Эдийн засгийн хямрал бол капитализмын хуваарилагч механизм юм. Сулхан бизнесүүд унаж байхад бат бөхүүд нь улам тэлж байдаг. Гэвч 2020 онд энэхүү “бүтээлч сүйтгэл” өмнөх шигээ өрнөсөнгүй. Энэ удаагийн эдийн засгийн уналт санхүүгийн хямрал эсвэл инфляцийн айдсаас бус эрүүл мэндийн салбарын хямралаас улбаатай байсан учраас тэр. Үр дүнд нь видео стриминг үйлчилгээний огцом өсөлт, хөлөг онгоцны аяллын компаниудын сүйрэл зэрэг олон сонирхолтой үзэгдэл бий боллоо. Энэ зуур төр засгаас компаниудад асар их хэмжээний дэмжлэг үзүүлж бизнесийн ертөнцөд өрнөж буй “нядалгаа”-г өнгөлөн далдлав.
2021 онд тусламж дэмжлэг буурч, илүү олон компани уналтад орох тул хүлээх алдагдал илүү тодорхой болох нь. Эрүүл бизнесүүд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр давуу талаа бэхжүүлэх боломжтой. Гэхдээ эдгээр компани ч хувьцаа эзэмшигчдийн давуу эрх, даяаршил ба засгийн хязгаарлагдмал байдал гэх орчин үеийн бизнесийн гурван зарчим үргэлж хөдөлгөөнд орших шинэ орчинтой нүүр тулах шаардлага гарна.
Хямрал дуусахад бизнесийн ертөнц орвонгоороо эргэх бөгөөд капитализмын дүрэм ч ялгаагүй өөрчлөгдсөн байх болно.
Америкийн компаниуд дэлхийн бизнесийн бүтцэд ихээхэн нөлөөтэй ба өмнөх гурван хямралын үед тус улсын топ компаниудын хувьцааны үнэ дунджаар 6 хувиар өссөн бол жижиг компаниудынх 44 хувиар бууржээ. Харин энэ удаад илт хожиж чадсан хэд хэдэн компани байв. Хэрэглэчид дижитал үйлчилгээнд шилжсэнээр Цахиурын хөндийн өсөлт огцом нэмэгдээд буй. Хятадын төрийн өмчит томоохон компаниуд дахин нэг алхам урагшилж, тус улсын эдийн засаг ихэнх улсын үзүүлэлтийг ардаа орхив. Түүнчлэн, олон нийтээс хөрөнгө амжилттай татан төвлөрүүлсэн Nongfu Spring компанийн туршлага зэрэг IPO-ийн давалгаа нь Хятадын компаниудын чансааг харууллаа. Тус улсын дэлхийн хөрөнгийн зах зээлд эзлэх хувь (Хонгконгийг оруулаад) цар тахлын өмнөх 15 хувиас 17 хувь болтлоо өссөн байна.
Хожсон ба хожигдсон
Энэ үед амжилтад хүрч чадсан компаниудын зарим нь санаанд оромгүй тохиолдлууд байв. Энэтхэгийн мал үржлийн аж ахуй эрхэлдэг Пүүнаваллын гэр бүл өдгөө вакцины бизнест хөл тавьснаар хөрөнгөө 62 хувиар өсгөж 14 тэрбум ам.долларт хүргэсэн тухай Bloomberg мэдээлсэн билээ. Харин Японы SoftBank 80 тэрбум ам.доллараар активаа зарж хямралыг боломж болгон эргүүлсэн байна. Төрөөс үзүүлж буй их хэмжээний дэмжлэг эцэстээ инфляцийг хөөрөгдөхөд үнээ хадгалах цөөн активын нэг нь алт байх болно гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа тул тоогдохоо болиод байсан алт олборлогч компаниуд модонд орж буй.
Хожсон нь ийм байж. Харин хэн хожигдов? 2020 оны эхний хагаст Америкийн топ 3000 компанийн 40 гаруй хувь нь алдагдал хүлээсэн ба 2009 оны хямралаар энэ үзүүлэлт 30 гаруй хувьтай байжээ.
2021 онд одоо буй хийсвэр ертөнц үгүй болж засгийн газрууд дэмжлэгээ бууруулж, бодлого нь компанийн үйл ажиллагааг дэмжихээс илүү ажилгүй болсон иргэдэд тусламж үзүүлэхэд чиглэнэ. Чадалтай компаниуд хөрөнгө оруулалт татсаар байхад бусад нь хөрөнгө оруулалтаа бууруулах тул компани хоорондын ялгаа улам нэмэгдэх төлөвтэй байна. 2020 оны эхний хагасын байдлаар Америкийн хамгийн өндөр зардалтай 10 компанийн зарлага өмнөх оныхоос гурван хувиар өссөн бол 1000 жижиг компанийн зарлага 82 хувиар буурсан үзүүлэлттэй байжээ.
Технологийн дэвшлээс ашиг олдог, Ази болон Америк зэрэг эдийн засаг нь харьцангуй сайн байгаа зах зээлд нэвтэрсэн томоохон компаниуд 2020-2021 оны хямралаар хожно. Хэдий тийм боловч цар тахлын дараа тоглоомын дүрэм өөрчлөгдөж тэд ч амаргүй нөхцөлтэй нүүр тулах шаардлагатай болно.
Компаниуд хувьцаа эзэмшигчдээсээ илүү ажилтнууддаа анхаарал хандуулах шаардлагатай тулгарна. Даяаршил зогсонги байдалд орсноор үндэстэн дамнасан компаниуд үндэсний бизнес эрхлэгчдийн холбоо маягаар ажиллах шаардлагатай болж, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нэгдмэл байгууллага байсан үеийнх шигээ ашиг олж чадахгүйд хүрнэ. Засгийн газруудын нөлөө өргөжихийн хэрээр хаа сайгүй зохицуулалт, татварын хэмжээ нэмэгдэнэ. Хямрал дуусахад бизнесийн ертөнц орвонгоороо эргэх бөгөөд капитализмын дүрэм ч ялгаагүй өөрчлөгдсөн байх болно.
Эх сурвалж: economist.com