“Түмэн Шувуут” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тус компанийнхан энэ онд цар тахлын нөлөөгөөр зогсоод байсан 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Түмэн шувуут 2” төслийн удаах ажлаа эхлүүлнэ.
-Энэ цаг үед танай компани хэрхэн ажиллаж байна вэ? Танай бүтээгдэхүүний эрэлт нэлээд өндөр байна.
-Хүмүүс өндгийг харьцангуй их хэрэглэдэг болсон байна. Гэсэн ч олон улсын дундаж хэрэглээнд хүрэх арай болоогүй л байна. Манай улсын хувьд жилд 330 сая ширхэг өндөг хэрэглэдэг. Тэгэхээр нэг хүн дунджаар 100 орчим өндөг хэрэглэж байна гэсэн үг. Энэ 330 сая ширхэг өндөгний 50 орчим хувийг импортоор авч хэрэглэдэг. Цар тахлын үед олон улсын тээвэр саатаж байгаа тул зах зээл дээрх өндөгний нийлүүлэлт саарсан. Үүнээс болж өндөг ховор барааны нэг болсон ч бид бүтээгдэхүүний үнээ огт нэмээгүй бөгөөд одоогоор 370-390 төгрөгөөр зах зээлд нийлүүлж байна. Харин жижиглэн худалдаачид 500 орчим төгрөгөөр худалдаалж байна.
-Та бүхэн 2021 оны бизнес төлөвлөгөөгөө гаргасан байгаа юу? Онцлохоор ямар ажлууд төлөвлөөд байна вэ?
-Манай компани 2019 онд үйлдвэрлэлээ өргөтгөн “Түмэн шувуут 2” шинэ төслийг эхлүүлсэн. Өнгөрсөн онд цар тахлын улмаас үйлдвэрлэлийн өргөтгөлийг хийж чадаагүй. Эхлүүлсэн ажлаа энэ жил үргэлжлүүлнэ. Уг төслөө үе шаттайгаар явуулан 2021 оны төлөвлөсөн ажлуудаа бүрэн хийж дуусгаснаар бид үйлдвэрлэлээ 35 сая ширхгээр нэмэгдүүлэх тооцоотой байна. Өнгөрсөн жил 75 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн.
“Түмэн шувуут 2″ төслийн барилгын ажлыг энэ хавар эхлүүлнэ. Уг төсөл нь нийтдээ 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий төсөл бөгөөд энэ онд 8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 3 барилгын ажлыг хийж дуусгана.
Дотоодын зах зээл дээр ийм төрлийн үйлдвэрлэл явуулдаг 10 аж ахуй байдаг. Үүнээс НВЦ, Түмэн шувуут хоёр компани дотоодын нийт үйлдвэрлэлийн 85 орчим хувийг бүрдүүлдэг. Дотоодын шувууны аж ахуй эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөтгөх, өндөгнийхөө хэрэгцээг дотооддоо 100 хувь хангадаг болъё гэх зорилт тавин ажиллаж байна. Засгийн газар хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг болъё гэж буй бөгөөд энэ хүрээнд Хөдөө аж ахуйн яам өндөгний хэрэгцээний 90 орчим хувийг дотооддоо хангадаг болох чиглэл гаргаад байгаа. Шувууны аж ахуй эрхлэгчид идэвхтэй оролцон аж ахуй бүр дор бүрнээ үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадвал 3-6 жилийн дотор дотоодынхоо хэрэгцээг 90-100 хувь хангах боломжтой.
Өндөгний хомсдол байсаар байна. Үүнийг арилгахын тулд Монгол Улсын Засгийн газраас дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ импортлогч бус үйлдвэрлэгч орон болохын тулд төрийн тодорхой бодлого хэрэгтэй байна.
-“Түмэн шувуут 2” үйлдвэрийг хэзээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа вэ?
-Үйлдвэр ашиглалтад орох хугацаа нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, үйлдвэрлэл хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч байна. Өндөгний эрэлт өндөр, борлуулалт сайн байх үед бид аль болох хурдан энэ төслүүдээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулаад ашиглалтад оруулахыг хичээнэ. Нэг үйлдвэрлэлийг босгоход ойролцоогоор нэг жил орчим шаардлагатай байдаг. Одоогийн тооцооллоор Түмэн шувуут үйлдвэр 2023 онд бүрэн хүчин чадлаараа ажиллах болов уу.
-Үндэсний үр тариа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана гэж байсан. Одоогоор дотоодын хэчнээн компанитай хамтарч ажиллаж байгаа вэ?
-Бид гадна, дотоодын олон компанитай хамтарч ажилладаг. Шувууны аж ахуй эрхлэгчид сүрэг сэлгэлт буюу шинэ дэгдээхийгээ бойжуулах ажил дээр хамтарч ажилладаг. Дотооддоо шувууны аж ахуй эрхлэгч бусад бүх компанитай хамтарч ажиллаж байна. Мөн шувууны тэжээл, малын тэжээл үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах боломжтой.
