Та хананд таван зураг тогтоох ажилтай байя гэж бодоё. Ингэхийн тулд таван удаа хадаас тогтоох хэрэгтэй. Бүх хадаасаа хадаад, зурагнуудаа тогтооход 10 минут зарцуулна. Энэ бол таргет буюу зорилт.
Яг алхаа бариад хадаасаа нүдэхдээ таван удаа тавууланд нь хуруугаа хүчтэй цохичихсон гэж төсөөлье. Энэ үед 10 минут аль хэдийн дуусчихсан ч гэсэн зураг өлгөх ажил хийгдэх ёстой хэвээрээ. Та хэсэг амраад үргэлжлүүлж болно (цаг яваад л байгаа) аль эсвэл өөр хэн нэгэнд ажлаа даатгах сонголт бий. Ямар ч сонголт хийгээд, ямар ч хувилбараар ажлаа дуусгасан бай та ажлаа 10 минутаас илүү хугацаанд хийж гүйцэтгэсэн. Тиймээс хуруугаа гэмтээгээгүй бол таны бүтээмж 10 мин (зорилт) хуваах нь 10 мин (бодит зарцуулсан) буюу 1 байх байснаасаа 10/20=1/2, эсвэл 10/30=1/3 гэх мэтчилэн унажээ. Хэдий зураг хананд өлгөгдсөн ч гэсэн тухайн ажлыг маш бага бүтээмжтэйгээр хийчихлээ. Тэгэхээр бодит өсөлт нь 1 бус, 1/2, 1/3 гэсэн тооцоо гарна. Төслийн менежментийн онолоор өсөлт болон бүтээмжийг ийн тооцдог.
Үйлдвэрлэлйн бүтээмжийн талаар ярихад “efficiency” буюу хэрхэн хамгийн их тоо ширхэгийг хамгийн бага зардал, хугацаанд хийх вэ гэсэн ойлголт бий. Харин орчин үеийн менежментийн онолын эцэг гэгддэг Петр Дракер дан ганц efficiency хангалтгүй, “effectiveness” буюу хэрхэн хүссэн үр дүнгээ хамгийн зөв, оновчтой шийдлээр хийх вэ гэх ойлголт эн тэнцүү чухал болохыг өөрийн бүтээлүүддээ онцолсон байдаг.
Аюулгүй байдлыг тэргүүн зорилтоо болгосон удирдлагын баг ажилчдынхаа гүйцэтгэлийг сайжруулахаас гадна ашиг орлогоо ч нэмэгдүүлдэг
Харин Пулитцерийн шагналт сэтгүүлч Чарлз Дахиг 2012 онд хэвлүүлсэн “Дадал зуршлын хүч” номондоо хэр ихийг хийх вэ, хэрхэн зөв хийх вэ гэхийн өмнө хэрхэн хийх вэ буюу хүн аливаа зүйлийг хийхэд дадал ямар их үүрэгтэй байдаг тухай бичжээ. Тэрээр номондоо буюу тулгуур дадлын тухай Alcoa компанийн жишээгээр тайлбарласан байдаг.
Alcoa нь орчин үеийн хөнгөн цагаан хайлуулах технологийг нээсэн гэдгээрээ алдартай ба халбага сэрээ, ундаа хүнсний лаазаас эхлээд NASA-ийн пуужинд хэрэгдэгдэх хөнгөн цагааныг хийдэг салбарынхаа тэргүүлэх компаниудын нэг байсан аж. 1980-аад онд тус компанийн бүтээгдэхүүний чанар муудаж, бүтээмж унасантай холбоотой ихээхэн алдагдал хүлээжээ.
1987 онд компанийн удирдлага Пол О’Нилд гүйцэтгэх захирал болох хүсэлт тавихад түүний хамгийн их анхаарал хандуулсан асуудал нь аюулгүй байдал, аюулгүй үйл ажиллагаа байжээ. Пол О’Нил хөрөнгө оруулагчид, аналистуудтай анх уулзахдаа тогтсон заншлаас (ашгаа хэрхэн нэмэгдүүлж, зардалаа хэрхэн багасгах, бараа материал нөөц, татварын орчин г.м) тэс хөндлөн ажилчдын аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ярьж гэнэ. Компанийн асуудал бүр сууриндаа байгаа учир бид тийш анхаарлаа хандуулна. Та бүхэн цаашид манай компани ямар үзүүлэлттэй байгааг мэдэхийг хүсвэл аюулгүйн үзүүлэлтүүдийг харахыг зөвлөе гэж тэрээр хэлжээ.
