Жижиг бизнес эрхлэгч ажлын цагаа 10-30-60 гэсэн пропорцид хуваавал зүйтэй.
- Бизнесээ удирдах. Цагийн 60 хувийг маркетинг болон борлуулалтад, 30 хувийг бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон үйлчлэхэд, харин үлдсэн 10 хувийг захиргааны шинжтэй ажилд зарцуул. Өөрөөр хэлбэл, ажлаа “борлуулах, үйлдвэрлэх, удирдах” гэсэн хэлбэрээр эрэмбэлэх хэрэгтэй.
- Борлуулалт. Борлуулалтад зарцуулж буй цагийнхаа 60 хувийг байгаа хэрэглэгчдээ тогтоон барихад, 30 хувийг ойрын хугацаанд шинэ хэрэглэгчид татахад, 10 хувийг урт хугацаандаа хэрэглэгч татахад зориулна. Ийнхүү та маркетинг, борлуулалтад зарцуулж буй цагийн 60 хувийг хэрэглэгчдэд зориулж байгаа гэж тооцвол нийт ажлын цагийн 36 хувийг (60 хувийн 60 хувь) ажил хэргийн уулзалт, захидал харилцаа (цахим болон энгийн шуудан), хэрэглэгчидтэй хийх ярианд зарцуулж таны кассын машин завгүй хангинах болно. Жижиг бизнес эрхлэгч долоо хоногт голдуу 60 цаг ажилладаг учраас үүнээс 22 цагийг зөвхөн хэрэглэгчдэд зориулна.
- Сургах. Сургалтанд зориулж буй цагийнхаа бас 60 хувийг өөрийн хийгээд компанийн давуу талыг хөгжүүлэхэд, 30 хувийг шинэ санаа, санаачлагыг судлахад, 10 хувийг сул тал, дутагдлаа засахад зориулах нь зохилтой. Бусад ажилчинтай хамт байдаг өдрүүдэд тэднийг сургахад 15 минут зарцуул. Хэрэв та компанийнхаа цорын ганц ажилтан бол өдөр бүр 15 минут өөрийгөө хөгжүүлэх ажил хий. Ингэвэл та жилд 240 цагийг өөрийн ур чадвараа хурцлахад зарцуулна. Энэ бол зах зээлд өөрийн давуу талыг тодотгож өөртөө хөрөнгө оруулалт хийх сайн арга юм.
- Хүмүүжүүлэх. Ажилтнуудтайгаа өнгөрөөж буй цагийнхаа 60 хувийг компанийнхаа оддод, 30 хувийг ирээдүйтэй ажилчдад, 10 хувийг гойд амжилтгүй ажиллаж буй нөхдүүдэд зарцуул. Ардчилсан үзэлтэн байж цагийг тэнцүү хуваарилах гэсний хэрэггүй. Юун түрүүнд ялагчдад анхаар.
Та ажлын цагаа яг л хайрцагт мөнгө хуваан байрлуулж буйтай адил хуваарилах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын үндсэн дүрэм бол “алдахгүй байх”. Та хэрэглэгчдээ алдахгүйн тулд тэдэнд цагаа зарцуулна. Хэрэв сонголт байгаа бол өдөр хоногийг арай ядан өнгөрөөж буй компанид бус, амжилттай яваа компанид л мөнгөө байршуулж таарна. Тиймээс илүү амжилттай яваа, ирээдүйтэй ажилтнууддаа илүү цаг зарцуулах ёстой. Тэдний давуу, хүчтэй талуудыг хөгжүүл.
“60-30-10”-ийн дүрэм бол цаг, мөнгийг хуваарилах үр дүнтэй систем учраас хэрэглээд үз.