Ковид-19 цар тахлын дараа гарах хамгийн бодитой өөрчлөлтүүдийн нэг бол “өгөгдөлд суурилсан үйлчилгээ бидний амьдрал ахуйд нэмэгдэх” явдал гэж “The Economist” сэтгүүлд дурджээ. Бүхий л төрлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд дижитал шилжилт нь зайлшгүй хийх шаардлагатай шилжилтийн нэг болох төлөв ажиглагдаж буй.
Дижитал шилжилт бол технологийн шилжилт гэсэн түгээмэл ойлголт бий. Гэвч дижитал шилжилт нь технологи гэхээс илүү хүний нөөцийн тухай асуудал юм. Учир нь та ямар ч төрлийн технологийг хялбархан худалдаж авах боломжтой ч тухайн технологид дасан зохицох чадвартай боловсон хүчнийг хялбархан олохгүй л болов уу. Тиймээс танай байгууллага дижитал шилжилтэд бэлэн байхын тулд ур чадвартай боловсон хүчин бэлтгэхэд анхаарах нь зүйтэй.
Бидний дийлэнх нь хүссэн хүсээгүй ажилд орж, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад урт хугацаагаар ажиллаж, өөрсдөөсөө дараах асуултыг асуух ч сөхөөгүй явдаг. Би ажлаа зөв сонгосон уу? Ажлын карьер маань миний сонирхол, ур чадвартай нийцдэг үү? Хэрвээ би өөр ажил хөдөлмөр эрхэлсэн бол амьдралдаа илүү сэтгэл хангалуун байх байсан болов уу?
Цар тахал нь бидэнд өөрсдийнхөө бодит ур чадварыг дахин нэг эргэцүүлж, ирээдүйд өөрсдийгөө бэлдэх боломжийг олгож буй.
Ямар ч ажилд орсон бай та шинийг сурах шаардлагатай тулгардаг нь үнэн. Гэвч нөгөөтэйгүүр хүн гэдэг амьтан нэг хэвийн, дасал болсон амар хялбар зүйлсийг эрэлхийлдэг байна. Аль нэг ажлын байранд удах тусам сурах зүйл ч ховор болдог гэдгийг бид мэднэ. Мэдээж ажилдаа гарамгай болохын хэрээр бүтээмж нэмэгдэх ч гэлээ нөгөө талаар энэ нь таны ирээдүйд тийм ч үр ашигтай зүйл биш юм. Аливаа нэг зүйлд туршлагажих тусам бид өөр нэг зүйлийг сурах боломжоо алдаж байна гэсэн үг. Ингэснээр бид бүх амьдралынхаа турш өөрийн бодит чадварыг нээх байтугай илрүүлж чадалгүй үлдэх эрсдэл нэмэгдэнэ. “Бид сайн хямралыг алдаж болохгүй” гэж Уинстон Черчилл хэлж нэгэнтээ хэлж байжээ. Цар тахал нь бидэнд өөрсдийнхөө бодит ур чадварыг дахин нэг эргэцүүлж, ирээдүйд өөрсдийгөө бэлдэх боломжийг олгож буй.
Бид танд дижитал шилжилт, боловсон хүчнээ ирээдүйд бэлтгэхэд бүхий л салбарын манлайлагч нартай хамтран ажилласан туршлагаа төдийгүй шинжлэх ухаанд суурилсан дараах зөвлөмжийг хүргэе. Хэдийгээр ирээдүй улам тодорхой бус болсон ч өөрсдийн боловсон хүчнээ ирээдүйн өөрчлөлтөд бэлтгэхийн тулд шинэ ур чадвар эзэмшүүлж, сайжруулах нь ирээдүйд тавих хамгийн баталгаатай мөрий гэдэгт бид бат итгэлтэй байна. Цар тахлын улмаас бид илүү цахимжсан, дижитал нийгэм рүү шилжиж буй. Цаашид аж ахуйн нэгж, байгууллага дижитал шилжилттэй хөл нийлүүлэн хувьсан өөрчлөгдөх нь тодорхой. Энэхүү дижитал шилжилтэд бэлдэхэд тус болох зөвлөгөөг танд хүргэе.
