Дэлхийн 85 оронд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын Гранд Серкл Корпорацийн Ази, Номхон Далай, Африкийн бүсийн Бизнесийн үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч О.Мөнхзаяа өөрийн туршлага, дэлхийн аялал жуулчлалын салбарын чиг хандлагыг хуваалцлаа.
Олон улсын статистик судалгааны “Статиста” байгууллагын мэдээгээр 2020 онд дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын салбарт 100 сая хүн ажилгүй болж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ихээр буурах дүр зурагтай байв. Тэр дундаа Ази Номхон далайн орнууд хамгийн өндөр эрсдэлийг хүлээж буй бөгөөд ДНБ-ий алдагдал 1.04 их наяд ам.долларт хүрсэн гэх тооцоолол бий. Энэ нь 2009 оны эдийн засгийн хямралтай байсан мөн үеийнхтэй харьцуулахад 11 дахин илүү алдагдал. Мөн НҮБ-ын Аялал Жуулчлалын Байгууллагын судалгаагаар цар тахал гарсан жил олон улсын аялагч нарын тоо 74 хувиар буюу нэг тэрбумаар буурсан бөгөөд үүнийг дэлхийн түүхэн дэх аялал жуулчлалын хамгийн хүнд цаг үе гэж тодорхойлжээ. Дэлхийн 10 хүн тутмын нэгийг хооллож ундалж, амьжиргааг нь дэмжиж байдаг энэ салбарын хөгжил ковидын нөлөөнд ингэж их өртсөн ч нөхцөл байдал сайжрахад маш түргэн сэргэх болно. Миний ажилладаг компанийн хувьд одоогийн байдлаар 67 мянган хүн аялах захиалга өгөөд байгаа бөгөөд дийлэнх нь Европ, Азийн орнууд руу чиглэж байна.
Гранд Серкл Корпораци нь АНУ-ын Бостон хотод төвтэй, дэлхийн 85 оронд 50-аас дээш насны америкчуудыг аялуулдаг, сүүлийн хорин жилийн турш энэ салбарыг тэргүүлж яваа шилдэг компани юм. 2012 оноос эхлэн Монгол Улс руу жуулчнаа илгээж эхэлсэн бөгөөд жилд дунджаар 40 гаруй жуулчны групп буюу 600 гаруй жуулчинг монголд ирүүлдэг. Энэ нь Монгол Улсад жилдээ 2.5 сая ам.долларын орлого авчирдаг гэсэн үг. Групп жуулчдын тухайд хамгийн олон Америк жуулчид энэ компаниар аялдаг гэхэд болно.
Миний хувьд 2013 оноос энэ корпорацад ажиллаж байгаа бөгөөд удирдлагын багт нь буюу Ази, Номхон Далай, Африкийн бүсийн бизнесийн үйл ажиллагааг хариуцан 14 орны 19 аяллын бүтээгдэхүүн дээр ажилладаг. Үндсэн ажил маань хэрэглэгчийн сэтгэл ханамж дээр үндэслэн гүйцэтгэлийг хянаж, сайжруулах, шинэ менежерүүдийг ажилд нь сургаж, дадуулах, бүтээгдэхүүний чанарт аудитын үнэлгээ хийх зэрэг юм.
Business.mn сэтгүүл, сайтын уншигч нартаа дэлхийн аялал жуулчлалын салбарын тэргүүн туршлагыг хуваалцах, гэр бүлийн жижиг компани дэлхийн 85 оронд үйл ажиллагаа явуулдаг компани болж чадсан амжилтын нууц, Монгол Улсад аялал жуулчлалыг цаашид хөгжүүлэхэд ямар гарц боломж бий, дэлхийн чиг хандлага ямар байгаа талаар өөрт буй мэдээлэл, ноу хауг хуваалцахыг зорьж байна.
Монгол Улс жуулчдаа хүлээн авахад бэлэн үү
Монгол Улсад манай компанийн эхний жуулчид энэ оны 07 сарын 01-ээс ирэх захиалгаа өгсөн ч дэлхий даяар ковидын эсрэг дархлаажуулалтын ажил удаашралтай байгаагаас өөрчлөгдөх магадлал бий. Гэсэн хэдий ч АНУ-ын шинэ Ерөнхийлөгч иргэдээ вакцинжуулах ажлыг эрчимжүүлж буй болон манай жуулчдын насны бүлэг нь вакцинд түрүүлж хамрагдахаар байгаа учир ирэх 6 сар гэхэд америкчууд аялахад бэлэн болно гэж бид харж байна. Харин хүлээн авах улс орнуудын нөхцөл байдал тодорхойгүй байна. Тухайлбал, манай улс хилээ нээх, жуулчид авах тал дээр ямар бодлого, төлөвлөгөө барьж байгаа нь тодорхойгүй байна.
Өнөөдрийн байдлаар 2021, 2022 онд 67,000 хүн манай компаниар аялахаар захиалгаа өгөөд байна. Монголд эхний жуулчин ирэх долдугаар сард ирнэ. Хил нээгдэх төлөвлөгөөг засгийн газраас хүлээж байна.
Хэдийгээр манай улсад аялал жуулчлал улирлын чанартай байдаг ч тодорхой төлөвлөгөө, гарцаа олон улсад зарлаж эхлэх нь энэ салбараа сэргээхэд нэн тэргүүний чухал асуудал болоод байна. Олон улсын шинэ нисэх онгоцны буудал хэзээ ашиглалтад орох, шинээр хэдэн шууд нислэг хаашаа нэмэгдэх зэрэг нь тодорхой болбол жуулчнаа явуулах орны тоо, жуулчдын тоо эрс нэмэгдэх боломжтой. Гаднынхан аяллын төлөвлөгөөгөө хэдэн жилийн өмнөөс гаргадаг учраас манай улсын төлөвлөгөө тодорхой байх тусам ирэх жилүүдэд ирэх аялагчдын тоо нэмэгдэнэ гэсэн үг.
Цар тахлын үед гадаад, дотоодын аялал жуулчлалын олон компани маш их сорилттой тулгарч, зах зээл дээр үлдэх эсэхийн тухайд л толгойгоо гашилган ажиллаж байна. Гранд Серкл Корпораци 63 жилийн түүхэн хугацаандаа 2011 оны Японы Цунами, Непалын газар хөдлөлт гэх мэт олон нүргээнт үйл явдал, зах зээлийн сорилтыг туулж ирсэн хашир туршлагатай компани тулдаа энэ амаргүй цаг үед ойрын жилүүдийн борлуулалтаа хийгээд байна. Ер нь компанийн бүх үйл ажиллагаа 2 жилийн өмнөөс явагддаг. Тухайлбал, миний хувьд одоогоор 2022, 2023 оны төлөвлөгөөн дээр ажиллаж байна. Ингэж захиалгаа урьдаж авч буй нь тухайн зах зээл дээрх хэрэглэгч нарын амьдралаа төлөвлөдөг хэв маягаас нэлээд хамаарч байгаа ч, хоёр жилийн дараа аялах аяллын үнийг нь одоо тогтоож, тэрийгээ тогтвортой барьдаг нь хэрэглэгч нарыг татах нэг том хөшүүрэг болдог. Ялангуяа энэ цар тахлын дараа илүү хямд үнийн өрсөлдөөнөөр зах зээлээ эргэн олж авч, хэдэн жилийн дараа хэвийн үйл ажиллагаандаа шилжих боломжтой болж байна. Тухайлбал, манай компанийн веб хуудас руу ороод үзвэл 2021, 2022 оны бүх аялалдаа 500 долларын хямдрал зарласнаас гадна, хэзээ ч цуцлах боломжтойгоор, эрсдэлийг хэрэглэгч биш компани өөрөө хүлээхээр бодлого явуулж буй талаар бий. Жилдээ нэг биш хэд хэд аялдаг хүмүүсийн хувьд манайхаас олон аялал авах тусмаа илүү хэмнэлттэй болж байна. Ингэж эрсдэлийг үүрэх боломжийг хамтран ажилладаг орон орны аялал жуулчлалын тур операторууд, зочид буудлууд хамтран бий болгож байна. Урт хугацааны гэрээг байгуулж, үнийг тогтвортой байлгах дээр талууд хамтран ажиллахгүй бол энэ зэх зээл өөрөө хурдан сэргэхгүй.
Зах зээл дээр оршин тогтнох үндэс нь хэрэглэгч
Гранд Серкл Корпорацийн амжилтын үндэс нь хэрэглэгчээ үргэлж сонсдогт байгаа юм. Хэрэглэгчээ сонсдог, нэг хүний саналыг ч санал гэж үзэж, тэдний гомдол саналыг заавал шийдвэрлэж өгдөг нь урт хугацааны туршид харилцагчийн итгэлийг хүлээж, цар тахал мэтийн хүнд үе ирэхэд тэдний итгэлээр л зах зээл дээр орших үндэс болж байна.
