Бизнес хийх үед бүх л сонголт маш том алхам болдог. Тэгвэл бизнест нь хамгийн ихээр нөлөөлсөн шийдвэрийнх нь талаар энтрепренерүүд юу гэж хэлснийг сонирхъё.
Зөвлөгөө хүсэх
Кэйти Коновиз, TwelveNYC-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Долоон жилийн өмнө бизнесийн көүч авч байсан маань бизнесээ урагшлуулахад маш том дэм болсон. Бизнест бүх зүйлийн учрыг өөрөө олох ёстой мэт бизнес эрхлэгчид бид сэтгэцгээдэг. Харин көүчийн тусламж авснаар бүх зүйлийн талаар би илүү мэдэх боломжтой болсон. Ийнхүү зөвхөн өөртөө учирсан саад бэрхшээлээ даван туулаад зогсохгүй илүү хариуцлагатай, хичээл зүтгэлтэй болж билээ.
Бүтэн цагийн ажилтан авах
Рэйчел Сандерс, Rootine Vitamins-ын хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Компаниа байгуулаад удаагүй байхдаа бид бизнесийн үйл ажиллагаагаа гадны агентлагуудаар хийлгэчихдэг байлаа. Гэвч удаан хугацаандаа энэ нь буруу хандлага болохыг ойлгосон. Учир нь компанийн ажилтнууд байгууллагын нэг хэсэг болсноор нэгэн зорилгын төлөө хамтдаа тэмүүлдэг. Тэдэнтэй харьцуулахад хөлсөөр ажиллуулж буй мэргэжилтнүүд ур чадвар, туршлага сайтай ч өөрсдийгөө бүрэн зориулах нь ховор. Одоо ч бид мэргэжилтнүүдийн туслалцааг авдаг ч ажилтнууддаа илүү найддаг.
Эрсдэл гаргах
Николь Аутиер, MyTagalongs-ын үүсгэн байгуулагч
Бизнесээ өргөжүүлэхийн тулд үндсэн хөрөнгө худалдаж авах хэрэгтэй байв. Ингээд байраа барьцаанд тавьж зээл аван түүгээрээ тоног төхөөрөмж худалдаж авсан. Үүнийхээ ачаар шинэ бүтээгдэхүүнүүд гаргаж хэрэглэгчиддээ өргөн сонголтыг санал болгох боломжтой болов. Эцэст нь би хажуугаар нь хийж байсан ажлаа хаяж бүх цагаа бизнестээ зориулсан юм.
Төрсөн нутагтаа бизнесээ эхлүүлэх
Ашлей Флауерс, Audiochuck ба Crime Junkie подкастын хөтлөгч
Бизнесээ Индианад эхлэх эсэхээ шийдэж ядаж байсан үе. Индиана миний төрсөн муж л даа. Подкаст хийдэг нөхөд маань намайг Нью-Йорк эсвэл Лос Анжелест ирэхийг ятгаж байсан ч би үлдэхээр шийдсэн. Үр дүнд нь би өөр нэгэн подкастыг ч хийгээд зогсохгүй бренддээ үнэнчээр үлдсэн юм.
Аргаа өөрчлөх
Катерин Конноли, Merida-ын үүсгэн байгуулагч
Бид өөрсдийн хивсэнцрээ хивсний дэлгүүр болон үзэсгэлэнгийн танхимаар дамжуулж зардаг байв. Удалгүй энэ бизнесийн загвараа өөрчилж хэрэглэгчдэд шууд зардаг өөрсдийн дэлгүүрээ байгуулахаар шийдэв. Ингэснээр хивсэнцрийнхээ дизайныг гаргахаас эхлээд олон ажил ар араасаа ундарсан юм. Ингээд хивсэнцрийн үйлдвэртээ хөрөнгө оруулснаар дараа нь нийт орлогын маань хагас нь үйлдвэрлэлээс орж ирэх болсон доо.
Тусламж авах
Айсел Гунар, Mantraband-ын үүсгэн байгуулагч
Бидний хувьд аутсоурсинг хийсэн нь эргэлтийн цэг байв. Эргээд харахад өөрсдөө хийсэн бол хэрхэвч амжихгүй байх тэр бүх ажлыг хийхдээ зөв цагт нь бусдаас тусламж авсан нь оносон. Томоохон их дэлгүүрүүдийн захиалга бүрийн дагуу бүх бараагаа цагтаа бэлтгэх нь бидэнд том сорилт байв.