Цар тахлаас урьтаж компани бүхэлдээ дижитал шилжилт хийж чадсан тул аливаа хязгаарлалтаас хамаарахгүйгээр байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж байна.
Алсын зайнаас ажиллах соёлыг амжилттай нэвтрүүлсэн компанийн нэг “Дижитал Воркс”-ийн хамт олон. Тэд зайнаас ажиллах технологийг нэвтрүүлээд хоёр жил болж буй бөгөөд GreenERP системийг хөгжүүлэгч компани юм. 2015 оноос уян хатан цагийн систем рүү шилжиж улмаар цаг бүртгэл дээр үндэслэж ажилчдын цалинг тооцож, гүйцэтгэлийг нь үнэлэх нь ялангуяа, технологийн компанийн хувьд буруу гэж үзжээ. Товчхондоо, орчин үед гүйцэтгэл дээр суурилдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай гэж үзэн энэ соёлыг 2017 онд байгууллагадаа нэвтрүүлсэн. Харин өнгөрсөн жилээс ажилчдаа шат дараатайгаар алсын зайнаас ажиллах боломжийг олгож эхэлсэн байна. Ингэж ажиллах боломжтой ажилтнууд зарим өдрүүдэд зайнаас ажиллаж, зарим үед оффис дээрээ ажиллаж эхэлжээ. Улмаар энэ оноос бүрэн бүрэлдэхүүнээрээ зайнаас ажиллаж байсан бөгөөд хөл хорио тогтоох үед тэдэнд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гараагүй аж. Учир нь дээр өгүүлсэнчлэн тэд хэдийнэ энэ соёлд сурсан байлаа.
Компанийн ажилчид гэрээсээ ажилладаг болсноор замын түгжрэл, стрессээс үүдэлтэй ажлын бүтээмжийг бууруулдаг асуудлуудыг бүрэн шийдэж өгсөн гэж тэд үзэж байна. Ажилтан бүр боломжтой газраасаа ажилдаг байх нь чухлыг удирдлагууд маш сайн ойлгожээ. Нөгөө талаас ажилчдын ажил амьдралын баланс алдагдах, хийж буй ажилдаа төвлөрөхөд оффис дээр бэрхшээлтэй байдаг зэрэг асуудлыг шийдэх шийдэл нь зайнаас ажиллах соёл гэж үзсэн тул үүнд шилжсэнээ Дижитал Воркс компанийн Гүйцэтгэх захирал Б.Нямцэрэн ярьсан юм.
Эхний ээлжинд компани өөрийн дотоод үйл ажиллааг цахимжуулах хэрэгтэй. Үүний дараа хүмүүс хоорондын харилцаа, харилцагч руугаа хандсан процесс, харилцаагаа цахимжуулах хэрэгтэй. Ингэснээр үйл ажиллагаагаа цахимаар явуулах боломжтой болно.
Тэд ингэж ажилласнаар ажилчдын сэтгэл ханамж, бүтээмж мэдэгдэхүйц өссөн гэдгийг Б.Нямцэрэн онцолсон. Инхүү тус компани цар тахалтай өрсөн бүхэлдээ дижитал шилжилт хийж чадсан тул үйл ажиллагаа нь аливаа хязгаарлалтын улмаас доголдохгүй байх давуу тал гарч бий болж байгаа аж. Гэхдээ хамт олны нэгдсэн уур амьсгал, байгууллагын соёлоо хэрхэн авч үлдэх зэрэг бэрхшээл бийг тэд нуусангүй. Учир нь тэд бэрхшээл бүрийг шийдэх арга замаа хамтдаа эрэлхийлж, тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа гэв.
Байгууллагын үндсэн үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгарахгүй байгаа ч дижитал шилжилт хийсэн компани бүрт албан бичиг үйлдэх асуудал тулгарч буйг дурьдах нь зүйтэй. Дижитал Воркс компанийн хувьд ч мөн харилцагч байгууллага руугаа гэрээ, албан бичиг цаасаар явуулах нь хатуу хөл хорионы үеэр зогссон тул үүнийг урьдчилан цахимаар баталгаажуулаад явж байгаа аж. Харин улс даяараа цахим албан бичгийн хэрэглээг хангалттай хэмжээнд нэвтрүүлж, хэрэглэвэл компаниудын хувьд ийм асуудал үүсэхгүй биз.