Хэрэглэгчийн гомдол саналыг шийдвэрлэх хамгийн чухал аргачлал нь тэр хүнийг ярьж дуустал нь сонсож, алдаа гаргасан бол түүнийгээ хүлээж, уучлал гуйж, хэзээ ч өөрсдийгөө өмөөрсөн тайлбар тавьдаггүйд байдаг. Гэхдээ бүх харилцааг баримтжуулдаг учраас аль талын алдаа вэ гэдгийг нягтлах боломжтой. Мэдээж дараагийн аялал дээр хэрэглэх ваучер өгөх, нөхөн төлбөр олгох гэх мэт эдийн засгийн аргуудыг хэрэглэдэг. Ийнхүү хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж чадсан учир нөхцөл байдал тодорхой бус энэ цаг үед гэхэд ойрын хоёр жилийн захиалгаа аваад байгаа буюу 67 мянган хүн компаниар дамжин аялахаар болоод байна. Өнгөрсөн жилийн эхэнд улс орнууд хилээ хааж эхлэхэд манайх бүх жуулчнаа аяллынх нь дундаас маш хурдан буцаан татаж, нэг ч жуулчныг гаднын оронд үлдээгээгүй, мөн аялаагүй үлдсэн хоногийнх нь төлбөрийг буцаан олгосон нь харилцагч нарынхаа итгэлийг дааж чадах байгууллага гэдгийн нэг тод жишээ болсон. Тухайн үед аялж чадаагүй замын дундаас буцаж байсан хүмүүс өдгөө дахин манайхаар аялах гээд хүлээж байна.
Компанийг хүчирхэг болгосон арга тун энгийн. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд 3 сая орчим жуулчинд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд үргэлж манайхаар л аялдаг хүмүүсийг бий болгохыг зорьж байгаа. VIP үйлчлүүлэгч гэсэн үг. Хамгийн олондоо энэ компаниар 68 удаа аялсан жуулчинтай Өмнөд Солонгос улсад явж байхдаа таарч байлаа. Монголд бол манайхаар дунджаар 15-20 удаа аялсан хүмүүс ирдэг. Ажлын ихэнх цагаа харилцагч нарын сэтгэгдлийг унших, анализ хийхэд зарцуулдаг. Ганцхан хүн сөрөг сэтгэгдэл өгсөн байсан ч тэр хүн манайхаар 10 удаа аялсан харилцагч байх юм бол тэр хүний асуудлыг шийдэж өгөхгүй бол ирээдүйн 100 байтугай харилцагчаа элбэг алдаж байгаа гэсэн үг. Нэг харилцагч жилдээ манайхаас доод тал нь 2 аялал, дээд тал нь 6 аялал авдаг. Энэ нь нэг харилцагч л гэхэд дангаараа жилдээ 25 мянган ам.долларын орлого оруулах боломжтой гэсэн үг. Гэтэл энэ хүн эхний аялалдаа сэтгэл өндөр яваад ирвэл дараагийн аялалдаа найзаа, хөршөө урьдаг. Ингэсээр “Би танай компанид хагас сая долларын орлого оруулсан хүн шүү” гэж хэлж байсан жуулчинтай уулзаж байлаа. Ийм болохоор харилцагч нэг бүрийг хайрлахаас өөр арга байхгүй.
Харилцагчийн үйлчилгээг ярихаас урьд компанийн алсыг харааг дурьдах хэрэгтэй. “Хүний амьдралын чанарыг сайжруулж, өөрчлөхөд бид тусалдаг” (We help change people’s lives – гэсэн богино хувилбар нь) гэсэн алсын хараатай бөгөөд зөвхөн дотор нь ажилладаг хүмүүсээс гадна хамтран ажиллагсад нь хүртэл мэддэг, энэ алсын хараагаа өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэгээрээ манай компани олон улсад алдартай. Байгууллагын алсын хараа гэдэг бол цаасан дээр биш, ажилтнууд болон үйлчлүүлэгчийнхээ зүрх сэтгэлд оршдог юм байна гэдгийг би энд ажиллах болсноор мэдэж авсан. Зөвхөн манайхаар аялж жуулчилж байгаа хүмүүст маш сайхан аяллын бүтээгдэхүүн санал болгож, тэдний харах өнцгийг өөрчлөхөөс гадна, жуулчнаа илгээж буй орнуудынхаа хүн ардын амьдралыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулж, аяллыг авч явдаг аяллын ахлагч/хөтөч нарын цалин хангамжийг зах зээлийн хамгийн дээд хэмжээгээр тогтоох гэх мэт хүндээ чиглэсэн бодлоготой. Сэтгэл хангалуун хүн гэдэг бол тэр компанийн төлөө өөрийн чадах мэдэх бүхнийг зориулахдаа бэлэн байдаг.