Паникдсан хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд ийм зүйл ярьж байгаа нөхөр мансуурсан байж таараа, Alcoa ч хачин нөхрийг компанийн захирлаар томилоод дүүрчээ хэмээн хувьцааг нь нэн даруй зарахыг хөрөнгө оруулагчиддаа зөвлөсөн гэдэг.
2000 онд Пол О’Нил ажлаа өгөхөд компанийн цэвэр орлого түүнийг томилогдохоос өмнөх үеийхээс тав дахин өсч, компанийн үнэлгээ 27 тэрбум ам.доллараар нэмэгдсэн гэж Чарлз Дахиг номондоо бичжээ.
Энэ бүх өсөлтийн хажуугаар Alcoa дэлхийн хамгийн аюулгүй үйл ажиллагаатай компаниудын нэг болсон байв. Пол О’Нилээс өмнө, бараг үйлдвэр бүрт долоо хоногт нэг удаа ямар нэгэн осол гардаг байсан бол түүний аюулгүй ажиллагааны төлөвлөгөө хэрэгжсэнээс хойш зарим үйлдвэрүүд хэдэн жилийн турш ямар ч осолгүй явж иржээ.
Удирдах албан тушаалтан аюулгүй ажиллагааг зөвхөн дээрээс тушаах байдлаар хэрэгжүүлнэ гэвэл том эндүүрэл.
Ажил олгогч нь ажилчдаа аюулгүй орчинд байлгахын тулд бүх хүчээ дайчилж байгаа гэж итгэдэг ажилчид осол эндэлийг багасгаад зогсохгүй олон эерэг өөрчлөлтүүдийг бий болгож эхэлдэг. Тиймээс аюулгүй байдлыг тэргүүн зорилтоо болгосон удирдлагын баг ажилчдынхаа гүйцэтгэлийг сайжруулахаас гадна ашиг орлогоо ч нэмэгдүүлдэг гэж Чарлз Дахиг онцолсон байна.
Пол О’Нилийн туршлагаас хойш аливаа компани ялангуяа үйлдвэрлэл, эрчим хүчний салбарын компанийн хувьцааг авахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын системийг нэг шалгуураа болгодог хөрөнгө оруулалтын арга барил хүртэл бий болсон байдаг аж.
Өнөөдөр Монголд зам тээврийн осол, ахуйн ослоор нас барах хүний тоо улам нэмэгдэж байна. Нэг бодлын хувь хүний хайхрамжгүй үйлдэл байх тул бид зэмлээд өнгөрөх нь элбэг боловч, нөгөө талаас Монгол Улс, нийгэм, групп, албан байгууллага, компанид учрах нөлөөг нь бодоод үзвэл таван зураг өлгөх ажлыг нэг хүн 10 минут бус бүр нэг цаг хийх тохиолдол ч элбэг боллоо. Гэмтсэн, бэртсэн, өвчтэй учир ажлаа хийж чадахгүй байх нь түүний оронд хэн нэгэн заавал нөхөх учиртай. Бүтээмж унана. Зардал нэмэгдэнэ. Ашиг буурна.
Чарлз Дахиг номондоо “аюулгүй байдал бол эхлээд удирдах албан тушаалтны толгой дотор бий болох ёстой” гэжээ. Нэгэнт байгууллагын аюулгүй ажиллагааны төлөвлөгөөг удирдах баг боловсруулж, хэрэгжүүлэх учир тэр ч ойлгомжтой биз. Саймон Синек ч мөн адил аюулгүй байдал бол удирдах албан тушаалтны нэн тэргүүний зорилт байх ёстой хэмээн илтгэлүүддээ онцолдог. Удирдах албан тушаалтан аюулгүй ажиллагааг зөвхөн дээрээс тушаах байдлаар хэрэгжүүлнэ гэвэл том эндүүрэл болох аж.