Тэд гэрээсээ ингэж ажиллаж байна
Тэд төслийн менежментийн Agile аргачлалыг нэвтрүүлээд таван жил болж байгаа бөгөөд хийх ажлуудаа нэг сагсанд хийдэг байна. Эндээс ажлуудаа эрэмбэлэн product backlog руу оруулдаг. Дижитал Воркс компанийн залуус ажлаа хоёр долоо хоногоор төлөвлөж явдаг бөгөөд энэ хугацаанд хийх ажлуудаа тусад нь ангилдаг аж. Ингэж ялгаж авсан ажлуудаа нэг sprint гэж нэрлэдэг. Нэг sprint нь 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ гэсэн үг. Мэдээж эхлээд төлөвлөгөө боловсруулна. Харин ажлаа дуусаад тухайн ажлуудаа дүгнэх уулзалтыг хийдэг. Энэ хугацаанд юуг сайн хийж, юун дээр алдсанаа дүгнэдэг. Ингэснээр тэд дараагийн ажлаа хийхэд анхаарах зүйлсээ олж хардаг гэв. 14 хоногийн хугацаанд ажиллахдаа өглөө бүр богино хурал хийдэг. Өмнө тэд ширээгээ тойрч зогсож байгаад нэг хүн нэг минутад өчигдөр юу хийсэн, өнөөдөр юу хийх, ямар асуудал тулгарч буйгаа танилцуулдаг байжээ. Харин сүүлийн бүтэн жил teams ашиглаж онлайнаар скрам хурлаа хийж байгаа аж.
Ажлын төлөвлөлтөө Jira хэрэглэгчийн тусламжийн портал вэбсайт ашиглаж явуулдаг. Үүнийг дотоод хөгжүүлэлтийн үйл ажиллагаа, төлөвлөлтөндөө ашигладаг аж. Ажилтнуудынхаа гүйцэтгэлийг төлөвлөлтөөр хэмждэг учир төлөвлөгөөнд их ач холбогдол өгдөг. Тэд хийх ажлаа Скрамын Poker аргачлалаар оноо өгч, хуваарилан авдаг байна. Нэг үгээр тухайн ажилтан өөрөө хийх ажлаа сонгож авдаг гэсэн үг. Үүнийхээ хүрээнд ажлаа гүйцэтгэдэг. Ажил дуусахад удирдлагууд хуваарилсан ажлуудаа хүлээж авдаг бөгөөд гүйцэтгэлээ sprint-ээрээ Agile аргачлалын дагуу дүгнэж хянаад явдаг тул ямар нэгэн маргаан гардаггүй аж. Хөгжүүлэлт хийдэг компанийн хувьд тэд Agile DevOps гэдэг аргачлалыг нэвтрүүлсэн. Энэ аргачлал нь хөгжүүлж байгаа талыг хэрэглэж байгаа талтай нягт холбох аргачлал гэв. Ингэснээр шийдлийг хэрэглэгчиддээ түргэн шуурхай хүргэх боломжтой болсон байна. Харин цалин хөлс, тооцоогоо GreenЕrp систем дээр хийгээд явж буй.
GreenErp хэрэглэж буй компаниудын хувьд үйл ажиллагаа нь өнөөгийн нөхцөлд хэвийн явж байна. Тэдний хувьд оффис дээрээ ажилласнаас бүтээмж харьцангуй өсөөд буйг дуу нэгтэйгээр хэлж буй
Компаниудын хувьд зайнаас ажиллаж эхлэхэд зарим ажилтан ганцаардах зэрэг нийгэмшилтэй холбоотой хүндрэл гардаг. Тэр ч байтугай, зарим нь хөргөгч, ажлын ширээ хоёрын хооронд зам гарлаа ч гэдэг. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд тэд Могул группээрээ “Хамтдаа дархлаагаа boost-лэе” аяныг өрнүүлж байна. Мөн ажилтнуудынхаа хөдөлгөөний дутагдлыг шийдэх үүднээс онлайн йогын хичээл явуулж, сэтгэлзүйч нартай цахим уулзалт хийх, тогооч нарын жороос хуваалцах зэрэг алхамыг хийж байгаа аж.
Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч олон компани дижитал шилжилт хийхээс өөр аргагүй байдал үүсээд буйг судлаачид тэмдэглэж буй. Дижитал Воркс компанийн Гүйцэтгэх захирал Б.Нямцэрэн тэдгээр компанид эхний ээлжинд дотоод үйл ажиллаагаа цахимжуулах хэрэгтэйг зөвлөж байна. Үүний дараа хүмүүс хоорондын харилцааг цахимжуулж, харилцагч руугаа хандсан процесс, харилцаагаа цахимжуулах хэрэгтэй. Ингэснээр үйл ажиллагаагаа цахимаар явуулах боломжтой болох юм. Тус компанийн хувьд харилцагчид болон дотоод харилцаандаа teams ашиглаж байгаа нь олон боломжийг олгож буйг онцолсон. Мөн GreenErp хэрэглэж буй компаниудын хувьд үйл ажиллагаа нь өнөөгийн нөхцөлд хэвийн явж байна. Тэдний хувьд оффис дээрээ ажилласнаас бүтээмж харьцангуй өсөөд буйг дуу нэгтэйгээр хэлж байна.