Цар тахал дэлхийн эдийн засгийг донслуулж буй энэ үед захирлууд хямралын сөрөг үр дагаварыг ямар нэг аргаар гэтлэхийг хичээж буй. Гэхдээ өмнөө байгаа асуудлаас гадна ирээдүйд болох зүйлд яг одооноос бэлдэж эхлэх хэрэгтэйг түүх бидэнд сургасан. Абрахам Линкольн, Франклин Рузвельт, Уинстон Черчилль, Нелсон Мандела зэрэг алсын хараатай удирдагчид замд нь тааралдсан саад бэрхшээлээс цаадахыг харж байжээ. Тэд хүнд цаг үе дуусахад хүлээж буй гэрэлт ирээдүйн төсөөлөлдөө хөтлөгдөж, бусдыг нь тийш нь чиглүүлж байсан билээ.
Одооных шиг бүх нийтийг хамарсан, системийн хямралын үед алсын хараатай байх нь туйлын чухал. Цар тахлын дараах бизнесийн орчин таны мэддэгээс тэс өөр байх болно. Иймд хамгийн зөв алхам бол одооноос бэлдэж эхлэх. Харин бэлтгэлээ зөв хангахын тулд та өөрийгөө тав, арван жилийн дараа хэн болсон байхаа тодорхойлж урт хугацааны зураглалаа гаргах хэргэтэй.
Одоохондоо үүнийг олж харах нь хэцүү байж магадгүй ч үсрэнгүй хөгжлийн үр яг одоо бойжиж байгаа гэдгийг мартаж болохгүй. 20 жилийн тэртээ доткомын хямралын улмаас компьютерийн бизнес нь хүнд байдалд ороход Apple компани iPod, iPhone-ыг бүтээх боломжийг олж харсан байдаг шүү дээ. Үүнтэй адилаар ирээдүйгээ харахад тань тус болох зөвлөгөөг хүргэж байна.
Ирээдүйн тухай бодох цаг гаргах
Хямрал дуусахад та байгууллагаа ямар байхыг хүсэж буйгаа тунгаан бодоход нийт цагийнхаа 10-20 хувийг зарцуулах хэрэгтэй. Энэ дүр зураг нь мэдээж урт хугацааны төлөвлөгөө, төсөөлөлтэй тань нийцэж байх ёстой.
Захирлууд өдгөө хойшлуулах боломжгүй олон асуудалтай нүүр тулж байгаа тул энэ үүргийг хэн нэгэнд даатгах хүсэл төрж магадгүй. Гэхдээ ерөнхий захирал, санхүү эрхэлсэн захирал зэрэг нөөц хуваарилалтын гол шийдвэрүүдийг гаргадаг удирдах түвшний албан тушаалтнууд л энэ тухай бодож, зураглал гаргах нь туйлын чухал.
Танай хэрэглэгч, зах зээл, үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарж, юу хэвээрээ үлдэх вэ? гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрэглэгчид тань юу хэрэг болох бол, өөрчлөгдөн шинэчлэгдэж буй энэ хэрэгцээг нь хэрхэн хангах вэ, бүтээгдэхүүн, үйлчилгээний тань эрэлт болон компанийнхаа боломж бололцоо зэрэг асуудалд төвлөрөх хэрэгтэй.
Мөн өөрчлөлт шинэчлэлийн энэ үед таны бизнес хэр тэсвэртэй байж чадах вэ? гэсэн асуултад хариулах хэрэгтэй. Эрсдэл ба боломжоо тооцоолж, юу чухал байхаа больж, юугаа зарж эсвэл хаах тухай бодохын зэрэгцээ өсөлт авчрах шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах боломжоо тодорхойлоорой.
Ирээдүйгээс өнөөдрийг харж стратегиа төлөвлө
Урт хугацааны зорилгоосоо ухрах замаар дунд хугацааны (хямралын дараах төлөвлөгөө), тэндээсээ өнөөдрийн төлөвлөгөө хүртэлх замын зураглалаа гаргаарай. Гаргасан зураглал буюу шулуунаа цаг хугацааны ижил хэрчмүүдэд хувааж гол ажил, зорилтуудаа тэмдэглээрэй.
Ирээдүйгээсээ эхэлж ухрах замаар төлөвлөх нь хэд хэдэн давуу талтай. Юун түрүүнд энэ арга нь танд одоо юу хийж байгаагаас үл хамааран ирээдүйд хэн болж чадахаа дүрслэхэд тус болно. Үүнээс гадна мөнгөө нарийн төлөвлөх боломжийг олгодог тул юунд хөрөнгө оруулахаа харахад тань хэрэг болно.
Хэрхэн ингэх боломжтойг ойлгохын тулд таныг их сургуулийн захирал гээд төсөөлье. Онлайн сургалт нь ирээдүйд танай чухал чиглэл болно гэдгийг мэдэж байгаа учраас та онлайн болон танхимын сургалтыг хослуулсан төгс загварыг санаачилжээ. Хямралын өмнө төсөөлж байсан тэр ирээдүй тань гэнэт хаяанд ирж энэ хичээлийн жилийн хөтөлбөрийг бүхэлд нь онлайнд шилжүүлэх гэнэтийн шаардлага гарав. Бүхнийг онлайнд шилжүүлсэн гэнэтийн энэ үйл явдлаас нэг алхам ухраад 2021 оны хичээлийн жилд юу хийхээ бодож үзье.