Жуулчдын хамгийн түрүүнд аялах орны жагсаалтад Монгол Улс хэзээ ч ордоггүй.
Компанийн дэргэдэх Гранд Серкл сангийн шугамаар манай жуулчид дэлхийн олон оронд боловсролын хүртээмжийг сайжруулах, сургууль цэцэрлэгийг цэвэр ус, бохирын боловсон системтэй болгох, хүлэмжийн хийг бууруулах гэх мэт олон төсөлд хандив өргөдөг. 1992 оноос хойш 120 сая ам.долларыг дэлхийн 100 гаруй оронд хандивлаад байна. Монгол Улсын тухайд 2012 оноос хойш хүүхдийн асрамжийн газар, дүүргийн номын сан, алслагдсан сургуулийн дотуур байрны нөхцөлийг сайжруулах зэрэг 100 гаруй мянган ам.долларын төслийг жуулчид хандиваараа санхүүжүүлсэн.
Их өгөөмөр хүмүүс аялдгаас гадна компанийн нийгмийн хариуцлагын бодлого нь таалагддаг учраас манайхыг сонгодог хүн олон бий. Жишээлбэл, 2017 онд Монголд ирсэн нэг жуулчин эмэгтэй Хөвсгөл аймгийн Хатгал сумын сургуулиар орж хүүхдүүдтэй уулзсаны дараа тус сургуулийн эмэгтэй хүүхдүүдийн дотуур байрны нөхцөлийг сайжруулж өгөөч гэж 20,000 ам.долларыг хандивлаж, улмаар бороо ус гоождог, салхи сийгдэг байсан тус дотуур байрыг вакум цонхтой болгож, дээврийг сольж өгч байсан тэргүүтэй сайхан түүх олон бий. Энэ түүхийг дурдсаны учир нь компанийн нийгмийн хариуцлага тогтвортой, тасралтгүй хэрэгжиж байж үнэ цэнэтэй харилцагч нарыг тогтоон барьдаг гэсэн санааг хэлэх гэсэн юм.
Монгол Улсын хувьд аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх маш их боломж бий. Хамгийн гол нь алсын хараатайгаар, зөв хөгжүүлэх хэрэгтэй. Миний ажиглаж буйгаар Монгол бол хүмүүсийн хамгийн түрүүнд аялах орны жагсаалтад хэзээ ч ордоггүй. Харин ямар нэг байдлаар Монгол руу аялж байсан хүмүүсийн амнаас сонссон, оюутан байхдаа судалж байсан ч гэдэг юм уу, аль эрт нэг очиж үзнэ дээ гэсэн бодол төрж байсан учраас боломж гарах үед, эсвэл аялах орны тоо цөөрөөд ирэхэд зорьж ирдэг орон юм. Нэг ирчихээд дахин дахин ирээд байдаг газар ч биш. Яагаад гэвэл хол, үнэтэй. Тэгэхээр яаж аялах дуртай хүмүүсийн жагсаалтад Монгол Улсаа оруулах вэ, яаж сурталчлах вэ, бид юугаараа өвөрмөц юм бэ гэдгээ маш сайн бодож, үйлдэх хэрэгцээ байна. Бутан улс гэхэд манайхтай адилхан жижигхэн, хүрч очиход амаргүй, хүн ам цөөн, үнэтэй газар. Гэхдээ аялал жуулчлалын бодлого нь маш нарийн. Бутан нь аялагчдын жагсаалтад ордог болж байна. Энэ талаар дараа дэлгэрүүлж ярина.
Дараагийн удаа хэрэглэгчийн сэтгэл ханамж дээр тулгуурлан үйлчилгээний чанараа сайжруулдаг арга технологиуд болон аялал жуулчлалын дэлхийн чиг хандлагын талаар Монголын бизнесүүддээ санаа болгох зүйлсийг хуваалцах болно.
Автор: О.Мөнхзаяа