Одоогоос гурван жилийн өмнө найзуудын хамтаар Unlock подкастыг бүтээж эхэлснээр өөрийн гэсэн сонсогчидтой болж, залуусын дунд Наги нэрээрээ танигдсан О.Батнайрамдалыг бид энэ удаагийн номын буландаа урилаа. Дэлхийн шилдэг баримтат номуудын талаар хоёр долоо хоног бүр тоймлон хүргэдэг тус подкаст өнгөрсөн хугацаанд 100 орчим дугаар бэлтгэжээ.
Харвардын бизнесийн сургуулийг дүүргэж, Bank of America Merrill Lynch-ийн Нью-Йорк болон Сидней дэх салбарт ажиллаж, олон улсын туршлага хуримтлуулсан О.Батнайрамдал өдгөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдон ажиллаж байна.
Unlock подкаст дэлхийн шилмэл номуудыг түүвэрлэн хүргэдэг. Өнгөрсөн хугацаанд сонсогчдод хүргэсэн подкастаас хамгийн онцлууштай нь ямар ном байв?
Unlock подкастын хамгийн олон хүнд хүрсэн дугааруудыг харвал сэтгэл зүйн болон өөртөө туслах номын тухай байдаг. Тухайлбал, Стэнфордын их сургуулийн сэтгэл зүйн тэнхимийн багш Кэрол Двекийн бичсэн “Mindset: The new psychology of succes” гэж ном байна. Энэ ном надад их тусалсан, одоо ч зарим чухал санааг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Бид зөв хандлага, буруу хандлага гэж ерөнхий байдлаар ойлгож, их ярьдаг. Харин түүний цаана буй шинжлэх ухааны үндэслэл нь юу вэ? Аливаа хандлагыг хүн өөртөө хэрхэн хэвшүүлж, хэрэгжүүлж болох талаар уг номонд тайлбарладаг.
Бид подкастдаа шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт, дэвшил, онол, судалгаанд тулгуурлан бичигдсэн, олон сая уншигчдыг байлдан дагуулж, харах өнцгийг нь өөрчилж буй номуудаас сонгохыг хичээдэг. Өнөөдрийн боловсролын систем, гэр бүлийн орчин, өдөр тутмын мэдээллээсээ авч чадахгүй байгаа мэдлэгийн тэр орон зайг подкастаараа дамжуулан нөхөхийг зорьсон. Яг л ийм өнцгөөс номоо сонгодог учраас манай подкаст олон хүнд хүрдэг юм шиг санагддаг.
Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг. Харин таны хувьд?
Ном уншихад, ялангуяа дуустал нь уншихын тулд хүмүүс олон янзын сорилттой тулгардаг. Тэгэхээр юуны түрүүнд өөрийн чин сэтгэлээсээ сонирхож буй сэдвээр мөн тэр хэмжээнд сонирхол татаж буй номыг л сонгож унших хэрэгтэй. Түүнээс биш гарт тааралдсан номоо эсвэл хэн нэг мундаг гэсэн хүний санал болгосон номыг сонговол ном унших явц төдийлэн ахиж өгдөггүй. Хэрэв яг сонирхсон номоо уншвал хурдан дуусгахаас гадна хэрэгтэй санаанууд нь ч өөрт шингэж үлддэг. Ер нь ном уншихын гол ач холбогдол нь уншиж дуусгахдаа биш харин тэндээс хэрэгтэй зүйлийг өөртөө шингээж, өөрийгөө хөгжүүлж, мэдлэгжүүлэх явдал. Энэ ч үүднээс өөрийн яг л сонирхож байгаа сэдвээр зөв номоо олж унших нь чухал.
Өөрийгөө хөгжүүлэх хамгийн сонгодог арга бол ном унших.
Тэгвэл таны хамгийн их сонирхож уншдаг сэдэв юу вэ?
Existential questions буюу амьдралын мөн чанар, утга учрын тухай эргэцүүлэлд хөтөлсөн, оршихуй, эс оршихуйн сэдвээр бичигдсэн номуудад их дуртай. Ийм төрлийн ном уншсанаар өмнөө тулгарсан томоохон асуултад хариулахад их түлхэц болдог. Мэдээж хэрэг ном бидэнд бэлэн хариулт өгөхгүй ч өөрт тулгарсан чухал асуултынхаа хариултыг олох тод жим болдог. Өөртөө тавьсан асуултад хариулж чадвал амьдралдаа хийж буй бусад сонголт ч илүү хялбар, хөнгөн болдог. Хүн алхам тутамдаа олон зуун сонголттой нүүр тулж, шийдвэр гаргадаг. Гэвч өдөр тутмын жижиг асуудлууддаа түүртэж, амьдралын чухал асуултдаа хариулах боломжийг өөртөө олголгүй орхичихдог эсвэл мартчихдаг. Томоохон асуудлуудад хариулт олж чадахгүй яваад байвал бидний амьдралдаа хийж буй сонголтууд буруу шийдвэрт хүргэх, ингэснээр дараа нь сонголтдоо эргэлзэх, харамсах магадлалтай. Эсвэл сонголтоо хийхэд хүнд байх жишээтэй. Тэгэхээр сонголтыг хэрхэн зөв, оновчтой хийх вэ? Энэ тухайд миний санал болгох ном бол Харвардын их сургуулийн хамгийн нэр хүндтэй профессоруудын нэг Клей Кристенсен агсны бичсэн “How will you measure your life?” надад маш гүн шингэж үлдсэн ном.
