Хямралын эдийн засгийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь ажлын байр. Яг аль салбар нь улсыг тэжээдэг вэ гэдэг их маргаантай. Уул уурхай үнэхээр их мөнгө олдог. Гэвч тэнд ажиллах хүчний шингээлт маш бага. Голдуу техник, дүрэм л яригдана.
Харин худалдаа, үйлчилгээний салбарт тэгтлээ их мөнгө олдоггүй ч Монголд үйл ажиллагаа явуулж буй 90 гаруй мянган компанийн 80 орчим хувь нь ажиллаж байна. Энд хүн, харилцаа яригдана. Энэ хоёр салбар хүн амын дийлэнхийг ажлын байраар хангадаг.
Цар тахалыг дотоодод алдсанаар хүнсний худалдаанаас бусад чиглэлд ажилладаг олон арван мянган хүний орлого том эрсдэлд оров. МҮХАҮТ 260 мянга гэсэн тоо хэлж байна.
Ялангуяа хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбар дөнгөж эргэж сэхдэгийн даваан дээр буцаад хэцүү хямралын нөхцөлд шилжих нь. Рестораны бизнесээр жишээ авч үзэхэд л ашиглалтын зардлын асуудал хүндэрч байна. Энэ төрлийн бизнес олон хүнийг ажиллуулдаг ч ашгийн хувьд угаас доод түвшинд байдаг уламжлалтай. Зарим тооцоогоор 5-хан хувь байдаг. Гэтэл байрны түрээс, гал тогооны тоног төхөөрөмж зэрэг нь ресторан хаалттай эсэхээс үл хамаардаг зардал учраас олон төрлийн зардал хэвээр байдаг.
Тиймээс Засгийн газар онцгой нөхцөл байдалтай холбоотой шийдвэрүүд гаргахдаа хувийн хэвшилд учирч болох эрсдлийн менежментийг давхар тооцох нь чухал байна. Харамсалтай нь, уул уурхайн салбар давамгайлсан эдийн засгийн бүтэцтэй, хүн амын эрх мэдэлтэй хэсэг нь улсын хөрөнгөөр хувийн санхүүгийн эрсдлээ хаагаад сурчихсан соёл тогтчихсон болохоор хувийн хэвшлийг дэмжих асуудал хамгийн сүүлд яригддаг. Гэвч цаг хугацаа алдах нь бизнест маш хортой байдаг.