсон төдийгүй гэрт нь зочид ирсэн үед ч яг л ширээнийхээ ард суугаад хоолоо иддэг бол америк хүүхдүүд шалан дээр хэвтчихээд хоолоо идэхгүй уйлах, хашгирах зэрэг үйлдэл гаргадаг. Харин франц хүүхэд огт тэгдэггүй. Ер нь хүүхдийг уйлах бүрт очиж тэвэрч, аргадах гээд байх хэрэггүй. Уйлах бүрт нь аваад байхаар хүүхэд өөрөө өөртэйгөө байж чаддаггүй. Тэгээд нэг зүйл болохоо байхаар уйлаад л авчихдаг гэсэн ойлголттой болдог. Энэ нь хүүхдийг биеэ даахад сөрөг нөлөөтэй гэх зэрэг олон сонирхолтой санааг бичсэн байсан. Үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх гээд үзээд л байна. Гэхдээ хэцүү юм байна.
Одоо ямар ном уншиж байгаа вэ?
Өнгөрсөн жил намайг Forbes сэтгүүлийн “Азийн 30 хүртэлх 30” жагсаалтад шалгарахад “Монголын бизнесийн зөвлөл”-өөс баяр хүргэж, тус зөвлөлийн ТУЗ-ийн хамт олон Бямбын Ринчен гуайн шилмэл бүтээлийн түүвэр таван ботийг бэлэглэсэн. Эдгээр ботийг эхнээс нь эргүүлэн уншиж байна.
Ер нь унших номоо та хэрхэн сонгодог вэ?
Хоёр ангилдаг. Нэгт, аль болох ажил хэрэг, хувийн хөгжил талаас намайг өсөж хөгжихөд туслах номууд уншихыг боддог. “Яг одоо би юунд анхаарах хэрэгтэй вэ?”, “Ямар чадвараа илүү сайжруулах шаардлагатай вэ?” гэх талаас нь бодож, хүмүүсийн бичсэн ревюг харж байгаад энэ чиглэлийн унших номуудаа сонгодог. Харин нөгөө хэсэг номуудаа ажил, хувь хүний хөгжилтэй холбоогүй, яг ямар ном уншвал өөрийн сонирхолд нийцсэн, амралт болохуйц сонголт байх вэ гэдгийг бодолцож шийддэг. Ялангуяа, Айзек Азимов тэргүүтэй зохиолчийн зөгнөлт, шинжлэх ухааны ирээдүйн төсөөлөлд тулгуурлан бичсэн бүтээлийг унших дуртай.
Залууст санал болгох гурван ном?
Орос хэлээр уншсан миний анхны ном. Бусад хэлтэй харьцуулахад аливаа романы уран яруу, тансаг дүрслэл орос хэлээр маш гоё буудаг. Орос хэл өөрөө баялаг учраас тэр байх. “Шадар гурван цэрэг”-ийн тухайд их сонирхолтой ном. Том саад бэрхшээлийн эсрэг цөөхүүлээ сөрж, тэмцэхэд үнэнээр явбал үргэлж боломж, гарц бий гэдгийг, сорилтын эсрэг ханцуйгаа шамлаад зүтгэх хэрэгтэйг ойлгуулдаг.
The Practicing Mind: Bringing Discipline and Focus Into Your Life
Цэций салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар стресстэй, өндөр ачаалалтай ажилласнаас даралт ихсэж, нойргүйдэж байгааг маань харсан манай дарга “Стресстэй байгааг чинь ойлгож байна. Гэхдээ чи аливааг хийж бүтээж буйгаасаа, тухайн үйл явцаасаа ямар ч сэтгэл ханамж авахгүй байна” гээд надад энэ номыг уншихыг санал болгосон. Нэг ажлаас нөгөө рүү явдаг бидний хувьд өдөр тутмынхаа ажлаас, тухайн үйл явцаасаа баяр баясгалан, эрч хүчийг мэдэрдэг байя. Номын гол санаа энэ. Уг номыг уншсанаар стресстдэг маань багасч, улс орныхоо хөгжил, дэд бүтцийн салбарт чухал хувь нэмэр оруулах төсөл дээр ажиллаж, бүтээн босгож байна шүү хэмээн бодож, арай өөр өнцгөөс харж сурахад энэ ном надад их нөлөөлсөн. Одоо эргээд бодоход салхин цахилгаан станц байгуулах амбицтай томоохон төслийг удирдаж, гардан ажиллах боломж 26, 27-той хүн бүрт олдохгүй л болов уу.
