Хэрэглэгч аливаа компанийн талаар сурталчилгаа үзэх, хаа нэгтээ сонсох, бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхох зэргээр дунджаар 10 удаа хүрэлцэж, харилцаа үүсгэж байж худалдан авах шийдвэр гаргадаг. Мэдээж бүтээгдэхүүн үйлчилгээнээс хамаарч энэ нь ялгаатай байна. Тухайлбал, хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хэрэглэгч хоёроос гурван удаагийн харилцааны дараа худалдан авах боломжтой бол зөвлөх үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө зэрэг дээр илүү олон байх талтай.
Иймд танай байгууллагыг сонирхож буй хүмүүст сурталчилгааг тухай бүрт нь шат дараатай явуулснаар худалдан авалт хийх шийдвэрт нь нөлөөлөх боломжтой. Тэгвэл хэрэглэгчээ таньж, сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцсэн сурталчилгааг явуулах зэргээр хүн бүртэй тулж ажиллахад хүн хүч, цаг хугацаа хүрэлцэхгүй тул маркетингаа зайлшгүй автоматжуулах шаардлагатай.
Маркетингийн автоматжуулалтыг CRM (Customer Relationship Management) системгүйгээр хийхэд бэрхшээлтэй тул үүлэн технологид суурилсан үнэгүй шийдлүүдийг ашиглаад явах боломжтой. Хэрэглэгчтэй харилцах менежментийн системийн давуу талын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс сонсоорой.
Сэжим үүсгэх
Хэрэглэгч танай байгууллагад ямар нэг байдлаар хандаж, мэдээллээ өгөх зэргээр харилцаа үүсгэх бүрд сэжим буюу боломжит хэрэглэгч бий болж байдаг. Тэднийг алдалгүй тохирсон сурталчилгааг хийх нь борлуулалтаа өсгөх боломжуудын нэг юм. Сэжмийг байгууллагын утас, мессенжер, чатбот, имэйл, вэбсайт дээр бөглөх форм, фэйсбүүк сурталчилгаа, нэрийн хуудас зэрэг олон сувгаар үүсгэх боломжтой.
Тухайлбал, фэйсбүүк сурталчилгаа, вэбсайтаараа дамжуулан богинохон асуулга бөглүүлж авч хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх боломжтой. Ингэхдээ шууд бөглүүлэх бус бүтээгдэхүүн үйлчилгээний каталог, цахим ном, гарын авлага зэрэг зүйлсийг санал болгохдоо асуулгаа хавсаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүний мэдээллийг авсныхаа хариуд ямар нэг зүйл өгөх хэрэгтэй гэсэн үг.
Түүнчлэн, чатбот болон байгууллагын утсаар холбогдсон хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэж, тэд юу сонирхож байна, ямар асуудал тулгарч байгааг мэдэх боломжтой. Ингэснээр тэдний хэрэгцээнд нийцсэн мэдээлэл, сурталчилгааг явуулж худалдан авалтын шийдвэр гаргахад ойртуулж болдог.
Сэжмийн арчилгаа
Боломжит хэрэглэгчийн мэдээллийг бүртгээд орхиж болохгүй, харилцаа үүсгэж, түүнийгээ арчилж тордож байх хэрэгтэй. Тухайн хүн танай ямар контентийг үзэж, юу сонирхож байгааг фэйсбүүк, вэбсайтаараа дамжуулан судлах боломжтой. Тухайлбал, интерьер дизайны компани байлаа гэхэд фэйсбүүк пэйж дээрээ интерьер дизайны чиг хандлагуудын тухай бичлэг дөрвөн хоног явуулна. Тэрхүү бичлэгийг үзсэн хүмүүст интерьер шийдлүүдтэй танилцахыг мөн л дөрвөн хоногийн турш санал болгоно. Тухайн шийдэлтэй танилцсан хүмүүст танай байгууллага хэрхэн интерьер дизайн гаргадгийг уншиж, үзэхийг санал болгоно. Танай үйлчилгээний тухай нийтлэлийг уншсан хүмүүст интерьер дизайны зөвлөгөө авахыг санал болгоно. Ийнхүү шат ахих тусам танай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах сонирхолтой илүү чанартай сэжмүүд тунан үлддэг тул тэдэнд зориулж системтэй сурталчилгаа хийснээр худалдан авалтад хөтлөх боломж бий болдог.
Сегментчлэл ба сэжмийн үнэлгээ
Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхсон боловч аваагүй, авсан боловч дахиж аваагүй эсвэл холбоотой, хавсарч хэрэглэдэг бүтээгдэхүүнийг аваагүй гэх зэргээр үйлчлүүлэгч, сэжмүүдээ ангилах хэрэгтэй. Ингэснээр маркетингаа оновчтой, үр дүнтэй хийх зураглал гаргахад тус болно. Хэрэглэгчдийг ангилснаар хэнд танилцуулах мэдээлэл, хэнд дахин идэвхжүүлэлтийн сурталчилгаа явуулах нь тодорхой болдог.
Оновчтой маркетинг хийж, улмаар боломжит хэрэглэгчийг борлуулалт руу татахад тус болох өөр нэг арга бол сэжмийн үнэлгээ. Технологийн шийдлүүдийг ашиглан боломжит хэрэглэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах магадлал, боломжийг үнэлэх хэрэгтэй. Хэдэн удаа бичлэг үзсэн, бүтээгдэхүүний мэдээллийг сонирхож орж үзсэн, утсаар холбогдож лавласан гэх мэтээр оноо өгч үнэлсний дараа боломжит хэрэглэгчийг борлуулалтын албаныханд шилжүүлнэ. Харин борлуулалтын албаныхан оноонд үндэслэн хэн рүү түрүүлж хандах зэргээ тодорхойлдог.
Дижитал маркетингийг олон сувгаар хэрхэн хийх, маркетингаа автоматжуулах эдгээр болон бусад аргуудыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр BZP Digital&Inbound компанийн захирал Б.Батзориг танилцууллаа. “Дижитал маркетинг ба маркетингийн автоматжуулалт” сэдэвтэй энэхүү вэбинарыг энд дарж бүтнээр үзнэ үү.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт iGeree.mn төслийн зөвлөх, MDS & Khanlex ХХН-ийн партнер С.Батбуян оролцож “Зайнаас ажиллах үеийн хууль эрх зүйн зарим зохицуулалт” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars