Саяхныг хүртэл сансрын уудам хэмээгч нь зөвхөн шинжлэх ухааны салбарынханд л хамаатай, тэр дундаа технологийн өндөр хөгжилтэй хэдхэн улс гүрний л асуудал гэж дийлэнх нь ойлгодог байв. Үнэхээр ч тийм байсан. Тиймдээ ч бид ирээдүйн санаануудыг зөвхөн зөгнөлт зохиол, кино сэлтээс л олж үздэг төдийгүй энэ бүхэн бодит болно чинээ төсөөлж ч зүрхэлдэггүй байлаа. Гэтэл технологийн хурдтай хөгжлийн хүчээр юмс өөрчлөгдөж, бодит амьдралд бага багаар нэвтэрч эхлэв.
Өнөөдөр хүн төрөлхтөн илүү хүчирхэг технологи, том зорилгын хойноос хөөцөлдөх боллоо. Гэхдээ энэ удаад дэлхийгээс халих хэмжээнд томорчээ. Тодруулбал, сансрын уудмыг “эрхшээх”. Хүйтэн дайны үед Орос, Америк гэх хоёр туйлын хооронд өрнөсөн өрсөлдөөний үр дүнд сансар судлал эрчимтэй хөгжсөн гэж болно. Тэгэхэд сансрын технологийг дээрх хоёр улс, тэр дундаа хойд хөрш голлон эзэмшиж байснаас гадна сансар судлалыг хөгжүүлэхэд асар их зардалтай гэдэг шалтгаанаар дэлхийн бусад улс орны хувьд тун саяхнаас л энэ асуудлаар хөөцөлдөх боломж бүрджээ. Шалтгаан нь сансрын технологийн зардал харьцангуй буурсны зэрэгцээ хувийн компаниуд энэ салбарт хөл тавьж эхэлсэнтэй холбоотой. Тухайлбал, SpaceX, Blue Origin, Relativity Space, Virgin Galactic зэрэг томоохон тоглогчдыг нэрлэж болно. Тэр дундаа SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маск сансрын технологийн зардлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн. Тус компанийн Falcon 9 гэхэд дэлхийн анхны дахин ашиглах боломжтой пуужин гэдгээрээ онцлог бөгөөд уг онцлог нь зардлаа хэмнэх гол түлхэц болжээ. Өнгөрсөн оны байдлаар Falcon 9 пуужинг хөөргөх зардал 62 сая ам.долларын өртөгтэй байсан нь өрсөлдөгч компаниудынхтай харьцуулахад хамаагүй бага юм. Жишээлбэл, United Launch Alliance компани Atlas V, Arianespace компани Ariane 5 пуужингуудаа хөөргөхөд тус бүр 165 сая ам.долларыг зарцуулжээ.
Хэдэн зуун тэрбум ам.доллар эргэлдэх болсон сансрын эдийн засаг сүүлийн 10 жилд гэрлийн хурдаар өсөөд байна.
Эдүгээ сансар судлалын салбарт Хятад, Япон, Энэтхэг болон Европын зарим улс орон хүч түрэн орж ирээд байна. Өмнө нь төрийн мэдлийн агентлаг, судалгааны байгууллагууд зонхилдог байсан салбарын дүр зураг ийнхүү өөрчлөгдөж, төр болон хувийн секторынхон хоорондоо хамтран ажиллах нь ч нэмэгджээ. Үүний зэрэгцээ сансар судлалын салбарт оройлж, улс үндэстний хүчин чадлаа сурталчлах гэсэн амбиц дэлхийн хүчирхэг гүрнүүдийн дунд оршсоор байгаа юм. Энэ бүхний үр дүнд сансар судлалын далайц үлэмж нэмэгдэж, сансрын эдийн засаг хэмээх цоо шинэ ойлголтыг бий болгов. Өнгөрсөн жилийн байдлаар уг зах зээл 424 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 2010 оноос хойш нийт 70 хувиар өсчээ. Цаашид ч өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолдог.