Ажилтнаа эн тэргүүнд тавь
Технологи гэдэг нь бага зүйлээр ихийг бүтээхийг хэлдэг. Гэхдээ зөв, ур чадвартай боловсон хүчинтэй байж шинэ технологи нэвтрүүлсний үр шим гардаг. Технологийн хувьсгал нь үйлдвэрлэлийг автоматжуулж, хуучирсан ажлын байрыг устгаад зогсохгүй шинэ төрлийн ажлын байр бий болгоод буй. Эл шалтгааны улмаас инновацийг бүтээлч устгал (creative destruction) ч гэж нэрлэдэг.
Хэчнээн өндөр технологитой байлаа ч ашиглаж чадах боловсон хүчин байхгүй аваас технологи огт үр ашиггүй, хуучирсан тоног төхөөрөмжөөс ялгаагүй.
Инновацийн үр ашиг нь боловсон хүчнээс шууд хамааралтай. Хэрэв боловсон хүчнээ шинэ ур чадварт сургаж, сайжруулж чадвал бид технологи, хүний нөөцөө нэгэн зэрэг сайжруулж чадна гэсэн үг. Энгийнээр бол хэчнээн өндөр технологитой байлаа ч ашиглаж чадах боловсон хүчин байхгүй аваас технологи огт үр ашиггүй, хуучирсан тоног төхөөрөмжөөс ялгаагүй юм. Тиймээс хэрэв та технологид хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бол эхлээд боловсон хүчиндээ хөрөнгө оруулах тухай бодоорой.
Зөөлөн ур чадвар
Өмнө дурдсанчлан дижитал шилжилт нь технологиос илүү хүний нөөцийн тухай асуудал юм. Технологид хатуугаас илүү зөөлөн ур чадвар шаардагддаг. Хөдөлмөрийн зах зээл дээр мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн, програм хангамжийн инженер, дата судлаач гэсэн мэргэжлийн эрэлт өндөр ч нийлүүлэлт хомс байна. Бид “Биднийг дээд боловсрол ажилд бэлтгэдэг үү” гэсэн нийтлэлдээ мэдээллийн технологид шаардлагатай ур чадварт суралцаж чадах боловсон хүчний эрэлт нэмэгдэж буй талаар дурдаж байсан билээ.
Бидний бодлоор өгөгдөл төвтэй, дижитал байгууллага болохын тулд дасан зохицох чадвартай, уян хатан, шинийг эрэлхийлэгч ажилтнууддаа хөрөнгө оруулах нь хамгийн шилдэг арга юм. Ирээдүйд ямар мэргэжил улам эрэлттэй болохыг хэн ч хэлж мэдэхгүй учраас аливаа ур чадварыг хурдан эзэмшиж чадах ажилтнууддаа мөрий тавих нь зөв алхам. Бидний боловсон хүчнийг бэлтгэхдээ баримталдаг философи бол хурдан суралцах чадвартай хүмүүсийг сонгон шалгаруулж, тэдний хүсэл сонирхолд тохируулан шинэ ур чадвар эзэмшүүлэхийн сацуу сониуч байдлыг нь дэмжиж хадгалах явдал.
Дээрээс доод түвшинд чиглэсэн шинэчлэл
Шинэчлэл дээрээс доод түвшинд чиглэх нь түгээмэл байдаг. Гэхдээ энэ нь шатлан захирсан тогтолцоо, захирангуй байдлыг эрхэмлэ гэсэн үг огтхон ч биш. Дижитал шилжилтийн хувьд та өөрөө доод түвшний ажилтнаа удирдан чиглүүлэхгүй бол танай байгууллагад томоохон өөрчлөлт, шинэчлэлт гарахгүй л болов уу. Аль нэг баг эсвэл нэгжийн гүйцэтгэл, үр дүнгийн 50 орчим хувь нь удирдлагаас шууд хамаардаг гэсэн судалгаа бий. Байгууллагын шинэчлэлт өөрчлөлтийн үр дүнг тодорхойлох хамгийн чухал зүйл юу вэ гэж асуувал “гүйцэтгэх захирал эсвэл байгууллагын тэргүүн” гэж хариулна.
Бизнесийн ертөнцөд боловсон хүчнээс бусад зүйлсийг шууд хуулбарлах боломжтой.