Ховд аймгийн Жаргалант сумын төвд төрж, өссөн О.Батнайрамдал гэрийнхээ дэргэдэх нийтийн номын санд очиж үлгэрийн ном унших дуртай хүү байжээ. Төд удалгүй хүүхдийн уншлагын танхимын бүх номыг уншиж гүйцээсэн тул дээд давхарт байрлах насанд хүрэгчдийн уншлагын танхимд суухыг хүсэх болов. Гэвч түүнийг насанд хүрээгүй хэмээн оруулахгүй байсанд тэр бяцхан ухаандаа нэгэн арга сийлжээ. Номын санчдад нааш цааш ном зөөж өгч туслангаа архив дахь номоос авч унших болов. Тухайн үед тэр өөрөө анзаараагүй ч сүүлд нэхэн санахад эдгээр өдрүүд л О.Батнайрамдалын номтой дотно шадарлах эхлэл байж. “Би номоор дамжуулан өөрийн төсөөллийн ертөнцийг дотроо бүтээж тэндээ амьдардаг тийм л хүү байсан юм билээ” хэмээн тэр бага насныхаа тухай дурсав.
Таны одоо уншиж буй ном?
Жаред Даймондын бичсэн “Upheavel: How nations cope with crisis and change” номыг уншиж байна. Аливаа улс гүрэн хямрал болон гарч буй томоохон өөрчлөлтүүдэд хэрхэн дасан зохицож, улс орноо ямар бодлогоор удирдаж байж тухайн нөхцөл байдлыг даван туулсныг Япон, Чили, Герман, Австрали, Финлянд зэрэг дэлхийн олон улс орны жишээгээр тайлбарлаж харуулсан, баялаг агуулгатай ном.
Амьдралд тань хамгийн их нөлөөлсөн номыг нэрлэвэл?
Клей Кристенсений “How will you measure your life?”. Учир нь уг номыг уншсан маань амьдралдаа гаргасан хамгийн хэцүү шийдвэрийг хөнгөвчилсөн. Австралид үлдэх үү, эх орондоо буцах уу? Тэнд би эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, хангалттай цалин авч байсан. Нэгэнт хүрсэн байр суурь, тэнд цогцлоосон бүхнээ орхиод эх орон руугаа буцах уу эсвэл үлдэх үү? гэх амаргүй шийдвэрийг гаргах шаардлагатай тулгарсан. Энэ үеэс л цаашид юу хиймээр байгаа, юунд зорьж буй, юу хийвэл надад илүү утга учиртай байх вэ? гэсэн томоохон асуултыг өөрөөсөө асууж эхэлсэн. Ийм асуултуудыг хүн өдөр бүр өөрөөсөө асуудаггүй. Тиймээс л өөртөө асуух бас хариулах боломж олгох ёстой юм билээ. Яг үнэнийг хэлэхэд дээрх асуултад хариулахын тулд би хоёр жил орчим бодож явсан. Эцэст нь өөрийн хариултыг дотроосоо ухаж олсон. Эх орон руугаа буцах ёстой юм байна гэдэг чухал шийдвэрийг гаргасны дараа бусад шийдвэр илүү хялбараар өөрсдөө цувраад гарч байлаа. Тэгэхээр малгай асуултыг өөрөөсөө асууж түүнд хариулах боломжийг олгох ёстой.
Ном болон унших соёл таны амьдралд ямар байр суурь эзэлдэг вэ?
Тархиа их ажиллуулах тусам хүний ой тогтоолт, сэтгэн бодох чадвар улам сайжирч байдаг. Дээр нь дэлхий ертөнц хөгжих тусам мэдлэг, мэдээлэл хурдтай хуучирч, хоцрогдож байна. Тийм ч учраас хүн өөрийгөө байнга цэнэглэж, тархиа ажиллуулж байх ёстой. Өөрийгөө хөгжүүлэх хамгийн сонгодог арга бол ном унших. Магадгүй ямар нэг сэдвээр бичигдсэн ном бол тухайн салбартаа мэргэшсэн хүний олон арван жилийн нөр их хөдөлмөрийг 200, 300 хуудсанд багтаасан их мэдлэг. Тэгэхээр номоос тэр их мэдлэгийг өөртөө авч шингээнэ гэдэг маш том боломж. Хоёрт, хүн төрөлхтний түүхээс авч үзвэл хувьслын явцад хүн өөрийгөө байнга сайжруулж, хөгжүүлж ирсэн. Амьдралаас сурсан мэдлэг, мэдээллийг ДНХ-ээрээ дамжуулан дараа дараачийн үедээ шилжүүлэх замаар хадгалж явдаг байсан ба энэ нь олон мянган жил шаардах удаан процесс. Харин хүн төрөлхтөн бичиг үсэгтэй (цаашлаад цаас хэвлэх) болсноор ирээдүй хойчдоо мэдлэгийг номоор дамжуулан хүргэх болсон. ДНХ-ээр дамжуулж олон мянган жил үргэлжилдэг энэхүү үйл явцыг хүн төрөлхтөн асар их товчилж чадсан гэсэн үг. Энэ ч утгаараа маш хурдацтай хөгжсөн байдаг. Өнөөдөр мэдээллийг дамжуулах оновчтой суваг нь ном хэвээр л байна. Бид ном уншиж байж л тэр их мэдээллийг хамгийн оновчтойгоор хүлээн авч, өөртөө шингээж, амьдрал дээр түүнийгээ хэрэгжүүлж чадна. Тэгснээрээ маргаашийн чи өнөөдрийнхөөсөө илүү болох боломжийг бий болгоно.