Онлайн руу шилжих энэ шилжилтийг хамгийн сайнаар хийхийн тулд хэзээ, юу хийхээ сайн бодох хэрэгтэй. Шинэ систем нэвтрүүлэх, хичээлийн хөтөлбөр гаргаж уламжлалт системтэй уялдуулах, хүний нөөцөө сургаж, оролцоог нь нэмэгдүүлэх гэх мэт. Энэ бүх ажлыг сургуулийнхаа хүчин чадлаар хийх боломжтой юу эсвэл программ хангамжийн тал дээр өөр байгууллагатай хамтрах, бэлэн шийдэл худалдаж авах эсэхээ шийдэх хэрэгтэй. тэгвэл энэ хичээлийн жил бол цаашид ашиглахаар төлөвлөж буй программаа турших завшаан юм.
Туршлагаасаа суралцаж, чиглэлээ өөрчлөхөд бэлд
Бидний ажиллах орчин хурдтай өөрчлөгдөж буй энэ үед амжилт, дэвшлээ заавал тандаж, хэмжиж байх хэрэгтэй. Эхэндээ та таамаглалдаа тулгуурлан ажиллах бөгөөд бодит байдал дээр туршихын хэрээр илүү их өгөгдөл, туршлага хуримтлуулж таамаг тань зөв байсан эсэхийг мэдэх болно. Энэ туршлагадаа тулгуурлан ирээдүйн зураглал, стратегиа засаад явах хэрэгтэй.
Дунд болон урт хугацааны зорилгодоо тэмүүлэх явцдаа үл мэдэгдэх төдий дохиог ч гэсэн сайн ажиглаж байгаарай. Бодит байдал дээр туршаад амжилт олохгүй бол өөрийн итгэл үнэмшлээсээ ч буцах тохиолдол гарч магадгүй учраас үүнтэй эвлэрэхэд бэлэн байх хэрэгтэй. Хурд болон хөрвөх чадвар энэ нөхцөлд хамгийн чухал. Хурдан суралцаж, дасан зохицохын зэрэгцээ төлөвлөгөөгөө байнга сайжруулж байх хэрэгтэй. Ингэснээр та ирээдүйн төсөөлөл, зураглалаа эргэн харж сайжруулсаар байх болно.
Багаа алсын хараатайгаа нэг хэмэнд оруул
Таны эргэн тойрныхон болон ажилтнууд тодорхой хэмжээний золиос гаргах шаардлагатай нүүр тулах учраас тэд таны төсөөлж буй гэрэлт ирээдүйг харж, үүнд итгэлтэй байх нь чухал. Үүний тулд урам зориг өгөхүйц, утга учиртай, харьцангуй тогтвортой урт хугацааны ирээдүйн зураглал буюу алсын хараатай байх ёстой. Тодорхой эрхэм зорилгогүй зарим бизнес амжилтад хүрсэн байдаг ч эрхэм зорилго, ашиг орлого хоёр бол салшгүй холбоотой ойлголтууд юм.
2019 онд стратегийн зөвлөх үйлчилгээний Innosight компани өнгөрсөн 10 жилд санаанд оромгүй өөрчлөлт хийсэн 20 компанийг нэрлэжээ. Эдгээр компанид нэг нийтлэг зүйл байсан нь эрхэм зорилгоо үйл ажиллагаатайгаа нягт уялдуулсан явдал юм. Тухайлбал, Siemens саяхан нийгэмд үйлчлэхийг эрхэм зорилгоо болгосон бол Хятадын Tencent компани “нийгмийн сайн сайханд зориулсан техник” үйлдвэрлэхээ зарлаад буй. Харин Данийн Ørsted бүтэл муутай хийн компаниас орчин үеийн салхин эрчим хүчний компани болон хувьсаж, жилийн орлогоо гурван тэрбум ам.доллар хүртэл өсгөжээ. Тус компанийн үйл ажиллагаагаа бүхэлд нь ногоон болгох алсын хараа ажилтнуудад нь илүү хичээнгүйлэн ажиллах урам зориг өгөхөөс гадна удирдлагуудад нь сонгосон замаасаа хазаалгүй явахад нь тусалдаг байна.
Цар тахлын хямрал хэр ноцтой үр дагавар бий болгож буйг ярих нь илүүц биз ээ. Олон компанийн хувьд амьд үлдэх тэмцэл болсон гэж хэлж болох бөгөөд шууд утгаараа санхүү, эдийн засгаа дайнд бэлдэж буй мэт дасан зохицох арга хэмжээ авахад хүрч байна. Танд ирээдүйгээ тунгааж, үүнд тохирох стратеги боловсруулахад цаг гаргах нь боломжгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ алсын хараатайгаа уялдуулан хүмүүсээ удирдаж, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг захирлууд хямралын өмнө байснаасаа илүү бат бөх компанийг бий болгосон байх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Эх сурвалж: hbr-russia.ru