-Хөл хорионы үед байгууллагууд илүү дижитал болж, алсын зайнаас ажиллах боломжтой салбаруудаа зайнаас ажиллуулж сургаж байна. Танай компанийн хувьд байгууллагадаа дижитал шилжилтийг хэр зэрэг хийж байна вэ?
-Бид аль болох дижитал болох чиглэлээр ажиллаж байна. Санхүүгийн програм, компанийн дотоод програмууд тухайлбал, office 365 тэргүүтэй сүүлийн үеийн програм нэвтрүүлэн ажилчдаа гэрээс ажиллах боломжоор ханган ажиллаж байна. Гэхдээ яалтачгүй үндсэн ажил нь үйлдвэрлэл, шувууны аж ахуй, өндөгний борлуулалт учир зуун хувь зайнаас ажиллах боломжгүй. Зарим ажлыг дижиталчилж болж байна. Төлбөр тооцоо дээр аль болох сүүлийн үеийн сайн жишгүүдийг авч хэрэгжүүлэхийг хичээж байна.
-“Түмэн шувуут” ХХК 2019 онд 3.2 тэрбум, өнгөрсөн онд 4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа мэдэгдсэн. 2020 оны цэвэр ашгийн 40 хувийг буюу 1.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараана гээд байгаа. Одоогоор хэчнээн хувьцаа эзэмшигч байна вэ? Компанийн хувьцааг иргэд худалдан авахад нээлттэй гэж ойлгосон зөв үү?
-Бид одоогоор 4000 орчим хувьцаа эзэмшигчтэй. Хувьцааныхаа 25 хувийг Хөрөнгийн бирж дээр арилжаалж, үлдсэн 75 хувь нь томоохон хувьцаа эзэмшигчдэд хадгалагдаж байна. Хүмүүс хувьцаа худалдаж авахыг хүсч байгаа бол зах зээл дээр байгаа 25 хувиас худалдаж авах бүрэн боломжтой. Арилжаа нь биржийн зарчмаар хийгдээд явж байгаа.
-Энэ төрлийн бизнес эрхлэхэд танд ямар санагддаг вэ?
-Шувууны аж ахуй нь нэлээд нарийн технологи шаардсан нарийн мэргэжлийн ажил. Энэ ажлыг манай компани харьцангуй гайгүй явуулж чадаж байна. Нэг хүүхэд асрахад ямар их анхаарал халамж шаардлагатай байдаг билээ. Үүнтэй адил 400 мянган шувууг анхаарал халамж тавиад бойжуулаад тэжээгээд явж байна гэдэг нь энд ямар хэмжээний хүч хөдөлмөр анхаарал халамж шаарддаг нь ойлгомжтой. Маш сайн технологийн дүрэм журам зааврыг баримталж ажиллавал шувууны аж ахуйг амжилттай эрхлэх боломжтой. Үүнийг анхаарахгүй цалгардуулбал шувуу үржүүлэх нь маш их эрсдэлтэй бизнес.
-Танайх одоо хэчнээн янзын өндөг үйлдвэрлэж байна вэ? Тэр дундаа C1 гэх өндөгний талаар хүмүүс нэлээд буруу ойлголттой яваад байх шиг байна. Мөн вакцинжуулалтыг хэдий хугацаанд яаж хийдэг вэ?
-С1 өндөг нь хүмүүс сорт 1 гэж ойлгодог. Энэ нь хоёр янзын стандарт. Нэг нь Оросын стандартаар гуанзны зэрэглэлийн буюу дунд зэрэглэлийн өндөг. Нийтийн хоолныхонд зориулсан өндөг гэсэн үг. Монголд адилхан С гэж тэмдэг тавьдаг. Монголын стандартаар сувиллын буюу дээд зэргийн өндөг гэж ойлгох хэрэгтэй. Хоёр ялгаатай ойлголт. Бид сувиллын буюу С1 өндгийг үйлдвэрлэж байгаа. Мөн органик селенээр баяжуулсан тэжээл, маалингын үрээр баяжуулаад омегатай тэжээл, био иодоор баяжуулсан тэжээл үйлдвэрлэн ийм төрлийн баяжуулсан бүтээгдэхүүнүүдээр шувуугаа тэжээн өндгийг үйлдвэрлэж байна. Зарим түүхий эдээ импортоор авч байгаа ч тэжээлээ өөрсдөө үйлдвэрлэдэг.
Манай үйлдвэр дээр өндөглөгч 2-3 үйлдвэрийн шувуу бий. Дэгдээхий байх үед нь шувууг 8 төрлийн вакцинд хамруулах ёстой байдаг. Вакцинжуулалтад хуваарийн дагуу бүрэн хамруулж байж шувууг эрүүл бойжуулах бололцоотой болдог. Дэлхий даяар байдаг хамгийн өндөр хоруу чанартай халдварт өвчнүүдээс сэргийлж энэ 8 вакциныг хийдэг. Вакцинд 100 гаруй сая төгрөг зарцуулдаг.
Ярилцсанд баярлалаа.