Байгууллагад ямар нэг өөрчлөлт, шинэчлэл хийх санаачлагын гуравны хоёр нь биелдэггүй. Учир нь шинэчлэл эхлэх үед бүгд л шуугиж, идэвхждэг боловч бодит байдал дээр ихэнх нь гүйцэтгэл дээрээ гацдаг.
Гүйцэтгэлийг тогтмолжуулахын тулд удирдагч хүн гурван зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй болохыг стратегийн зөвлөх Майкл Каник онцолжээ. Үүнд зөв төвлөрлийг бий болгох, зөв орчныг бүрдүүлэх ба зөв багийг бүрдүүлэх зэрэг багтана.
Зөв төвлөрлийг бий болгох нь
Зөв төвлөрөл нь буруу төвлөрлөөс юугаараа ялгаатай вэ? Төвлөрлийг үргэлж хадгалж байх ёстой бөгөөд үүнийг зөв төвлөрөл гэнэ хэмээн М.Каник энэ тухай номдоо тайлбарлажээ. Хэрэв өнөөдөр төвлөрөөд, маргааш төвлөрөхгүй бол төвлөрөл жинхнээсээ бий болоогүй байна гэсэн үг. Тэрбээр төвлөрлийг тогтмолжуулахад тус болох гурван зөвлөмжийг санал болгосон байна.
1. Стратегийн төлөвлөгөө бус стратегийн менежмент
Ихэнх компани стратегийг үйл явц гэхээсээ илүү нэг удаагийн үйл явдал гэж хардаг. Компаниуд стратегийн төлөвлөгөө баталсан даруйдаа өдөр тутмын ажилдаа анхаарч эхэлдэг. Удирдагч хүн төлөвлөгөөг хянаж, хэмжиж, удирдан чиглүүлэх боломжтой, хариуцлага, тайлагнал, хугацаатай уялдуулсан үе шат, үйл ажиллагаанд хувааж стратегийн менежмент хийх ёстойг М.Каник зөвлөжээ.
2. Бүтэлгүйтлээ тэмдэглэ
Танай компанийн хувьд амжилт гэж яг юу болохыг тодорхойлох нь чухал гэдэг үгийг та олон сонссон байх. Тэгвэл тэрхүү амжилтдаа хүрээгүй тохиолдолд түүнийгээ тэмдэглэж үлдээх нь мөн л чухал байдаг аж. Зах зээл дээрх байр сууриа алдах, компани дампуурлын ирмэгт ирэх эсвэл том боломжийг алдах гээд юу ч байж болно. Амжилт болон бүтэлгүйтлийнхээ үр дагаварыг харьцуулах нь илүү урт хугацаагаар, гүн төвлөрөхөд тус болдог байна.
3. Ихийг бүтээх гэж зүтгэх хэрэггүй
Амбицтай захирлууд хэт олон ажил, төслийг санаачилж эхлүүлдэг. Энэ нь нөөцийг барагдуулж, ажилтнуудад ирэх ачааллыг эрс нэмэгдүүлдэг ба эцэст нь бүгдийг чухалчлахын оронд ямар ч ажил чухал биш болдог. Иймд ихийг бүтээх гэж хичээх хэрэггүй. Маш чухал, заавал хийх шаардлагатай цөөн ажил дээрээ төвлөрч, гүйцэтгэлдээ гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Зөв орчныг бүрдүүлэх нь
Зөв орчны тухай М.Каник “ажилтнуудын туршлагажих цэг байгууллагын зорилготой салшгүй холбоотой бөгөөд энэ нь байгууллагад оролцоо ба гүйцэтгэлийн соёлыг бий болгож байдаг” хэмээжээ. Зөв орчныг бүрдүүлэхэд удирдагч хүн дараах зүйлсийг хийх хэрэгтэй.