Амьсгал агаар болохуйд/When Breath Becomes Air
Энэ номыг уншаад амьдралд баталгаатай зүйл гэж үгүйг ойлгосон. Номын зохиогч 30 нас гартлаа мэдрэлийн мэс заслын эмч болохоор биеэ гаргуунд гаргаж, нойр, хоолгүй зүтгэн, амьдралынхаа минут, секунд бүрийг зорилгодоо хүрэхэд зориулсан боловч эмчээс санаанд оромгүй шинжилгээний хариу авдаг тухай гардаг. Эндээс түүний үхэх, сэхэхийн төлөөх тэмцэл өрнөж эхэлнэ. Ингээд бодохоор өч төчнөөн жил маш шаргуу ажилласан ч энэ бүхэн нь эцэстээ ямар ч утгагүй болчихож байгаа юм. Тэгэхээр хүн өдөр тутмын амьдрал, хором, мөч бүрээсээ баяр баясгалан, аз жаргалыг мэдэрч сурах нь чухал. Ихэнх хүмүүс хөлс хүчээ урсган ажилласны төлөөст заавал нэг хариу, “шагнал” ирэх ёстой гэж битүүхэн найддаг. Гэвч үнэндээ заавал тийм байх ёстой гэсэн үг биш. Ажиллалаа, ажиллалаа гээд бүх зүйл супер болно гэсэн баталгаа байхгүй шүү дээ.
Таныг ажлаа цааш амжилттай үргэлжлүүлэхэд хамгийн их хэрэг болсон гэвэл ямар номыг нэрлэх вэ?
The Practicing Mind: Bringing Discipline and Focus Into Your Life болон Principles: Life and Work.
Уншсан номуудаас тань хамгийн тод үлдсэн эшлэл, эсвэл сэтгэгдэл төрүүлсэн хэсэг?
Америкийн зохиолч Ральф Уолдо Эмерсоны зохиол их сургуульд байхад заавал унших бүтээлүүдийн тоонд багтсан байсан. Анх уншихад ихэнх зохиол нь маш хуурай, хэцүү байсан ч нэг өгүүлбэр санаанаас огт гардаггүй, хааяа өөртөө сануулдаг юм. “Envy is ignorance; imitation is suicide” буюу монголоор утгачилж орчуулбал “Атаархах нь мэдэхгүйн шинж, бусдыг даган дуурайх нь өөрийгөө үгүй хийж буйн шинж” гэх юм уу даа.
Таны ном унших арга барил?
Ажлаа тараад буюу орой унтахаасаа өмнө уншдаг. Ер нь олон ном зэрэгцүүлж уншдаггүй, нэг л ном уншдаг. Бага байхдаа ихэнх номыг аль болох хурдан дуусгахын төлөө уншдаг байсан юм шиг. Тэр маш хайран юм билээ. Одоо бол яаралгүй уншиж, номд багтсан бүхнийг дотроо дүрсэлж, оюун ухаандаа шингээж авахыг боддог болсон.
Та ихэвчлэн ямар хэлбэрээр ном уншдаг вэ? (Цахим болон хэвлэмэл гэх мэт)
Аль болох хэвлэмэлээр уншихыг боддог. Гэхдээ ийш тийш аялахаар болбол мэдээж Kindle-ээ авч явдаг.
Ном болон унших соёл таны амьдралд ямар байр суурь эзэлдэг вэ?
Уншигч номоор дамжуулан өөр хүний нүдээр ертөнцийг төсөөлж харах боломж бүрддэг юм болов уу. Өөрийн байгаа орчин, бодит байдлаас хөндийрч түүхэнд болсон үйл явдлуудыг ойлгох, өнөөгийн ертөнц хийгээд ирээдүйг өөрөөр төсөөлж үзэх, цаг хугацаагаар аялах гэх зэргээр суудлаасаа хөдлөхгүйгээр маш олон боломжийг ном бидэнд нээж өгдөг. Тийм ч учраас ийм боломжийг ашиглахгүйгээр амьдралаа өнгөрөөнө гэвэл асар харамсалтай. Тэгэхээр ном гэдэг миний амьдралд том байр суурь эзэлдэг гэж хэлэх байна. Заавал хүнд, гүн гүнзгий сэдэвтэй ном уншихаас илүүтэй энгийн ном ч байсан өмнөө дэлгэсэн номоосоо сэтгэл ханамж авч унших хэрэгтэй юм болов уу гэж боддог.