Сансрын эдийн засгийг дэлхий төвтэй болон сансрын уудамд чиглэсэн гэж хоёр хувааж болно. Эхнийх нь, технологийн хөгжүүлэлт, хиймэл дагуулын тусламжтайгаар сансрын системийг улам төгөлдөржүүлж, түүний үр шимээр бий болсон хөгжил дэвшлийг хүн төрөлхтний амьдралд авчрах зорилготой. Удаах нь, өөр гарагийг “эрхшээж”, хүн төрөлхтнийг нутагшуулах гэсэн илүү сансрын гүн рүү хандсан шинжлэх ухаанч судалгаануудын хүрээнд бий болжээ. Өнөө цагт сансар дахь хиймэл дагуулын дамжуулж буй мэдээллийн тусламжтайгаар харилцаа холбоо, навигаци, цаг агаар, газар зүйн байршил, байгалийн гамшгийг алсаас тандах, мөн нөөц (ус, хүнс) -ийг зайнаас хянах зэрэг чухал асуудлыг шийдэх болсон нь сая сая хүний амьдралд нөлөөлж буй. Тэр дундаа харилцаа холбооны салбарт хиймэл дагуулын мэдээлэл хамгийн өргөн ашиглагддаг. Энэ ч утгаараа хиймэл дагуулын үйлчилгээ цаашлаад энэ зах зээл сансрын эдийн засагт ихээхэн хувийг эзэлж буй. Үүнээс улбаалаад дэлхийн тойрог замд байрладаг хэдэн мянган хиймэл дагуулын дийлэнх нь эдийн засгийн ач холбогдолтой буюу нөгөө талаар, арилжааны зорилготой. Эдгээрээс харьцангуй цөөн хувь нь цэвэр шинжлэх ухааны зорилгод үйлчилдэг байна. Мөн улс орнууд батлан хамгаалахын салбартаа ч хиймэл дагуулыг өндөр түвшинд ашиглаж буй. Тэдгээрийн нэг жишээ нь батлан хамгаалахын салбараас хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд шилжсэн GPS буюу Дэлхийн байршил тогтоох систем юм (Уг системийг АНУ-ын Батлан хамгаалах яам эзэмшдэг).
Сансар судлалын зарим хувийн компани дэлхий нийтийг бүхэлд нь интернэтэд холбох ажлыг ч эхлүүлээд амжжээ. Statista-д мэдээлснээс үзвэл, өдгөө дэлхийн хүн амын 59 хувь нь өдөр тутамдаа интернэт идэвхтэй ашигладаг гэжээ. Харин үлдсэн хэсэг буюу интернэтийн сүлжээгүй алслагдмал бүсэд амьдардаг болон төлбөрийн асуудлаас шалтгаалан боломжоос хоцорч буй хүмүүсийг интернэтэд холбох нь тэдгээр компанийн зорилго аж.
Өнөөдөр олон нийтийн анхаарлыг сансар судлалын салбарт “халуун” сэдэв болж буй Марс гарагтай холбогдох төслүүд эрхгүй татах болов. Нэг үгээр, сансар судлалын гол анхаарал Улаан нүдэн гарагт төвлөрсөн гэсэн үг. Дэлхийн топ сансрын байгууллагууд хүн суулгасан сансрын хөлөг Марс руу хөөргөнө гэдгээ мэдэгдэж, ажилдаа хэдийнэ ороод буй. Тэдний зарлаж буй ойрын хугацаа 2035 он. Гэхдээ яагаад заавал Марсыг тэд онцлох болов? Учир нь Марс дэлхийтэй хамгийн ойр орших хөрш гараг бөгөөд уур амьсгал, гадаргын хөрсний бүтэц эх гарагийнхтай төсөөтэй гэсэн судалгаанууд бий. Хүн төрөлхтний илгээсэн робот 1997 оны долдугаар сарын 4-нд Марс дээр анх удаа амжилттай газарджээ. Харин өдгөө робот бус хүн өөрөө Марс гарагт мөрөө үлдээх, үүгээр ч зогсохгүй төрөл нэгтнүүдээ нутагшуулах холч зорилгыг өмнөө тавиад буй нь энэ.
