Этгээд үйлдэл, сонирхолтой мэдэгдлүүдээрээ дэлхий нийтийн анхаарлыг өөртөө соронзон мэт татдаг Илон Маскийн Марсыг “эзлэх” төлөвлөгөө эдгээр өдрүүдэд үргэлжилсээр л байна. Хэзээ нэгэн цагт хүн төрөлхтнийг Марс гараг дээр суурьшуулах түүний төлөвлөгөө зарим нэгэнд нь бүтэшгүй санаа, гэнэн төсөөлөл мэт санагдаж болох ч Маск ирээдүйгээ гэгээлгээр харж, ажилласаар л байгаа юм. Эх дэлхийтэй хамгийн ойрхон байрладаг хөрш гарагуудын нэг нь Марс. Бас бага зэргийн хүйтэн уур амьсгалтай ч гэлээ энэ гараг дээр нарны гэрэл тусдаг төдийгүй агаар мандлынх нь дийлэнх хувийг хүчилтөрөгч эзэлдэг, ургамал ногоо тарьж ургуулах боломжтой зэрэг шалтгаан Марсыг “эзлэх” хүн төрөлхтний хүсэл эрмэлзлийг өрдсөн бололтой.
Илон Маскыг 1971 онд хорвоод мэндлэхээс 40 жилийн өмнө Марсын тухай шүлгийг тэр үед 25 настай байсан залуу сэхээтэн Д.Нацагдорж бичиж байсан нь сонирхолтой. Тэрхүү шүлэг,
“Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв”
гэсэн мөрүүдээр эхэлдэг. “Од” нэртэй уг шүлэг бичигдэж байх үед аугаа Никола Тесла 75, суут Альберт Эйнштейн 52 нас сүүдэр зооглож, тус тусын бүтээлээ дор бүрнээ туурвиж байж. Шүлэг бичигдсэнээс 30 жилийн дараа Гагарин сансарт ниссэн анхны хүн болж, 50 жилийн дараа Ж.Гүррагчаа сансарт ниссэнээр эх дэлхийгээ сансраас тольдсон анхны монгол хүн болж эх орон нэгтнүүдээ баярлуулж байв.
Харин Д.Нацагдоржийг Марсын тухай шүлэг тэрлэснээс яг 66 жилийн дараа буюу 1997 оны долдугаар сарын 4-нд хүн төрөлхтөн Марс гараг дээр 10.6 кг жинтэй Сожорнур роботыг газардуулсан түүхтэй. Тэр цагаас хойш хүн төрөлхтний төлөвлөгөө улам цаашилсаар XXI зуунтай золгож, шинэ зуун гарсаар 20 он солигдох зуур сансар судлалын салбарт багагүй сонирхолтой үйл явдал өрнөсөн юм. Өдгөө хүн төрөлхтөн 2030-2031 онд Марс гараг дээр хүн газардуулахын төлөө төлөвлөгөөт хуваарийн дагуу ажиллаж байна.
Тэгвэл хүн төрөлхтний энэ л хүсэл эрмэлзлийг Монголд бүтээн байгуулах боломж бий гэдгийг Mars-V төслийн баг онцолсон юм. Уг төслийг санаачилсан монгол залуус хамтран эх орныхоо говь нутгийн нөөц боломжийг ашиглан Марсын сургуулилалтын академи, сансрын судалгааны чөлөөт бүс, аялал жуулчлалын дагуул хотоос бүрдсэн шинжлэх ухаан технологи, инновацын олон улсын төв байгуулахаар зорьж буй. Манай орны говь нутаг бол Марс гарагтай хамгийн ойролцоо орчин нөхцөлтэй газар учраас тэд асар том амбицтай энэхүү төслийг хэрэгжүүлэхээр зориглосон бөгөөд төслийн үндсэн багт 100 гаруй хүн ажиллаж байгаа бол сайн дураараар дэмжин ажиллахаар 2800 орчим хүн зөвхөн Монголоос нэгджээ. Эрс тэс, хуурай уур амьсгалтай, хүн амын нягтаршил багатай хүйтэн цөлийн нөхцөл бүхий говь нутаг, төвийг сахисан, гадаад, дотоодын зөрчилгүй байдал нь Монгол Улсад уг төслийг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн гэж Mars-V төслийн хамт олон үзэж буй. Энэ хүрээнд тэд Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв MARSA-г байгуулж, дээрх төслийг санаачилсан аж.
Mars-V төслийн талаар “Хархорум Дижитал” академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат:
“Биднийг сэтгэлгээний хайрцагнаас маань гаргасан төсөл. Чухам ийм түвшинд л сэтгэж, санаачилж, зүтгэвэл бид дэлхийн тэргүүн эгнээнийхний хүсэл мөрөөдөлд нэгдэж, өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжоо нээнэ” гэсэн бол,
“Эн Си Эс” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Болор:
“Mars-V төсөл бол эх орныхоо байгаль цаг уур, байршлын давтагдашгүй талыг залуусынхаа эрч хүч, эрдэм мэдлэгтэй хослуулан Монгол Улсаа сансрын эдийн засгийн салшгүй нэгэн хэсэг болгох хөгжлийн цоо шинэ боломжийг авчирна гэдэгт бат итгэлтэй байна” хэмээн онцолсон билээ.
Мars-V төслийн гүйцэтгэх захирал Г. Амгаланбаярын ярилцлагыг унших бол энд дарна уу.