Оройн хоолны дараа Инн гол даган хотын гудамжаар алхах замд “FREYWILLE” бутикийн шилэн хоргон дахь үнэт эдлэлүүдийг ажиглан, түр зогсох нь уран зураг хэдийнээс сонирхдог түүний хувьд бараг л заншил болж, урам зориг эрч хүчийг мэдэрдэг байлаа. Доктор Б.Одончимэг Австрийн Инсбрук хотод 2000 онд зочин судлаачаар очих үедээ урлагийн үнэт зүйлийг загварын дэгжин хэв маягтай хослуулдаг FREYWILLE брэндтэй танилцжээ. XVIII-XX зууны уран зураачдын суут бүтээлүүдээс сэдэвлэн бүтээсэн үнэт эдлэлүүд нь зөвхөн гоёл чимэглэлийн үүрэг гүйцэтгэх бус олон ургальч үзэл, урлаг, соёл, түүхийн илэрхийлэл болж буйг нь тэрбээр нэг бүрчлэн анхааралтай ажиглаж, гайхширдаг байв. Биотехнологийн чиглэлээр МУИС-д суралцаж, бакалавр ба магистрийн зэрэг хамгаалсан тэрбээр Инсбрукийн их сургуулийн Эмзүйн хүрээлэнд байгалийн ухааны докторын зэрэг горилох үестээ “FREYWILLE” -тэй өөрийн ертөнцийг нягт холбожээ.
FREYWILLE брэнд Монголын ахуй амьдрал, түүх соёл онцлог бүхий манай улсын зураачдын гар бие оролцсон коллекц гаргахаар төлөвлөж байна.
Австрид 12 жил сурч ажиллаж амьдарсныхаа дараа тэрбээр эх орондоо ирж Монгол улсын үнэт баялаг болсон эмийн ургамлыг шинжлэх ухааны судалгаа, нотолгоотойгоор хэрэглэх, үнэ цэнтэй мэргэжилтэн болоод ирсэн төдийгүй урлаг соёлын элч болох “FREYWILLE” брэндийг албан ёсоор Монголд авчирчээ. Цаашлаад доктор Б.Одончимэг нь Монгол-Австрийн Хамтын Ажиллагааны Зөвлөлийг өдгөө удирдаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, эдийн засаг, соёл урлагийн олон талт арга хэмжээнд гол үүрэг гүйцэтгэн оролцож, харилцаа холбоог ахиулсаар байна.
Монгол улсыг олон улстай холбох, сурталчлан таниулах нь түүний туйлын зорилго, мөрөөдөл байж ирсэн учраас тэрбээр анх “FREYWILLE” брэндийг Монголд нутагшуулах санал гаргаж, Венийн төв оффист очиж уулзахдаа л удирдлагуудад нь шулуухан санаагаа хэлжээ. Тэрбээр “Миний хувьд “FREYWILLE” брэндийн салбар бутикийг нээж ажиллуулах нь эхний болоод эцсийн зорилго биш. Дэлхийн тансаг зэрэглэлийн брэнд FREYWILLE” ба түүний 30 орон дахь салбар бутикээр дамжуулан Монголын онцлогийг харуулан сурталчлах нь миний гол зорилго ба мөн мөрөөдлийн маань нэг хэсэг.
Танигдалт багатай манайх шиг улсын хувьд бидэнд энэ маш чухал” гэж хэлсэн байна. Үүнийг хүлээж авбал, би хамтарч ажиллана” гэж тодорхой хэлжээ. Харин “FREYWILLE” компанийн ерөнхий захирал, доктор Friedrich Wille үүний хариуд “ Бидэнд ийм алсын хараа, зорилготой хүмүүс л хэрэгтэй” гэж хэлээд хамтын ажиллагааны нөхцлийг хүлээн авч, гэрээ хийсэн байна. Үүнээс хойш даруй найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд, FREYWILLE -тэй хамт европ соёл үйлчилгээний чанар стандарт цаашлаад олон жилийн түүхт өндөр зэрэглэлийн брэндүүд хэрхэн бүтээгдэхүүнээрээ дамжуулан мэдрэмж өгч, хэрэглэгчидтэйгээ холбоос үүсгэдэг тэрхүү “know-how” иржээ.
