Танай компани вэбсайтаа анх ямар зорилгоор вэбсайт үүсгэж байсан бэ? Одоо ямар зорилгоор ашигладаг вэ? Эдгээр асуултыг вэбсайттай байгууллага бүр өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Учир нь вэбсайтыг тодорхой зорилгын хүрээнд бус зүгээр л үүсгээд орхих нь салхинд мөнгө хийсгэснээс ялгаагүй. Аливаа компанийн вэбсайт бол тухайн байгууллагын цахим орчин дахь үргэлжлэл бөгөөд маркетинг, борлуулалтын чухал суваг болдог. Харин үр ашигтай вэбсайтыг бий болгоход дараах гурван зүйлийг анхаарах хэрэгтэй.
Өсөлтөд суурилсан дизайн
Өгөгдөлд тулгуурлан тасралтгүй сайжруулах замаар вэбсайтын үр дүнг өсгөх аргачлалыг өсөлтөд суурилсан дизайн гэдэг. Ихэнх компани шууд төгс вэбсайттай болохыг хүсдэг. Гэвч анхнаасаа бүх зүйл нь төгс байх боломжгүй бөгөөд цаг үргэлж өөрчлөгдөх хэрэглэгчдийн хэрэгцээг даган вэбсайтын шинэчлэл, хөгжүүлэлт тасралтгүй явж байх ёстой.
Компанийнхаа вэбсайтыг хийлгэхээсээ өмнө зайлшгүй хийх ёстой зүйл бол зорилго, стратегиа эргэж харах юм. Вэбсайтын зорилго анхнаасаа тодорхой, компанийн стратегитай уялдсан байх ёстой.
Шийдэх асуудал, хүрэх үр дүнгээ тодорхойлолгүй вэбсайт хийх нь цаг, мөнгөний гарз болдог.
Зорилгоо тодорхойлсон бол вэбсайтынхаа энгийн анхны хувилбарыг аль болох хурдан ашиглалтад оруулж турших хэрэгтэй. Ингэснээр танай хэрэглэгч хэн бэ, тэдэнд юу хэрэгтэй вэ, танай вэбсайтыг ашиглахад ямар асуудал тулгарч байна вэ зэрэг олон асуултыг хариуг олох боломжтой. Анхны хувилбараа туршиж үр дүнгээ шинжилснээр цаашид сайжруулах шаардлагатай асуудлаа тодорхойлж болдлог.
Вэбсайтынхаа тусламжтай цуглуулж буй мэдээлэлдээ тулгуурлан асуудлаа тодорхойлсны дараа хийх зүйл бол тасралтгүй сайжруулах. Вэбсайт бол нэг удаа хийгээд орхидог зүйл биш нэг төрлийн тасралтгүй сайжруулалтын процесс юм.
Хувиргах процессийн оновчлол
Энэ нь танай вэбсайтад хандаж буй хүмүүсийг хэрэглэгч болгох хувиргах, тэрхүү хувийг өндөр байлгах аргачлал юм. Үүний тулд вэбсайтын хуудас бүр Call to action буюу үйлдэлд дуудсан товчтой байх хэрэгтэй. Хэрэв хэрэглэгч нэг хуудаснаас компанийн тухай мэдээлэл авсан бол санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү татсан дараагийн үйлдэлд чиглүүлэх товч заавал байх ёстой.
Танай цахим хуудсанд хандаж буй хүмүүсийг танихын тулд тэдний мэдээллийг цуглуулах хэрэгтэй. Ингэснээр үйлчлүүлэгчид чиглэсэн үр дүнтэй маркетинг хийх боломж бүрддэг. Хэрэглэгчийн мэдээллийг авахын тулд ямар нэг зүйл санал болгох хэрэгтэй. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө борлуулдаг компани вэбсайт дээрээ үнийн санал, зохион байгуулалтын мэдээллийг зүгээр нэг байршуулахдаа хэрэглэгчийн мэдээллийг авах асуулга байршуулах боломжтой. Хэрэв үнэхээр сонирхож байвал тухайн хүн мэдээллээ авахын тулд асуулгыг бөглөнө. Энэ мэтээр танай вэбсайт руу хандаж буй хүмүүсийг таних, хэрэглэгчээ болгох боломжтой.
Хайлтын системийн оновчлол
Ямар нэг асуудлын шийдэл хайж буй хүнд зориулж контентоо хийх нь хайлтын системд танай вэбсайтыг дээгүүр гарч ирэхэд ихээхэн нөлөөтэй. Вэбсайтдаа оруулж буй мэдээлэлд танайхыг олж болох, тухайн салбар, чиглэлд түгээмэл ашигладаг түлхүүр үгийг ашиглах нь үр дүнтэй байдаг. Түүнчлэн, иймэрхүү түлхүүр үгсийг нийтлэлийн гарчиг, URL, meta description хэсэг дээрээ оруулж байх хэрэгтэй. Түлхүүр үгийг оновчтой, олон давтамжтай, зөв ашигласнаар хайлтын системд танай вэбсайт түрүүнд гарч ирэх боломж нэмэгдэж байдаг.
Вэбсайтаа хэрхэн идэвхжүүлж, үр ашигтай суваг байлгах тухай эдгээр болон бусад арга техник, зөвлөмжүүдийг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр BZP Design & Development компанийн захирал Ж.Дашням танилцууллаа. “Маркетинг, борлуулалтдаа вэбсайтыг үр дүнтэй ашиглах аргууд” сэдэвтэй энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэхийг хүсвэл энд дарна уу.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт НовелСофт ХХК-ийн захирал Б.Цээсүрэн оролцож “Дата шинжилгээнд үндэслэн бизнесээ хөгжүүлэх арга” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars