Би одоогоос бараг 3 жилийн өмнө авч байсан Samsung S7 гар утастай. Энэ бол миний амьдралдаа барьж байгаа хамгийн сүүлийн үеийн загварынх нь. Тухайн үедээ 360 мянган төгрөгөөр авч байсан ч энэ хугацаанд надад 360 мянгатай харьцуулашгүй их үнэ цэнийг өгчээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд утсаараа түгжээнд, дугуйн дээр, алхаж явахдаа сонссон ном, подкаст, тэндээс төрсөн нийтлэл, постын санааг тоолох аргагүй болжээ. Янз бүрийн төлбөрийн апп-ууд цаг хэмнэхээс гадна англи хэлний төрөл бүрийн толь, дүрмийн лавлахууд миний халаасанд байгаа багш нар л гэсэн үг. Бас гадаадын их, дээд сургуулиудын бэлтгэсэн үнэгүй МООС хичээлүүд зөндөө. Чухам технологийн ийм шийдлийг олж чадсанд нь хүн төрөлхтөн Стиб Жоббс шиг хүмүүст талархах хэрэгтэй байх.
Юм бүхэн маш хурдан өөрчлөгдөж байхад 12 жилийг дунд сургуульд, 4 жилийг их сургуульд өнгөрөөсний дараа амьдрал өөрөө зам заагаад өгөх байлгүй дээ гэж хүлээх нь хэтэрхий харамсалтай, амьдралынхаа алтан цаг үеийг даанч хэнэггүй үрж байгаа юм шиг санагдана.
Боловсролын тогтолцооны гол асуудал нь хүүхдэд бие даан суралцах арга барилд сургаж чадахгүйд байгаа шиг санагдана. Ирээдүйд үнэ цэнтэй эсэх нь эргэлзээтэй сурах бичгүүд, сургалтын хөтөлбөрийн агуулгыг автоматаар “толгойд нь чихэх” гэж оролдохын оронд суралцахуйд сургах нь илүү үр дүнтэй.
Яагаад гэвэл нэгэнт сурах арга барилаа олчихсон хүүхдэд дахиж заах шаардлагагүй, ямар мэдлэг, чадвар эзэмшихээ өөрөө мэддэг болчихдог. Хэрэв ямар эх сурвалжуудаас, ямар сувгаар, ямар агуулгыг хэрхэн эзэмших талаар арга барилд сургадаг тогтолцоог нэвтрүүлвэл маш их цаг хугацаа, нөөц, нерв хэмнэнэ.
Хүмүүс мэдээлэлд шүүлтүүр тавьж, мэдлэг болох агуулгыг хэрэглэж чадахгүй байгаа учраас ихэнх цагаа олон нийтийн сүлжээнд өнгөрөөж, мэдээлэл маш их байгаа ч жинхэнэ чадвар, мэдлэгтэй хүн цөөн хэвээр байна. Ингээд бодохоор гар утсыг ашиглаад ч бакалаврын зэрэг эзэмшиж болмоор юм шиг. “Гар утсаар хэрхэн чанартай боловсрол эзэмших вэ?” гэсэн сургалтын хөтөлбөр боловсруулвал зах зээл байгаа гэж харагдана.
Гар утас өнөөдөр зүгээр нэг хэрэгсэл биш, амьдралын хэв маяг болсон. Гэхдээ тэр хэв маяг буруу юу, зөв үү, өөрөөр хэлбэл та хэр үр дүнтэй “утсаа ухаж” байгаагаас олон зүйл шалтгаалах аж.
。”ухаалаг сурахуйн хөтөч” гэдэг ном маань яг энэ асуудлыг хөндөн, хэвлэлтээс гарсан байгаа шүү. Оюутан сурагч бүрт хэрэгтэй ном шүү 🙂