Цар тахлаас үүдэж бизнесийн орчны нөхцөл байдал улам хүндэрч байгаа тул МҮХАҮТ аж ахуйн нэгжийнхээ эрх ашгийг хамгаалах, байр сууриа илэрхийлэх, хөл хорионы нөхцөл байдлыг төр засаг эргэж харахад нөлөөлөх үүднээс “Ажлын байраа аврах” аяныг нийгэм даяар өрнүүлэхээр санаачлан зохион байгуулж байна.
Үүнтэй холбоотой цахим хурлыг зохион байгуулж 100 орчим компанийн захирлууд оролцож санал, шийдэл хэллээ.
Анчин бүргэд ХХК. Аялал жуулчлал
Вакцинд найдлага тавьж байна. Засгийн газарт саналууд өгөх хэрэгтэй байна. Жуулчныхаа сезоныг нээх хугацаагаа товлочихвол яасан юм бэ? Жуулчнаа оруулахдаа ямар журмаар оруулах вэ? Вакцинтайг нь авах юм уу эсвэл хил дээр вакцин хийх юм уу? Жуулчин хүлээж авах газрууд нь ямар журмаар ажиллах юм бэ? Энэ мэт тодорхойгүй асуудлууд дээр Засгийн газраас төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
Цолмон трэйвэл. Аялал жуулчлал
Зарим зочид буудал, жуулчны баазууд тодорхой хэмжээнд ажилласан бол тур операторууд тэг зогсолт хийсэн. Энэ салбарт 80 гаруй мянган хүн ажилладаг. Ихэнх нь дампуурах хэмжээнд хүрээд байна. Иймд ажлын байраа хадгалах үүднээс тэтгэмж, татварын хөнгөлөлт, газар, түрээсийн төлбөрөөс чөлөөлөхгүй бол худлаа болох нь. Хамтарч ажилладаг орнууд урьдчилсан төлөвлөгөө, төлвөө гаргаач гэж нэхэж байна. Хилээ хэзээ нээх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна.
Нью Жуулчин Тур ХХК
Шинэ сайддаа дуу хоолойгоо хүргэж чадахгүй байна. Шинэ оноос эхлээд манай компани 60 орчим ажилчдаа ажилгүйдлийн тэтгэмжид хамрууллаа. ТХГ-ын төлбөрийг тэглэх хэрэгтэй гэж бодож байна.
Mongolian Guide Tour ХХК
7-р сарын 1-нээс хил гаалиа нээх үү, үгүй юу гэдгийг тодорхой болгохгүй бол тур операторууд жуулчиддаа хариу өгч чадахгүй байна. Аяллын захиалга авч чадахгүй, урьдчилсан прогноз төсөөллөө хийх боломжгүй байна. Ковид бол хүссэн хүсээгүй цашид байх нь тодорхой болчихлоо.