Номыг болж өгвөл олон завсарлага авахгүйгээр уншвал илүү өгөөжтэй.
Та ном унших өөрийн арга барилаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?
Нэгдүгээрт, сонголтоо зөв хийх. Хоёрдугаарт, номыг хурдан, удаан унших эсвэл өдөр бүр 30 минут, нэг цаг унших хэрэгтэй гэх мэт аргууд тийм ч оновчтой биш. Харин аливаа номыг болж өгвөл олон завсарлага авахгүйгээр уншвал илүү өгөөжтэй. Бүр боломжтой бол нэг суудал дээрээ номоо уншиж дуусгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бүхий л агуулгаар нь, цогцоор нь ойлгож, өөртөө шингээж авъя гэвэл нэг төвлөрсөн дээрээ аль болох их мэдээллийг авах нь чухал. Учир нь хүний тархи нэг зүйлд сайтар төвлөрөхөд тодорхой хугацаа шаарддаг. Магадгүй номыг 20 минут уншсаны дараа анхаарал сайн төвлөрч эхэлнэ. Тэр болтол хүний тархи ондоо зүйлд сатаарсаар байдаг. Тэгэхээр нэг төвлөрсөн дээрээ аль болох ихийг унших нь үр дүнтэй. Миний хувьд ихэнхдээ амралтын өдрүүдээр энэ арга барилаар ном уншдаг. Нэг номыг уншихдаа дөрвөөс илүү хуваадаггүй. Гуравдугаарт, номоо уншиж дуусгаад орхичихвол хайран. Тиймээс тухайн номоос өөртөө хамгийн гүн нэвчиж үлдсэн тэрхүү санаа, сэтгэгдлээ тэмдэглэл болгон хөтлөх хэрэгтэй. Тэмдэглэл хөтлөхөд хоёр давуу тал бий. Нэгт, уншсан номынхоо товч дүгнэлтийг өөрийнхөөрөө бичээд авна гэсэн үг. Хоёрт, тэмдэглэл бичих явцдаа тухайн номоос ойлгосон зүйлээ улам баталгаажуулдаг. Өөрийн бичсэн тэмдэглэл л өөрт гүн бат шингэж үлддэг. Тэгж байж ном уншсаны үр дүн гарна. Өөр хүний тэмдэглэлийг уншиж болох ч өөрөө бичсэн шиг тархинд хоногшдоггүй.
Та ихэвчлэн ямар хэлбэрийн ном уншдаг вэ? (Цахим болон хэвлэмэл гэх мэт)
Би хэвлэмэл ном уншихаа бараг больсон. Оронд нь Kindle-ээр голдуу уншдаг. Хүмүүс зузаан ном уншиж эхлэхдээ мөд дуусаж өгөхгүй нь гэсэн айдаст автах нь бий. Харин Kindle-ийн давуу тал бол нэгт, номоо маш хурдан худалдаж аваад унших боломжтой. Хоёрт, уншиж байхдаа тэмдэглэл хөтлөхөд их хялбар байдаг. Онцолсон хэсгүүдээ тодруулж, дараа нь тэрхүү тодруулсан хэсгүүдээ экспортолж аваад ашиглаж болдог. Гуравт, Kindle дээр зузаан ном эхлүүлэхэд нэг мэдэхэд л уншаад дуусчихдаг. Ийм зузаан ном явж өгөхгүй дээ гэдэг бодол бол сэтгэл зүйтэй цэвэр холбоотой. Тэгэхээр 14 хоног тутамд нэг ном уншиж, подкастаараа дамжуулан хүргэдэг бидний хувьд Kindle-ийн энэ давуу тал их тус болдог.
Сайхан ярилцлага байна. Unlock podcast-ыг сонсдог. Цаг хэмнэх туршлагаасаа харамгүй хуваалцсанд баярлалаа.
Yag l nom unshij baihad nadad tohioldoj baigaa asuudluud bna. Tovch todorhoi ih sain zuvluguu avchlaa shu. Bayarlalaa. Bas tsaashdiin eh ornoo hugjuuleh uilsed tani amjilt husiye. Nom uneheer ertuntsiig garah tsonh mun yum.
Yarch bichsen tul aldaatai bichchihlee.