Тухайн салбар, байгууллагын соёл, ажилтнууд, залгамж халаа, технологи, санхүүгийн нөөц зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг ч компаниуд хоорондоо төдийлөн үүгээр ялгардаггүй байна. Харин байгууллагыг удирдаж буй хүмүүсийн сэтгэлгээ, үнэ цэн, зан чанар, мэдлэг чадвар гол ялгарах зүйл болдог. Бизнесийн ертөнцөд боловсон хүчнээс бусад зүйлсийг шууд хуулбарлах боломжтой. Тиймээс та хүний нөөцдөө ухаалгаар хөрөнгө оруулах замаар өндөр үнэ цэнийг бүтээх боломжтой гэсэн үг юм. Гэхдээ чадварлаг боловсон хүчний дайнд ялахад манлайлал чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг санах хэрэгтэй. Боловсон хүчнээ нэг баг болох ажиллахад нь удирдан чиглүүлж байж л таны байгууллага бусад байгууллагаас ялгарч чадна.
Өгөгдөлд суурилсан шийдвэр
Өгөгдлийн тухай ярихдаа бид хиймэл оюун ухаан (AI), машин сургалт (machine learning), гүний сургалт (deep learning), хэл боловсруулалт (language processing) зэрэг зүйлсийг түлхүү дурддаг. Мэдээж хиймэл оюун ухааны хөгжлийн түвшин сэтгэл хөдөлгөм ч ирээдүйн эрсдэлээс хамгаалах баталгаа хэмээн үзэж болохгүй.
Зах зээлийн өрсөлдөөнд давуу байдал олж авах арга бол өгөгдлийг оновчтой ашиглаж, тус өгөгдлийг боловсруулж хөрвүүлэх чадвартай боловсон хүчнийг бүрдүүлж, өгөгдөлд суурилсан шийдвэрийг хэрэгжүүлж чаддаг байх явдал. Ихэнх бизнесийн манлайлагчид туршлагатай өгөгдлийн шинжээч эсвэл хиймэл оюун ухаан ашигладаг болчихвол бүх асуудлууд агаарт замхарч, дэвшилтэт технологийн компани болчихно гэж эндүүрдэг. Тухайлбал, өгөгдлийн шинжээчдийн ур чадвар эсвэл технологийн түвшин бус өгөгдөлд суурилсан хувьсгалч соёлоороо “Google”, “Amazon”, “Facebook” зэрэг компаниуд бусад технологийн компаниас ялгардаг. Эдгээр компаниудын стратегийн хамгийн том хөрөнгө бол өгөгдлийн бүрдэл эсвэл тухайн өгөгдлийг хөрвүүлэх алгоритм биш юм. Тэдний хувьд өгөгдөл гэдэг бол зөв удирдлага доор олборлож, боловсруулж, ашигладаг байгалийн баялаг юм.
Хэрэв хурдан бүтэлгүйтэх боломжгүй бол аажмаар амжилтад хүр
“Хурд бол хүч”, “төгс сайны дайсан”, “бүтэлгүйтэлд бэлэн бай” зэрэг үгнүүд нь аль хэдийн улиг болсон ч зогсолтгүй хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицохын тулд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж хурдтай хөдлөх нь чухал. Мэдээж хурд чанар хоёр урвуу хамааралтай байх талтай ч хэрэв танд хурдан бүтэлгүйтэх боломж буюу санаагаа хурдан туршиж, алдаанаасаа суралцаж өөрийгөө сайжруулах боломж байхгүй бол аажмаар амжилтад хүрэх нөхцөл бололцоогоо бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нь хурдан бүтэлгүйтэх боломжгүй бол аажмаар амжилт олж болно гэсэн үг юм.
Хорвоо дэлхий ямар хурдан өөрчлөгддөг болдгийг сүүлийн хэдэн долоо хоног батлан харууллаа. Цар тахлын үед өрнөж буй өөрчлөлт нь хүнээр удирдуулсан, технологид суурилсан өөрчлөлт юм. Ирээдүйн бизнесийн тань баталгаа бол таны боловсон хүчин. Өөрөөр хэлбэл, одоо, ирээдүйн хямралыг даван туулахад дижитал шилжилт, зайнаас ажиллах горимд дасан зохицох, зөөлөн ур чадвараас гадна манлайлах чадвартай, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргаж амжилтыг хөтлөх боловсон хүчин гол үүрэг гүйцэтгэх юм.