Хөрөнгө оруулалтын сан нь бусдаас мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр бусдаас төвлөрүүлсэн хөрөнгөөрөө хувьцаа, бонд зэрэг санхүүгийн хэрэгсэлд үр ашигтайгаар хөрөнгө оруулах байдлаар сангийн нэгж эрх эзэмшигчдэд өгөөж хүртэх боломжийг олгодог байгууллага юм.
Хөрөнгө оруулалтын санг (ХОС) хөрөнгө оруулалтын менежментийн компани удирддаг. Өөрөөр хэлбэл, таны хөрөнгийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежер удирдана гэсэн үг юм. Та хөрөнгө оруулагч болох хүсэлтэй ч шаардлагатай судалгаа, шинжилгээг хангалттай түвшинд хийхгүй л бол буруу санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулснаар өөрийн хөрөнгөө алдах эрсдэлтэй тул сангийн нэгж эрхийг худалдан авснаар тус эрсдэлээс хамгаалах боломжтой.
Үүнээс гадна хөрөнгө оруулах гэсэн ч хөрөнгийн хүрэлцээ дутмагаас шалтгаалан сонголт хязгаарлагдмал. Харин сан нь олон тооны хөрөнгө оруулагчдаас мөнгөн хөрөнгө төвлөрүүлсэн байдаг тул хөрөнгө оруулалтын багц нь олон төрлийн санхүүгийн хэрэгслээс бүрдэнэ. Харин хөрөнгө оруулагч та сангийн нэгж эрх эзэмшигч тул тус олон тооны санхүүгийн хэрэгслээс бүрдсэн багцаас өгөөж хүртэх боломжтой. Мөн олон тооны санхүүгийн хэрэгслээр багцыг бүрдүүлж буй нь хөрөнгө оруулалтын төвлөрлөөс үүсэх эрсдэлийг хязгаарладаг.
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гэж юу вэ?
Нэгж эрх гэдэг нь компанийн хувьд хувьцаатай ижил ойлголт хэдий ч сангийн гүйцэтгэл нь цэвэр тухайн сангийн хөрөнгө оруулахаар шийдсэн санхүүгийн хэрэгслүүд буюу сангийн багцын гүйцэтгэлээс хамаардаг. Сангийн багц нь олон тооны компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгслүүдээс бүрддэг тул “нэгж эрх” гэж нэрлэдэг. Сангийн нэгж эрх гэдэг нь сангийн хөрөнгөнөөс өмчлөх хувь хэмжээг гэрчилсэн, менежментийн компаниас гэрээнд тусгасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхийг олгодог, саналын эрхтэй, татан буулгах үед ногдох хөрөнгөө авах эрхийг гэрчилдэг нэрийн үнэт цаас юм.
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд “нэгж эрх”-ийг дараах байдлаар тодорхойлсон байна:
4.1.7.“нэгж эрх” гэж хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчлэх нэрийн үнэт цаасыг;
23.2.Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх нь тухайн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох боловч хөрөнгө оруулалтын сангийн тодорхой хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй.
Нэгж эрхийг хэрхэн эзэмших вэ?
ХОС-г хувийн ба хамтын гэж ангилдаг. Хамтын ХОС нь нийтэд нэгж эрхээ санал болгох байдлаар олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлдэг бол хувийн ХОС нь нэгж эрхээ нийтэд санал болгодоггүй. Компанитай адилтгавал хувийн ХОС нь хаалттай компани, хамтын ХОС нь нээлттэй компани юм.
Тиймээс хэрвээ та хамтын ХОС-гийн нэгж эрхийг эзэмшихийг хүсвэл сангийн нийтэд санал болгож буй нэгж эрхээс худалдан авах боломжтой. Нэгж эрхийг анх нийтэд санал болгох процесс нь IPO-тэй төстэй бөгөөд ХОС нь нэгж эрхийн танилцуулгыг олон нийтэд танилцуулах ба нэгж эрх нь Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдах юм.
Нэгж эрхийн эзэмшигч болсноор та тухайн ХОС-гийн гишүүн болно. Монгол Улсын Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд:
4.1.10.“хөрөнгө оруулалтын сангийн гишүүн” гэж тухайн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулж сангийн нэгж эрхийг эзэмшигч иргэн, хуулийн этгээдийг; гэж заажээ.
Нэгж эрхээ буцаан худалдах, арилжих боломжтой юу?
Хамтын ХОС-г дотор нь нээлттэй ба хаалттай гэж ангилдаг. Хаалттай хамтын ХОС-гий нэгж эрхийн тоо тогтмол байдаг тул Монголын хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээл дээр нээлттэй арилжих боломжтой.
Харин нээлттэй ХОС нь хөрөнгө оруулагчийн хүсэлтээр нэгж эрхээ нэмэгдүүлэн гаргаж байдаг тул арилжих боломжгүй боловч хөрөнгө оруулагч өөрийн нэгж эрхээ буцаан сандаа худалдах хүсэлтийг гаргах үед сан эргүүлэн худалдан авах үүргийг хүлээдэг.
Хөрөнгө оруулалтын сангаас хэрхэн ашиг хүртэх вэ?
Хөрөнгө оруулагч нь ногдол ашгаар болон ХОС-гийн үйл ажиллагаа дуусгавар болоход нэгж эрхэд ногдох хөрөнгийн буцаан хуваарилалтаар ашиг хүртэх боломжтой. Үүнээс гадна хаалттай хамтын ХОС-гийн хувьд бирж дээр арилжих байдлаар нэгж эрхийн үнийн өөрчлөлтөөс ашиг хүртэх боломжтой бол нээлттэй хамтын ХОС-гийн хувьд нэгж эрхээ ХОС-д буцаан худалдах үеийн сангийн цэвэр хөрөнгийн үнэ цэнээс хамааран ашиг хүртэх боломжтой.
Монголд хамтын хөрөнгө оруулалтын сан байдаг уу?
Өнөөдрийн байдлаар нийт 22 хөрөнгө оруулалтын сан бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр ХОС-гууд нь бүгд хувийн хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Харин 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ард Менежмент ҮЦК нь Үндэсний Хувьчлалын Сан хамтын хөрөнгө оруулалтын санг байгуулж, Санхүүгийн Зохицуулах хорооноос хөрөнгө татах зөвшөөрлөө авсан нь анхны хамтын хөрөнгө оруулалтын сан болжээ.
Эх сурвалж: Ард Академи