Сансар судлалын салбарт оройлж, улс үндэстний хүчин чадлаа сурталчлах гэсэн амбиц дэлхийн хүчирхэг гүрнүүдийн дунд оршсоор…
Ковид-19 цар тахал дэгдэж, дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямарсан энэ цаг үед улс орнууд уламжлалт бус шинэ тутам салбар болох сансрын эдийн засгийн талаар эрчимтэй ярилцаж, онлайн хурал, чуулганыг зохион байгуулах болжээ. Тэд сансрын эдийн засгийг цар тахлын дараах цоо шинэ гарц, хамгийн өндөр потенциальтай салбар гэж харж буй бололтой. Гэвч энэ бүхний хажуугаар “Сансрын асуудлаар хөөцөлдөхөөсөө өмнө дэлхий дээрх түм буман асуудлаа эхлээд цэгцэлсэн нь дээргүй юү? гэсэн шүүмж өрнөдөг. Гэхдээ зөвхөн өнөөдөртөө төвлөрөх бус маргаашийн асуудалд ч санаа зовних ёстойг түүх бидэнд сануулдаг билээ. Тийм ч учраас дэлхийн улс орнууд сансар судлалд ихээхэн хөрөнгө, хүч хаяж байгаа нь одоогоор эдийн засгийн ач холбогдолгүй ч, тэд одоод бус ирээдүйдээ хөрөнгө оруулж буй нэг хэлбэр гэж ойлгож болно. Мөн өнөөгийн хүрсэн технологийн хөгжил дэвшлээ улам төгөлдөржүүлж, алс хэтийн зорилгодоо ашиглах нь хүн төрөлхтөн нэгэнт хүрчихсэн зогсоолоосоо цааш ахих “мөнхийн” зүй тогтол, сонголтгүй сонголт гэлтэй. Нэг талаар, ирээдүйд тулгарч болох томоохон асуудлуудаас урьдчилан сэргийлэх боломж ч байж болох юм.
Дэлхийн улс орнууд онцгойлон анхаарч эхэлсэн энэ том нүүдэлд Монгол Улс хэрхэн оролцох вэ? Бид хаана явна? Тоглогч болох бололцоо бидэнд бий юү? Өнөөдрийн байдлаар Монголын анхны бөгөөд цорын ганц хиймэл дагуул бол Мазаалай юм. Тэртээ 1965 онд Монгол Улс ЗХУ-ын сансрын хөгжлийн хөтөлбөр Intercosmoc-д нэгдсэнээр манай улс сансрын оролцоогоо эхлүүлж, улмаар 1981 онд монгол хүн анх удаа сансарт ниссэн түүхтэй. Үүнээс нэлээд хожуу буюу 2013 онд “Сансрын үндэсний зөвлөл” байгуулагдсан бол 2018 онд “Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв” (“Марса” ТББ) мэндэлжээ.
Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямарсан энэ цаг үед улс орнууд сансрын эдийн засгийн талаар эрчимтэй ярилцаж, шийдэл хайж эхэллээ.
Өдгөө монгол залуучуудын санаачлан хэрэгжүүлж буй хамгийн том, хамгийн потенциальтай төслөөр MARS-V нэрлэгдээд буй. Хэрэв уг төсөл амжилттай хэрэгжвэл уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай Монгол Улсын хувьд олон тулгуурт эдийн засгийг бүрдүүлэх боломж бий болно. Үүнийг дагаад технологийн асар том хувьсал явагдахын зэрэгцээ технологи, шинжлэх ухаан хөгжих суурь бүрэлдэж, улмаар хүмүүсийн хүсэл эрмэлзэл, сонирхлыг энэ салбарт төвлөрүүлж чадна. Ингэснээр мэдлэгийн салбар Монголын эдийн засгийн нэгэн том давлагаа болж хөгжинө гэсэн өөдрөг зураглалыг төслийн багийн гишүүд хэлж буй. Хамгийн гол нь MARS-V төслийн үр дүнд монголчууд үнэ цэнээ дэлхийд таниулж чадна хэмээн тэд тодотгосон билээ.
Эдийн засгийн томоохон хөдөлгүүр болж чадна хэмээн багийн гишүүдийн хэлж буй MARS-V төсөл “хөөрөх” бэлтгэлээ хангаж байна. Энэ хүртэл “MARS-V төсөл гэж юу вэ?”, “Тэд хэр хол, хэр өндөрт “хөөрч” чадах вэ?” гэсэн олон асуулт танд төрсөн байж мэднэ. Тэгвэл эдгээр асуултын хариуг “Сансрын аялал жуулчлал” булангаас дэлгэрүүлэн уншаарай. Эцэст нь, энэ бүгдээс үзэхэд ирэх 50 жил (магадгүй түүнээс ч олон) хүн төрөлхтний хувьд сансрын гүн рүү улам бүр тэмүүлсэн он жилүүд байх нь гарцаагүй.
Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2021 оны 01, 02 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн болно.