Доктор Б.Одончимэг “FREYWILLE БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ БҮХНЭЭС ДЭЭГҮҮРТ ТАВЬДАГ”
Монголын ахуй амьдрал, түүх соёлын онцлог бүхий манай улсын зураачдын гар бие оролцсон коллекц гарахаар болсон баярт мэдээллэлтэй холбогдуулан бид FREYWILLE брэндийн Монгол дахь бутикийн захирал Б.Одончимэгтэй ярилцлаа.
– “FREYWILLE” брэндийн үндсэн филисофи нь юу бэ гэдгээс эхлэе
“FREYWILLE” бутик зочлоход сэтгэл дүүрэх мэт баялаг мэдрэмж төрж, онгод орох мэт хөглөгдөн, хөөр баяр дүүрэн гарч оддог байв. Мөн тэрхүү соронздох мэт мэдрэмж дахин ирүүлж, улмаар ирэх тоолонд мэдрэмж гүнзгийрч, салшгүй холбоо үүссэн. Тийм учраас илүү олон хүнтэй энэхүү онгод хөглөж, бүтээлч сэтгэлгээг дэврээсэн мэдрэмжийг хуваалцах үүднээс Монголд нутагшуулахаар шийдсэн. Вена хотын өөрсдийн ателлерт гарган авсан эрдэс будаг, алтны нунтаг бүхий галан эмаль дээр XVIII-XX зууны үеийн суут уран зураачдын бүтээлийг 80- 100 удаагийн давталтаар гар аргаар зурж бүтээдэг нөр их хөдөлмөр шаарддаг нарийн ажиллагаа билээ. Шигтгэдэг жижиг ээмэг гэхэд л нэг багийн гурван сарын ажил байдаг. Галан эмалийн технологийг олон улсад гаргаж, хэрэглээнд оруулснаараа үнэт эдлэлийн салбарт шинэ стандартыг өнгөрсөн 30 жилд тогтоолоо. Өдийг хүртэл баримталж ирсэн филисофилог ба хүнлэг үзэл баримтлал, арга туршлагууд нь FREYWILLE -г урлагаас авах таашаал ба бүтээлч сэтгэлгээг бүхнээс тэргүүнд тавихад хүргэсэн. Энэ л “FREYWILLE”-ийн соёл, философи юм.
– Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Та бүхэн урлагийг хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
Эрүүл хүн-Эрүүл амьдрал бол компанийн үнэт зүйл нь байдаг. Манай компанийн лого Арслангийн толгойтой хүн биетэй дүрслэл байдаг нь юунд ч дийлдэшгүй сүр хүч, оюунлаг байдлыг илтгэдэг. Эрүүл, зөв амьдралын хэв маягтай, эерэг хандлагыг ажилтнууддаа уриалж, ийм байхад нь анхаардаг. Бид ямар ч төрлийн ялгаварлалыг тэвчдэггүй.
Бүх хүн тэгш эрхтэйгээр адил боломжоор хангагдах ёстой гэдэг үзэл баримтлалыг мөрдлөгө болгодог. Мөн бид өнгөрсөн хугацаанд сургуулийн насны хүүхдүүдэд урлагийн гоо сайхан, боловсролыг олгоход туслахыг зорьж, хөрөнгө оруулалт хийж ирсэн. Урлагийг ойлгоно гэдэг нарийн мэдрэмжтэй, “хайрцагнаас давсан” сэтгэлгээтэй хүмүүс болоход тусалдаг гэж бид итгэдэг.
