Байгууллагадаа үнэнч, сэтгэлтэй ажилтан бол амжилттай бизнесийн суурь хүчин зүйлсийн нэг билээ. Ажилтныхаа үнэнч байдлыг тодорхойлж үнэлэх, цаашлаад нэмэгдүүлэхэд сэтгэл зүйн гэрээ чухал үүрэгтэй байдаг.
Сэтгэл зүйн гэрээ нь байгууллагын ажилтан, ажил олгогч тус бүр байгууллагадаа үнэнч байх амлалтаа өөр өөрийн өнцгөөс харж буй үзэл бодлын байр суурь юм. Өөрөөр хэлбэл, хоёр талаас оруулж буй хувь нэмэр ба гарч буй үр дүнгийн харилцан хүлээлт гэсэн үг. Сэтгэл зүйн гэрээ нь хоёр тал ярилцаж, бие биенийхээ хүлээлтийг харилцан ойлголцсоны үндсэн дээр бий болдог.
Ажил олгогч болон ажилтны харилцааг мөсөн уулаар төсөөлбөл оргил хэсэгт нь ажил ба цалин гэсэн ойлголтууд л ил харагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэсний хариуд цалин өгдөг гэх ойлголт юм. Гэвч хөдөлмөрийн харилцаа нь үүнээс илүү нарийн, олон хүчин зүйлээс бүрддэг болохыг бид бүгд мэднэ.
Мөсөн уулын нүдэнд үл харагдах хэсэгт нэг талаас ажилтны гаргаж буй хүчин чармайлт, гүйцэтгэл, үнэнч байдал, бүтээлч хандлага, бусдыг дагуулах, өөрчлөлтийг хүлээн авах чадвар зэрэг оршиж байдаг бол нөгөө талаас ажлын баталгаа, хөгжил дэвшил, албан тушаал ахих, танигдах боломж, нэр хүнд, ажил амьдралын тэнцвэр зэрэг ойлголтууд босож ирнэ. Иймд энэ бүх хүчин зүйлийг тооцож, онцгой анхаарал хандуулах нь ажилтны үнэнч байдал, цаашлаад байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй байдаг.
Судалгаанаас харахад идэвхгүй манлайлалтай байгууллагын ажилтнуудын үнэнч байдал тооцоотой буюу ингэвэл тэгнэ гэсэн нөхцөлт шинжтэй байдаг.
Ажилтны коммитмент буюу үнэнч байдал нь удирдах албан тушаалтны манлайллаас шууд хамааралтай байдаг. Судалгаанаас харахад идэвхгүй манлайлалтай байгууллагын ажилтнуудын үнэнч байдал тооцоотой буюу ингэвэл тэгнэ гэсэн нөхцөлт шинжтэй байдаг. Ажилтнаа сэтгэлтэй, үнэнч болгохын тулд удирдлагууд манлайллын арга барилаа өөрчилж, сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, үүрэг даалгаврын тодорхой байдал, ажилтны хөгжин дэвших хүсэл, үүргийн зөрчил, цалин, ажлын сэтгэл ханамж зэрэгт нь анхаарал хандуулж, тэдэнтэй ярилцаж ойлголцолд хүрэх нь эерэг үр дүнг бий болгодог. Үнэнч байдал нь харилцаан дээр тогтдог ойлголт учраас итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх нь чухал.
Сэтгэл зүйн гэрээг хоёр тал аман хэлбэрээр байгуулдаг тул гэрээний шинэчлэлийг ч адил аргаар хийх хэрэгтэй. Тухайлбал, ажил олгогч ямар нэг амлалтдаа хүрэх боломжгүй болсон тохиолдолд ажилтнатайгаа ярилцаж нөхцөл байдлаа ойлгуулах нь цаашид бий болох үл ойлголцлоос сэргийлнэ. Түүнчлэн, ажилтны үүрэг хариуцлага, албан тушаал өөрчлөгдөх зэрэг цаг хугацааны эрхээр гарах өөрчлөлтөд нийцүүлэн сэтгэл зүйн гэрээгээ шинэчилж байх нь чухал ач холбогдолтой байдаг.
Сэтгэл зүйн гэрээг сайжруулах эдгээр болон бусад арга, зөвлөмжүүдийг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр “Психометрикс” ХХК-ийн захирал, сэтгэл зүйч Б.Жавзан танилцууллаа. “Хөдөлмөрийн харилцаан дахь сэтгэл зүйн гэрээний ач холбогдол” сэдвээр зохион байгуулагдсан энэхүү вэбинарыг энд дарж үзээрэй.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Ганабелл Институтын сургагч багш П.Баяржаргал оролцож “Ажилтныг хэрхэн көүчлэх вэ?” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars