2020 он бодит амьдралын тухай төсөөллийг эвдсэн жил байлаа. Тэгвэл яг юу өөрчлөгдсөн бэ?
Хурд. Энэ жил бидний ажил, амьдралын нөхцөл байдал улам хурдтай өөрчлөгдсөн. Өмнө нь боломжгүй мэт санагддаг байсан зүйлс боломжтой болохыг ухаарч, жил дамнадаг байсан төслүүдээ нэг сар, зарим тохиолдолд бүр долоо хоногийн дотор эхлүүлдэг болсон.
Хил хязгаар. Өмнө нь хэзээ ч алга болохгүой мэт санагддаг байсан хил хязгаарууд өдгөө устан алга болж буй. Ажил гэрийн, хувь хувьсгалын хил хязгаараас гадна хүмүүс, алба нэгж, төсөл хөтөлбөр, компаниуд болон ажил мэргэжлийн зааг үгүй болж байна. Үүнийг дагаад харилцаа, үйл ажиллагааны хэв загвар ч үндсээрээ өөрчлөгдөв.
Эцэст нь бид хоосон итгэл найдвараасаа салж эхэллээ. Эргэн тойрон төдийгүй бид өөрсдөө өөрчлөгдсөнийг унаж бүдэрсээр ухамсарлаж эхэлжээ. Үүсээд буй шинэ нөхцөлд би юу хийж чадах вэ, юу хүсэж байна вэ, хамтрагчид маань надаас юу хүсэж байна, тэдэнтэй хамтарснаар ямар үр дүнд хүрэх вэ гэх зэргээр хувь хүний болон компанийн түвшинд бүх зүйлийг эхнээс нь эргэж нэг харах шаардлагатай боллоо.
Өмнөх зах зээлийн нөхцөлд хэд хэдэн шинэ төсөл эхлүүлэхэд аль нэг нь амжилт олох нь гарцаагүй байсан. Баг нь авраад гарна, шинэ удирдагч гараад ирнэ, түншүүд тусална, зах зээлийн тохироо бүрдэнэ эсвэл аз нь тэтгээд ямар нэг байдлаар бүтдэг байж. Харин шинэ ертөнцөд хуучин аргаар явах боломжгүй болжээ. Шинээр бий болсон нөхцөл байдлыг буруу тооцоолсны улмаас гаргасан алдааны төлөөс хэзээ хэзээнийхээс илүү үнэтэй болов.
Дасан зохицох үйл явц хувь хүн, компаниудын аль алинд нь хүнд туссан. Эхлээд айж сандарч байсан нь хүлээн зөвшөөрч, итгэл алдаж сэтгэл гутралд орсноо эргээд итгэл найдвараа олох зэргээр хүмүүсийн хандлага, өөрийгөө үнэлэх үнэлэмж хурдтай өөрчлөгдөв. Учир шалтгааны уялдаа холбоо алдагдаж яаж яваад ийм амжилтад хүрчихэв гэмээр хэд хэдэн компани гарч ирж байхад хичнээн хичээсэн ч хасах руугаа орсон олон бизнес байна. Ийнхүү амжилтын тухай ойлголт ч өөрчлөгдөв.
Шинэ ертөнцөд дасан зохицох үйл явц бүтэн жил үргэжиллээ. Хамгийн гол нь энэ үйл явц одоо ч дуусаагүй байна. Одоогоор бид замынхаа талд орж байгаа ч хэдийнэ туйлдсан байна. Хүн бүр хэн нэгэнд эрхэлж, аз жаргалтай байхыг л хүсэж байна. Энэ нь нийгмийн харилцаа хязгаарлагдаж, сэтгэл санааны хямралд орсны улмаас төрж буй мэдрэмж юм. Үүнээс гадна бид бүгдийн бие, сэтгэл санааны байдал өөр өөр байгаатай холбоотой. Зарим нь энэ нөхцөлд цөхөрч байхад өөр нэг нь баяртай байгаа ч дараа дараагийн алхмыг хийхэд улам л хэцүү болсоор байна. Иймд дараагийн алхмаа хийхдээ бат бөх газар гишгэх хэрэгтэй.
Шинэ он гарахаас өмнө хувь хүн болон компаниуд хий хоосон итгэл найдвар, төсөөллөөсөө салах ёстой. Өөрийн хэмжээ, нөхцөл байдал, боломжоо бодитоор үнэлж хүсэж буй ертөнцөө бус бодит байдалд нийцсэн зураглалаа гаргах хэрэгтэй.
Өнөөгийн нөхцөлд өөртөө болон бусдад шударга ханддаг, удирдлага дор буй хүмүүсийнхээ хувьд сайн сэтгэлзүйч нь байж чадсан нь сайн удирдагч болно.
Өмнө нь тулгарч байгаагүй энэ нөхцөлд удирдагчдын гол үүрэг бол хүмүүстэйгээ урам зориг өгсөн эсвэл тайвшруулсан өнгө аястай биш бодит байдалд нийцсэн шулуухан яриа өрнүүлэх юм. Ажилтнуудтайгаа ний нуугүй ярих нь тэдэнд тус болох зорилготой билээ. Удирдагчид ажилтнууддаа замыг нь зааж өгөхөөс гадна сөхөрсөн нэгнийг босгож, замаасаа хазайхгүй байхад туслах чиглүүлэгч нь байх хэрэгтэй. Гэхдээ өөрийн хүч чадал, компанийн нөөц бололцоо, зах зээлийн онцлог болон 2021 оны онцгой коэффициентийг бас тооцох нь чухал.
Өмнө нь оны энэ үед ирэх жилд хэрэгжүүлэх 20-25 төсөл төлөвлөдөг байсан. Харин одоо хамгийн ирээдүйтэй тавыг нь сонгоод анхаарлаа хандуулж, цаг хугацаа, нөөц бололцоогоо зарцуулна (үүн дээрээ эрсдэлтэй тавыг нь нөөцөлж бүтэхгүй бол орхино) гэж төлөвлөх хэрэгтэй. Эдгээр төслөө хатуу “аудит”-оор оруулж баг, хөрөнгө оруулалт, замын зураглал зэргийг хянана. Зорилгоо илүү тодорхой гаргаж, ажлаа ач холбогдлоор нь эрэмбэлж хамгийн чухал зүйлдээ л төвлөрч бусдыг нь цааш нь тавь. Учир нь өөр зүйлд анхаарах хүч чадал, бололцоо тань хүрэлцэхгүй. Толгойдоо төсөөлсөн бодит байдал нь жинхэнэ нөхцөл байдалтай нийцэж байгаа нь урагшлах болно.
20-р зууны хамгийн алдартай сэтгэл засалчдын нэг Милтон Эриксоны нэгэн нийтлэлд өнөөгийн нөхцөлд шаардагдаж буй чадварыг оновчтой тодорхойлсон байдаг. Нэгдүгээрт, хэрэв хүмүүс танд хандсан бол тусламж хүсэж байна гэсэн үг. Хоёрт, өөртөө итгэ. Гуравдугаарт, чадахгүй зүйлээ хэзээ ч битгий амла. Дөрөвт, чаддаг, мэддэг зүйлдээ битгий эргэлз. Өнөөгийн нөхцөлд өөртөө болон бусдад шударга ханддаг, удирдлага дор буй хүмүүсийнхээ хувьд сайн сэтгэлзүйч нь байж чадсан нь сайн удирдагч болно.
Эх сурвалж: hbr-russia.ru