1. Учир начирыг нь тайлж өг
Ажилтнуудынхаа оролцоо, идэвх санаачлагыг нэмэгдүүлэхийн тулд тэдэнд зорилгоо ухамсарлахад нь туслах хэрэгтэй. Гэхдээ зорилгыг зүгээр нэг тайлбарласан болоод орхиж болохгүй. Тэрхүү зорилгыг байгууллагын зорилго ба хувь хүмүүсийн хүлээлтэд нийцүүлэн “хөрвүүлэх” нь чухал. Энэ нь зорилгыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүлдэг.
2. Шаардлагатай бүхнээр нь “тоногло”
Аливаа ажлыг хийхэд шаардлагатай нөөц, бололцоо нь байхгүй үед хүмүүс шантардаг. Шаардлагатай чадвар нь байхгүй бол өөрийгөө арчаагүй гэж бодно. Харин ажлаа хийхэд нь шаардлагатай эрх мэдэл үгүй бол өөрт нь итгэхгүй байна гэж боддог. Удирдагч хүн хүмүүсээ амжилтад нь хөтөлж “тоноглох” хэрэгтэй. Энэ нь тэднийг хангалттай мэдлэг, чадвар, нөөц болон эрх мэдлээр хангах хэрэгтэй гэсэн үг.
3. Көүч бай
Көүч хүн “Багийн гишүүн бүрд хамгийн сайнаараа ажиллахад нь би яаж тусалж чадах вэ?” гэсэн асуултыг өөртөө үргэлж тавьдаг. Көүчүүд үргэлж ажилтны гүйцэтгэлийн тухай санал зөвлөмжөө хуваалцаж, чиглүүлж өгдөг. Тэд зөв үйлдэл, сайн үр дүнг бататгаж, хүлээлтэд хүрээгүй үр дүн гаргасан багийн гишүүдэд тохирох хариуцлагыг нь хүлээлгэдэг.
4. Гүйцэтгэлд ээлтэй орчныг бүрдүүл
Ажлаа сайн гүйцэтгэхийг хичээсэн ч байгууллагын хязгаарлагдмал бодлого, төвөгтэй процесс эсвэл шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй зэрэг шалтгаан хүмүүст саад болдог. Гүйцэтгэл сайтай компаниуд ихэнхдээ эдгээр асуудлаа шийдсэн, гүйцэтгэлд ээлтэй орчныг бүрдүүлсэн байдаг.
5. Сэтгээлээсээ ханд
Таныг ажилтнуудаа хүндэлж, тэдэнд итгэж, санаа тавьж буйг мэдэрсэн үед тэд хэлүүлэлтгүй хичээж эхлэх бөгөөд туйлын идэвх санаачлагатай болсноор байгууллагын гүйцэтгэл эрс нэмэгддэг.
Зөв багийг бүрдүүлэх нь
Зөв багаа бүрдүүлж чадахгүй бол зөв төвлөрөл, орчин байгаад хэрэггүй. Байгууллагууд нэг чухал зүйлийг орхигдуулсны улмаас зөв баг бүрдүүлж чаддаггүйг М.Каник онцолжээ.
Тэрбээр “Ажил горилогчийн туршлага түүний юу хийснийг харуулдаг бол ур чадвар юу хийж чаддагийг нь хэлнэ. Харин зан араншин нь ихэвчлэн юу хийдгийг нь илтгэх болно” хэмээжээ. Өрсөлдөх чадвар, шударга байдал, сониуч зан гээд ажил горилогчийн онцлог шинж чанаруудыг удирдагч хүн туршлага, ур чадвартай нь адилхан чухалчлан авч үзэж байх хэрэгтэй.
Гүйцэтгэлийг тогтмолжуулахад зөв төвлөрөл, зөв орчин ба зөв баг хэрэгтэй. Харин энэ бүхнийг хэн хөдөлгөдөг вэ гэвэл үүнийг хэрэгжүүлнэ гэсэн зөв итгэл үнэмшилтэй удирдагч хэмээн М.Каник онцолжээ.
Эх сурвалж: inc.com