– Цаг үеэ дагаад хийсэн өөрчлөлтүүдээс дурьдвал?
Одоогоос 70 жилийн өмнө Австрийн нийслэл Вена хотод галан эмаль бүхий сувенир хийж эхэлсэн бол улмаар эрэлт хэрэгцээгээ дагаад тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн брэнд болсон. Тухайн үеийн гараар хийдэг технологи бүхий ажиллагаа өдийг хүртэл мөрдөгдөж байгаа. Галан эмальд технологийн хувьд олон улсад тэргүүлэгч компани.
Дэлхийн 5 тивийн 30 оронд үйл ажиллагаа явуулж байна. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаагаар аль оронд ямар бүтээгдэхүүн эрэлттэй байгаа болон ямар бүтээгдэхүүн үгүйлэгдэж байна вэ гэх мэт судалгааны дагуу шинэ коллекцийн санаа чиглэл тодордог. Үндсэн классик загваруудаас гадна, цаг үеийн өөрчлөлтөөс үүдэн брэндийн шинэчлэлийн хүрээнд шинэ коллекц гаргадаг. Үүний тод жишээ болох анхны бүтээл нь Францын суут зураач Клод Монегийн сантай хамтран гаргасан коллекц юм. Мөн үйл ажиллагаа явуулдаг орнууддаа тулгуурлан, тухайн улсын соёлын онцлогийг харуулсан коллекц гаргах болсон. Одоо удахгүй Монголын коллекц гарахаар бэлтгэгдэж байгаа нь үүний тод жишээ. Өмнө нь Орос, Хятад, Египт, Италийн Венецээр сэдэвчилсэн гэх мэт биеэ даасан коллекцууд гарсан. Бүх цаг үеийн хамгийн эрэлттэй коллекциуд нь аль вэ?
Австрийн алдарт уран зураач Густав Климтийн зургуудаас сэдэвлэн бүтээгдсэн коллекц бол хамгийн хамгийн нь байдаг. Тухайлбал, түүний алдарт зургуудаас төрсөн “Kiss” , “Adele” гэх мэт коллекциуд байна. Цаашлаад Францын алдарт зураач Клод Моне болон Австрийн Фриденсрайх Хундертвассер болон Голландын Винсент Вангогийн зургуудаас сэдэвлэсэн коллекциуд бүх цаг үед л үнэлэгдсэн хэвээр байна. Эдгээр коллекциуд цаг хугацаа өнгөрөх тусам илүү эрэлттэй болсоор л байгаа. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй коллекц гаргасан байна.
– Монголын коллекцийг гаргах ажил ямар шатандаа явж байна вэ?
-Бид Монголд салбар бутик 2013 онд байгуулж, үйл ажиллагаа явуулсны таван жилийн ойгоороо Монголыг сурталчилж болох бүхий л судалгааны материалтай 20 гаруй ном, 150 хуудас тайланг гаргаж өгсөн. Тус компанийн 65 жилийн түүхэнд олон улсын салбар бутикууд дундаа сайн дураарааа тайлан гаргаж өгсөн анхны хамт олон нь бид болж, гайхагдсан. Танилцуулгын үеэр бүх хэлтсийн удирдлагуудаа дуудан байлцуулж, улмаар Монголын коллекц гаргахдаа ингэж ажиллая хэмээн тохирч, олон жил бодож ирсэн төлөвлөгөө биеллээ олох хугацааг нааш татаж ажил болгох гарааг тавьсан. “FREYWILLE”-ийн хувьд шинэ коллекц гаргаж 30 орнууддаа танилцуулна гэдэг 3-5 жилийн судалгааны ажил, бэлтгэл шаарддаг нарийн үйл явц. Монголоос сэдэвлэсэн нэг коллекц гаргая гэж анх тохирч байсан ч судалгааны явцад тав болж өргөжсөн бөгөөд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн жагсаалтад албан ёсоор орчихсон байгаад маш их баяртай байгаа.
– Монголоос энэхүү коллекц гаргах ажилд оролцох зураачаа сонгосон болов уу?
Таван зураач одоогоор сонгосон байгаа. Зураачдын дотоод сэтгэлийн гүн дэх илэрхийллийг ойлгохын тулд Вена дахь төв оффист очиж, холбогдох хүмүүстэй уулзуулж, ярилцах шаардлага байгаа. Үүний дүнд хэнтэй нь хамтрах вэ гэдэг шийдвэрийг цаад талаас гаргана. Цар тахлаас үүдэн энэхүү танилцуулга уулзалт хойшлогдоод байна. “FREYWILLE” брэнд нь мөнх бусыг үзсэн хэдэн зууны тэртээх суут зураачдын бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр ашиглаж ирсэн. Харин Монголын коллекцийн хувьд бид яг одоо ажиллаж амьдарч буй Монголын өнөө цагийн зураачидтай хамтран ажиллаж, тэднийг олон улсад алдаршуулахаар шийдэж, зураачдаа сонгосон.
– Олон улсын брэндүүдтэй хамтарч ажиллахыг сонирхож, төлөвлөж буй бизнес эрхлэгчдэд Та юу зөвлөх вэ?
Зорилтот хэрэглэгчиддээ ойр байршил сонгох нь хамгийн чухал. Олон жилийн түүхтэй брэндүүдийн нэр нүүрийг өндөрт өргөж явна гэж итгэж байвал заавал оролдоод үзээрэй. Бид европ соёл үйлчилгээг авчирснаас гадна урлагийн өгдөг тэрхүү нандин таашаал мэдрэмжийг дамжуулдаг гэдэгт итгэдэг. Энэхүү хамтралын хугацаанд хамтдаа өсөн дэвжиж, know-how-ийг нь эзэмшиж, нутагшуулж байдаг. Улмаар тухайн брэндийн олон улсын зах зээл дэх өрсөлдөөн, үйл ажиллагаанд нь туслах шинэ санаа оноо гаргаж, өөрсдийгөө олон улсад сойж үзэх нь маш ихийг сурч авах өндөр өгөөжтэй. Манай Монголын баг төв оффис руу шинэ санаа, саналуудаа өгч, ажил болгох замаар олон улсын үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог.
Анх энэхүү брэндийг нутагшуулахад, Вена хот дахь толгой компаниас маш сайн зааварчилгаа өгч байсан. Мөн болзошгүй хүндрэлүүдийг хүртэл ингэж давна гэхчлэн зөвлөж байсан нь том хүндрэлтэй нүүр тулахгүй байх нөхцлөөр хангасан. Харин төв оффисоос “Та бүхэн яагаад асуудлаа хуваалцахгүй байна вэ” гэж асууж байсан удаатай. Жижиг асуудлуудыг бид дэвэргэлгүйгээр дотооддоо багаараа ярилцаж байгаад шийдчихдэг байсан юм.
– Энэхүү цар тахлын үед Та бүхэнд төв оффисоос ямар зөвлөмж чиглэл ирсэн бэ?
Цар тахлын үед ажилтнуудаа хадгалж үлд, сургалтын материалуудаа дахин уншиж судал, онлайн флатформ ашиглан цахим худалдаа маркетинг, хүргэлтийн үйлчилгээг боломжоороо идэвхжүүл гэдэг чиглэл өгсөн. Үүний дагуу ажиллаж байна. Фейсбүүк хуудсан дээр “shop” хэсэг үүсгэж, цахим худалдаагаа идэвхжүүлсэн байгаа. Байнгын үйлчлүүлэгчдийн хувьд сайн мэддэг учраас, гэрээр хүргүүлэн авч байсан. Одоогоор хэвийн үйл ажиллагаа руу шилжээд байна. Цаг үеэ дагаад бид дижитал орчин руу аажмаар шилжиж байгаа.